| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 182/2019/00909/и |
| Дугаар | 1690 |
| Огноо | 2019-09-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 1690
Б.А-гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01184 дугаар шийдвэртэй, Б.А-гын нэхэмжлэлтэй, хариуцагч “ЕТК” ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 29 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие нь “ЕТК” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалаас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хууль бусаар чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр тус шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан боловч уг шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.
Ажлаас халсан тухай маргааныг шүүх хянан шийдвэрлэж байхад хариуцагч нь ажилд томилсон тухай тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тул мөн өдөр нь ажилдаа орох гээд очиход ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зогсоох зорилгоор хийгдсэн тушаал болохоос ажилд авах тушаал биш гэсэн. Маргааш нь шүүх хуралдаан дээр хариуцагч нь ажилд авахгүй гэсэн тул зөвшөөрлийг батлуулмааргүй байна, ажилгүй байсан хугацааны цалинг 5 хоногоор дутуу бодсон гэж тайлбарласан ч шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардан аваад эс зөвшөөрсөн гомдол гаргахад 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1072 тоотоор хариу өгснийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авч мухардалд орсон.
Нэгэнт шүүхийн маргаан дууссан тул ажилдаа орно, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авна гэж 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очиход гүйцэтгэх захирал уулзахаас татгалзаж он дуусах гэж байгаа тул ажил бага байна, он гараад ир гэж нарийн бичгийн даргаараа хэлүүлсэн. Шинэ он гарсны дараа очиход мөн л хүлээн аваагүй, ажил болон ширээ, сандал, техник хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 144 дугаартай “Гүйцэтгэх хуудас” бичигдсэн.
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өнөөдрийн байдлаар огт нөхөн төлөөгүй ба ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 50 000-200 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлснийг хүлээн авсан, 1 150 000 төгрөгийг нь аваагүй байгаа. Ажилдаа орохгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авч чадахгүй хохироод байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч үндэслэлгүй тайлбар гаргасан байх тул түүнийг үгүйсгэж, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 29 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Б.А нь тус компанид анх ажилд орохдоо өөрийгөө маш өндөр чадвартай УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан гэж танилцуулсан, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн менежер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтны албан тушаалд томилогдсон. Ажиллаж эхэлсэн үеэс хүний нөөцтэй холбоотой бичиг баримтыг цэгцлэх, шаардлагатай дүрэм, журам боловсруулах үүрэг өгсөн боловч юу ч хийгээгүй, ажилдаа ирэхээ больсон. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэн. Хэргийн материалтай танилцахад манай байгууллагын гарын үсэг зурсан тэмдэг дарсан бланкыг ашиглаад өөрийгөө ажлаас халсан тушаал гаргаж түүнийгээ шүүхэд өгсөн байсан.
Хэрвээ бидний зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бол хуулийн үндэслэлийг тодорхой заах байсан. Нэгэнт тушаал нь хууль бус тул Б.А-г 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16/26 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилж, энэ тушаалаа шүүхэд өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01090 дугаартай захирамж гарсан. Үүнээс хойш нэхэмжлэгч ажилдаа ирээгүй. Ажил олгогчийн зүгээс арга буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандан Б.А-г ажилд нь оруулж өгнө үү, энэ хүн ажлаа хийхгүй байна гэсэн бичгийг явуулж байсан.
Тэрээр ажил хийхгүй ямар нэгэн шалтгаан зааж цалин авах гэсэн бодолтой байсан, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16/26 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байхад ажилдаа ирэх талаар санаачлага гаргахгүй, шүүх хурлыг хойшлуулах зэрэг арга хэрэглэж байсан. Шийдвэр гүйцэтгэгчид хандан намайг ажилд авахгүй байна гэх, эсвэл ажилд маань оруулж өгөөч гэж хандаагүй. Шүүх хуралдаанд ажилд эгүүлэн томилсныг мэдсэн ба энэ тухай өмгөөлөгч нь хэлж байсан. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо авч байсан. Компани улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг болно. Тэрээр ажилдаа орохоор ирэхэд нь ажил хийлгэхгүй байсан асуудал ерөөсөө байхгүй. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичигт “ЕТК” ХХК-ийн албан бичигт дурдсан тухайн төрийн байгууллагад ирсэн бичиг бүртгэх дэвтэр байхгүй талаар тодорхой хариу өгөөгүй байна. Энэ бичгийг хүлээн авсан байвал төрийн байгууллага Б.А-г ажилд нь оруулах талаар ажиллагаа явуулаагүй болох нь гэж үзээд гэсэн агуулга ойлгогдож байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.А-г ажилд нь эгүүлэн тогтоохгүй байна гэж үзвэл, тэрээр ажилд орох талаар ямар ч хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаагүй. Түүний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжид “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж заасан. Хэдийгээр Б.А-г ажилд эгүүлэн тогтоосон тухай шүүгчийн захирамжид заах үндэслэлгүй боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах тухай тодорхой заасан байна. Түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал хэрэгт хавсаргагдсан ба Б.А энэ тухай мэдсэн, хөдөө явсан байгаа гэж төлөөлөгч нь шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хөдөөнөөс ирээд ажилдаа ороогүй төдийгүй 2 жилийн дараа ажилгүй байсан хугацааны цалин үндэслэлгүй нэхэмжилсэн байна.
Б.А-гынтөлөөлөгч нь шүүх хуралдааны явцад “бид хоёр ажилд орох гээд очиход Н.Ц хүлээж аваагүй хөөсөн” гэж, мөн “ажилд авахгүй байна” гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан гэж худал мэдүүлсэн, тэрээр нөхөн олговрын мөнгө гаргуулах талаар гомдол бичсэн ба ажилд авсан тушаал гаргасан боловч ажилд авахгүй байна гэж гомдол бичиж байгаагүй, ажилд орохыг хүсээгүй юм. Хариуцагчийг 2017 оны 3 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч дуудаж мөнгө төлөхийг шаардсан учир гүйцэтгэгчид “энэ хүн одоо хүртэл ажилд орохгүй хохироож байна, мөнгийг ажилд орсон хойно нь бүрэн төлнө, ажил хийхгүй худлаа ярьж алга болоод, харилцагч дээр байсан гарын үсэг, тамгатай цаасыг олж авч өөрийгөө халсан тушаал гаргасан зальтай хүн, зүгээр л мөнгө авах гээд байна” гэж тайлбарлан хэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан манай албан бичиг 2017 оны 4 дүгээр сард бичигдсэн байгаа.
Б.А-гын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болсон, ажил олгогч тушаал гаргасан, түүнд эрхээ хамгаалах хоёр арга зам байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах эсхүл иргэний хэргийн шүүхэд ажилд оруулахгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоохгүй байгаагаас хохироож байгаа тухай нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Хэдийгээр захирамжид дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дурдсан боловч нэхэмжлэл нь ажилд авсан тушаалын хүрээнд л хэрэгсэхгүй болсон. Б.Ань Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар “ЕТК” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 29 000 000 төгрөг гаргуулах тухай Б.А-гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гурван сарын дотор нэхэмжлэлээ гаргах ёстой байсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан ба нэхэмжпэгч ажилдаа орохгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авч чадахгүй давхар давхар хохирч байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар 2019 оны 4 дүгээр сард шүүхэд хандсан. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч “ЕТК” ХХК-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин 29 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182\ШШ2016\01090 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Ариунбатыг ажил олгогч “ЕТК” ХХК нь хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. /хх3-4/
Зохигчид дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн биелэлт хэрэгжсэн эсэхэд буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч ажлаа хийгээгүй байгааг талуудын хэнийх нь буруугаас болсон талаар маргажээ.
Шүүх, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан дээрх хугацааны олговорт 29 000 000 төгрөг нэхэмжилж байгааг буруутгаагүй боловч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд дээрх үндэслэлээр гомдол гаргаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэрэгт “ЕТК” ХХК-иас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хаягласан “Б.Ань ажлаа хүлээн авахгүй байна” гэсэн агуулга бүхий Ажил хүлээлгэн өгөх тухай албан бичиг /хх39/ авагдсан байх боловч уг баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авсан эсэх нь тодорхойгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас уг бичиг хүргэгдсэн эсэхийг болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182\ШШ2016\01090 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг удаа дараа /хх16,41/ гаргасан байна.
Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангаагүйн /хх34,35,43,44/ улмаас талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ. Тодруулбал, хэргийн баримтаар зохигчдын хэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацаа дуусгавар болсон эсэх үйл баримтын талаар шүүх эргэлзээгүйгээр дүгнэлт хийх боломжгүй байна.
Дээрх хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх зайлшгүй шаардлагатай нотлох баримт гаргуулах ажиллагаатай холбоотой хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарна. Имйд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01184 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гаас төлсөн 302 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ТУЯА