Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2023/01157

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2023/01157

Хөвсгөл аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Т ХК (....)-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр багт оршин суух,Н.Н

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр багт оршин суух, Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 3,436,835.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,087.67 төгрөг, нийт 23,612,923.62 (хорин гурван сая зургаан зуун арван хоёр мянга есөн зуун хорин гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2023/00755/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагч Н.Н, Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХК-ийн Хөвсгөл салбар нь Н.Н, Б.Н нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 3,436,835.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,087.67 төгрөг, нийт 23,612,923.62 (хорин гурван сая зургаан зуун арван хоёр мянга есөн зуун хорин гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулахаар тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Н.Н, Б.Н нар нь Тны Хөвсгөл салбар Баянзүрх тооцооны төвөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр MN870034200301852347 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, сарын 1.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагтай малчны зээл авсан. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,912,602.74 төгрөг, нийт 6,912,602.74 төгрөг төлсөн. Эхний төлөлтөөс хойш бага, багаар нийт зээлийн хүүнд 1,054,773.74 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,436,835.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,087.67 төгрөг, нийт 23,612,923.62 төгрөгийг Н.Н, Б.Н нараас гаргуулж Тинд олгож өгнө үү....гэв.

Хариуцагч Н.Н, Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ттай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн малчны зээл аваагүй.

2022 оны 1 дүгээр сарын сүүлчээр Н.Нгийн ээлжийн амралтын мөнгө зээлд татагдсан. Тэгээд тухайн үеийн Тны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвийн захирал Б.Хишигжаргалтай уулзахад Б.Хишигжаргал тухайн зээлийг авсан байсан. Ингээд Б.Хишигжаргал эхний төлөлтийг бүрэн хийж өгсөн. Бид Авилгатай тэмцэх газарт Б.Хишигжаргалд гомдол гаргасан байгаа.

Манай хүүхдүүдийн мөнгө, ноосны мөнгө гээд бага, багаар бидний данс руу орсон мөнгийг Т татаад байсан. Үүнийг өмгөөлөгч Б.Батдоржид хэлж болиулсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг бидний гарын үсэг биш гэж гарсан. Бид тухайн зээлийг огт аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй....гэв.

 

Нэхэмжлэгч Т ХК-ийн Хөвсгөл салбараас №000269587 улсын бүртгэлийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаартай Хөвсгөл салбарын захирал Лааган овогтой Дашцэрэнд итгэмжлэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 37/632 дугаартай Итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №MN870034200301852347 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Н, Б.Н нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Багийн Засаг даргын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн анкет-иргэн гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Зээлийн дансны харилцагчийн хуулгууд, Т ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 37/727 дугаартай прокурор оролцуулах тухай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нарын хариу тайлбар, хариуцагч нарын хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт, хариуцагч Б.Нийн шинжээч томилуулах тухай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч нарын хүсэлтээр Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.Н, Б.Н нар нь Тны Хөвсгөл салбар Баянзүрх тооцооны төвөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр MN870034200301852347 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, сарын 1.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагтай малчны зээл авсан. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,912,602.74 төгрөг, нийт 6,912,602.74 төгрөг төлсөн. Эхний төлөлтөөс хойш бага, багаар нийт зээлийн хүүнд 1,054,773.74 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,436,835.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,087.67 төгрөг, нийт 23,612,923.62 төгрөгийг Н.Н, Б.Н нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Н.Н, Б.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бид 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ттай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн малчны зээл аваагүй.

2022 оны 1 дүгээр сарын сүүлчээр Н.Нгийн ээлжийн амралтын мөнгө зээлд татагдсан. Тэгээд тухайн үеийн Тны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвийн захирал Б.Хишигжаргалтай уулзахад Б.Хишигжаргал тухайн зээлийг авсан байсан. Ингээд Б.Хишигжаргал эхний төлөлтийг бүрэн хийж өгсөн. Бид Авилгатай тэмцэх газарт Б.Хишигжаргалд гомдол гаргасан байгаа.

Манай хүүхдүүдийн мөнгө, ноосны мөнгө гээд бага, багаар бидний данс руу орсон мөнгийг Т татаад байсан. Үүнийг өмгөөлөгч Б.Батдоржид хэлж болиулсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг бидний гарын үсэг биш гэж гарсан. Бид тухайн зээлийг огт аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Т ХК-ийн Хөвсгөл салбар нь Н.Н, Б.Н нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 3,436,835.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,087.67 төгрөг, нийт 23,612,923.62 (хорин гурван сая зургаан зуун арван хоёр мянга есөн зуун хорин гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлд хариуцагч Б.Нийн нэрийг техникийн алдаа гаргаж Б.Н гэж бичсэн гэсэн болохыг дурдав.

Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаартай албан бичгээр Хөвсгөл салбарын захирал Лааган овогтой Дашцэрэнд итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлд Т ХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Хөвсгөл салбарын захирал Л.Дд олгосон (хх-ийн 4 дүгээр тал) байх тул Т ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Н.Н, Б.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Тнаас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээл аваагүй, зээлийн гэрээнд зурсан гарын үсэг бидний гарын үсэг биш гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж маргасан болно.

Тны 200000236840 дугаартай дансны эзэмшигч нь хариуцагч Нямсүрэнгийн Нэргүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Үндсэн зээл 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр харилцагч Н.Нн 200000236840 дугаарын цалингийн харилцах дансанд олгогдсон байдаг. гэх, хариуцагч Н.Нн Миний Тны цалингаа авдаг данс гэх тайлбаруудаар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч нар нь Тны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хариуцагч Н.Нгийн эзэмшлийн Тны 200000236840 дугаартай дансны гүйлгээний утга хэсэгт МАЛЧИН ЗЭЭЛ ОЛГОВ НЭРГҮЙ НЯМСҮРЭН гэх бичвэртэй харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна. (хх-ийн 14 дүгээр тал)

Хариуцагч нар нь нэхэмжлэгчид нийт 7,967376.48 төгрөгийг төлсөн байх ба уг үнийн дүнгийн талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Т ХК-ийн Хөвсгөл салбар нь шаардах эрхтэй.

Харин зохигчийн хооронд байгуулагдсан 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн MN870034200301852347 тоот Барьцаат зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч гэсэн дээр зурагдсан гарын үсгүүд нь хариуцагч Н.Н, Б.Н нарын гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдов. (хх-ийн 53-74 дүгээр тал)

Иймээс зохигчийн хооронд 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан MN870034200301852347 тоот Барьцаат зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан буюу бичгээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагч нарт олгосон 25,000,000 төгрөгөөс хариуцагч нарын нэхэмжлэгчид төлсөн 7,967376.48 төгрөгийг хасч үлдэх 17,032,623.52 төгрөгийг хариуцагчаас нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Н.Н, Б.Н нараас зээл 17,032,623.52 (арван долоон сая гучин хоёр мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,580,300.10 (зургаан сая таван зуун наян мянга гурван зуун төгрөг арван мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч нар нь дээрх мөнгийг холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,500 (хоёр зуун далан зургаан мянга таван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, Б.Н нараас 17,032,623.52 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 243,113 (хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун арван гурав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Н.Н, Б.Н нараас зээл 17,032,623.52 (арван долоон сая гучин хоёр мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,580,300.10 (зургаан сая таван зуун наян мянга гурван зуун төгрөг арван мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,500 (хоёр зуун далан зургаан мянга таван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, Б.Н нараас улсын тэмдэгтийн хураамж 243,113 (хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун арван гурав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ