Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2023/01187

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2023/01187

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 9 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, Л.Б,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Х.Ш,

Нэхэмжлэлийн шаардлага: Л.Л.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Х.Шт даалгах тухай 155/2023/01076/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Л.Б, түүний өмгөөлөгч: Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Б.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Л.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Л.Б нь Х.Шт холбогдуулан Л.Л.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Х.Шт даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Л.Л.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ж, Л.Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Ж, Л.Л.Б нараас 25,200,000 төгрөгийг гаргуулан Ц.Ц.Э, Л.Л.С нарт, 9,640,000 төгрөгийг гаргуулан Ч.Тт тус тус олгохоор заасан. Уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Миний нөхөр Д.Ж нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялаас 8 жил 10 сарын хорих ялыг эдэлж гарч ирээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолд заасан хохирлоос Ч.Тт холбогдох хохирлыг бүрэн төлсөн. Л.Л.С, Ц.Ц.Э нарт төлөх 25,200,000 төгрөгийн хохирлоос би өөрт ногдох хувь болох 12,600,000 төгрөгийг төлсөн. Мөн би нөхөр Д.Жаас ямар нэгэн эд хөрөнгө өвлөж аваагүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг. Иймд Л.Л.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Х.Шт даалгахаар нэхэмжлэл гаргасан....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чнэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д нас барсан гэсэн үг биш. Нас барснаар дуусгавар болно гэсэн үндэслэл байхгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй тохиолдолд өвийн асуудал яригдана. Хөдлөх хөрөнгө дээр өвийн асуудал яригдахгүй. Мөн хууль ёсны гэр бүлийн гишүүд байх тохиолдолд шууд өвлөгч болно. Төлбөр төлөгч нь байгаа буюу гэр бүлийн гишүүн төлбөр төлөгч юм. Тэгэхлээр бид нар тогтоол үйлдэх шаардлагагүй. Хэрвээ төлбөр төлөгч нь 1 хүн байгаа тохиолдолд тухайн хүн нас барсан тохиолдолд өвийн асуудал яригдана. Д.Жы хувьд өвлөх ёстой хөрөнгөнийх нь өвлөгч эхнэр нь байгаа. Эхнэр нь манай байгууллагын хувьд мөн төлбөр төлөгч байгаа. Тэгэхлээр бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг мөн ярьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэрээний үүрэгт огт хамааралгүй. Шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гарчихсан байхад гэрээний үүргээр бид нар явахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шийдвэр хоёрыг л баримтална. Иргэний хуульд бас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоно гэсэн үндэслэл байхгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиа л барина гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бнэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ж, Л.Л.Б нараас 25,200,000 төгрөгийг гаргуулж иргэн Ц.Ц.Э, Л.Л.С нарт, 9,640,000 төгрөг гаргуулж иргэн Ч.Тт тус тус олгохоор шийдвэрлэсэн. Тус газар нь 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийн хүлээн авч холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулж төлбөр төлөгч Д.Ж, Л.Л.Б нараас хэсэгчилсэн байдлаар төлбөр авагч Ч.Тт олгох 9,640,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж дуусгавар болгосон. Шийтгэх тогтоолд дурдагдсан төлбөр авагч Л.Л.С, Ц.Ц.Э нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт хэсэгчилсэн байдлаар 13,040,000 төгрөгийг бүрэн төлүүлж өнөөдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 12,160,000 төгрөг байна. Гүйцэтгэх баримт бичигт Д.Ж, Л.Л.Б нараас 25,200,000 төгрөгийг гаргуулан Ц.Ц.Э, Л.Л.С нарт олгохоор бичигдсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгох боломжгүй. Л.Л.Б нь шийтгэх тогтоолд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч юм. Нэхэмжлэлд дурдсанаар төлбөр төлөгчийн гэр бүлийн гишүүн төрөл садны хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй. Шийтгэх тогтоолд Д.Ж, Л.Л.Б нараас хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэхээр заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.9-т зааснаар дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Л.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын иргэн Л.Л.С миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Боржигон овогт Лхасүрэнгийн Л.Бгийн шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбар дээрээ дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Мөрөн сумын иргэн Л.Л.Б, Д.Ж нар нь бидэнд 2004 онд тухайн үеийн ханшаар 34,800,000 төгрөгийн хохирлыг эрүүгийн хүнд гэмт хэрэг бүлэглэн үйлдэж учруулсан. Энэ нь хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилж байгаа анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Дээд шүүхийн тогтоолоор нотлогдож байгаа. Бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн хохирлыг хувааж хариуцах гэсэн ойлголт байж болохгүй бөгөөд шийтгэх тогтоолд бидэнд учруулсан хохирлыг Л.Л.Б, Д.Ж нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар зааж өгөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гараад 17 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад Д.Ж, Л.Л.Б нар бидэнд 12,144,500 /арван хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа нь 1 жилд ойролцоогоор 714,000 төгрөгийг төлж барагдуулжээ. Өнгөрсөн цаг хугацаатай харьцуулбал хохирол барагдуулалт дэндүү хангалтгүй явж ирсэн.

Тэдний бидэнд учруулсан нийт хохирол нь 34,800,000 /гучин дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гэж үзвэл нэхэмжлэгч Л.Л.Б нь бидэнд учруулсан хохирлынхоо 35 хувийг, хүүнд өгч, авалцсан гэсэн 9600000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг хассан үлдэгдэл болох 25200000 /хорин таван сая хоёр зуун мянга/ төгрөгийн 48 хувийг барагдуулаад байгаагаа бүрэн барагдуулсан гээд байгааг огт ойлгохгүй байгаа.

Нэхэмжлэгч Л.Л.Бгийн хувьд төлбөр төлөхтэй холбоотой дээрх нөхцөл байдлыг төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Л.Л.Б нь Х.Ш хууль бус, хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэж тус газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ханджээ. Дээрх газрууд нь хуульд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулж байсан учраас Л.Л.Бгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар гаргасан гомдлыг шийтгэх тогтоолд төлбөр төлөгч Л.Л.Б, Д.Ж нараас хувь тэнцүүлэн төлбөрийн дүнг хувааж төлүүлэхээр заагаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй, "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр хангаж шийдвэрлэхээс татгалзсаныг хуульд нийцжээ гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Л.Л.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүний эрхэнд халдаж, эрхийг зөрчиж байгаа талаар бичсэн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад "бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй", 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ." гэж заасан байх бөгөөд дээрх зохицуулалтын дагуу Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх хуудсыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, эрх нь зөрчигдсөн бидний хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байхад эрх, эрх чөлөөнд минь халдаж байна, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж нэхэмжлэгч Л.Л.Бгийн зүгээс үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Л.Л.Бтай холбоотой гарсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол нь эрүүгийн хүнд гэмт хэргийн хохирогч бидний зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээх баталгаа юм. Харин учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нь бидний үндсэн эрх болж, нэхэмжлэгч Л.Л.Б шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх нь түүний үүрэг болж Үндсэн хуулиар баталгаажсан байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Боржгон овогт Лхасүрэнгийн Л.Бгийн шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ц.Э тус шүүхэд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын иргэн Ц.Ц.Э /гуравдагч этгээд/ Мөрөн сумын иргэн Боржигон овогт Лхасүрэнгийн Л.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах харилцааг зохицуулж, мөн зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж зааснаас үзэхэд Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна.

Хариуцагч Х.Ш нь хуульд зааснаар шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудаст заасан төлбөрийн төрөл, хэмжээний дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Л.Л.Бгаас шүүхийн шийдвэрт заагдаагүй мөнгө шаардаагүй болох нь Л.Л.Бгийн зүгээс бидэнд учруулсан хохиролдоо төлөх төлбөрийн үлдэгдэл 13,055,500 /арван гурван сая тавин таван мянга таван зуу/ төгрөг гэж хүлээн зөвшөөрч байгаагаар нотлогдож байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч төлбөр төлөгч Л.Л.Б нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх арга саам эрэлхийлж, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэж байна. Д.Ж, Л.Л.Б нарт бидэнд учруулсан хохирлоо төлж барагдуулах боломж байсан хэдий ч тэд огт хүсээгүй, эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад барьцааны хөрөнгийг санаатайгаар бусдад хууль бусаар шилжүүлж өгч байсан түүх бий.

Шийтгэх тогтоолд бидний хохиролд төлөх мөнгийг ялтан Д.Ж, Л.Л.Б нарт хувааж хариуцуулаагүй байхад нэхэмжлэгч Л.Л.Б нь миний талийгаач нөхрийн төлбөл зохих 13055500 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэж шийдвэр гүйцэтгэгчийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Л.Л.Б нь нөхөртэйгөө хамтран эрүүгийн онц хүнд гэмт хэргийг санаатайгаар үйлдсэний улмаас хуулийн дагуу төрийн цээрлэл хүлээсэн болохоос биш бид болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэн нэгний үйлдсэн гэм буруу, ял зэмийг түүнд нялзаан халдааж хууль зөрчсөн зүйл байхгүй учраас шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэйгээр хандан, хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлэн бидэнд учруулсан хохирлоо барагдуулах нь зүйд нийцнэ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолд заасан хохирол бүрэн барагдаагүй тул нэхэмжлэгч Л.Л.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Л.Л.Бгаас Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийдвэрийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 470 дугаартай тогтоолын хуулбар, Х.Ш 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 15230163 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хуудас, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1115 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдын 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3-1/2530 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг даалгах тухай хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №20231214000100 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, №0000183718 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №20231215000282 дугаартай Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Х.Ш 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15230163/04 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хуудас, төлбөр барагдуулсан тооцооны жагсаалт, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1370 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, 000015230163 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийдвэрийн хуулбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хариу тайлбар, эрүүгийн хэргийн төв архивын тасалбар, Хөвсгөл аймгийн Газрын албаны даргын 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/50 дугаартай албан бичгийн хуулбар, 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбар, 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийн хуулбар, Л.Л.Сийн Депозит дансны харилцагчийн хуулгууд, Л.Л.Сийн тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ж, Л.Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Ж, Л.Л.Б нараас 25,200,000 төгрөгийг гаргуулан Ц.Ц.Э, Л.Л.С нарт, 9,640,000 төгрөгийг гаргуулан Ч.Тт тус тус олгохоор заасан. Уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Миний нөхөр Д.Ж нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялаас 8 жил 10 сарын хорих ялыг эдэлж гарч ирээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолд заасан хохирлоос Ч.Тт холбогдох хохирлыг бүрэн төлсөн. Л.Л.С, Ц.Ц.Э нарт төлөх 25,200,000 төгрөгийн хохирлоос би өөрт ногдох хувь болох 12,600,000 төгрөгийг төлсөн. Мөн би нөхөр Д.Жаас ямар нэгэн эд хөрөнгө өвлөж аваагүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг. Иймд Л.Л.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Х.Шт даалгахаар нэхэмжлэл гаргасан.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ж, Л.Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Ж, Л.Л.Б нараас 25,200,000 төгрөгийг гаргуулан Ц.Ц.Э, Л.Л.С нарт, 9,640,000 төгрөгийг гаргуулан Ч.Тт тус тус олгохоор заасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхэлсэн. Ч.Тын хохирлыг бүрэн төлсөн. Л.Л.С, Ц.Ц.Э нарт гүйцэтгэх баримт бичгээр төлөх 25,200,000 төгрөгөөс Л.Л.Бгийн нэрээр 12,600,000 төгрөг, Д.Жы нэрээр 440,000 төгрөг, нийт 13,040,000 төгрөгийг Ц.Ц.Э, Л.Л.С нарт төлсөн. Одоо төлөгдөөгүй 12,160,000 төгрөг байгаа. Хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явагдана. Иргэний хуульд зааснаар гүйцэтгэх үүргийг тодорхойлохгүй.

Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд хохирлыг тодорхой гаргуулахаар заасан. Уг төлбөр бүрэн төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Д.Ж нас барсан хэдий ч төлбөр төлөгч Л.Л.Б амьд байгаа. Эдгээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.8, 29.1.9-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа. Бидэнд учирсан хохирлыг нэхэмжлэгч бүрэн төлөөгүй гэж тайлбарласан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Л.Л.Б, нас барагч Д.Ж нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Ж, Л.Л.Б нараас 25,200,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ц.Э, Л.Л.С нарт, 9,640,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Тт тус тус олгохоор шийдвэрлэсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдлоо. (хх-ийн 74-76 дугаар тал)

Дээрх шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Л.Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Л.Л.С, Ц.Ц.Э нарт төлөх 25,200,000 төгрөгийн хохирлоос би өөрт ногдох хувь болох 12,600,000 төгрөгийг төлсөн. Мөн Д.Ж нь нас барсан. Би нөхөр Д.Жаас ямар нэгэн эд хөрөнгө өвлөж аваагүй. гэж тайлбарлав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Л.Л.С, Ц.Ц.Э нарт гүйцэтгэх баримт бичгээр төлөх 25,200,000 төгрөгөөс Л.Л.Бгийн нэрээр 12,600,000 төгрөг, Д.Жы нэрээр 440,000 төгрөг, нийт 13,040,000 төгрөгийг Ц.Ц.Э, Л.Л.С нарт төлсөн. Одоо төлөгдөөгүй 12,160,000 төгрөг байгаа. Төлбөр төлөгч Д.Ж нас барсан хэдий ч төлбөр төлөгч Л.Л.Б амьд байгаа. Эдгээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.8, 29.1.9-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй. гэж мэтгэлцсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байх ба нэхэмжлэгч Л.Л.Б нь дээрх шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо тус шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.3-т заасан эрх зүйн хамгаалалтын дагуу нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.8, 29.1.9-т заасан үндэслэлээр өөрт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцуулж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Х.Шт даалгахыг шаардах эрхтэй.

Хариуцагч байгууллага нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхэлж, одоог хүртэл явуулж байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Л.С нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Энэ цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (2002 оны) 10 дугаар зүйлийн 10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.5-д, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, эдгээр гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн төрөл, хэмжээний дотор төлбөрийг гаргуулах үүрэгтэй.

Дээрх шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэсэн гүйцэтгэх баримт бичигт Л.Л.Б, Д.Ж нараас 25,200,000 төгрөгийг гаргуулахаар бичигдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Биндэръяагийн Гүйцэтгэх баримт бичигт Д.Ж, Л.Л.Б нараас 25,200,000 төгрөгийг гаргуулан Ц.Ц.Э, Л.Л.С нарт олгохоор бичигдсэн байдаг. тайлбараар тогтоогдож байна.

2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Л.Л.Бгийн нэрээр 12,600,000 төгрөг, төлбөр төлөгч Д.Жы нэрээр 440,000 төгрөг, нийт 13,040,000 төгрөг Ц.Ц.Э, Л.Л.С нарт олгогдож, шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 12,160,000 төгрөг төлөгдөөгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Биндэръяагийн шүүх хуралдаанд гаргасан Л.Л.С, Ц.Ц.Э нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт хэсэгчилсэн байдлаар Л.Л.Бгаас 12,600,000 төгрөг, Д.Ж нэрээр 440,000 төгрөг, нийт 13,040,000 төгрөгийг Ц.Ц.Э, Л.Л.С нарт төлөгдсөн. Одоогийн байдлаар 12,160,00 төгрөгийн төлөгдөөгүй төлбөр үлдсэн. гэх тайлбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 15-ны өдрийн 15230163/04 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргээр нотлогдлоо. (хх-ийн 71 дүгээр тал)

Төлбөр төлөгч Д.Ж нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан болох нь №0000183718 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдов. (хх-ийн 69 дүгээр тал)

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Ж, Л.Л.Б нараас 25,200,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ц.Э, Л.Л.С нарт, 9,640,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Тт тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоолд хохирогч, хохирлын төлбөрийн дүн, төлбөр төлөгч хэн байхыг тодорхой, ойлгомжтой заасан байх ба төлбөр төлөгч нар нь 25,200,000 төгрөгийг хохирогч Ц.Ц.Э, Л.Л.С нарт төлөх үүргийн мөн чанар нь үл хуваагдах шинжийг агуулжээ.

Тодруулбал, шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжийг агуулсан байдаг бөгөөд эрүүгийн хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх үүрэг нь хуваагдах шинжгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Л.Л.Б нь шийтгэх тогтоолд заасан хохирогч нарт төлөх 25,200,000 төгрөгийн төлбөрөөс тал хувь болох 12,600,000 төгрөг төлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мын шүүх хуралдаанд гаргасан 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тус тусад нь тодорхойлох боломжгүй байдлаар бичигдсэн байдаг. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д тэдгээрийн хүлээх үүрэг тэнцүү байна гэж ойлгоно гэж заасан байгаа учраас 50 хувийг нь төлөх ёстой гэдэг шаардлага бий болжээ гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн шийтгэх тогтоолд заасан хоёр төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэг төлбөр төлөгч болох Д.Ж нас барсан үйл баримт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 29.1.9-т заасан үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Л.Б нь маргаан бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал байх тул тэрээр нас барагч Д.Жаас эд хөрөнгө өвлөж аваагүй нь Л.Л.Бгийн хувьд гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлөхгүй байх үндэслэл биш юм.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.8, 29.1.9-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Л.Бгийн нэхэмжлэлтэй, Х.Шт холбогдох, Л.Л.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Х.Шт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 5-10, 34-37 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Л.Бгийн нэхэмжлэлтэй, Х.Шт холбогдох, Л.Л.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Х.Шт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ