| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/00643/И |
| Дугаар | 155/ШШ2023/00769 |
| Огноо | 2023-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2023/00769
| 2023 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2023/00769 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух, Р.Б (...),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 29 дүгээр байрны 1-19 тоотод оршин суух, Б.Л (....),
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах тухай 155/2023/00643/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.Б,
Хариуцагч Б.Б.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Б нь Б.Б.Лт холбогдуулан Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Р.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би зээл хөөлцөлдөх зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бакалаврын диплом, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, эмийн сангийн үйл ажиллагааны гэрчилгээ, байгууллагын дүрэм, журам зэрэг бичиг баримтаа авчирсан байсан. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр миний дээрх бичиг баримтуудыг хариуцагч өөрийн дүү болох ахмад цолтой нэг цагдаа болон нөхрийнхөө хамт ирж аваад одоо цагдаа дээр очъё гээд бид хамт явсан. Тухайн үед хариуцагчийн нөхөр нь хүний бичиг, баримт алга болгохгүй гээд Дулааны цахилгаан станцад ажил дээрээ аваачиж үлдээсэн. Би машинд нь хамт суугаад явж байсан. Тэгээд цагдаа нь мөнгөө өгөөд бичиг баримтаа буцааж авна биз гэж хэлсэн.
Хариуцагчид 2022 оны 7 дугаар сарын эхээр Агитун байгууллагын гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, байгууллагын дүрэм, диплом, эм барих эрхийн лиценз зэрэг бичиг баримтуудаа өгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрүүлэн зуучлахаар орж эвлэрлийн гэрээ байгуулснаар хариуцагч нь Агитун байгууллагын гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, байгууллагын дүрэм, эм барих эрхийн лиценз зэрэг бичиг баримтуудыг надад буцаан өгсөн. Харин миний диплом байхгүй байсан. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулж өгнө үү.
....2022 оны 9 дүгээр сард 50,000,000 төгрөгийн төслийн зээл авах гэтэл бичиг баримтыг минь өгөхгүй байсан учраас зээл авч чадаагүй. Тэгээд 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр дипломоос бусад бичиг баримтаа авсан. Миний бичиг баримтыг 2022 оны 9 дүгээр сард өгсөн мэтээр худлаа ярьж байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байх үеийн хувийн хэрэгт байсан 1 хувь дипломын хуулбар надад байгаа. Кредит цагийн сургалтанд хамрагддаг программд дипломын мэдээллийг pdf файлаар оруулдаг. Диплом байхгүй учраас мэдээллээ оруулж чадахгүй байгаа. Тэгээд кредит байхгүй учраас дипломын шалгалт дахин өгөх шаардлагатай гэх мэдээлэл гарч ирээд байгаа. Кредит цуглуулж ажиллах эрхээ сунгуулдаг. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа бүх бичиг баримтыг өгнө гэсэн хэрнээ дипломыг минь өгөөгүй. Бусад бичиг баримт нь байсан....гэв.
Хариуцагч Б.Б.Л нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Банзрагч овогтой Б.Л нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төв тасагт эх баригчаар ажилладаг. Нэхэмжлэгч Р.Б өмнө нь манай эмнэлэгт эм зүйчээр ажилладаг байсан. Хөөрхөн ааштай охин гээд таньдаг байсан.
Нэхэмжлэгч эмийн сан нээх гэж байгаа учраас надад мөнгө хэрэгтэй байна. Та надад 20 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн. Нэхэмжлэгчийг таньж мэддэг, эмийн сан нээж байгаа учраас эргэлтийн хөрөнгөтэй гэж бодоод татгалзах зүйлгүйгээр нөхөр рүүгээ яриад 10,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Р.Б нь 10,000,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр миний нөхрөөс дансаар авсан. Дараа нь би манай нөхрөөс мөнгө зээлж аваарай гэж огт хэлж зөвшөөрөл өгөөгүй байхад нөхөр рүү залгаад таны эхнэр танаас 10,000,000 төгрөг зээлж аваарай гэсэн гэж хэлээд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дахин 10,000,000 төгрөгийг дансаар авсан. Тэгээд 1 сарын дараа эргүүлээд өгөх байх гэж бодсон. Тэгээд чи эгчдээ ямар нэгэн бичиг баримт барьцаанд үлдээх юм уу гэхэд надад ямар ч бичиг баримт байхгүй гэхээр нэхэмжлэгчийн ямар ч бичиг баримтыг нь барьцаанд аваагүй. Тэгээд 1 сарын хугацаа өнгөрсөн боловч мөнгийг маань буцаан өгөөгүй. 20,000,000 төгрөгөө өгчхөөд яаж мөнгөө авна даа гээд явж байтал 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр та хоёрын мөнгийг зээл аваад өгье гэж хэлээд дахин 10,000,000 төгрөгийг нөхрөөс минь авсан байсан. Би Улаанбаатар хот руу явж онош тодруулах гэж байсны дээр мөнгөө өгөөд авч чадахгүй байсан тул сэтгэл санааны хямралтай байсан. Эмийн сан ажиллуулдаг эргэлтийн хөрөнгөтэй учраас арай ч биднийг хулхидахгүй байх гэж бодоод 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин 10,000,000 төгрөг өгсөн. Тэгээд бөөн юм болж байж 10,000,000 төгрөгөө дансаар буцаан авсан.
Ингээд үлдсэн мөнгөө авч чадаагүй эвлэрлийн гэрээ байгуулдаг юм билүү гээд явж байтал 2022 оны 7 дугаар сард хоёулаа цагдаа дээр очиж эвлэрлийн гэрээ байгуулъя. Би энэ мөнгөө эргээд дүү нараасаа зээлж аваад давхар давхар өрөнд орж байна. Мөн миний бие өвдөөд хотод явах гэж байна гэхэд миний үгийг тоогоогүй. Тэгээд 2023 оны 7 дугаар сард би таны мөнгийг энэ оны 9 дүгээр сард өгье. Та санаа зовох хэрэггүй гээд гар бичмэл бичиж өгөхөөр нь энэ хооронд чи эгчдээ ямар нэгэн бичиг баримтаа барьцаанд үлдээчих гэхэд торон дотор хийсэн Хөх туг эмийн сангийнхаа бичиг баримтаа өгсөн. Тэгэхэд Нийгмийн даатгалын газар руу очиж зээл хөөцөлдөнө гэж байсан. Тэгээд хүний бичиг баримт авсан байсан учраас тортой бичиг баримтыг гэртээ аваачиж тавиад хааш нь ч хөдөлгөөгүй.
Би бичиг баримтыг нь авахдаа нөхөртэйгөө хамт очоогүй. Миний нөхөр нэхэмжлэгчтэй дахин таараагүй. Миний мөнгийг өгөөгүй учраас цагдаа дээр очоод хүнд мөнгөө зээлээд авч чадахгүй болсон талаараа хэлэхэд эвлэрүүлэн зуучлалд хандаад үзвэл яасан юм бэ гэсэн зөвлөгөө өгсний үндсэн дээр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тэгээд эвлэрүүлэн зуучлалаас Р.Бг дуудаж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эвлэрүүлэн зуучлахаар орж мөнгийг буцааж өгнө гэж эвлэрсэн боловч мөнгийг өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт өгсний үндсэн дээр 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зээлсэн мөнгөө 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олж авсан. Тэгээд би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг нэмж аваагүй. Надад үнэхээр диплом хэрэгтэй байсан бол би өөрөө диплом авчихна. Надад дипломоо өгсөн гэж байгаа атлаа яагаад энэ хүнд дипломынх нь хуулбар байгааг ойлгохгүй байна. Би дипломыг нь аваагүй тул зөвшөөрөхгүй байна.
Би гэрт нь очиж хоноод 20,000,000 төгрөгөө өгөөд авч чадахгүй хэцүү байна гээд бичиг баримтыг нь авсан. Нэхэмжлэгч ямар ямар бичиг баримт өгч байгаагаа нэг бүрчлэн үзээд надад хүлээлгэж өгсөн. Би дипломыг нь аваагүй. Гэрийн маань бүх зүйлийг нэгжиж үзсэн ч болно....гэв.
Нэхэмжлэгчээс №С201133003 дугаартай бакалаврын дипломын хуулбар баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Б.Лаас 2022 оны хавар 20,000,000 төгрөг зээлж авсан. 2022 оны 7 дугаар сарын эхээр хариуцагч нь нөхөр, дүү болох цагдаа нарын хамт гэрт ирээд байгууллагын гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, байгууллагын дүрэм, диплом, эм барих эрхийн лиценз зэрэг 5 бичиг баримтуудыг авсан.
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн маргаанаар эвлэрүүлэн зуучлахаар орж эвлэрлийн гэрээ байгуулснаар хариуцагч нь байгууллагын гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, байгууллагын дүрэм, эм барих эрхийн лиценз зэрэг 4 бичиг баримтуудыг надад буцаан өгсөн. Харин миний дипломыг өгөөгүй.
Иймээс Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагч Б.Б.Л нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би эмийн сангийнхан бичиг баримтыг аваад буцаагаад нэхэмжлэгчид өгсөн. Би дипломыг нь аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б.Лаас 2022 оны хавар мөнгө зээлж, уг зээлийн барьцаанд хариуцагч нь 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгчийн байгууллагын гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, байгууллагын дүрэм, эм барих эрхийн лиценз зэрэг баримтуудыг авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн Хариуцагчид 2022 оны 7 дугаар сарын эхээр Агитун байгууллагын гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, байгууллагын дүрэм, диплом, эм барих эрхийн лиценз зэрэг бичиг баримтуудаа өгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрүүлэн зуучлахаар орж эвлэрлийн гэрээ байгуулснаар хариуцагч нь Агитун байгууллагын гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, байгууллагын дүрэм, эм барих эрхийн лиценз зэрэг бичиг баримтуудыг надад буцаан өгсөн.... гэх, хариуцагчийн ...Р.Б нь 10,000,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр миний нөхрөөс дансаар авсан. Дараа нь би манай нөхрөөс мөнгө зээлж аваарай гэж огт хэлж зөвшөөрөл өгөөгүй байхад нөхөр рүү залгаад таны эхнэр танаас 10,000,000 төгрөг зээлж аваарай гэсэн гэж хэлээд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дахин 10,000,000 төгрөгийг дансаар авсан. ...20,000,000 төгрөгөө өгчихөөд яаж мөнгөө авна даа гээд явж байтал 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр та хоёрын мөнгийг зээл аваад өгье гэж хэлээд дахин 10,000,000 төгрөгийг нөхрөөс минь авсан байсан. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин 10,000,000 төгрөг өгсөн. Тэгээд бөөн юм болж байж 10,000,000 төгрөгөө дансаар буцаан авсан. 20,000,000 төгрөгөө авч чадахгүй 1 жил 2 сар болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр авч дуусгасан. ...2023 оны 7 дугаар сард би таны мөнгийг энэ оны 9 дүгээр сард өгье. Та санаа зовох хэрэггүй гээд гар бичмэл бичиж өгөхөөр нь энэ хооронд чи эгчдээ ямар нэгэн бичиг баримтаа барьцаанд үлдээчих гэхэд торон дотор хийсэн эмийн сангийнхаа бичиг баримтаа өгсөн.... гэх тайлбаруудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд зээлийн харилцаа үүсэж, хариуцагч нь уг зээлийн барьцаанд тодорхой нэр төрлийн бичиг баримтуудыг авсан, нэхэмжлэгч нь буцаан тодорхой нэр төрлийн бичиг баримтуудыг буцаан авсан талаар талууд маргаагүй.
Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг хариуцагчийг авсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн дипломыг аваагүй гэж тус тус тайлбарлан маргав.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулна. Мөн зүйлийн 156.3-т зааснаар дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн тодорхой төрлийн бичиг баримтыг гэрээ байгуулалгүйгээр өөрийн эзэмшилдээ авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байна.
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн хүрээнд №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг буцаан авахаар шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч Р.Б нь Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг хариуцагчид өгсөн талаар баримт үйлдээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн ...Миний бичиг баримтыг торон дотроос булааж авсан учраас хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй. гэх тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан.
Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсоны дараа хариуцагч нь шаардлагын татгалзлаа нотлох талуудын зарчим үйлчилдэг.
Гэтэл хариуцагч нь Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг авсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг хариуцагчид өгснөө баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг өгсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Р.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б.Лт холбогдох, Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б.Лт холбогдох, Монгол улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиас Р.Бд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон, №С201133003 дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ