2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/436

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Д.Хонгорзул, 

хохирогч Ж.З***,

шүүгдэгч А.Э*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Э***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *** дүүргийн *** дүгээр хороо, *** 6 дугаар гудамж, 37 тоотод оршин суудаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,

*** овогт А***ын Э*** (РД: ***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э*** нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Ж.З***гийн данснаас 5,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,

хохирогч Ж.З*** шүүхийн хэлэлцүүлэгт “...Өмнө нь 1,400,000 төгрөг өгөхдөө нэг уулзсан. Сүүлд уулзахдаа би нэлээн согтуу байсан. Тооцоо хийнэ гэж карт авсан...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй,

шүүгдэгч А.Э***ээс “...нэмж мэдүүлэх зүйлгүй..., ...уг мөнгийг мөнгөний хэрэг гараад авсан...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй, шүүхийн  хэлэлцүүлэгт 3 хуудас бүхий баримтыг шинээр гарган өгч тус тус шүүх хуралдаанд оролцоцгоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг болно.

Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.Э*** нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй зочид буудалд үйлчлүүлж байсан хохирогч Ж.З***гийн данснаас 5,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудалд 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хамт байсан хүн картаас 5,000,000 төгрөг хулгайлсан байна...” гэх тэмдэглэл болон Цагдаагийн байгууллагад бичгээр өгсөн өргөдөл (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

2. Хохирогч Ж.З*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 05-06-ны хавьцаа 1000 машины тэнд машин сонирхоод явж байхад машины шар гэрлийг яаж унтраадаг юм гэж танилцаж байсан ба баттерей солиулна гэхээр нь дугаараа солилцсон байсан. 2025.04.14-ний өдөр надаас 1.400.000 төгрөг зээлээд би *** дугаарын утсыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм. Тэгээд намайг бүтэн сайн өдөр буюу 2025.04.20-ны өдөр амарч байна гэсэн чинь уулзъя гээд бид хоёр дэнжийн 1000-д уулзаад хороололд буудалд очъё гэхээр нь би тухайн үед хамт өдрийн 12 цагт буудал орохоор болоод 2 цагаар төлбөрийг нь төлөөд замаараа дэлгүүрээс архи, ус, ундаа, тамхи гэх зэрэг зүйлс аваад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны *** зочид буудлын 2 давхарт 207 тоотод орсон. Тэгээд нөгөө эмэгтэй машин барьж байсан болохоор архи уугаагүй, би архи ууж байгаад муудчихсан юм, тэгээд Э*** нь буудлын чинь цагийг сунгуулчхаад ирье гэж хэлээд миний картыг авсан, би тэг гэж хэлээд картаа өгөөд гаргасан юм. Тэгээд нэлээн удаж байгаад орж ирэхдээ миний картыг гар утастай оруулж ирж өгөөд явсан. Би тухайн үедээ картаа өмдний халаасанд байсныг мэдэлгүй хайж байгаад Хаан банк руу залгаад картаа хаалгая гэж хэлээд хаалгасан юм. Тэгээд өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүн над руу мөнгө шилжүүлсэн чинь үлдэгдэл нь 2 сая гаруй байхаар нь би гайхаад Хаан банк руу залгасан чинь "Та 5.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна” гэж хэлсэн... А.Э*** нь миний Хаан банкны картыг аваад АТМ-ээс өөрийнхөө *** тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Тухайн гүйлгээний мэдээлэл нь *** ТООЦОО гэж харагдаж байсан... би өмнө нь 2025 оны 04 дүгээр сарын эхээр уулзаад, дараа нь 1.400.000 төгрөг зээлж байсан. 2025.04.20-ны өдөр 3 дахь удаагаа уулзаж байгаа юм... Би нийт 5.000.000 төгрөгийн хохирол учирч байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

түүний 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5000.000 төгрөг гүйлгээ гарсан байсан... Миний утсанд мессеж ирдэг тухай үед ирээгүй байсан миний мессежийг устгасан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

мөн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...Тухайн эмэгтэй сайн мэдэхгүй машиныг янзалж өгч байсан... Миний данснаас мөнгө шилжүүлж авчихна гэж мэдээгүй. Тухайн өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бид хоёр Бичлийн арын Энхбаярын замаар хойшоо өгсөх замын баруун талд байрлах *** гэх нэртэй буудалд хамт ороод өрөө авч орсон буудлын өрөөний тооцоо болон дэлгүүр ороод ус ундаа авхуулахаар би өөрийнхөө картыг өгөөд гаргасан тэгэхэд миний гар утсыг аваад бас гарсан тэгээд 5-аас 06-хан минут болчхоод ороод ирсэн орж ирэхэд миний хаан банкны карт болон гар утсыг минь өгчхөөд гараад явсан... Тэрнээс хойш 2 хонгийн дараа над руу мөнгө шилжүүлэх үед миний дансны мэдээлэл 2 сая гаран төгрөг байна гэх мэдээлэл ирэх үед би Хаан банк руу холбогдож асуухад таны данснаас 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А***ын Э*** гэх эмэгтэй шилжүүлсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

3. Гэрч Н.Н***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** буудлын зохион байгуулагч хийдэг. Би энэ буудалдаа 20 жил ажиллаж байгаа. Өдөр болгон буудал дээрээ байдаг... Манай буудалд хэрүүл маргаан болсон байвал би өдөр болгон байдаг болохоор мэднэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

4. Шүүгдэгч А.Э***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын сүүлээр өөрийн машин болох приус-41 маркийн тээврийн хэрэгслийг 22-ын товчооны 1000 машины зогсоол дээр өөрийн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

5. Хохирогч Ж.З***гийн Хаан банкин дахь эзэмшлийн *** тоот  шилжүүлэг хийгдсэн гүйлгээний баримтын хуулбар (хавтаст хэргийн 13 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт сэргээн тогтоогдож байна.

2.2. Хууль зүйн дүгнэлт.

1. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

3. Шүүгдэгч А.Э***ийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хохирогч Ж.З***гийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шунахайн сэдлээр авч байгаа нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж зориуд эд зүйлийг нь өөртөө авч байгаа нь хууль бусаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хэргийг шийдвэрлэх бөгөөд прокуророос шүүгдэгч А.Э***ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын банкны картыг авч хор уршигт 5,000,000 төгрөгийг картаас авч хэрэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

5. Иймд шүүгдэгч А.Э***ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э*** нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болно.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулжээ.

3.3. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж.З***д 5,000,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч А.Э*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учруулсан 5,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар нь маргаагүй тул шүүгдэгч А.Э***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Ж.З*** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл санааны хохирол нэхэмжлэх талаар дурдаагүй бөгөөд өөрт учирсан 5,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилснийг нөхөн төлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Э*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч А.Э***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч А.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч А.Э***ийн хувийн байдал, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол, төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй байна... гэсэн дүгнэлтийг гаргаж,

шүүгдэгч А.Э*** болон хохирогч Ж.З***гээс тусгайлан санал, тайлбар гаргаагүй болохыг тус тус дурдав.

4.4. Шүүгдэгч А.Э***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э***ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 6 (зургаа) сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э***т сануулж шүүх шийдвэрлэв.

Тодруулбал, Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хувийн байдал /5 сартай жирэмсэн гэх/ нөхцөл байдал болон улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан шүүгдэгч А.Э***т уг ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Э***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч А.Э***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт А***ын Э*** “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э***ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 6 (зургаа) сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БУЛГАНТАМИР