Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2023/00972

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, 8 дугаар гудамжны 22 тоотод оршин суух, У Р-ын Д,

Хариуцагч: Х аймгийн 7 дугаар багт байрлах, Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,639, 160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, 155/2023/00847/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Д нь Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны нийт 15 сар 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,639, 160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч Р.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Р.Д нь Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус компанийн харуулын үүрэгт ажилд томилогдон, улмаар 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс үндсэн мэргэжлийнхээ дагуу диспетчерийн ажилд шилжин ажиллах болсон.

Дээрхи ажлыг хийж байх хугацаандаа өөрийн мэргэжлийн ур чадварыг зохих түвшинд үнэлүүлэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ахлах диспетчерийн ажилд дэвшин томилогдсон.

Уг ажлыг миний бие 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл буюу эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр 1 жилийн хугацаагаар чөлөө авах хүртлээ тасралтгүй хийсэн.

Дээр дурдсанчлан 1 жилийн хугацаа дуусаж, миний бие бүрэн эмчлэгдсэн учир 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ Х Э Х ХХК-ийн захиргаанд гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж, иргэн миний ажил хөдөлмөр эрхлэх эрх ноцтой зөрчигдсөн.

Байгууллагын удирдлагын ажилд буцаан томилохгүй байгаа татгалзал бүхий шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдоийн 155\ШШ2023\00648 дугаартай шийдвэрээр Р.Д намайг Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компаний ахлах диспетчерийн ажилд ажилд эгүүлэн томилсон.

Уг шийдвэрийн биелэлтийг хангаж, Х-Э х ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б\66 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон.

Иймд миний хувьд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны буюу ажлын 15 сар 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилэх болон ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгэх шаардлага үүссэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,..олгоно гэж заасан бөгөөд Р.Д миний хувьд 2021 оны 01 дүгээр сард 1.188.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 1.183.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сард 1.213.455 төгрөгийн цалинг тус, тус авч байсан.

Дээрхи 3 сарын дундаж цалин хөлс нь 1 сарын 1.194.818 төгрөг болж байгаа бөгөөд нийт ажпын 15 сар 18 хоногт тооцож бодоход 18.639.160 төгрөг болж байгаа юм.

Иймд Р.Д надад ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох нийт 18.639.160 төгрөгийг Х аймгийн Х-Э х ХХК-иас гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажил олгогч Х аймгийн Х-Э х ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье...гэжээ.

Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...

Миний бие Р.Д нь Х Э х компанид 2013 оноос 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байгаад энэ өдрөөс 1 жилийн чөлөө авч Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явсан. Жилийн чөлөө дуусаж ажилдаа орох хүсэлт өгсөн боловч хүсэлтийг хангаагүй.

Намайг очихоор ажил олгогч чи хүлээж бай, ажлын байрыг чинь зохицуулаад авах гээд байна гээд яваад байдаг байсан. Би тухайн үедээ хуулийн зөвлөгөө авахгүй ажил олгогчоо харсан байдалтай явж байсан. Намайг очоод уулзахаар үгүй гэж хэлдэггүй байсан учраас хүлээж байсан. Шүүхээс намайг ажилдаа буцаж орох нь зөв гэсэн шийдвэр гарч би ажилдаа орж ажилласан. Шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалын ажилд ч аваагүй. Тэрний доод талын албан тушаалд авсан. Хэрүүл маргаантай газарт удаан ажиллахыг хүсээгүй учраас 1 сар ажиллаад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад одоо өөр газарт ажиллаж байгаа. Шүүхээр маргаантай явсан хугацааны буюу 15 сар, 18 хоногийн цалин нэхэмжилсэн. Ажилтай байсан хугацааны цалингийн 3 сарын дунджаар бодоход 18,649,160 төгрөг болж байгаа учраас энэ мөнгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэлд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал бүгд багтсан байгаа. Ажилгүй байсан хугацаанд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал тасарсан учраас тэрийг нөхөн бичилт хийлгэх хүсэлттэй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн яриад байгаа асуудал бол өмнөх шүүх хурал дээр яригдаж шийдэгдээд намайг ажил олгогчийн буруу шийдвэрээр ажилгүй байлгасан байна гэж тогтоогдсон. Ажил олгогчийн буруугаас болж ажилдаа ороогүй байна гэсэн шийдвэр гарсан учраас тэр шүүхийн шийдвэрийн дагуу би ажилдаа орсон. Шийдвэр хин төгөлдөр болсон. Гомдол хэн аль нь гаргаагүй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Баасанбаяр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

А.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа...Ахлах диспейтчер ажилтай гэх Р.Дид тэр үед ажиллаж байсан байгууллагын захирлын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 4 сарын 6-ны өдрөөс эхлэн түүний эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлтийнх нь дагуу нэг жилийн чөлөө олгожээ.

Тухайн үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд болон байгууллагын дотоод хэм хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар ямар хугацаанд, юуг үндэслэж олгох талаар тусгагдаагүй иржээ. Энэ байдпыг тэрээр овжин ашигласан байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сард ажилд орох өргөдөлөө өгсөн боловч ажилдаа ирээгүй, энэ байдлын улмаас өргөдлийг шийдвэрлэж чадахгүйд хүрчээ.

Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах зэрэг хууль тогтоомж, байгууллагын дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагыг хуурч мэхлэх замаар байгууллагын нэр хүндэд халдаж ажил олгогчийг худал мэдээлэлээр хангаж чөлөө авсан бөгөөд авсан хугацаандаа ирсэн нэр зүүж алга болсон, хөдөлмөрлөх үүргээсээ ноцтойгоор зайлсхийсэн үйлдэлд нь ажлаас халах шийтгэл хүлээлгэх нь зүй ёсны шаардлага байсан юм.

Энэ талаар байгууллагын зохих алба хэлэлцэж Д гэгчийн худал баримт гаргаж эмнэлгийн чөлөө авсаныг тогтоосон бөгөөд харин ажил олгогч түүнийг ажлаас халаагүй юм. Энэ байдлыг далимдуулан хөдөлмөрлөөгүй байж цалин хөлс нэхэмжилж байгаа нь туйлын ойлгомжгүй байна.

Тэрээр 2023 оны 1 сарын 30-ны өдөр ажилд орох хүсэлтээ дахин ирүүлсэн бөгөөд энэ удаан хугацаанд хэвтэж эмчлүүлэх болсон талаарх баримтыг болон хүнд өвчнөөс эдгэрсэн талаарх баримтыг, эдгэрэлтийн байдлаас шалтгаалж өөр ажил албан тушаалд шилжиж ажиллуулж болох талаарх ажил олгогчид байх ёстой мэдээллийг ирүүлээгүй бөгөөд уг байгууллага нь Улсын онцгой обьект болохын хувьд уг байгууллагын реле тохируулгын ахлах диспейтчер нь цахилгаан Э хтэй шууд харьцаж ажилладаг ажилтны хувьд хөдөлмөрийн чадвартай, эрүүл болохыг гэрчилсэн эмнэлгийн магадлагаатай хүнийг авч ажилуулах ёстой тул энэ талаарх баримтыг байгууллага шаардаж иржээ.

Энэ талаар байгууллагын дотоод журам, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд хуульчлан тусгажээ.

Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Б.Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Хэргийн бодит байдлыг харах хэрэгтэй. Нэхэмжлэгч 2021 онд чөлөө авсан гэж байна. Гэхдээ хөдөлмөрийн гэрээнд 1 жилийн хугацаагаар чөлөө авах тухай заалт байхгүй. Дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд мөн энэ талаар тусгаагүй байгаа. Нэхэмжлэгч 1 жилийн эмчилгээ хийлгээд ирсэн гэж байна. Ямар үндэслэлээр чөлөө авсан бэ гэхээр элэгний хатууралтай хүнд өвчтэй учраас 1 жилийн хугацаанд эмчлүүлэхэд болно гэж хэлээд чөлөө аваад явсан байдаг. 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орохоор ирэхэд нь Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэж 2021 оны 7 дугаар сард батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Э хний үйлдвэр бол онцгой объект.

Тэр ажлын байранд нэхэмжлэгч ажиллах боломжгүй болж таарсан. Тэр үеийн дарга нь арын хаалгаар авсан юм шиг байна лээ. Энэ хүн өргөдлөө өгчихөөд алга болчихсон. Өргөдлөө дэмжиж ирээгүй. Оронд нь хүн ажиллуулаад, орных нь хүнийг зохицуулах гээд дарга хүнд цохчихсон байтал энэ хүн чинь ирэхгүй байна шүү дээ гэсэн байдалтай явж байгаад 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 онд нэхэмжлэгч байгууллагадаа дахин өргөдөл гаргахаар нь чамд өмнө нь хэлсэн биз дээ. Ажлаас нь халаагүй, зөвхөн чөлөө өгсөн шийдвэр л гарсан байдаг. Энэ хугацаандаа ирээгүй алга болсон. Өмнөх хурал дээр баахан тайлбар хийж байсан ч тэр талаар ямар ч баримт байхгүй. Тухайн үедээ шүүхэд хандах боломжтой байсан ч хандаагүй. Ажил олгогчоос 2023 онд ирэхээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт "Цахилгаан, дулааны Э х, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, тухайн ажил, мэргэжилтэй холбоотойгоор эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэж байгаа эсэхийг шалгуулахаас үндэслэлгүй татгалзсан, эсхүл хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд ажилтны ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлнэ" гэж заасны дагуу түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд шүүхэд хандсан байдаг. Энд ажил олгогчийн буруугаас болсон зүйл огт харагдахгүй байгаа. Гагцхүү энэ хүн өөрөө хөдөлмөрлөх үүргээсээ зайлсхийсэн.

Ажилд нь буцааж гэсэн тушаал гарах шаардлагагүй. Өөрөө ажлаа хийхээр ирэх ёстой байсан ч жилийн хугацаанд яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилдаа орохдоо шүүхээс тогтоосон ажилд оруулаагүй гэж байна. Өөрөө ажил олгогчтойгоо тохиролцож тэр албан тушаалд томилуулчихаад тохиролцоогүй мэтээр ярьж байна.

Өмнөх шүүхийн шийдвэр бол 2022 оныг шийдээгүй. Өөрийнх нь ажилд орох эсэхийг л шийдсэн. 2022 оноос хойш тогтоолоо гэж шүүхийн шийдвэр гараагүй. Тэгэхлээр шүүхийн шийдвэр энэ хэрэгтэй огт хамааралгүй. Нэхэмжлэгч тухайн байгууллагыг хуурч мэхэлсэн. Өргөдлөө өгчихөөд орных нь хүнийг ажлаас нь гаргатал энэ хүн өөрөө ажилдаа орохгүй алга болсон. Нэгэнт ажлаас нь халсан тушаал гараагүй юм чинь өөрөө л ажилдаа ирж орох байсан гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгчээс Р.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х-Э х ХХК-ний захирлын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/66 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн мэдээллийн сангаас 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч авах тухай хүсэлт (хавтаст хэргийн 3-11, 48-р тал),

Хариуцагчаас төлөөлөгч томилох тухай албан тоот, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х-Э х ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х-Э х ХХК-ний дүрэм нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, төлөөлөгчийн хүсэлт болон хавсргасан баримт, Х Э х ХХК-ны ХЭМАБ, Дотоод хяналтын албаны хурлын №3 дугаартай тэмдэглэл зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 24-36, 38-46, 49-56-р тал) тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үүнд: 

...Миний бие Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн харуулын үүрэгт ажилд томилогдон, улмаар 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс үндсэн мэргэжлийнхээ дагуу диспетчерийн ажилд шилжин ажиллах болсон ба ажиллах хугацаандаа өөрийн мэргэжлийн ур чадварыг зохих түвшинд үнэлүүлэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ахлах диспетчерийн ажилд дэвшин томилогдсон.Уг ажлыг миний бие 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хийж, эрүүл мэндийн шалтгаанаар 1 жилийн чөлөө авсан. 1 жилийн хугацаа дуусаж, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компанид гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж, иргэн миний ажил хөдөлмөр эрхлэх эрх ноцтой зөрчсөн тул шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай шийдвэрээр ахлах диспетчерийн ажилд эгүүлэн томилсон. Уг шийдвэрийн дагуу Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2023 оны 07 дугаар сарын 24-ны Б/66 дугаар тушаал гарч ажилд эгүүлэн томилсон. Иймээс би чөлөөний хугацаа дуусаж ажилд орох байсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,639, 160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгуулж өгнө үү... гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн..

3.Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Баасанбаяр нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Р.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй юм. Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай шийдвэр энэ хэрэгтэй огт хамааралгүй, буруу шийдвэр, шүүх хэргийн бодит байдлыг харах хэрэгтэй.

Хөдөлмөрийн гэрээнд 1 жилийн хугацаагаар чөлөө авах тухай заалт байхгүй. Дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд мөн энэ талаар тусгаагүй. Мөн нэхэмжлэгч 1 жилийн эмчилгээ хийлгээд ирсэн гэж байна.Хаана ямар эмчилгээ хийлгэсэн эсэх тодорхойгүй, ажлаас нь халсан, хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр ажил олгогчоос огт гараагүй, тухайн үедээ шүүхэд хандах боломжтой байсан ч Р.Д нь хандаагүй. Ажил олгогчоос 2023 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд л шүүхэд хандсан байдаг. Энд ажил олгогчийн буруугаас болсон зүйл огт харагдахгүй байгаа. Гагцхүү энэ хүн өөрөө хөдөлмөрлөх үүргээсээ зайлсхийсэн. Ажилд нь буцааж томилсон тушаал гарах шаардлагагүй. Өөрөө ажлаа хийхээр ирэх ёстой байсан ч 1 жилийн хугацаанд яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарлан маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 00648 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Р.Дийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар хуулийн хин төгөлдөр болжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсний тооцооллын талаар маргаагүй.

Харин...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааг тооцож байгааг зөвшөөрөхгүй, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай шийдвэр энэ хэрэгтэй огт хамааралгүй...гэж мэтгэлцлээ.

Гэвч нэхэмжлэгчийн...Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тул чөлөөний хугацаа дуусан үе болох 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ны өдрийг хүртлэх цалин хөлсөө тооцон нэхэмжилж байна...гэснийг буруутгах боломжгүй байна.

Учир нь Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай шийдвэрт... хувийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох тухай өргөдлийг ажил олгогчид гаргасаар байтал түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагч Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтгаж үзнэ...хэмээн дүгнэж,түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно хэмээн заасан тул хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэл үгүйсгэгдэж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Тодруулбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч болж буй тал татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч тайлбараа нотлосон холбогдох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй,

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар татгалзлаа өөрөө баримтаар нотлох энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч буюу хариуцагч Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Тооцоолол:

Р.Д-ийн ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүд нь 2022 оны 04-р сард 18 хоног, 2022 оны 5 дугаар сард 22 хоног, 2022 оны 6 дугаар сард 20 хоног, 2022 оны 7 дугаар сард 16 хоног, 2022 оны 8 дугаар сард 23 хоног, 2022 оны 9 дүгээр сард 22 хоног, 2022 оны 10 дугаар сард 21 хоног, 2022 оны 11 дүгээр сард 21 хоног, 2022 оны 12 дугаар сард 21 хоног, 2023 оны 1 дүгээр сард 22 хоног, 2023 оны 2 дугаар сард 17 хоног, 2023 оны 3 дугаар сард 22 хоног, 2023 оны 4 дүгээр сард 20 хоног, 2023 оны 5 дугаар сард 23 хоног, 2023 оны 6 дугаар сард 21 хоног, 2023 оны 7 дугаар сард 10 хоног, нийт 319 хоног ажилгүй байсан байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баталсан бөгөөд уг журмын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хуваана гэж заасан.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар Р.Д нь 2021 оны 2 дугаар сард 1,183,000 төгрөг, 3 дугаар сард 1,213, 455 төгрөгийн цалин хөлс авч байсан байх ба зэрэг дараалсан дээрх 2 сарыг сонгон авч тооцоолох нь бодитой байна.

Тухайн 2 сард авсан нийт цалин 2,396,455 төгрөг бөгөөд дээрх саруудад ажлын 41 хоног байжээ. Үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцвол 58,450 төгрөг юм.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 319 өдрийн нийт олговрыг дундаж цалин хөлсөөр тооцоход 18,645,550 (арван найман сая зургаан зуун дөчин таван мянга таван зуун тавь)  төгрөг болно. Гэвч нэхэмжлэгч нь 18,639, 160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар)  төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 18,639, 160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар)  төгрөгийн олговрыг гаргуулан олгож шийдвэрлэв.

Хариуцагч байгуулагын төлөөлөгчөөс...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Р.Д ажил дээрээ ирсэн гэж байна. Өргөдлийг шийдвэрлэсэн цохолтыг өмнөх хэргээс нь хуулбарлаж эх хувиар нь гаргаж өгөх хүсэлттэй байна. Мөн туслах ажилтан н.Буянзаяагаас энэ хүн ажилдаа ирж байсан юм уу гэдэг асуулт асууж гэрчийн мэдүүлэг авах тухай...хүсэлтүүдийг шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үе шатанд гаргасан ба шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд талуудаас шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар гаргах санал, хүсэлт байгаа эсэхийг сонсоход хэргийн оролцогчоос хүсэлт, нотлох баримтыг гаргаагүй.

Мөн шүүх нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж, хариуцагчийн төлөөлөгчид зохигчийн эрх үүргийг тайлбарласан бөгөөд түүнээс хойш хугацаанд оролцогчдоос хүсэлт гаргах боломжтой байсан.

Нөгөөтэйгүүр хариуцагч тал татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргийг шүүх хуралдаан товлохоос өмнө биелүүлэх учиртай бөгөөд хүсэлтийг шүүх хуралдааны баримт шинжлэн судлах шатанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,146 (хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 251,146 (хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2022 оны 4 дүгээр сарын 06ы өдрөөс 2023 оны 7 дугаар 24ы өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,639, 160 (арван найман сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун жар) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Д-д олгосугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Д-ийн ажилгүй байсан 2022 оны 4  дүгээр сарын 06ы  өдрөөс 2023 оны 7 дугаар  сарын 24ы өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,146 (хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х-Э х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас тэмдэгтийн хураамж 251,146 (хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Дид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ДАВААХҮҮ