Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2023/00963

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байр 6-26 тоотод оршин суух, Т Б-ийн Б,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Нэхэмжлэлийн шаардлага:  Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 6-26 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан  Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 6-26 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Б овогтой Б миний бие ШГ ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөр 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг ШГ ХХК-ийн дансанд төлж Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын 35 айлын орон сууцанд 6 давхрын 26 тоот /68,56 мкв байрыг/ м.кв 880,000 төгрөгөөр үнэлж 60,332,800 (жаран сая гурван зуун гучин хоёр мянга найман зуунтөгрөгөөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээг дахин шинэчилж байгуулсан. Мөн ШГ ХХК-ны дансанд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4,500,000 ( дөрвөн сая таван зуун мянга) төгрөг төлсөн. ШГ ХХК-ийн дэд захирал З.Г нь байр барих, ажилчдын цалин хөлс өгөхөд мөнгө шаардлагатай байна орон сууцны төлбөрөөс өгөх боломж байна уу гэж удаа дараа ярьж байсан тул 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр миний нөхөр А.Баянхангайгийн данснаас 500,000 (таван зуун мянга) төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Б миний нэр дээрх Тоуоtа Rush автомашиныг 9,500,000 (есөн сая таван зуун мянга) төгрөгөөр үнэлэн шилжүүлж, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 9,900,000 (есөн сая есөн зуун мянга) төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг З.Гал-Эрдэнийн 5890504620 тоот дансруу тус тус шилжүүлсэн байна. Мөн Б.Б миний төрсөн дүү Б.Билэгдэмбэрэлийн нэр дээрх Subaru imprezn маркийн автомашиныг 19,000,000 (арван есөн сая) төгрөгөөр үнэлж байрны төлбөрт ШГ ХХК-ийн дэд захирал З.Гд шилжүүлэн өгсөн бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Билэгдэмбэрэлийн нэр дээрх Тоуоtа ist загварын автомашиныг орон сууцны төлбөрт тооцон барилгын ажил гүйцэтгэж байсан Ганаа гэх залуугийн эхнэр Баасанжаргалын нэр дээр З.Гал-Эрдэнийн зөвшөөрлөөр 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр тооцон шилжүүлж өгсөн. Гэрээний дагуу төлбөрийг 100 хувь буюу 60,332,800 төгрөгийг бэлэн мөнгөөр болон эд хөрөнгөөр төлж барагдуулсан. Уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгаа тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Б.Б би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын 35 айлын орон сууц буюу Мөрөн сумын 49 дүгээр байрны 6 давхрын 26 тоотод амьдарч байгаа нь үнэн болно...гэжээ.

Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...Орон сууц захиалгын гэрээний дагуу 1 метр квадратын үнэ 880,000 төгрөгөөр тооцон 68,56 метр квадратын үнэ болох 60,332,800 төгрөгийг миний бие бүрэн төлсөн.

Захиалгын гэрээний 5.7 дугаар зүйлд заасны дагуу орон сууцны үнийг бүрэн төлснөөр орон сууц өмчлөгчийн гэрчилгээг олгоно гэсэн байгаа. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 49 дүгээр байрны 6-26 тоот 68,56 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

...Гэрээний 5.3-т заасан тагтны үнийг төлөхөд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. 68,56 мкв талбайд тагт ороогүй. Одоо мөрдөгдөж байгаа стандартаар тагтны үнэ 30% буюу 2 мкв-г 880,000 төгрөгөөр тооцоход 1,760,000 төгрөг болж байгаа юм.

 

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө урдчилгаа 5,500,000 төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад дээрх орон сууцыг 1 метр квадратын үнийг 880,000 төгрөгөөр тооцож өгөхөөр ШГ ХХК-тай тохирч гэрээ байгуулсан. Үүнийг өөрчилж гэрээ хийсэн зүйл байхгүй. ШГ ХХК орон сууцны мкв үнэ нэмэх саналыг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад хүргүүлсэн. Нийт албан хаагчид хурал хийгээд саналыг зөвшөөрөөгүй, гэрээ хийгээгүй.

Би 2017 оны 5 дугаар сард урьдчилгаа 5,500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 9,500,000 төгрөгт бодож автомашин, дансаар 500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 9,900,000 төгрөг дансаар, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,600,000 төгрөг дансаар, 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 19,000,000 төгрөгт төгрөгт бодож автомашин, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 6,500,000 төгрөгт бодож автомашин, 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг дансаар тус тус шилжүүлж, байрны мөнгөө бүрэн төлсөн. Нийт 60,332,800 төгрөг төлсөн.

Хүүхдийн тоглоомын талбай гадна тохижилт, камержуулалт гээд бүгд хийгдээгүй байгаа. Үүнийг компани хийгээгүй байгаа учир ямар өртөг зардал гарч байгааг би мэдэхгүй байна.Хийгээд өртөг зардлаа бодоод баримт нотолгоотой орж ирвэл бид нар төлнө. Маргаан байхгүй. Анх 2 өрөө байр авахаар захиалсан байснаа 3 өрөө байр болгосон нь үнэн... гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Г нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

А.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:.. Бийн Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын орон сууцнаас 57,85 м.кв бүхий 2 давхрын 57,85 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 2017 онд захиалсан. 2022 онд Б.Бтай дахин гэрээ байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагч байсан, тэтгэвэртээ гарсан н.Доржготовтой захиалсан байраа сольж 6 давхрын 26 тоот болгон өөрчилсөн. Уг захиалсан орон сууцаа өөрчлөхийг манай зүгээс зөвшөөрч байранд нь оруулсан. Байрны төлбөрт Тоуоtа Rush маркийн автомашин, Тоуоtа ist маркийн автомашин, Subaru imprezn маркийн автомашин зэргийг авсан. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дээрхи машинуудын манайд өгсөн үнийг дахин тодруулах шаардлагатай байна. Мөн холбогдох нотлох баримтыг олж шүүхэд өгөх саналтай байна. Мөнгөөр шилжүүлсэн гээд байгаа мөнгөн дүнгүүдийг дахин нягтлах хэрэгтэй байна. Б.Бтай байгуулсан 2017 он, 2022 онд орон сууц захиалгын гэрээний 5.3-д Орон сууцны худалдах талбайн хэмжээ барилгын зураг төсөлд үндэслэн орон сууцны дотор хананаас дотор ханын хоорондох хэмжээс байна. (одоо мөрдөгдөж байгаа норм, стандартаар) тагтны талбайн хэмжээг 50%-иар тооцож худалдах үнэд оруулан тооцно. Гэрээний 1.3-т заасан талбайн хэмжээнд тагтны талбайн хэмжээ ороогүй болно гэж заасан. Гэрээнд заасан 68,58 м.кв-д тагтны талбайн хэмжээ багтаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу тагтны төлбөрийг төлөхөөр байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжилд төлбөрөө 100 хувь төлсөн гэсэн байна. Тагтны талбай 6 м.кв, үүний 50 хувь нь 3 м.кв байна. Манай компанийн зүгээс өмнө нь үнээ 1,375,880 төгрөгөөр тооцохоор албан мэгэдлийг өгсөн ч хариу өгөөгүй, үнэ нэмж байгаа талаар дахин мэдэгдэл өгөхөөр төлөвлөж байгаа. Гэрээнд заасан тагтны талбайн төлбөрийг төлөөгүй байгаа. Б.Б нь үнэ нэмэх мэдэгдэлд хариу өгөөгүй тул захиалан байгуулсан гэрээнд ... заасны дагуу 1 м.кв-ын үнийг 1,375,880 төгрөг болсныг зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Б.Быг уг үнийг зөвшөөрсөн гэж үзвэл орон сууцны үндсэн талбайн м.кв-ын зөрүү болох 34,007,450 төгрөг, тагтны талбайн болох 4,127,640 төгрөг, нийт 38,135,090 төгрөгийн орон сууц төлбөр төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн 100 хувь төлсөн гэснийг зөвшөөрөхгүй. Хэрвээ эдгээр төлбөрийг бүрэн төлсөний дараа Б.Бтай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын орон сууцны барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь ШГ ХХК-ийн нэр дээр байдаг. Өмчлөгчөөр ШГ ХХК байдаг тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна...гэжээ.

Б.Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Б.Бтай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 31-өдрийн 2022/10 дугаартай гэрээний 5.7-д захиалагч тал төлбөрөө бүрэн төлснөөр өмчлөгч болно гэж байгаа. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй гэж үзэж байна. Гэрээний 2.5-т нэмэлт ажил гэж заалт тусгасан байгаа. Гэрээнд заасны дагуу нийт захиалагч тэнцүү байдлаар хуваагаад төлнө гэсэн. 1мкв талбайн үнэ 1,375,880 төгрөг боллоо, гэрээгээ шинэчлье гэж 2023 оны 6 сард мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээний 5.3-т байгаа тагтны хэмжээг 50% тооцно гэж. Тагтны төлбөрийн хэмжээ 1.2-т заасан төлбөрт багтаагүй болно гэсэн. Тагтны хэмжээг төлөөгүй байгаа мөн нэмэлт ажлын зардлыг төлөөгүй байгаа учир 100% төлбөр төлсөн гэж тооцохгүй. Гэрээний 2.3-т Улсын комисс барилгыг хүлээн авсны дараа захиалагч талд худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж заасан. Одоогоор Улсын комисс хүлээж аваагүй байна. Уг барилга нь 75% гүйцэтгэлтэйгээр ШГ ХХК нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Уг гэрчилгээг Алаг-Уул Ган ББСБ барьцаалан барилгыг дуусгах санхүүжилтийг зээлээр авсан. Уг зээлээ төлөөгүй учир иргэний шүүх дээр маргаан үүсээд явж байгаа. Манай байгууллага Алаг-Уул Ган ББСБ маргаантай байгаа тул энэ асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Б.Бы нэхэмжлэлийг энэ шийдвэрийг гарсны дараа хүлээж аваач гэж шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мкв-н үнийг 1,375,880 төгрөг болгоё гэдэг мэдэгдэл хүргүүлсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт 15 алба хаагчийн хүлээж авахгүй гэсэн гарын үсэгтэй тайлбарыг манай компанид хүргүүлсэн.

Зөвшөөрөхгүй гэсэн гарын үсэгтэй мэдэгдэл хавтаст хэрэгт хавсрагдсан байсан. Манайхаас тавьж байгаа үнийн санал Хөвсгөл аймагт бодитой байгаа үнээс хямд, ковидын үнийн өсөлтийг манай компани өөрөө хариуцъя танай зүгээс нэмэлт ажлын төлбөрөө төлчих гэсэн шаардлагыг тавьж байгаа. Одоо Хөвсгөл аймагт байгаа үнээс 50% хавьцаа хямд байгаа. Давагдашгүй хүчин зүйл нэхээгүй. Гэрээнд заасан нэмэлт үнэ л гаргуулах гэсэн. Тагтны талбайг 30%-р төлж болж байна.

Гэрээн дээр 50% гэсэн байдаг. 30% болгоход би маргахгүй. Мкв-ын үнийг 880,000 төгрөгөөр тооцоод 1,760,000 төгрөг өгье гэснийг манайх зөвшөөрөхгүй. Захиалагч тал 880,000 төгрөг гээд гүйцэтгэгч тал 1,375,880 төгрөгөөр борлуулна гэсэн санал хэлж байгаа.

Бид нар тагтыг 1,375,880 тооцож тагны талбай өгнө гэсэн зүйл байгаа. Б.Б бол төлбөрөө 100% төлсөн гэж байгаа боловч манай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 30-ны 2022/10 гэсэн дугаартай гэрээнд зааснаар 1,375,880 төгрөгөөр метр квадратыг тооцох юм бол тагтны үнийг оруулаад 38,135,195 төгрөг төлөөгүй гэж үзэж байна. Холбоо, дохиолол хийгээгүй байгаа гэж байна.

Холбоо дохиоллын ажлыг хийсэн. Интернэт, юнивишн, галаас хамгаалах аюулгүйн систем байгаа. Камер зоогоогүй гадна талд нэг камер зоосон байгаа.

Б.Б зүгээс 60,332,800 төгрөг төлсөнд маргаан байхгүй.2017 онд байгуулсан гэрээн дээрээ 880,000 төгрөгөөр метр квадратын үнийг тооцож байгуулсан. Тухайн үед 2 давхрын 10 тоотыг захиалсан байснаа 6 давхрын 26 тоот руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгсний дагуу 2 өрөө байрыг 3 өрөө байр болгосон. Гэрээний 2.5 дээр нэмэлт ажлыг тусгаж өгсөн. Үүнийгээ мкв-н үнэ дээр нэмж мкв үнэ дээр өөрчилт орсон юм. Тэгээд орон сууцны мкв-ын үнэ дээр өөрчлөлт ороод гэрээ байгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн. Гэхдээ гэрээ бол албан ёсоор хийгдээгүй.

 

Таны хэлж байгаа зөв мкв 880,000 төгрөгөөр тооцож, анхны гэрээ нь дээр ийм ажил хийнэ шүү, барилгаа бүтэн босгоно дагалдах ажлыг хийнэ гэж гэрээ байгуулаад 2018 онд шинэчилж үндсэн захиалгаа хийхдээ гадна тохижилт өөр бусад нэмэлт ажлыг хийе. Дараа нь нийт гарах зардал хэд болохыг 35 айлдаа хуваая гэж тохирч гэрээ хийсэн. 2022 онд хийсэн гэрээн дээрээ эцсийн байдлаар дуусаагүй байгаа юм чинь анх хийсэн гэрээний дагуу энэ заалтыг оруулъя гээд оруулсан. Миний хэлээд байгаа нэмэлт ажил 400,000,000 төгрөг бараг 500,000,000 төгрөгийн ажил байсныг хуваагаад нэг метр квадрат 1,375,880 төгрөг болж байна гэсэн санал хүргүүлсэн.Саналыг зөвшөөрөхгүй гэсэн хариу ирүүлсэн тухай баримт хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байгаа.Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байгаа. Төлбөрөөс 38,135,090 төгрөг төлөөгүй. Улсын комисс тухайн орон сууцны барилгыг хүлээн аваагүй байгаа, уг барилга нь Алаг-Уул Ган ББСН санхүүгийн байгууллагад барьцааны байгаа, уг асуудал иргэний шүүх дээр байгаа...гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 2 хуудас, Б.Бы иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, 2022 оны 5 дугаар сарын 31ий өдрийн №2022/10 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Улсын бүртгэгчийн мэдүүлэг хүлээн авсан баримтын хуулбар хувь 1 хуудасХас банкны орлогын маягт баримтын хуулбар Голомт банкны орлогын мэдүүлэг баримт хуулбар хувь 1 хуудас, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 4 хуудас, Тээврийн хэрэгслийн лавлагаа эх хувь 1 хуудас, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт баримт хуулбар 1 хуудас, Т.Оюунгэрэлийн иргэний үнэмлэхний лавлагаа хуулбар хувь 1 хуудас, Бүртгэлийн мэдүүлэг баримт хуулбар 1 хуудас, З.Гал-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар хувь 2 хуудас, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт хуулбар хувь 1 хуудас, ШГ ХХК-ны ерөнхий захирал Д.Мөнхдэлгэр, дэд захирал З.Г танаа Саналыг эс зөвшөөрөх тухай гэх баримт хуулбар хувь 1 хуудас, фото зураг хуулбар хувь 2 хуудас, хүсэлт, хавсаргасан баримт нийт 5 хуудас зэрэг нотлох баримтуудыг, (хавтаст хэргийн 1-20, 39-41, 43-46, 56 дугаар хуудас)

Хариуцагч ШГ ХХК-аас 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, Хүсэлт 1 хуудас, Хариу тайлбар 1 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хуудас зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 32, 37, 73 дугаар хуудас)

 Шүүх нэхэмжлэгч Б.Б хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Билэгдэмбэрэлийг гэрчээр асуусан, мөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг 49 дүгээр байрны 6 давхрын 26 тоот, 3 өрөө 68,56 мкв орон сууцнй түүхчилсэн лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 53-55, 57-66 дугаар тал)

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

...орон сууц захиалгын гэрээний дагуу 1 метр квадратын үнэ 880,000 төгрөг, нийт 68,56 метр квадратын үнэ болох 60,332,800 төгрөгийг бүрэн төлсөн. Захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д захиалагч төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болно гэж заасан. Иймд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын 35 айлын орон сууц буюу Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 6-26 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан... гэж тайлбарлав.

3.Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч З.Г нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн.Үүнд:

1.Нэхэмжлэгч тал гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй. Гэрээний 2.5-т нэмэлт ажил гэсэн заалт байдаг. Үүнийг дагуу нэмэлт ажлын зардал мкв-н үнэ дээр нэмэгдэж мкв нь 880,000 төгрөг нь 1,375,880 төгрөг болсон. Б.Бы хувьд 38,135,195 төгрөг үлдсэн.

2.Улсын комисс дээрх орон сууцыг хүлээж аваагүй байгаа.

3.Барилга нь 75% гүйцэтгэлтэйгээр ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Уг гэрчилгээг Алаг-Уул Ган ББСБ барьцаалан барилгыг дуусгах санхүүжилтийг зээлээр авсан, зээлээ төлөөгүй учир шүүх дээр маргаан үүсээд явж байгаа ба энэ асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа... хэмээн мэтгэлцэв.

4.Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Зохигчид 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ.

Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын 35 айлын орон сууц буюу Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 6-26 тоот, 3 өрөө орон сууцыг мкв талбайн үнэ 880,000 төгрөгийн өртөгтэйгээр нийлүүлэх, захиалагч тал төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болохоор харилцан тохирсон болох нь Б.Б, ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нарын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/10 тоот Орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна. ( хх-ийн 5-6 тал)

5.Б.Б, ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нарын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/10 тоот гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн боловч уг гэрээгээр ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын 35 айлын орон сууц буюу Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 6-26 тоот, 68,56 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Бд худалдах, Б.Б нь нэгж талбайн үнэ 880,000 төгрөг, нийт 60,332,800 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ээр нэхэмжлэгч Б.Б нь  ШГ  хязгаарлагдмал хариуцлагатай компаний  Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын орон сууц буюу Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 6-26 тоот, 68,56 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулан, хүлээлцэх хүртэл үнэ буюу төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болох нөхцөлтэйгээр худалдан авч байгаа хэлбэр юм.

6.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Б нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар орон сууцны үнэ болох мкв талбайн үнэ 880,000 төгрөг, нийт 60,332,800 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

Тэрээр энэхүү гэрээний үүргээ биелүүлж, хариуцагч, худалдагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид нийт 60,332,800 төгрөг төлсөн үйл баримтанд талуудын хэн аль нь маргаагүй.

7. Харин хариуцагч нь гэрээний 2.5-т нэмэлт ажил гэсэн заалт байдаг. Үүнийг дагуу нэмэлт ажлын зардал гарсныг мкв-н үнэ дээр нэмж, мкв нь 880,000 төгрөг байсныг 1,375,880 төгрөг болгосон ба үүнээс тооцвол 38,135,195 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байна. Мөн тухайн орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байгаа.

Барилгын гэрчилгээг Алаг-Уул Ган ББСБ барьцаалан барилгыг дуусгах санхүүжилтийг зээлээр авсан, зээлээ төлөөгүй учир шүүх дээр маргаан үүсэж, шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, мэтгэлцэж байна.

8.Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр, өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлох үүрэгтэй.

Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Хариуцагч тал орон сууцны мкв талбайн үнэ 880,000 төгрөг байсныг өөрчилж 1,375,880 төгрөг болгосон ба үүнээс тооцвол үлдэгдэл төлбөрт 38,135,195 төгрөг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа ба үүнийгээ баримтаар нотлох ёстой.

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл, шаардлага түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлд гүйцэтгэгч талын эрх үүрэг гэх хэсэгт ...орон сууцны барилгыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэн, улсын комисст оруулах... хэмээн заажээ.

Үүнээс үзвэл улсын комисст орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг нь гүйцэтгэгч буюу хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид байх ба тэрээр дээрх үүргээ биелүүлээгүй нь түүнийг гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй.

Мөн хариуцагч нь маргаан бүхий барилгын гэрчилгээг Алаг-Уул Ган ББСБ-д барьцаалан барилгыг дуусгах санхүүжилтийг зээлээр авсан, зээлээ төлөөгүй учир шүүх дээр маргаан үүсэж, уг асуудал шүүхээр шийдэгдээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа боловч тайлбартай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбараас үзвэл нэхэмжлэгч Алаг Уул-Ган ББСБ-н нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлийн шаардлага нь шударгаар олж авсан эд хөрөнгийн буюу худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бөгөөд хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох, Алаг Уул-Ган ББСБ-н нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийг хангуулах маргаан нь нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлтэй, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзлээ.

Нөгөө талаар хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн буюу нэхэмжлэгч Б.Бы өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй харин худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Б нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул худалдагч буюу хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй болно.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Быг   Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 6-26 тоот, 68,56 мкв талбай бүхий 3 өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 459,614 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ыг Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 8 дугаар баг, 49 дүгээр байрны 6-26 тоот, 68,56 мкв талбай бүхий 3 өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,614 (дөрвөн зуун тавин есөн мянга зургаан зуун арван дөрөвтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГ  хязгаарлагдмал хариуцлагатай компаниас  459,614 (дөрвөн зуун тавин есөн мянга зургаан зуун арван дөрөвтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ДАВААХҮҮ