Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1678

 

 

А.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01248 дугаар шийдвэртэй, А.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох, охин М.И-гийн сургалтын болон хоол, эмчилгээний зардалд нийт 13 719 188 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, хариуцагч  нь охин М.И-г өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, түүний өмгөөлөгч П.Баттулга, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй охин М.И-гийн Дархан-Уул аймаг дахь Цайхун сургуулийн 2017, 2018 оны сургалтын төлбөрт 4 500 000 төгрөг, хоолны төлбөр 388 800 төгрөг, “Монголын оюун ухааны академийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх сургалтын төлбөрт 1 465 000 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах сургалтын 2 сарын төлбөрт 240 000 төгрөг, хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлэх лего сургалтын 1 сарын төлбөр 80 000 төгрөг, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор суралцуулсан бүжгийн сургалтын төлбөрийн 20 хувь болох 350 000 төгрөг, “Монгол модел-2” загварын агентлагийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 1 сарын сургалтын төлбөрт 79 000 төгрөг, “Харзтай” шүдний эмнэлэгт үйлчлүүлсэн нэг удаагийн зардал 65 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Малайз улсад амьдрах, суралцах, аялах хэрэгцээнд зарцуулсан нийт төлбөрийн 30 хувь болох 6 551 388 төгрөг, нийт 13 719 188 төгрөгийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зайлшгүй зардалд тооцон эцэг Б.Мээс нэхэмжилж байна. Хүүхдийг эдгээр сургалтуудад хамруулахад зөвхөн эхийн оролцоо байгаа.

Б.М бид хоёр оюутан байхдаа танилцаж, үерхсэн бөгөөд охин М.И-г төрүүлсэн.  2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь шүүхээр хамтын амьралтай байсныг болон хүүхдийн эцэг тогтоох, асрамж тэтгэлэг тогтоох, эд хөрөнгийн маргаан шийдвэрлэгдсэн. ... Б.М-ийн харгис, хэрцгий, ёс зүйгүй байдлыг охин М.И багаасаа мэдэрсэн. Гэр бүлийн хүчирхийллийн увиагүй үйлдлүүдийг сэтгэл санаагаараа бүрэн мэдэрч өссөн учраас охиноо Б.Мийн асрамжид үлдээх боломжгүй. Хүүхдээ сургах, хүмүүжүүлэх үйл явцад эхийн оролцоо байхгүйгээр хүүхэд энэ бүхэнд яаж хамрагдах вэ, мөн хэн хүүхдийг зөөж, асарч хамгаалж байгаа вэ гэдгийг харуулах зорилгоор түүний хамрагдсан сургалтын төлбөрийн нэгээхэн хэсгийг нэхэмжилсэн. Охин бид хоёрыг эмнэлэгт хэвтэж байгааг Б.М байнга мэддэг атлаа эцэг хүний байдлаар нэг ч удаа эргэж ирж бидэнд туслаж байгаагүй гэжээ.

 

Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сараас хойш нэхэмжлэгчтэй маргаан үүссэн. Бид хоёр албан ёсны гэр бүл биш, гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Монгол Улс ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог байхад нэхэмжлэгч  ямарч орлогогүй, эцэгтэй нь ярилцаагүй байж үнэтэй сургууль, сургалтад явуулсан байна. Сургуулийн хоолны төлбөр нь хүүхдийн тэтгэлэгт хамрагдах тул хүлээн зөвшөөрөхгүй, хичээлийн сургалтын 2017 оны төлбөрийг төлсөн баримт өмнөх шүүх хурлын эвлэрийн гэрээтэй хэрэгт байгаа, хоцрогдол арилгах сургалт нь хүүхдийн хичээлийг хийлгэхгүй сургалтад явуулсан нь надад хамааралгүй гэж үзэж байна. Хүүхдийг хөгжүүлэх лего сургалтад явуулсан гэдэг. Энэ нь хүүхдийн хичээлийг хийлгэхгүй олон төрлийн сургалтад явуулж байгааг улсын сургуулийн хувьд хориглодог, хувийн сургуулийн хувьд хориглодог эсэхийг мэдэхгүй, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор суралцуулсан бүжгийн төлбөр хэтэрхий өндөр. Мөн моделын сургалтын төлбөр гээд хүүхдийг багаас нь хэтэрхий олон сургалтад нэгэн зэрэг явуулсан гэж үзэж байна. Эдгээр төлбөрийг миний бие хуулийн дагуу  тэтгэмжээр төлж байгаа. Шүдний эмнэлэгийн хувьд хүүхэд нийгмийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой тул нэхэмжлэгчийн бүх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А.Э нь “...Бельги Улс руу эгч рүүгээ очих гэсэн юм...” гээд Голомт банк дах миний валютын дансны хамтран эзэмшигч болсон. Дараа нь миний нэрийг хассан байсан. Тухайн дансанд байсан мөнгийг хувьдаа захиран зарцуулсан. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 40 000 000 төгрөгийн үнийн дүнгээр эвлэрсэн хэрэгт шийдвэрлэгдсэн төлбөр орсон байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хүүхдийн асрамж өөрчлүүлэх хүсэлттэй байна. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 725 дугаартай шүүгчийн захирамжаар бидний хоорондын маргааныг шийдвэрлэхэд охиныг эхийн асрамжид үлдээсэн. Нэхэмжлэгч одоо орлогогүй гэсэн тайлбар хэлж байгаа тул охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мээс 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин М.И-гийн сургалт, эмчилгээ, аялалын зэрэг зардалд нийт 6 504 124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 215 064 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасныг баримтлан 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин М.И-г асрамждаа авах тухай хариуцагч Б.Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Б.М-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.Э-д тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн нийт 248 687 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар                  Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас 22 141 төгрөг, Б.М-ээс 119 016 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэлээ. Шүүх, зохигчдын хоорондын маргаан болох охин М.И-гийн Малайз улсад суралцсан сургалтын төлбөрийн зардлын 50 хувь 2 511 873.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, энэхүү төлбөрийг нэхэмжлэгч нь хамтын амьдрал, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 725 дугаар захирамжтай иргэний хэрэгт эвлэрлийн гэрээнд тусгагдан шийдвэрлэгдсэн. Хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байхад шүүх дахин хэлэлцсэнд гомдолтой. Түүнчлэн, Малайз улсад 2016 оны 7 дугаар сард явсан сургалтын төлбөр нь зохигчдын хамтын амьдралтай байх үеийн зардал бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт зардал биш, шүүх дээрх зардалд тооцогдоно гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэхүү сургалтын зардалд гаргасан гэх 5 200 000 төгрөгийг А.Э нь 2016 оны 5 дугаар сард данснаасаа авсан байдаг бөгөөд хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн баримт 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр. Нотлох баримтын хугацаа нь сургалтын төлбөрт төлсөн мөнгөний баримттай зөрүүтэй байгааг шүүх анхаарсангүй. Нэхэмжлэгч нь дээрх сургалтын зардлын 50 хувийг нэхэмжилнэ бусад зардлыг нэхэмжлэхгүй /онгоцны тийз гэх мэт/ гэж шүүх хуралдаанд тайлбарласан, мөн нэхэмжлэлд дурдаагүй шаардлага буюу онгоцны тийзний 677 750 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх нэхэмжлэлээс 2017, 2018 оны Цайхун сургуулийн сургалтын төлбөр 2 250 000 төгрөг, хоолны зардал 150 000 төгрөг, шүдний эмчилгээний төлбөр 32 500 төгрөг, Монголын оюун ухааны академийн сургалтын төлбөр 582 500 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах  сургалтын төлбөр 60 000 төгрөг, бүжгийн сургалт 160 000 төгрөг, загварын агентлагийн төлбөр 39 500 төгрөг, лего сургалтын 40 000 төгрөг зэрэг зардлыг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт цугларсан баримтаас үзвэл Цайхун сургуульд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 880 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1 320 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөгийн зардал, Монголын Оюун ухааны академийн сургалтын төлбөр 582 000 төгрөг нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хооронд төлөгдсөн 745 000 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах 60 000 төгрөг нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тус төлөгдсөн нь өмнөх захирамжаар шийдвэрлэгдсэн үеэс хойш биш байна. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт зардалд хамаарахгүй зардал болохыг шүүх анхаарч үзээгүй.

Мөн дээрх зардлууд болон М.И-н Цайхун сургуульд төлсөн 2018 оны сургалтын төлбөр, бүжгийн сургалтын төлбөр, загварын агентлагийн төлбөрүүдийг эцэг эх нь төлөхөөр зөвшөөрч Цайхун сургууль, иргэд, бусад байгууллагад төлбөр төлөхдөө гэрээ, хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч энэхүү зардлыг хариуцах эрх бүхий эцэг Б.М-ийн зөвшөөрлийг аваагүй, түүнтэй эдгээр зардал төлөх талаар урьдчилан ярилцаагүй, өөрийн хүсэлт зоригоор хүүхдийг сургалтанд хамруулж төлбөр төлсөн байхад шүүх хүүхдийн эрхээр далайлган нэхэмжлэгчийг өөгшүүлж нэхэмжлэлийн 50 хувийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Б.Мэд холбогдуулан 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин М.И-гийн сургалт, хоол, шүдний эмчилгээнд гаргасан зардалд нийт 13 719 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч охин М.И-г өөрийн асрамжид авах тухай сөрөг шаардлага гаргаж талууд харилцан маргаж, мэтгэлцжээ.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаас /хх97-98/ үзвэл, А.Э, Б.М нарын хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн эцэг тогтоох, охин М.И-г эхийн асрамжид үлдээх, эцгээс тэтгэлэг гаргуулах, Ү-2003016931 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны үнэд 40 000 000 төгрөгийг А.Э нь Б.Мэд төлөх, ийнхүү төлснөөр Б.М нь тус орон сууцны өмчлөх эрх, газар эзэмших эрхүүдийг А.Э, охин М.И нарын нэр дээр шилжүүлэх, сөрөг нэхэмжлэлээс 12 000 000 төгрөг, хүүхдийн сургалтад зарцуулсан 5 200 000 төгрөгийг А.Э нь Б.Мэд төлөх 40 000 000 төгрөгт оруулж тооцох, Б.М-д үлдэх Г-000555323 дугаар гэрчилгээтэй 500 м.кв газрын үнэ 25 000 000 төгрөгөөс А.Э, охин М.И нарт ногдох 16 666 000 төгрөгийг орон сууцны үнэлгээнд оруулан тооцох нөхцлөөр талууд эвлэрэн хэлэлцсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх1/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан шаардлагадаа, охин М.И-н Цайхун сургуулийн 2017, 2018 оны сургалтын төлбөр нийт 4 500 000 төгрөг, тус сургуулийн хоолны төлбөр 388 800 төгрөг, Монголын Оюун ухааны академид 2017, 2018 онд суралцсан төлбөр 1 465 000 төгрөг, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх бүжгийн сургалтын төлбөрийн 20 хувь 350 000 төгрөг, загварын агентлагт суралцуулсан 79 000 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах сургалтын төлбөр 240 000 төгрөг, шүдний эмчилгээний зардал 65 000 төгрөг, лего сургалтын төлбөр 80 000 төгрөг, нийт 7 167 800 төгрөг, мөн Малайз Улсын Куала лумпур хотын “Биконхаус” сургуульд 3 сарын хугацаанд суралцсан сургалт, бусад зардлын 30 хувь буюу 6 551 388 төгрөг, нийт 13 719 188 төгрөгийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт зардалд тооцсон гэж тайлбарлажээ. /хх196-198/

 

Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаар захирамжаар талуудын хооронд үүссэн маргаан шийдвэрлэгдсэн, тухайн үед нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэвэр, эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Б.М-д 40 000 000 төгрөг төлөх, үүнд Малайз улсад суралцсан төлбөр багтсан, дээрх зардлыг гаргахдаа надтай ярилцаж тохироогүй гэх агуулгаар татгалзжээ. /хх57,201/

 

Шүүх, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-ээс охин М.И-н сургалт, эмчилгээ, аялалын зардалд нийт 6 504 124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын “Цайхун” сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх4/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх6/ зэргээр охин М.И нь 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн бөгөөд 6 настайдаа буюу 2017 онд тус сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон байх бөгөөд “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаас /хх7-8/ үзвэл, дээрх сургуульд төлсөн сургалтын төлбөр нь талуудын өмнөх маргааныг шийдвэрлэсэн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн хүүхдийн сургалтад зарцуулсан гэх 5 200 000 төгрөгт хамаарсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь, шүүх нэхэмжлэгч А.Э-ын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн дээрх 880 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1 320 000 төгрөгийг /хх7/ өмнөх шийдвэрт хамаарах эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Эдгээр төлбөр нь төлөгдсөн хугацааны хувьд дээрх захирамж гарахын өмнө төлөгдсөн байх тул талуудын эвлэрсэн захирамжид заасан 5 200 000 төгрөгт хамаарсан гэж үзнэ.

 

Түүнчлэн, тухайн сургуулийн хоолны зардалд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 388 800 төгрөг /хх9/, “Харзтай” шүдний эмнэлэгээр үйлчлүүлсэн эмчилгээний зардал 65 000 төгрөг /хх13/, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гутлын үнэ гэх гүйлгээний утгаар зарцуулсан 30 000 төгрөг зэрэг зардал нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт заасан эцэг, эхийн тэжээн тэтгэх үүрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2-т зааснаар хариуцагч Б.М нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөр дээрх захирамжийн дагуу цалин, орлогоос суутгал хийгдэж байгаа талаар тайлбарласныг, нэхэмжлэгч үгүйсгээгүй болно. 

 

Үүнээс гадна, тухайн хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор Монголын Оюун ухааны академид суралцуулсан төлбөр 1 465 000 төгрөг /хх10-12/, лего сургалтын төлбөр 80 000 төгрөг /хх151/, бүжгийн сургалтын төлбөр 350 000 төгрөг /хх15,16/, загварын сургалтын төлбөр 79 000 төгрөг /хх151/, хичээлийн хоцрогдол арилгах сургалтын төлбөр 240 000 төгрөг /хх14/,  Малайз улсын Куала Лумпур хотод суралцсан зардал 6 551 388 төгрөг /хх172/ зэргийг зайлшгүй гарах нэмэлт зардал гэж үзэхгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болно гэжээ. Хуулийн дээрх заалтын “онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь хүнд нөхцөлд байгаа, асрах болон халамжийн газрын асрамжид байгаа эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага, бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгоно. Үүний зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг зайлшгүй нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээг үүнд хүрэлцэхгүй байх нөхцөл байдал хамаарна.

 

Гэтэл нэхэмжлэгчийн нэрлэн заасан дээрх зардал нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон учир зайлшгүй гарах нэмэлт зардалд хамаарахгүй байх бөгөөд тухайн тохиолдолд хүүхдийн эрүүл мэнд, эрх зүйн байдал нь дордох нөхцөлд байсны улмаас зарцуулагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна.  

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Цайхун” сургуулийн сургалтын төлбөр нь цаг хугацааны хувьд талуудын эвлэрлийг баталсан шүүхийн хүчин төгөлдөр захирамжид хамаарч шийдвэрлэгдсэн, харин хоолны болон гуталны үнэ, лего тоглоомын төлбөр, шүдний эмчилгээний зардал зэрэг нь Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хариуцагч Б.Мийн төлөх тэтгэлэгээр төлөгдөх боломжтой, бусад сургалтын зардлын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт буюу зайлшгүй шаардлагатай зардалд шууд хамаарахгүй байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.М-ээс 13 719 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.М-ээс төлсөн нийт 238 131 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

                                                           

                             ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                        Т.ТУЯА