Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2023/00484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч С.Оюунжаргал, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймаг, Жаргалант сум, 3 дугаар багт оршин суух, Х овогт Цгийн Г,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Хөнжил хорооллын 12-03 тоотод оршин суух, Ш овогт Дын П,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Замын зардал, байгууллагын нэр төр, сэтгэл санааны хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай 155/2022/00956 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Гэрч А.Ж,

Иргэдийн төлөөлөгч Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Г  нь гэм хорын хохирол 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Ц.Г миний бие 1970 онд төрсөн Жаргалант сумандаа аминыхаа малыг маллан амьдардаг. Жаргалант сумын Тунсаг жаргалант мал эмнэлгийн малын эмч Д.П нь өөрийн нөхөр Жгийн хамт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, орой бүрэнхий болж байхад манай хотонд ирээд мал тарьж явна гээд манай хар хүрэн болон бор хүрэн зүсмийн нас гүйцсэн 2 хайнагийн үнээг тарьсан юм. Уг нь хоёр хайнагийн үнээ хоёулаа нялх тугалтай байсан.

Тэгээд орой нь 2 хайнагийн үнээ маань 2-лаа үхсэн байсан. Бид маргааш нь мэдсэн. Ингээд бид тариа хийсэн хүмүүсийг ирж үзэж өгөөч гэхэд эмч Д.П ирээгүй. Харин малын эмч Баасанхүү, Булганцэцэг гэдэг 2 хүнийг авчирч үхсэн 2 үхрийг үзүүлсэн.

Мөн шинжилгээ хийнэ гэж дээж авч явсан. Шинжилгээний хариу гарахдаа ямар нэгэн өвчнөөр үхээгүй байна гэсэн хариуг өгсөн. Мэргэжлийн хүмүүс үзсэн, шинжилгээний хариу малыг халдварт өвчнөөр өвчилж үхээгүй гэсэн. Малын эмч Д.П нь болохоор ирэхгүй, үзэхгүй байсан мөртлөө заргалдаад хохирлоо гаргуулж аваарай гэж басамжилсан. Үр төл, ашиг шимээ өгч байсан 2 хайнагийн (тугалтай) үнээгээ зах зээлийн үнээр үнэлж нэхэмжлэл гаргаж байна. Хүрэн (бор) зүсмийн 6 настай, гурав тугалж байгаа хайнагийн үнээгээ 1,500,000 төгрөгөөр, улаан хүрэн зүсмийн 5 настай, 2 тугалсан хайнагийн үнээгээ 1,500,000 төгрөгөөр, бүгд 3,000,000 төгрөгийг хариуцагч Д.Паас гаргуулж өгнө үү гэжээ.

Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Малын эмч Д.П нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мал тарьж явна гээд Ц.Гын хар хүрэн болон бор хүрэн зүсмийн хар 2 хайнагийн үнээг тарьсан. Харанхуй байсан учир тэр орой сайн харж чадаагүй. Маргааш нь малаа хаваржааны хашаандаа хаших гэж очтол тариулсан хоёр үнээ нь үхсэн байсан. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой харанхуй болсон хойно үхэр үхсэнийг мэдсэн тул 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр н.П, н.Жамъяансүрэн нарт дуудлага өгсөн боловч ирээгүй. Тэгээд сумынхаа мал эмнэлэгт хандаж 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өөрсдийнхөө унаагаар малын эмч н.Баасанхүү, н.Булганцэцэг нарыг авч ирж үзүүлсэн.Тэгэхэд үхсэн 2 хайнагийн үхрээс дээж авч, шинжилгээ хийхэд халдварт өвчин илрээгүй. Тарианых нь ормыг малын эмч нарт үзүүлж байгаад задалсан. Малын долооцноос болсон бол бүх үхэртээ л өгнө шүү дээ. Зөвхөн нялх тугалтай үхэртээ өгөхгүй шүү дээ. Хариуцагч нар өөрсдөө үгүйсгэж байгаа хэдий ч шүлхийн вакцин хийхдээ судас болон тунгалагийн булчирхай дайруулж тарьснаас үхэр үхсэн гэж үзэж байна. Шүлхийн вакцин тарихдаа судас болон тунгалагийн булчирхай дайруулж тарихыг хориглосон заалт байдаг юм билээ. Хүзүүг 3 хуваасан газар хийгдээгүй гэж үзэж байна. Уяж байгаад харанхуйд тарьсан. Мал үсэрч цовхорсон учир өөр газар нь тарьсан байх боломжтой. Цус хурсан байдалтай байгаа учир хар хүрэн үнээг нь судас дайруулж тарьсан. Бор хүрэн үнээг тунгалагийн булчирхай дайруулж тарьсан гэж үзэж байна. Малын эмчийн дүгнэлтээр судсанд хүрэхээргүй богино зүүгээр тарьдаг гэсэн байсан. Судас шууд арьсан доор нь байгаа шүү дээ. Хашаанд цагаан бодис байсан гэж хариуцагч тал яриад байна. Хашаан дотор нунтаг цагаан бодис байгаагүй. Тийм бодис байсан бол малын эмч нар очихдоо шинжилгээ авах байсан. Яагаад хашаагаа уясан байсан бэ гэхээр нохой, шувуу, гадны зүйл үхсэн малыг идчихнэ гээд малчид хашаагаа уяж хаасан байдаг. Хар хүрэн бор үнээгээ 1.500.000 төгрөг, бор хүрэн үнээгээ 1.500.000 төгрөгөөр тус тус үнэлж бүгд 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай орон нутгийн үнэлгээ ийм байгаа.Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрыг хамтран хариуцагчаар татсан. Хохирол болох 3.000.000 төгрөгийг хоёр хариуцагчид хувааж 1.500.000, 1.500.000 төгрөгөөр гаргуулна гэв.

Хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзлаа дараах байдлаар тайлбарласан.Үүнд:

А. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч Д.П:...Миний бие Д.П нь малчин Ц.Гын үхрийг тариагүй, үг хэлээр басамжлаагүй. Ямар ч гэм хохирол учруулаагүй, миний хувьд багийн малыг хариуцдаг нь үнэн. Эрүүлжүүлэх ажил хийдэг. Би шүүх дуудахад буюу 6 сарын дараа мэдсэн. Ц.Г малаа малладаг, ирж уулзах боломжтой. Миний хувьд дунд чөмөг төмөртэй, зүрхний хэм алдагддаг, бие муу боловч ир гэсэн өдөр ирсэн.

Малчин Б.Пүрэвбат хоёр үхрийг нь тарьсан газраас 5 киллометр хашаанд (үүд нь уяатай) харайж гараад үхсэнийг олж эзэнд нь хэлсэн байдаг. Тухайн үед манай хоёр их эмч очиж үзсэн. Би үнэхээр завгүй явсныг малчид, жолооч бүгд гэрчлэх байх. Өөр мэдэх зүйлгүй. Миний нэр төрд халдаж, олон нийтийн сүлжээнд хүртэл тавьсан байсан гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М:...Ц.Гын зүгээс Мал эмнэлгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн мал гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины талаар ойлголтыг шүүхэд өгөх, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Мал эмнэлгийн эмийн сорил баталгаажуулалтын улсын лаборатори, Баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлт нь Оросын Холбооны Улс /ОХУ/ улсын ВНИИЗЖ малын эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн, Шүлхий өвчнөөс сэргийлэх тосон хүчлүүрт АРРИАХ-ВАК вакцин 020122 дугаар цувралын дээж нь сорилтын лабораторийн 22-56 тоот дүнгээр шаардлагыг хангаж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/117 тоот захирамжийн дагуу мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж ажилласан. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 23 сум, 1 тосгоны нийт 597,700 толгой үхэр сүрэг тарилгад хамрагдаж, тухайн үед вакцины хүндрэл, гаж нөлөөнөөс болж мал үхсэн талаар аймгийн Мал эмнэлгийн газарт дуудлага үйлчилгээ авахыг хүссэн мэдээлэл огт ирээгүй. Вакцин хэрэглэхэд эсрэг заалт байхгүй. Үхэрт вакцин таригдсаны улмаас хорогдсон гэж үзэхгүй байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс мал эмнэлгийн газраас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбарт эрх зүйн дүгнэлтийг үнэн зөв хийнэ гэдэгт итгэж байна.Иймд иргэн Ц. Гын зүгээс сум дундын иргэний хэргийн шүүхэд аймгийн мал эмнэлгийн газрын хариуцагчаар татаж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч тал цаг хугацааны тухайд зөрүүтэй яриад байна. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр вакцин хийсэн байдаг. Вакциныг ОХУ-д үйлдвэрлэсэн. Зохих журмын дагуу оруулж ирсэн, стандарт хангасан вакцин байсан. Тарьснаас хойш 3 хоногийн дараа үхэр үхсэн байсан ба очиж үзэхэд үхэр үхсэн хашаан дотор нь их хэмжээний цагаан бодис байсан гэсэн. Сумын малын эмч, тархвар судлаач нар үзлэг хийсэн. Айлын хаваржааны хашаан дотор оруулж хаяад хашаагаа гаднаас нь уясан байдалтай байсан ба үхсэн үхэр химийн цагаан бодис идэж үхсэн гэж үзэж байна. н.П 45 жил энэ салбарт ажилласан хүн. Энэ асуудлаас болж олон удаа нааш, цааш нь явуулсан байдаг. Үхэр үхсэн асуудал нь вакцинаас болоогүй гэдгийг мэргэжлийн байгууллага нь тогтоосон. Цагаан ямар бодис идүүлчихсэн юм бэ. Айлын юм нууж идүүлж байгаад ийм хариуцлагагүй зүйл болсон байх. Энэ хүмүүс шуналын зорилгоор хүний нэр төрд халдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үхсэн малд үзлэг хийсэн эмчийн дүгнэлт дээр нунтаг цагаан бодис байсан талаар дурдсан байдаг. Би баримттай ярьж байна. Үхэр нь үхээд удчихсан байсан. Тэр цагаан зүйлийн талаар малчнаас асуухад малд өгдөг давс гэсэн учир шинжилгээ аваагүй гэсэн байдаг. Өөрийнх нь өгсөн малчны тайлбар шүү дээ. Цагаан бодисоо малд өгдөг тэжээл гэж тайлбарласан байсан. Өөрсдөө ийм бодис өгчихөөд шүүх болон мал эмнэлгийг хөлдөө чирээд, бүх зүйлээ зөрүүтэй яриад байна. Би баримтад тулгуурлаж ярьж байна. н.Баасанхүү гэдэг хүн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр очиж үхсэн малыг үзсэн. Хашаан дотор нь цагаан бодис байсан гэж бичсэн байдаг. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд вакцин тарихад судас, тунгалагийн булчирхай дайрах боломжгүй гэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэг хариуцагчаас 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа ч гэсэн н.П гэдэг хүн өөрөө тариа хийгээгүй. Өөрийнхөө ажилтны хийсэн зүйлийг хариуцах ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.Тариаг н.Жамъяансүрэн хийсэн. н.П, н.Жамъяансүрэн нар нь хэдий гэр бүлийн хүмүүс ч гэсэн нас биенд хүрсэн бие хүмүүс. Тэгээд ч улсын хэмжээнд 500.000 гаруй малд тариа хийсэн байхад мал үхсэн нэг ч тохиолдол гаргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэлтэй танилцсан. Тухайн үед мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гараад харьяа яамны шийдвэрийн дагуу улсын хэмжээнд вакцин хийгдсэн. Манай аймгийн хувьд Засаг даргын захирамжийн дагуу бүх суманд нэгэн зэрэг хийгдсэн. Тус вакциныг ОХУ-с татаж авдаг. Вакциныг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд хийсэн. Тус вакцин нь лабораторийн шинжилгээний дүгнэлттэй. Хэрэглэх заавар дээрээ эсрэг заалт болон гаж нөлөөний заалт байхгүй. Манай аймгийн хэмжээнд 500.000 мал вакцинжсан. Шүлхийн вакцинд мал үхлээ гэсэн дуудлага өгөөгүй. Тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцаад ахалж ажиллаж байсан эмчээс энэ талаар асуусан. Тухайн айлын амьдарч байгаа хэсэгт байсан айлын малуудыг хашаа хашаанд нь багцлаад нэг газар хийсэн байсан. Хотонд нь очиж хийгээд хотондоо үхсэн юм байхгүй. Вакцин хийснээс хойш 3 хоногийн дараа үхсэн байсан.

Малын эмч н.Баасанхүү, н.Булганцэцэг нар мөн эмийн бодис байсан гэж бичсэн байсан. Тангараг өгсөн хүмүүс худал мэдүүлэг өгөхгүй байх гэж бодож байна. Аймгийн мал эмнэлгийн лабораторид үхсэн малаас боомын дээж авч явуулсан байсан. Манайх боомын дээж хийлгэнэ гэсэн бол зөвхөн боомын дээж л хийдэг. Эмч нар үхсэн малнаас боомын дээж авсан, шинжилгээгээр боом өвчин илрээгүй байдаг.Вакцины тухайд олон үхэр тарьсан байхад өөр үхэр үхээгүй тул вакцинаас болоогүй гэж үзэж байна. Өөр гадны хүчин зүйл нөлөөлсөн байж магадгүй. Гадны хүчин зүйлийг олон зүйлээр тодорхойлно. Тухайн үед айлын мал туранхай байсан. Хордох чанарын зүйл зөндөө байгаа. Амьдрал баян гадны хүчин зүйл зөндөө шүү дээ. Мал үхсэн тохиолдолд шинжилгээ хийх ёстой нь ёстой. Гэхдээ тухайн үхсэн малаас малын эмч боомын шинжилгээний дээж авч явуулсан байдаг. Тухайн үедээ очсон малын эмч нарын тайлбар дээр үхэр үхээд нилээд удсан, өмхийрсөн шинжтэй байсан гэж бичсэн тайлбар дээрээ хэлсэн байдаг. Өөрсдөө дур мэдэн яараад өвчөөд өөрсдөө онош тогтоосон юм билээ. Цус бүлхэрсэн тунгалагийн булчирхай дайрсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй.

Мал үхээд удсаны дараа цус харвалт явагддаг. Улсын лабораторийн дүгнэлтээр судас дайрах боломжгүй гэсэн байгаа. Мэргэжлийн хүмүүс хүзүүг 3 хуваасны нэг дээр тарихад судас дайрах зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Малын эмч нар малын эмчийн итгэмжлэл гээд 3-5 жил сунгадаг гэрчилгээтэй байдаг. Аймгийн мал эмнэлгийн газар, аймгийн засаг дарга жил бүр гурвалсан гэрээ байгуулж малын эмч нартай ажилладаг. 2022 оны 4 дүгээр сард аймгийн хэмжээнд Засаг даргын захирамжаар шүлхий өвчний вакцин нэгэн зэрэг явагдсан. Энэ вакцинтай холбоотой малчдаас мал үхсэн талаар гомдол мэдээлэл улсын хэмжээнд ирээгүй гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгаас нэхэмжлэгч Ц.Год холбогдуулан замын зардал, нэр төр, сэтгэл санааны хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:...Иргэн Ц.Гын хоёр үхэр үхсэн гэсэн дуудлагыг хүлээн авч Жаргалант сумын мал эмнэлгийн улсын байцаагч, ерөнхий эмч Ч.Баасанхүү, тархвар зүйч Б.Булганцэцэгийн хамт газар дээр нь очиж 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийхэд гэрээс нь 2-3 км зайтай газар, хаалттай бүрэн бүтэн хашаан дотор малчны хэлснээр онгоцонд хийсэн давс шиг цагаан юм идсэн байдалтай үхээд цогцос нь хөшсөн, өмхийрсөн байсан бөгөөд мэргэжлийн хоёр эмч дээжийг шинжилсэн лабораторын дүгнэлтээр вакцинтай холбоотой гэж тогтоогоогүй байхад шуналын сэдлээр энэ үхрүүдийн үхэлд огт холбогдохгүй, өөрийн биеэр тарилга хийгээгүй Д.Пыг гүтгэн нэр төрд нь халдаж утсаар алуурчин зэргээр доромжилж, сумын групп дээр Д.Пы алдаанаас хоёр үхэр үхсэн гэх үндэслэлгүй ташаа мэдээллээр хувь хүний болоод ажлын нэр төрд халдлаа. Малчин Гын хот айлд 4 дүгээр сарын 22-ны өдөр үдийн үед очиж, тэдний үхрүүдэд вакцин тариад дараагийн айлууд руу явсан. Улмаар багийн бүх айлд хүрч үйлчилсэн. Улсаас ХХААҮЯ-аас нийлүүлсэн шүлхийн тарилга нь ОХУ-д үйлдвэрлэж, яам нийлүүлж улс даяар хийгдсэн компанит ажлын нэр хүндэд мөн халдлаа. Иргэн П.Пыг 4 удаа Мөрөн, Жаргалант хооронд явсан зардалд 1,000,000 төгрөг, Д.Пыг гүтгэн доромжилсон нэр төр, алдар хүндийг сэргээхэд 1,000,000 төгрөг, Тунсаг Жаргалант нөхөрлөлийн үйл ажиллагааг доголдуулж үйлчилгээ авдаг иргэдэд худал цуурхал тараан ажил хэргийн нэр хүндэд халдсан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрсдөө хүний хашаанд хадгалж байсан давсны төрлийн бодис идүүлэхээр 24-ний үед хашаанд нь оруулж хаалга үүдийг уяж орхисноос уг бодисоос хордсон байхыг үгүйсгэхгүй. Энэ шүүх хуралдааныг нээлттэй явуулж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Хуульд хэт өрөөсгөл хандах аваас олон нийтэд мэдээлэхээс гадна шунаг сэтгэлтэй, шудрага бус малчны үйлдэл буюу 1 мал үхэхэд цаана нь төрийг, төр төлөөлсөн үйлчилгээг үгүйсгэсэн шийдвэр гаргахгүй, гэмт үйлдлийн нөхцөл байдлыг зөв тогтооно гэдэгт итгэж байна гэжээ.

Б.Шүүх хуралдаанд тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:..Д.П нь Тунсаг Жаргалант аж, ахуй нэгийг толгойлдог. Энэ аж, ахуй нэгжийг Д.П төлөөлж байгаа. 2022 оны 5 дугаар сарын 10-ны үед Ц.Гын охин өөрийн фэйсбүүк хаягнаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нэгдсэн групп фэйж хуудсанд Малын эмч бол алуурчид юм байна гэсэн пост оруулсан байсан. Энэ нь байгууллагын нэр төрд халдсан гэж үзэж байна. Дээрх асуудлаас болж Д.Пы даралт ихсэж, сэтгэл санааны асар их дарамтад орсон. Сэтгэл санаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон.Мөн Ц.Гын нэхэмжлэлээс болж нааш, цааш олон удаа явсан. Жаргалант сумаас Мөрөн суманд ирж очиход 6-7 удаа явсан зардал нь 1.000.000 гаруй төгрөгөөс ч их гарсан. Үүнийг дарж авахгүй бол дурын малчин гүтгэдэг болох нь. Гол нь мөнгөндөө биш. Энэ бол ёс зүйгүй асуудал. Мал эмнэлгийн байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж, улсын хэмжээнд бодлого хэрэгжүүлэн ажилладаг. Үнэн зөв шийдвэр гаргана гэж бодож байна. Иймд замын зардал 1.000.000 төгрөг, байгууллагын нэр төрд халдсан гэж үзэж 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзалаа дараах байдлаар тайлбарласан.

А. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирүүлсэн тайлбартаа:...Нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль бус байна. Үндсэн нэхэмжлэлтэй хамтруулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Дур зоргоороо дураараа хандаж хүсэл зоригоо хамаагүй илэрхийлж байгаа нь хуулийн ямар ч үндэслэлгүй. Энэ бол улс төрд ямар ч хамааралгүй асуудал, иргэний эрх зүйн харилцаанд хамааралтай гэж үзэж түүний нотлох учиртай. ИХШХШТХуульд оролцогчдын эрх үүргийг тодорхой заасантай танилцаад эргэн харна уу гэжээ.

Б. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Жаргалант сумаас Мөрөн суманд ирэхэд нэг удаадаа 30,000 төгрөгөөр ирдэг. Дуудлага өгөхөд тухайн байгууллагыг хариуцсан хүн байж эмчээ яагаад явуулаагүй юм бэ. Тухайн үед дуудлага өгөхөд яагаад ирээгүй юм бэ? Тухайн үед нь ирээд тайлбарлаад өгсөн бол ингэж явахгүй шүү дээ. Дараа нь чаддаг юм бол заргалдаарай гэж хэлсэн байдаг. Малчдыг ингээд дийлээд сурсан болохоор малчид хэл ам гаргадаггүй байсан байх гэж бодож байна. Байгууллагын нэр төрд халдсан зүйл байхгүй. Вакцинаас болж мал үхэх тохиолдол байдаг юм уу гэсэн постыг л тавьсан болохоос биш байгууллага болон хүний нэр төрд халдахаар пост бичээгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

3.Иргэдийн төлөөлөгч Г.Н нь... мал эмнэлгийг буруутай гэж үзсэн тохиолдолд мөнгө нэхэмжлэх нь зөв. Вакцинаас бол үхээгүй гэж дүгнэлт хийж байна. Маш олон малд хийсэн байхад бусад малд өөрчлөлт өгөөгүй байна... гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 2 хуудас, Ц.Гын иргэний үнэмлэхний хуулбар хувь, 1 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2 хуудас, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн лаборатори шинжилгээний дүгнэлтийн хуудас хуулбар 1 хуудас, Жаргалант сумын мал эмнэлгийн улсын байцаагч Ч.Баасанхүүгийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тайлбар 1 хуудас, мэдүүлэг бичсэн Н.Мөнхтөр гэх гараар бичсэн өргөдөл 1 хуудас, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого хуулбар 1 хуудас, Ц.Гын 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Бямбажавт гаргасан өргөдөл 1 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн Засаг дарга Н.Лхасүрэнгийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 37 тоот тодорхойлолт 1 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн засаг дарга Н.Лхасүрэнгийн 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 39 тоот тодорхойлолт 1 хуудас, малчин Ц.Гын малчин тэмдгийн дардас дарсан баримт 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1921 тоот захирамжийн хуулбар 3 хуудас, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №0761 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №0768 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бийн гэрч асуулгах тухай хүсэлт 1 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эийн хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлт, 1 хуудас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт 1 хуудас, гэрэл зургийн үзүүлэлт 1 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Д.Паас хариу тайлбар 1 хуудас, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №0930 бүртгэлийн дугаартай итгэмжлэл 1 хуудас, сөрөг нэхэмжлэл 3 хуудас, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, Жаргалант сумын Мал эмнэлгийн улсын байцаагч Ч.Баасанхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөвсгөл аймгийн шүүхэд гаргасан тайлбар 1 хуудас, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлт хуулбар 4 хуудас, Мэргэжлийн хяналтын газар, шалгалт хийсэн тэмдэглэл, 1 хуудас, Онц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийхэд баримтлах стандарт ажиллагааны зааварчилгаа 4 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/123 тоот захирамж, хавсралт хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/348 тоот захирамжийн хуулбар 1 хуудас, Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх Аppиах Вак эсийн өсгөвөрт, идэвхгүйжүүлсэн, цийдмэг вакциныг хэрэглэх заавар 2 хуудас, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудасний хуулбар 1 хуудас, зүрхний бичлэг 1 хуудас, сөрөг нэхэмжлэл 2 хуудас, Д.Бгийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа 1 хуудас, Монголын татварын алба, төлбөрийн даалгавар 1 хуудас, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, 1 хуудас, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1077 бүртгэлийн дугаартай итгэмжлэл 1 хуудас, С.Жамъяансүрэнгийн малын бага эмчийн үнэмлэхний хуулбар 1 хуудас, гэрээт малын эмчтэй хамтран ажиллах гэрээний хуулбар 1 хуудас, С.Жамъяансүрэнгийн Сумын аварга мал аж ахуйн мэргэжилтний гэрчилгээ болон малын бага эмчийн сертификатний хуулбар 1 хуудас,

Хариуцагч Хөвсгөл амгийн Мал эмнэлгийн газраас Мал эмнэлгий ерөнхий газрын даргын тушаал 1 хуудас, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тушаал 1 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгийн хариу тайлбар 1 хуудас, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори шинжилгээний дүнгийн хуудас, сорилын дүн 2 хуудас, Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх Аppиах Вак эсийн өсгөвөрт, идэвхгүйжүүлсэн, цийдмэг вакциныг хэрэглэх заавар 1 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бийн хүсэлтээр малын үхлийн шалтгааныг гэрэл зурагт үндэслэн тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба гэрч А.Жаас гэрчийн мэдүүлэг авч  нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Ц.Г  нь хариуцагч Д.Пд холбогдуулан гэм хорын хохирол 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э хамтран хариуцагчаар Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрыг татан оролцуулсан.

Тэрээр шүүх хуралдаанд гэм хорын хохиролд нэхэмжилсэн 3,000,000 (гурван сая) төгрөгийг хариуцагч нарт тэнцүү хувааж, Д.Паас 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодруулсан.

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэв. Үүнд: 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ...Вакцин тарьснаас хойш 3 хоногийн дараа үхэр үхсэн байсан. Үхэр үхсэн хашаан дотор нь их хэмжээний цагаан бодис байсан гэсэн. Тиймээс үхсэн үхэр химийн цагаан бодис идэж үхсэн гэж үзэж байна.Мөн Д.П үхэрт тариа хийгээгүй. Тариаг н.Жамъяансүрэн хийсэн байхад Д.Пүрэвсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Тэгээд ч улсын хэмжээнд 500.000 гаруй малд тариа хийсэн байхад мал үхсэн нэг ч тохиолдол гаргаагүй.

Тус вакциныг тарихад судас, тунгалагын булчирхай дайрах боломжгүй. Вакцинаас болоод үхсэн гэсэн баримт байхгүй байна гэж,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ...Тухайн үед мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гараад харьяа яамны шийдвэрийн дагуу улсын хэмжээнд вакцин хийгдсэн. Манай аймгийн хувьд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/117 тоот захирамжийн дагуу мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж ажилласан. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 23 сум, 1 тосгоны нийт 597,700 толгой үхэр сүрэг тарилгад хамрагдаж, тухайн үед вакцины хүндрэл, гаж нөлөөнөөс болж мал үхсэн талаар аймгийн Мал эмнэлгийн газарт дуудлага үйлчилгээ авахыг хүссэн мэдээлэл огт ирээгүй. Тус вакциныг ОХУ-с татаж авдаг. Вакцин хэрэглэхэд эсрэг заалт байхгүй. Үхэрт вакцин буруу таригдсаны улмаас хоргодсон гэж үзэхгүй байна гэж тус тус тайлбарлан, мэтгэлцэв.

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/123 тоот захирамжаар Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулсан байх бөгөөд уг ажлын хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Ц.Гын хоёр үхэрт шүлхийн вакцин тарьсан болох нь тогтоогдож байх ба зохигч дээрх үйл баримтанд маргаагүй.

Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр, өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүрэгтэй.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үхэрт шүлхийн вакцин тарихдаа гол судас болон тунгалагийн булчирхайг дайруулан буруу тарьсны улмаас үхсэн тул зах зээлийн үнэ болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг хариуцагч нарт тэнцүү хувааж гаргуулна... хэмээн  тайлбарласан. Гэтэл дээрх байдал хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй үндэслэл болсон хариуцагч Д.П үхэрт шүлхийн вакцин тарихдаа гол судас, тунгалагийн булчирхайг дайруулан буруу тарьсны улмаас үхэр үхсэн буюу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан болохыг нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

Мөн гэрч Ж ... 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр н.Жамъяансүрэн гэж хүн 22 цагийн үед үхрийг маань тарьсан ба үхэр 2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой малаа хаших гээд очиход үхээд удсан болов уу гэмээр хөшсөн байдалтай байсан. Үхсэн гэдгийг нь манай хажуу талын хүн хонио хаших гэж очоод мэдэж бидэнд хэлсэн.

Д.П гуайд тариа хийгээд үхчихсэн байна. Та ирж үзээч гэхэд тариа хийгээд үхэх боломжгүй, Жаргал сумаас малын эмч дууд, тариа хийгээд завгүй байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь сумынхаа малын эмчийг дуудахад унаа байхгүй очих боломжгүй гэхээр нь би өөрийн төрсөн дүүг унаа олоод эмч аваад ир гэсэн. Тэр өдрөө дуудаж чадаагүй. Маргааш нь бид дуудлага өгсөн. Тэгээд манай дүү өөрийн унаагаар н.Баасанхүү, н. Булгантамир нарыг авч ирсэн. Тэр хоёр ирээд үхэр үзээд, өмхийрсөн байна, шинжилгээ авах боломжгүй, удчихсан юм уу, боом юм биш үү гэж хэлээр нь би боом биш, боом өвчнөөр үхсэн бол хөшдөггүй юм гэж хэлээд би өөрөө бээлий өмсөж байгаад арьсыг нь ярсан. Тэгэхэд тарианы ором нь байсан. Тарианы оромны нэг нь гол судас дайрсан болов уу гэмээр цус нь бүлхэрчихсэн байсан. Нэг тариа нь булчирхай дайрсан байсан. Би өөрөө өвчнөөр үхээгүй, тариа хийгээд үхсэн гэдгийг дотроо мэдэж байгаа байхгүй юу. Тэгээд шууд бээлий хийгээд тарианых нь ормыг олсон юм. Тэр нь тариа тариулснаас болж үхсэн гэдгийг нотлох байх. Д.П тариа тариагүй.

Зүгээр байсан үхэр үхсэн нь тариа буруу хийснээс болсон гэж бодож байна.... хэмээн мэдүүлж байгаа боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйл заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба хэргийн зохигчид эрх үүргийг хуульд заасан журмын дагуу танилцуулсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ц.Год холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь замын зардал, нэр төр, сэтгэл санааны хохиролд 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тэрээр шүүх хуралдаанд ... Пунсаг Жаргалант аж ахуй нэгжийн нэр төрд халдсан хохирол 1.000.000 төгрөг, замын зардал 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг нэхэмжилнэ... гэж шаардлагаа тодруулсан.

Хариуцагч Д.Пыг Пунсаг Жаргалант аж, ахуй нэгжийн захирал эсэхэд талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь ...Иргэний эрх зүйн харилцаанд нотлох учиртай. Байгууллагын нэр төрд халдсан зүйл байхгүй.

Вакцинаас болж мал үхэх тохиолдол байдаг юм уу гэсэн постыг л тавьсан болохоос биш байгууллага болон хүний нэр төрд халдахаар пост бичээгүй. Жаргалант сумаас Мөрөн сум орох замын зардал 30.000 төгрөг байдаг... хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, маргалаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ...Д.П Пунсаг Жаргалант аж, ахуй нэгжийг толгойлдог. Энэ аж, ахуй нэгжийг Д.П төлөөлж байгаа. 2022 оны 5 дугаар сарын 10-ны үед Ц.Гын охин өөрийн фэйсбүүк хаягнаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нэгдсэн групп фэйж хуудсанд Малын эмч бол алуурчид юм байна гэсэн пост оруулсан байсан. Энэ нь байгууллагын нэр төрд халдсан гэж үзэж байна. Дээрх асуудлаас болж Д.Пы даралт ихсэж, сэтгэл санаа хэцүү байдалд байсан. Мөн Ц.Гын нэхэмжлэлээс болж нааш, цааш олон удаа явсан. Иймд замын зардал 1.000.000 төгрөг, Байгууллагын нэр төрд халдсан гэж үзэж 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна... хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Гэвч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Зохигч замын зардалд 1,000,000 (нэг сая) төгрөг, Пунсаг Жаргалант аж, ахуй нэгжийн нэр төр гутаасан хохирол 1,000,000 (нэг сая) төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,000,000 /нэг сая/ төгрөг, нийт 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар маргаж байгаа бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хуульд зааснаар нотлох үүрэгтэй.

Тодруулбал Ц.Гын гаргасан нэхэмжлэлд Д.П нь хариуцагч, харин Ц.Год холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлд тэрээр нэхэмжлэгчийн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлд холбогдуулан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагаа нотолж чадаагүй болно.

Иймээс сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 тооны мал /үхэр/ үхсэн шалтгааныг гэрэл зурагт үндэслэн тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторыг шинжээчээр томилсон.

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатороос 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн дүгнэлтэнд... гэрэл зураг харж үхрийн үхлийн шалтгааныг шууд тогтоох боломжгүй...гэсэн байх тул уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950/ жаран хоёр мянга есөн зуун тавь/, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950/ жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Д.П, Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн газарт холбогдох гэм хорын хохиролд 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Ц.Год холбогдох замын зардал, нэр төр, сэтгэл санааны хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид үндсэн нэхэмжлэлд нэхэмжлэгчээс төлсөн 62,950/ жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН

С.ОЮУНЖАРГАЛ