| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/01024/И |
| Дугаар | 155/ШШ2022/00030 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2022/00030
| 2021 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2022/00030 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 38 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, Б.Н
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, М т холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 155/2021/01024/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгч Б.Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Д.У(цахим), нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, гэрч Ж.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сард Мэдээлэл холбоо сүлжээний Хөвсгөл аймгийн газарт кабельчнаар албан тушаалд томилогдон орж түүнээс хойш кабельчин, сүлжээний инженер, ашиглалтын менежер гэх албан тушаалуудыг хашиж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ашиглалтын менежерийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Үүний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Жаргалант болон Шинэ-Идэр сумдын хооронд Юнителийн 2G, 4G сүлжээ асаах захиалгат ажлаар явж ирчихээд гэртээ амарч байтал эхнэр маань ковид-19 цар тахал туссан. Тиймээс би гэрийн тусгаарлалтад байж гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх болсон. 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эхнэр эдгэрсэн учир би ажилдаа орсон. Би PSR-ын шинжилгээ өгөхөд сөрөг гэх хариу гарсан учир 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ажил дээрээ очсон. Ажил дээрээ очтол Мобикомын 4G сүлжээний өргөтгөлийн ажил орж ирсэн байсан. Тухайн ажил нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш яригдаж байсан боловч тоног төхөөрөмж нь намайг ажилдаа орсон өдөр ирж таарсан. Ажлаа хүлээж авах боломж байна уу, танай хүн хүч хэр байгаа вэ гэж надтай холбогдож асуусан. Гэтэл манай байгууллагын нарийн бичиг орж ирээд дарга чамайг байгууллага дээр ажиллах шаардлагагүй, гэрээсээ ажилла гэж байна гэж хэлсэн. Тэр үед би нөхцөл байдлаа хэлээд нарийн бичгийн даргаар дамжуулан Мобикомоос орж ирсэн ажлыг хэрхэн, яаж шийдвэрлэх талаар тодруулахад чамайг гэрээсээ ажилла гэж байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь Мобикомоос ажил орж ирсэн яаралтай шийдвэрлэх ёстой ажил гэж байна. Намайг гэртээ ажиллаж байх хугацаанд Мобикомоос над руу залгаж, тоног төхөөрөмж нь ирсэн хүлээж авах боломж байна уу гэсэн юм. 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж хүйтрэхээс өмнө ажлаа хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж Мобикомоос тавьсан шаардлагыг Ж.Д даргад танилцуулахад чи яасан дураараа юм ярьдаг юм гээд намайг утсаар доромжилж өрөөндөө дуудсан. Би даргыг дуудсаны дагуу өрөөнд нь орж танилцуулах гэж байсан цаасаа ширээн дээр тавьж та яах гэж ажилчдадаа ингэж дээрэлхүү хандаж байдаг юм бэ, яагаад биднийг робот шиг үзэж хандаж байдаг юм гэж тухайн болсон процедурыг хэлж бичгийн цаасаа ширээн дээр нь тавьчихаад гарсан. Гэтэл дарга миний нүүр рүү тэмдэглэлийн дэвтэр шидсэн гэх тайлбарыг хийсэн байсан. Би тухайн өдөр ажлаасаа гэртээ харьсан. ...2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Ж.Д даргын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрлээ гээд 3-4 хүн нийлж хүсэлт бичин н.Золоо гүйцэтгэх захиралд явуулсан. Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Д дарга биднийг хүсэлт явуулсан талаар мэдчихсэн байсан. Та нар нийлж намайг матлаа гэх мэт зүйл ярьж хоёр хүнийг ажлаас халах тушаал гаргасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Би нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Миний бие Мэдээлэл холбоо сүлжээний төрийн өмчит ХХК-ийн Хөвсгөл аймгийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үндсэн нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаа тодруулаагүй байгаа тул дараах байдлаар тодруулж байна. Миний сард авдаг цалин олговор нь нийгмийн даатгал, татвар хасаагүй бохир дүнгээр 1,019,100 төгрөгөөс 1,269,100 төгрөгийн цалин олгогдож шимтгэл татвар хасагдаж 820,000 төгрөгөөс дээш цалин олговор авч байсан. ...Дээрхээс ямар нэгэн нэмэгдэлгүй эсхүл дутуу бодогдоогүй үндсэн цалин болон бусад олговор, бодит дүнгээр бодогдсон сүүлийн сарууд нь 2021 оны 8, 7, 5 дугаар саруудад авсан цалин олговор байх тул энэхүү 3 сарын дунджаар цалин олговрийг бодож тооцон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. ...Нийт ажлын 76 хоног ажилгүй байсан байна. Үүний нэг өдрийн цалин болох 55,323 төгрөгөөр үржүүлж тооцвол 4,204,548 төгрөг болж байна. Иймд Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК-ийн Хөвсгөл аймгийн газрын ашиглалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит ХХК-ийн Хөвсгөл аймгийн Газраас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацааны Б.Б.Н миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,204,548 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. ...М.Хт холбогдуулан Машиглалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
... Ирсэн захиалгууд дээр ажиллах хүний тоог нь тавьсан байдаг. Захиалгын хуудсыг ирснээс хойш бид 30 минутын дотор ажилдаа гарч тухайн ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Удаан ажилла гэсэн зүйл байхгүй. Гарсан гэмтлээ бид зөв засаж хэвийн болгосон тохиолдолд бидний ажил зогсдог. Засаж дуусаагүй гэмтлээ хаях ойлголт байхгүй. Батлах хамгаалахаас орж ирсэн завсар нь батарей солих ажил байсан учраас би ганцаараа засварлах боломжгүй байсан учир зай тэжээлийн инженер н.Болдбаатартай хамт ажилласан. ...Батлан хамгаалахын сайт дээр нийт 2 хүн ажиллахаар байсан. Би ирсэн захиалгын дагуу ажилласан. ...Тэр өдөр би ажил дээр очиход шинжилгээ өгсөн бичиг шаардлагатай гэж бодоод PSR шинжилгээний сөрөг гарсан гэх бичигтэйгээ очиж Ерөнхий инженерт сөрөг гэсэн бичигтэй талаараа хэлсэн. Тэр үед ерөнхий инженер юм хэлээгүй учир ажилдаа орохыг зөвшөөрч байна гэж ойлгосон. ...Дарга над руу утсаар ярихад нь би хариу сөрөг гарж, тусгаарлалтын хугацаа дууссан талаар хэлсэн. Гэтэл дарга сөрөг гарсан байсан ч гэрээсээ ажил гэж хэлсэн. ...Хүсэлт явуулсан нь үнэн. Бид өмнөх өдөр нь хамтарч бичиж байсан. Маргааш нь жолооч н.Бүрэнтэгш томилолтоор явсан байсан. Тийм учраас араас утсаар холбогдож асуухад та нар гарын үсэг зурчих маргаан гарах үед нь би өөрөө очоод хэлнэ. Гарын үсэг зурахаар шийдсэн байсан талаараа хэлж байсан. Ээлжийн инженер, сүлжээний инженер, ашиглалтын менежер, жолооч, кабельчин гээд нийт 4 хүн дээд байгууллага руу хүсэлт явуулсан. Биднийг хүсэлт гаргасныг мэдээд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. ...Үзлэг үйлчилгээгээр явахдаа бид тоног төхөөрөмжүүдээ авч явдаг. Тэр үед хөдөө орон нутаг руу яваад иртэл жижүүр хаалгаа онгойлгож өгөхгүй байсан учир би бууж хаалга онгойлгож машинаа оруулсан. Тэгээд байж байтал С.Өлзий-Орших ах гарч ирсэн. Би тэр хүнийг өшиглөсөн зүйл байхгүй. ...Бид ажил ихтэй үед ажлаа ээлжилж хийдэг. Тухайн үед би хөдөө орон нутагт томилолтоор явж таарсан учир зарим тохиолдолд н.Сумъяабат руу хэлж засварлуулж байсан. Нэг ажилтан нь завгүй өөр ажил гүйцэтгэж байх үед өөр ажилтан нөхөж гүйцэтгэдэг учир заавал тэр хүнээр хийлгэнэ гэж ойлголт байхгүй. Ерөнхий инженерийн зүгээс зохицуулалт хийж тухайн ажлыг хийж гүйцэтгэх ёстой инженер завгүй байгаа учраас чи тэр ажлыг хийж гүйцэтгэ гэх байдлаар зохицуулалт хийдэг. ...Ээлжийн ажилтан н.Сийлэгмаа, н.Дуламжав нартай зүй бус харьцсан гээд байгааг ойлгохгүй байна. Би тухайн хоёр хүнтэй үл хүндэтгэж, зүй бус харьцаж байсан удаа байхгүй. Дээрх зүй бус харьцсан гэж хэлж байгаа хугацаанд ээлжийн инженер н.Дуламжав нь жирэмсний амралттай байсан. Одоог хүртэл ажилдаа ороогүй байгаа. Би н.Сийлэгмаа, н.Дуламжав нарт үл хүндэтгэсэн сэтгэгдэл төрүүлээгүй гэж бодож байна. Тухайн хүмүүсээс нь асууж байж энэ асуудал тодорхой болох байх.
...Би 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтын менежерийн албан тушаалд томилогдсон. ...Би ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гардаж авсан. ...Би 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Мэдээлэл холбооны сүлжээ компани нь Монгол Улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн 24 сум, аймгийн төвтэй нийлж 118 сайтыг хариуцдаг онцгой объектын байгууллага юм. Нэхэмжлэгчийн ажлын байрны мест нь ашиглалтын менежер гээд онцгой объектын 118 сайтын бэлэн байдлыг хангаж ажилладаг албан тушаал юм. Би Хөдөлмөрийн хууль, дотоод журмын ноцтой зөрчлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Сахилгын сануулах арга хэмжээтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан учраас миний ажлаас чөлөөлсөн тушаал зөв гэж үзэж байна. ...2021 оны 7 болон 8 дугаар саруудад Мэдээлэл холбоо сүлжээ компанийн Хөвсгөл аймгийн газрын хувьд маш хүнд байгалийн гамшигтай нүүр тулгарсан. 3 суманд шилэн кабель тасарч, нийт 9 сумын сүлжээ байхгүй болсон. ...Манай байгууллагын Ерөнхий инженер надад 2 удаа Б.Б.Ныг ажил цалгардуулаад байна. Ажил авч гарахаараа тэр чигээрээ таг болчихоод эсхүл ажилд явуулахаар хоёулаа яваад байна. Даргаа яах юм бэ гээд миний өрөөнд орж ирсэн. Бид маш их хэмжээний гэмтлийг засварлахаар ажиллаж байсан учраас аймгийн онцгой комисс, аймгийн Онцгой байдлын газар болон холбогдох Архангай, Булган аймгууд руу холбогдож сарын хугацаанд гэмтэл саатлыг түргэн шуурхай хэрхэн, яаж засварлах тал дээр ажиллаж байсан. ...Би ажил олгогчийн хувьд нэхэмжлэгчид хэлэх зүйл байна. Би залуусыг маш ихээр дэмжиж ажилласан. Техник технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн ажиллуулах, хамт олны дунд өөрсдийг нь төлөвшүүлэхийн төлөө ажилласан. Тийм ч учраас залуу боловсон хүчнээ маш их дэмжсэн. ...Албан тушаалын хувьд дарга, Ерөнхий инженер нарын дараа буюу гуравт орох албан тушаал дээр нэхэмжлэгч нь ажиллаж байсан. Авах цалингийн хувьд мөн адил дарга, Ерөнхий инженерийн дараагийн цалинг авч ажилладаг. Хамт олны зүгээс нэхэмжлэгчийн зан араншингийн хувьд маш хүнд байна. Тэрийг чинь ингэж зодмоор байна гэх мэт үгсийг манай байгууллагын жижүүрүүд, ээлжийн хүмүүс хэлж байсан. Би тэр үед нь та нар ингэж болохгүй. Залуу хүүхэд омогтой байсан байх гээд бүх зүйлийг нь өмгөөлж хамгаалж, дарж ажилласан. ...М.Х гэдэг.
...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэх заалтыг үндэслэл болгосон. ...2021 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрийн үед Батлан хамгаалахын сайт дээрх гэмтэл засварыг нэг ажилтан, нэг өдөр ажиллахаар чиглэлийг дээд байгууллагаас өгсөн. Гэтэл Б.Б.Н нь эрх мэдлээ хэтрүүлэн нэг хүн, нэг өдөр ажиллана гэсэн үүрэг даалгаврыг зөрчиж өөрийн найз н.Сумъяабатын хамт 2.5 өдөр ажилласан зөрчил үйлдсэн. ...2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Б.Б.Н нь эмчийн эрүүл мэндийн магадалгааны сөрөг гэсэн хариугаа ажил олгогчид болон хүний нөөцийн мэргэжилтэнд үзүүлээгүй. Тусгаарлалтаас ирээд инженерүүд суудаг өрөөнд 4 цаг үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан. ...2021 оны 7 дугаар сарын сүүлчээр шөнийн 12-01 цагийн үед сумд руу гэмтэл саатал засахаар явж ирээд Б.Б.Н нь жижүүр С.Өлзий-Оршихын хөл рүү өшиглөөд машинд байгаа төхөөрөмжүүдийг дээш нь оруул гэж байна чамайг гэж үл хүндэтгэж харьцсан зөрчил гаргасан. Энэ зөрчил нь 2-3 удаа давтагдсан. Би эхний 2 удаад нь залуу хүн гэж бодоод дараад өнгөрөөж байсан. ...Би нэхэмжлэгчийг уурлах, доромжлох, загнах ямар нэг үйлдэл хийгээгүй байхад 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр намайг ёс зүйгүй хандаж, ингэж тэгж харьцлаа гэх байдлаар инженер техникийн ажилчдын дунд асуудал үүсгэж миний гаргаагүй үйлдлийн талаар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн удирдлага руу бичиг явуулсан байсан. Тухайн бичигт жолооч н.Бүрэнтэгш гарын үсгээ зураагүй байхад өмнөөс гарын үсэг зурсан зөрчил гаргасан. Нөгөө талаас нэхэмжлэгч нь хүний гарын үсгийг хуурамчаар зурснаараа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн байгаа юм. ...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны хооронд удаа дараа өөрийн засварлах гэмтэл саатлыг байгууллагын дарга болон Ерөнхий инженер нарт мэдэгдэлгүй өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж н.Сумъяабатаар засварлуулсан зөрчил гаргасан.
...Нэхэмжлэгчийн хувьд сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. ...Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Сүлжээний инженерийн албан тушаал дээр ажиллаж байх хугацаанд нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ашиглалтын менежер нь маш өндөр хариуцлагатай ажиллах ёстой учраас хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй хүлээх чиглэл өгсөн. Тийм учраас өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж баталгаажуулсан.
...2020 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд үзлэг хийж явахдаа зай тэжээлийн инженер н.Болдбаатар, жолооч н.Энхтүвшин нартай явсан. Сумд руу үзлэг болон засварт явахаар унтаж амрах болохоор Б.Б.Н нь байхгүй болчихдог болохоор хамт явж байгаа инженер болон жолооч нар нь хаашаа л бол хаашаа явчихдаг юм байна. Тухайн үед жолооч н.Энхтүвшин өөрийнхөө эхнэрийн аавын найз гэх залуутай хамт дэлгүүрээс архи авч архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Гэтэл жолоочийн хамт уусан залуу нь зай тэжээлийн инженер н.Болдбаатарыг зодож гэмтэл учруулсан. ...Дээрх үндэслэлээр өмнө нь сахилгын арга хэмжээ авч байсан.
...Би удирдуулах, удирдах ёс нь хамгийн чухал зүйл гэж боддог. Монгол Улсын хэмжээнд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь төвдөө хүний нөөцийн даргатай байдаг. Харин хөдөө орон нутагт газрын дарга нь өөрөө хүний нөөцөө хариуцан ажилладаг. Б.Б.Н нь нэг ч удаа над дээр орж ирж эхнэр ковид туссан болон хариу сөрөг гарсан талаараа танилцуулж хэлж байгаагүй. Удирдах, удирдуулах ёсыг мэддэггүй.
...Нэгдсэн тайлан гаргах болон нэгдсэн удирдлагаар хангахын тулд ашиглалтын менежерийн албан тушаалыг бий болгосон. Ашиглалтын менежер нь инженерүүдийг удирдлагаар хангах чиг үүрэгтэй...гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Бланк нь Улаанбаатар хотоос орон нутагт очдог. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь 100 хувь төрийн өмчит компани юм. Компанийн дүрэм дээр төрийн өмчит компани гэж явдаг боловч Компанийн тухай хуульд нийцүүлэн ХХК-иар явдаг учраас Улсын бүртгэлийн гэрчилгээнд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК гэж явдаг.
...Нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан хэсэгтэй танилцсан. Нэхэмжлэгч нь ашиглалтын менежерийн албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байгаа юм байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ өмнөх албан тушаалаар байна гэх тайлбарыг хэлж байна. Ашиглалтын менежерийн албан тушаал дээрээ ажиллаж байгаагаа үгүйсгээгүй учраас гэрээ сунгагдаад явсан гэж тооцно. Цалинг өөрийн дурын 3 сараар сунгаж цалингийн дундаж хэмжээг гаргана гэх хуулийн зохицуулалт байхгүй.
2005 оны 55 дугаар тогтоолоор сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодно. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагадаа сарын дундаж цалин 1,100,000 гаруй төгрөгийг хэлж байна. Үндсэн цалин дээр сар бүр үндсэн цалинтай тэмцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал олгодог. Үр дүнгийн урамшууллыг компаниас өгсөн үүрэг даалгаврыг хөдөлмөрийн гэрээнд зааснаар үүргээ биелүүлсэн. Мөн сургалтын системд онлайнаар хичээлээ үзсэн. Асуулт хариултаа бөглөж явсан хүмүүст олгодог. Урамшуулал авч байгаатайгаа нэхэмжлэгч маргахгүй байна. Тиймээс компанийн өдөр тутмын сургалтын системт нэвтэрч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмыг гүйцэтгэх ажиллах байсан учраас хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг няцааж байна. Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн дагуу гарсан гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан 2 үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Д дарга ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр тушаалаа гаргасан гэдгээ тайлбарласан. Энэ нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр давхар нотлогдож тул нэхэмжлэгч Б.Б.Ныг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/42 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрч маргаан үүсгээгүй гэж тайлбарласан. Тиймээс 2021 онд сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Н нь Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь М.Хт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа Машиглалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагаа 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,204,548 төгрөг гаргуулах гэж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагаа дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх гэж тус тус тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч байгууллагын хэвлэмэл хуудсанд Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Хөвсгөл аймгийн газар гэх нэршилтэй байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлд М.Х гэх нэртэй болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын Бланк нь Улаанбаатар хотоос орон нутагт очдог. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь 100 хувь төрийн өмчит компани юм. Компанийн дүрэм дээр төрийн өмчит компани гэж явдаг боловч Компанийн тухай хуульд нийцүүлэн ХХК-иар явдаг учраас Улсын бүртгэлийн гэрчилгээнд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК гэж явдаг гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дгийн М.Х гэдэг гэх тайлбаруудаар тогтоогдов.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай Мдаргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/31 дугаартай Б.Б.Ныг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д ...сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У...хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.... гэж тус тус маргасан болно.
Нэхэмжлэгч Б.Б.Н нь М.Хт 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс кабельчин, сүлжээний инженерээр, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ашиглалтын менежерээр тус тус ажиллаж байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Мдаргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн №1429373 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдов. (хх-ийн 5, 12 дугаар тал)
Б.Б.Ныг Мдаргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/31 дугаартай Б.Б.Ныг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар өөрт олгогдоогүй эрхээ дур мэдэн хэтрүүлсэн, удаа дараа ажлын байранд бусдыг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Мдаргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/31 дугаартай Б.Б.Ныг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (хх-ийн 6 дугаар тал)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Д.Унар нь нэхэмжлэгчтэй сүлжээний инженерийн албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж маргав.
Хавтаст хэргийн 152-155 дугаар хуудсанд авагдсан ажил олгогч нь нэхэмжлэгчтэй сүлжээний инженерийн албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх хэсэгт Газрын даргын 2020.03.16-ны Б/11 тушаалаар ашиглалтын менежерээр томилов. Гүйцэтгэх захирлын 2020 оны А/114 тушаалаар ажлын цаг 830-1730, цайны цаг 1230-1430-д б/на. гэх бичвэртэй байх боловч нэмэлт өөрчлөлт хэсэгт нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дгийн шүүх хуралдаанд гаргасан ...Сүлжээний инженерийн албан тушаал дээр ажиллаж байх хугацаанд нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ашиглалтын менежер нь маш өндөр хариуцлагатай ажиллах ёстой учраас хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй хүлээх чиглэл өгсөн... гэх тайлбар зэргээс үзэхэд ажил олгогч нь нэхэмжлэгчтэй ашиглалтын менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзлээ.
Түүнчлэн ажилтны албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байна.
Мдарга нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б/31 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгчийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Дотоод журмын 11 дүгээр бүлгийн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийн 11.1.4 дэх хэсгийн 11.1.4.9, 11.1.4.13, 11.1.4.14, Байгууллагын ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, ёс зүйн дүрмийн 5.11, Ковид-19 цах тахлаас урьдчилан сэргийлгэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай журмын 12.2.4, 12.2.6 дахь заалтуудыг үндэслэжээ.
Ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалын 1 дэх заалтад өөрт олгогдоогүй эрхээ дур мэдэн хэтрүүлсэн, удаа дараа ажлын байранд бусдыг үл хүндэтгэсэн гэх үндэслэлийг заасан байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь Дотоод журмын 11 дүгээр бүлгийн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийн 11.1.4 дэх хэсгийн 11.1.4.9, 11.1.4.13, 11.1.4.14, Байгууллагын ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, ёс зүйн дүрмийн 5.11, Ковид-19 цах тахлаас урьдчилан сэргийлгэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай журмын 12.2.4, 12.2.6 дахь заалтууд болон өөрт олгогдоогүй эрхээ дур мэдэн хэтрүүлсэн, удаа дараа ажлын байранд бусдыг үл хүндэтгэсэн гэх үндэслэлүүдээ ...2021 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрийн үед Батлан хамгаалахын сайт дээрх гэмтэл засварыг нэг ажилтан, нэг өдөр ажиллахаар чиглэлийг дээд байгууллагаас өгсөн. Гэтэл Б.Б.Н нь эрх мэдлээ хэтрүүлэн нэг хүн, нэг өдөр ажиллана гэсэн үүрэг даалгаврыг зөрчиж өөрийн найз н.Сумъяабатын хамт 2.5 өдөр ажилласан, ...2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Б.Б.Н нь эмчийн эрүүл мэндийн магадалгааны сөрөг гэсэн хариугаа ажил олгогчид болон хүний нөөцийн мэргэжилтэнд үзүүлээгүй. Тусгаарлалтаас ирээд инженерүүд суудаг өрөөнд 4 цаг үйл ажиллагаа явуулсан, ...2021 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын жижүүр С.Өлзий-Оршихын хөл рүү өшиглөж үл хүндэтгэсэн, ...2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр намайг ёс зүйгүй хандаж, ингэж тэгж харьцлаа гэх байдлаар инженер техникийн ажилчдын дунд асуудал үүсгэж миний гаргаагүй үйлдлийн талаар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн удирдлага руу бичиг явуулсан. Тухайн бичигт жолооч н.Бүрэнтэгш гарын үсгээ зураагүй байхад өмнөөс гарын үсэг зурсан, ...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны хооронд удаа дараа өөрийн засварлах гэмтэл саатлыг байгууллагын дарга болон Ерөнхий инженер нарт мэдэгдэлгүй өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж н.Сумъяабатаар засварлуулсан, ...2020 оны 12 дугаар сард ээлжийн инженер н.Дуламжав, 2021 оны 6 дугаар сард ээлжийн инженер н.Сийлэгмаа нартай үл хүндэтгэсэн, зүй бус байдалтай харьцсан... гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч Б.Б.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эмчийн эрүүл мэндийн магадалгааны сөрөг гэсэн хариугаа ажил олгогчид болон хүний нөөцийн мэргэжилтэнд үзүүлээгүй. Тусгаарлалтаас ирээд инженерүүд суудаг өрөөнд 4 цаг үйл ажиллагаа явуулсан, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн удирдлага руу явуулсан бичигт жолооч н.Бүрэнтэгш гарын үсгээ зураагүй байхад өмнөөс гарын үсэг зурсан зөрчлүүдийг гаргаж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1.4.14-т заасныг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Бид өмнөх өдөр нь хамтарч бичиж байсан. Маргааш нь жолооч н.Бүрэнтэгш томилолтоор явсан байсан. Тийм учраас араас утсаар холбогдож асуухад та нар гарын үсэг зурчих маргаан гарах үед нь би өөрөө очоод хэлнэ, ...Эрүүл мэндийн сайтаар орж сөрөг гэх хариугаа screenshot хийж авсан байсан. Ерөнхий инженерт үзүүлчихээд ажилдаа орсон... гэх тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №20 дугаартай Ажлын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 199-203 дугаар тал)
Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дгийн шүүх хуралдаанд тайлбарласан дээрхээс бусад зөрчлүүдийг гаргасан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээ Нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарласан болно.
Нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь Мдаргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/42 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нотлогдлоо. (хх-ийн 7 дугаар тал)
Б.Б.Нт сануулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад нэхэмжлэгч нь дахин сахилгын зөрчил гаргаж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1.4.14-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэв.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч ажил олгогч нь нэхэмжлэгчтэй ашиглалтын менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй байна.
Тодруулбал, ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаардаггүй.
Мөн ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчжээ.
Иймд нэхэмжлэгчийг Машиглалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,204,548 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан ба нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байх бөгөөд ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сараар тооцох боломжгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн 2021 оны 6, 8 дугаар сард авсан цалин хөлсийг тухайн ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн цалингийн картаар дундаж цалин хөлсийг тодорхойлов (хх-ийн 155 дугаар тал). /2021 оны 6 сарын цалин хөлс 2,310,027 төгрөг, 8 сарын цалин хөлс 1,019,100 төгрөг = 3,329,127 төгрөг / 2 = 1,664,563.50 төгрөг, 1,664,563.50 / 21.5 хоног = 1 өдрийн 77,421.56 төгрөг х 73 хоног = 5,651,773.88 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2021 оны 6 сард ажлын 21 хоног + 8 сард ажлын 22 хоног = 43 хоног / 2= 21.5 хоног/.
Ажилгүй байсан хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу ажлын нийт 73 хоногийн цалин хөлс 5,651,773.88 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,204,548 төгрөг гаргуулах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,204,548 (дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга таван зуун дөчин найм) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг М.Хт даалгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б.Ныг Машиглалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М.Х ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,204,548 (дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга таван зуун дөчин найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,204,548 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 82,223 төгрөг, нийт 152,423 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 13-34, 41-43, 63-67, 72, 147-151 дүгээр хуудсанд авагдсан баримтуудын хуулбарууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул дээрх баримтуудын хуулбаруудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ныг Машиглалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч М.Х ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,204,548 (дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга таван зуун дөчин найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Нт олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Нын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч М.Хт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч М.Х улсын тэмдэгтийн хураамж нийт 152,423 (нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун хорин гурав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ