Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/1026

 

Х.Сд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогч Б.Э,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор Х.Сд холбогдох 2105 01142 1184 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У.......... овгийн Х.............ын С......., 19...... оны ............... дугаар сарын ..............-ны өдөр .................... төрсөн, ................... настай, ...........тэй, .................. боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........., ................... хамт .................. аймгийн ............... сумын ............ дүгээр баг ..........арал, ............ дүгээр гудамжны ............... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............ дүүргийн ............ дугаар хороо, ............... дугаар байрны ............... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

Х.С нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 2020 оны 10 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжны 147 тоот хашаанд байсан хохирогч Б.Эын эзэмшлийн 68-28 УНМ улсын дугаартай “Старлет” маркийн тээврийн хэрэгслийг түүнээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авна хэмээн хууран авч хохирогч Б.Эын өмчлөх эрхэд 2.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У............ овгийн Х.............ын С.................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Сыг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.С торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.С цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.С нь 2020 оны 10 дугаар сарын дундуур миний эзэмшлийн 68-28 УНБ улсын дугаартай “Старлет” маркийн автомашиныг 2.000.000 төгрөгөөр худалдан авъя гээд тухайн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард аюушийн 5 дугаар гудамжны 147 тоотод байх манай ахын хашаанаас очиж авсан. Тухайн үед Х.С нь 7 хоногийн дотор мөнгийг маань өгнө гэж хэлж байсан. Гэтэл автомашины мөнгийг өгөхгүй намайг хуурсаар байсан юм. Гэнэт л миний утас болон фейсбүүк хаягийг блоклоод алга болсон тул аргагүй эрхэнд би цагдаагийн байгууллагад өгсөн юм. Цагдаагийн байгууллагад 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, энэ хугацаанд Х.С нь миний хохирол төлбөрийг огт өгөөгүй юм. Харин тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Батмөнх нь намайг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуудаж уулзсан бөгөөд “за эгчээ энэ залуу ял авах гээд байна, хоёулаа энэ залууд 20 хоногийн хугацаа өгье та нотариат руу хамт очоод мөнгө төлнө гэсэн баталгаа гаргуулаад ир” гэсэн юм. Тухайн үед би прокуророос “ингэж болох юм уу, энэ хүн чинь хохирлоо надад өгөөгүй шүү дээ” гэж хэлсэн юм. Гэтэл “болно та санаа зоволтгүй, наадах чинь удахгүй өгчихнө шүү дээ” гэсэн. Би прокурор хэлж байгаа юм чинь гээд итгээд нотариат орж баталгаа хийлгүүлээд прокурорт өгсөн юм. Би прокурор Батмөнхөд “би шүүх хуралдаа орно шүү надад хэлээрэй” гэж удаа дараа хэлсэн боловч хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ надад хэлээгүй шилжүүлсэн. Мөн шүүгчийн туслах нь надад шүүх хуралдаан болох гэж байгаа талаар хурлын тов огт мэдэгдээгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр шүүх хуралдаан болж 649 дугаартай шийтгэх тогтоол гарсныг гэрт маань шуудангаар ирэхэд нь 10 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Энэ тухай мэдмэгцээ прокурор Батмөнхтэй утсаар холбогдоход “маргааш 14 цагт прокурор дээр ирж уулзаарай” гэж хэлсэн. Очиж уулзахад Батмөнх прокурор намайг “давж заалдах шатны шүүхэд гомдлоо өг” гэж хэлсэн. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсгийн 5 дахь заалтад Х.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж зааснаараа миний эрхийг маш ихээр хохироож байна. Шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулалгүйгээр хэргийг хэлэлцсэн нь хохирогч миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Шүүхээс хэргийн зүйлчлэл өөрчилснийг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь хохирол төлсөн гэсэн нь мөн л давхар залилж байгаа хэлбэр болсон. Би ямар ч мөнгө аваагүй, шүүх хуралдаанд оролцоогүй. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа прокурортой очиж уулзахад “тухайн үед би өвдөөд шүүх хуралдаанд оролцож чадаагүй, өөр прокурор шүүх хуралдаанд оролцсон. Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гарга” гэж хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэрэг прокурорт шилжиж ирсэн. Хохирогч болон яллагдагч нарын хооронд өр төлбөрийн асуудал байсан. Яллагдагч болон хохирогч нартай уулзсан. Яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан нөхцөл хангагдсан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг талаар яллагдагчид тайлбарлаж хэлсэн. Хохирогчид тухайн үйл баримт болон хуулийн талаар тайлбарлаж хэлсэн. Прокурорын зүгээс хүчээр, хуурч баталгаа хийлгэсэн зүйл байхгүй. Хохирлын талаар хэрхэн тохирох талаар хоорондоо учраа ол гэдгийг хэлсэн. Хоорондоо хэрхэн тохиролцсон бэ гэдэг асуудлыг мэдэхгүй. Хүчээр нотариат оруулж баталгаа гаргуулсан зүйл байхгүй. Хоорондоо учраа ололцсон гээд харилцан хүсэлтүүд гаргасан. Хэрэгт эдгээр нотлох баримтууд авагдсан учир хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирогч нь хохирлын асуудлаар яллагдагчтай хэрхэн тохиролцсон талаар мэдэхгүй байна. Хохирогчийн зүгээс баталгаа гаргасан, мөнгө авсан гэх зүйл ярьсан. Харин яллагдагч нь хохирол мөнгийг барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хэрэг шийдэгдсэний дараа мөнгөө барагдуулаагүй асуудал үүссэн байна. Хохирогчийн өр төлбөрийг барагдуулах ажиллагааг хийх шаардлагатай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Сыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 2020 оны 10 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжны 147 тоот хашаанд байсан хохирогч Б.Эын эзэмшлийн 68-28 УНМ улсын дугаартай “Старлет” маркийн тээврийн хэрэгслийг түүнээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авна хэмээн хууран авч хохирогч Б.Эын өмчлөх эрхэд 2.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан нөхцөл байдлыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд хэргийг шалгуулахаар прокурорт буцаахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна энэ хуулийн арвандолдугаар бүлэгт заасан журмыг баримталдаг ба шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцох бөгөөд хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулах ёстой.

 Хэдийгээр хохирогч шүүх хуралдаанд хүсэлт гаргавал оролцуулахаар заасан ч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЗ/1614 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 09.00 цагт хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /хх-107/ шүүх хуралдааны товыг хохирогч Б.Эд мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчжээ.

Хавтас хэргээс үзэхэд шүүгдэгч Х.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрэн хэлэлцээгүй болох нь хохирогч Б.Эын “...прокурор Т.Баянмөнх нь намайг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуудаж уулзсан бөгөөд “за эгчээ энэ залуу ял авах гээд байна, хоёулаа энэ залууд 20 хоногийн хугацаа өгье та нотариат руу хамт очоод мөнгө төлнө гэсэн баталгаа гаргуулаад ир” гэсэн юм. Тухайн үед би прокуророос “ингэж болох юм уу, энэ хүн чинь хохирлоо надад өгөөгүй шүү дээ” гэж хэлсэн юм. Гэтэл “болно та санаа зоволтгүй, наадах чинь удахгүй өгчихнө шүү дээ” гэсэн. Би прокурор хэлж байгаа юм чинь гээд итгээд нотариат орж баталгаа хийлгүүлээд прокурорт өгсөн юм. ...Би ямар ч мөнгө аваагүй, шүүх хуралдаанд оролцоогүй. ...” гэх тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан нөхцөл, шаардлагууд хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Сд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хохирогчийн давж заалдах гомдолд дурдагдсан прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхгүй бөгөөд Прокурорын тухай хуульд зааснаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Сд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Х.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ