| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2023/00190/И |
| Дугаар | 155/ШШ2023/01017 |
| Огноо | 2023-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2023/01017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Дхүү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух О Ц-ийн Т,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн ХХАГ
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗД
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн бүсэд байрлах, “ХААК” хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Гуравдагч этгээд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 31-3 тоотод оршин суух, Д Дгийн Ц,
Прокурор: Хөвсгөл аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх, ахлах прокурор, Ш.М Л-гийн Л,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Ц.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, О Ц-ийн Т-ийн нэр дээр зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн 5,000,000 төгрөгний трактор зээлээр авсан гэх зээлийг зээлийн мэдээллийн сангаас хасалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Т, түүний өмгөөлөгч П.Ж,
Хариуцагч:Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөгч Н.Э,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын төлөөлөгч Б.Д, Д.У,
Хариуцагч:“Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний төлөөлөгч С.Б,
Прокурор: Л.Л,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Ц.Т миний бие эцэг, эхийнхээ гар дээр өсөж хүмүүжээд хөдөлмөрийн насанд хүрээд мал маллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл малаа маллан амьдарч байна. 2015 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар малчин хүмүүст бага оврын дугуйт тракторыг буюу хүмүүсийн нэршлэж хэлдэгээр Пад тракторыг зээлээр олгоно гэсэн зарын дагуу 2015 оны 10 дугаар сард миний бие уг тракторыг худалдаж авахаар хүсэлт болон холбогдох материалуудыг бүрдүүлэн Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт өгч байсан юм. Тухайн үед материалыг Ц гэдэг хүн хүлээж авч байсан. Энэ хүнд өгсөн. Тэгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын мал аж ахуйн мэргэжилтэн Б Д нь “Танай утас холбогдохгүй байж байгаад дараагийн хүнд нь трактор оччихлоо. Танайд трактор хүртсэнгүй” гэж эхнэр З.Мөнгөнчимэгт утсаар хэлсэн байсан. Ингээд манай гэр бүл тухайн тракторыг манайд хүртээгүй гэж бодоод араас нь хөөцөлдөлгүй орхисон. Хүү Т.Далайгийн маань бие муудаад Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай болоод 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХААН банкаас малчны зээл авах гэтэл Ц.Т миний нэрийг Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Монгол банк руу явуулж Пад трактор буюу бага оврын дугуйт тракторын үнэ 5,000,000 төгрөгийн зээлийг төлөөгүй гээд Монгол банкны зээлдэгчийн муу ангилалд орсон байна гээд би зээл авч чадалгүй хохирч хувь хүнээс 6,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж аваад хүүгээ эхнэрийнхээ хамт Улаанбаатар хот руу эмчилгээнд нь явуулчихаад байж байна. Эхнэр З.Мөнгөнчимэг Улаанбаатар хот явахаасаа өмнө энэ зээлийн талаар Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ажилтан албан тушаалыг нь мэдэхгүй байна Ц гэх хүн “Танайхыг трактор аваагүй гэдгийг мэдэж байгаа, яагаад ингээд явсныг мэдэхгүй байна” гэж хэлсэн байна лээ. Намайг бага оврын дугуйт тракторыг биечлэн хүлээж аваагүй талаар Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтан Ц, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын мал аж ахуйн мэргэжилтэн Б.Д нар мэдэж байсан. Эдгээр хүмүүс одоо ч мэдэж байгаа. Гэтэл миний гарын үсэггүй Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Ц.Т нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан бага оврын дугуйт тракторыг надад хүлээлгэж өгөлгүй намайг өндөр хүүтэй зээлийн хүүний дарамтад оруулж, хохироож байгаад маш их гомдолтой байна. Би дээрх гэрээ байгуулагдсан гэдгийг мэдээгүй, 2023 оны 01 дүгээр сард муу зээлдэгчийн ангилалд орсон байна гэдгээ мэдээд хөөцөлдөхөд дээрх гэрээг утсаар дарж авсан. Хэргийг шийдвэрлэх явцад дээрх гэрээг нотлох баримт хангуулж гаргуулахаар хүсэлтийг гаргах болно. Хэрэв миний бие тракторыг хүлээж авсан бол тракторын үнийг төлөөд дуусгачих байсан. Мөн тухай үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын мал аж ахуйн мэргэжилтэн Б.Д танайд хүртсэнгүй гэж утсаар яриагүй бол трактор авах өргөдөл маань юу болсон юм бол гээд хөөцөлдөх байсан. Ийм гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан гэдгийг мэдээгүй, тракторыг хүлээж аваагүй, Монгол банкны зээлийн мэдээллийн санд миний нэр муу зээлдэгчийн ангилалт орж зээл авах боломжгүй болсон учир Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Ц.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, РЛ68071312 регистрийн дугаартай, О Цийн Тийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг Монгол банкинд даалгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг: УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон түүний тавьсан саналын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/99 тоот тушаал, мөн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан /цаашид худалдагч гэх/-гийн удирдах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 08 тоот тогтоолыг тус тус үндэслэн тус сангийн дэмжлэгээр /энэ гэрээний нэг тал/, нөгөө талаас худалдан авагч болж Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар /цаашид худалдан авагч гэх/ нар харилцан байгуулсан гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын засаг дарга болон тухайн сумын иргэдтэй байгуулна гэсэн 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 17 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ /цаашид уг гэрээ/-р БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг бүр нь 5,000,000 төгрөгийн үнэтэй 400 ширхэг тракторыг малчин өрхөд урьдчилгаагүй зээлээр олгохоор шийдвэрлэжээ. Уг гэрээний 1.4 дэх хэсэгт худалдан авагч нь тракторын үнийг ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэйгээр шилжүүлгийн баримтаа өгч хасалт хийлгээгүй тохиолдолд тухайн сумын засаг дарга хариуцан нэгдсэн журмаар хасалтыг хийлгэж болохоор заажээ. Энэхүү гэрээний зүйл заалтаас харахад гэрээний нэг тал манай ХХААГазар биш байх манай газар уг зээлтэй ямар нэг байдлаар холбоогүй, уг зээл манай байгууллагаас гараагүй байх бөгөөд манай газраар уг гэрээний зүйл болох трактор ирээгүй бид хүлээж аваагүй, мөн хүлээлгэж өгөөгүй байна. ХХААГ-ын мэргэжилтэн Д.Цгийн тайлбараас үзэхэд уг трактортой холбоотой асуудлыг хариуцаж ажиллажээ гэхээр байгаа боловч үнэн чанартаа манай байгууллага хариуцаж ажиллаагүй байна. Түүний тайлбараар “...тракторын гэрээг хийхдээ сумдын мал эмнэлэг, үржлийн тасгаар дамжуулан хийлгэж бичиг баримтыг бүрдүүлэн ихэнх сумдад нь ажил хариуцсан мэргэжилтэн болон итгэмжлэл хийгдсэн жолооч нараар дамжуулан түгээж байгаа агуулахаас нь хүлээн авч мөн Мал эмнэлэг үржлийн тасгаар дамжуулан гэрээ хийсэн иргэнд олгож ажиллаж байсан гэжээ. Иймд манай газар энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш манай байгууллага уг зээлийг олгоогүй, Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулаагүй, оруулах ямар ч үндэслэл байхгүй, шүүх хэвийн ангилалд оруулахыг даалгасан ч манай байгууллага хэвийн зээлийн ангилалд оруулах боломжгүй тул ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан /Хөдөө аж ахуйг дэмжих сан/-д хандах нь зүйтэй. Хэрэв шүүх уг гэрээний нэг тал биш байхад уг гэрээний нэг тал хэмээн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоход хүрвэл манай байгууллага худалдагч юм уу худалдан авагч тал биш, уг зээл манай байгууллагад ямар ч хамаагүй. Эргэн төлөлт нь Хөдөө аж ахуйг дэмжих санд хамаатай манай байгууллагын хувьд зээлийн мэдээллийн муу ангиллаас хэвийн ангилалд шилжүүлэх боломжгүй тийм эрхгүй болно. Шүүх харин хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, ингэж тогтоосноор үнэн зөв шийдвэр гаргах боломж бүрдэх бөгөөд ийм байдал бүрдүүлэхгүйгээр манай байгууллагыг хариуцагч, зээлийн мэдээллийн санд ямар ч зээл өгөөгүй байж өөрчлөлт оруулахаар даалгаж шийдвэл энэ нь үндэслэлгүй зүйл болно. Уг гэрээний заалт болон Д.Цгийн тайлбараас харахад уг трактор манай байгууллагад ямар ч холбоогүй харин уг гэрээнд манай байгууллагыг худалдан авагчийг төлөөлж оролцсон гэж үзвэл уг тракторыг манай байгууллага хүлээн аваад өөрөөр хэлбэл худалдагч, зээлийн харилцааны нэг тал болж худалдан авагч иргэнтэй байгуулсан байж таарах ба гэрээнд ийм зүйл тусгагдаагүй байна. Тэгээд ч гэрээгээр манай байгууллагад хүлээлгэсэн эрх үүргээр тодорхойлогдох үүрэг хүлээлгэсэн зүйл байхгүй байна. Нөгөө талаар гэрээнд худалдагч нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон ХХААЯ, түүний харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан байна, харин худалдан авагч нь Хөвсгөл аймгийн ЗДТГазар байна. Худалдан авагчийг төлөөлж гэвэл Хөвсгөл аймгийн Засаг даргаас манай байгууллагад олгосон итгэмжлэл байх ёстой бөгөөд энэ талаарх баримт байхгүй тул манай байгууллага хариуцагч бүр биш байна. Тэгээд ч манай байгууллагад гэрээний үнийг орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, орон нутгийн хөгжлийн сан болох бусад эх үүсвэрийг ашиглаж төлөх ямар ч эрх хэмжээ байхгүй билээ. /Гэрээний 1.5/
Хариуцагч нь дээр дурдсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон ХХААЯ. түүний харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан байна...гэжээ.
Гуравдагч этгээд Д.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:..Миний бие Д. Ц нь 2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Дотоод аудит, дотоод хяналт, үнэлгээ шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. 2015 онд Улсын Их хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар Аймгийн Засаг дарга Хүнс хөдөө аж ахуйн яамтай Хятад улсад үйлдвэрлэсэн бага оврын тракторыг гэрээ хийж 400 ширхэг тракторыг аймгийн 17 сумын 400 иргэнд олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед энэ тракторыг сумын Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, иргэн гэсэн гурвалсан гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийн үнэтэй 5 жилийн хугацаанд төлж барагдуулах урьдчилгаа, хүүгүй зээлээр олгосон. Энэ үед миний бие иргэдтэй тракторын гэрээ хийх ажлыг хариуцан ажилласан. Миний хариуцан ажиллах ажлын чиглэл нь сумдаас трактор авах иргэдийн захиалгыг хүлээн авч холбогдох баримт бичгийг /тухайн иргэний өргөдөл, оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, сумын Засаг даргын албан тоот, тракторыг зээлээр олгох гэрээг үндэслэн/ бүрдүүлснээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тухайн ажил хариуцсан болон жолоочид итгэмжлэл гаргасан албан тоот, трактор хүссэн иргэдийн жагсаалтын хамт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүлэн дээрх тракторуудыг олгож ажилласан. Тракторын гэрээг хийхдээ сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгаар дамжуулан хийлгэж бичиг баримтыг бүрдүүлэн ихэнх сумдад нь тухайн ажил хариуцсан мэргэжилтэн болон өөрийн сумдын болон итгэмжлэл хийгдсэн жолооч нараар дамжуулан трактор түгээж байгаа агуулахаас хүлээн авч мөн Мал эмнэлэг үржпийн тасгаар дамжуулан гэрээ хийсэн иргэнд олгож ажиллаж байсан. Мөрөн сумын иргэн Ц.Т нь манайх трактор хүлээн аваагүй гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Энэ талаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Маргаан үүсгээд байгаа тракторыг Мөрөн сумын иргэн жолооч Б.Энхтайванд /ФД67100118 регистртэй/ итгэмжлэлийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан тоотоор, нийт 11 иргэний жагсаалтын хамт Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүргүүлэн трактор олгох агуулахаас хүлээн авч жолооч Л. Доржпагамын хамт 2 машиназр ачуулсан байдаг. Иргэдэд тараахад ажилд гэрээ хийсэн сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн хариуцсан мэргэжилтнүүд, итгэмжлэгдсэн жолоочийн хамтаар зээлийн гэрээ хийсэн иргэдэд тракторын зээлийн гэрээ, трактор олгох жагсаалтыг үндэслэн олгох ажлыг зохион байгуулсан.
...Иргэн Т нь 2016 онд аймгийн сайн малчин болоход Мөрөн сумын Засаг дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд манайх трактор аваагүй гэдэг асуудлыг тавьсан гэдгийг түүний гэр бүлийн хүн сүүлд надтай уулзахдаа ярьсан байдаг. Одоо трактор олгоод 8 жил гаруй хугацаа өнгөрч нилээд хугацаа алдсан байна. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломж байсан байна. Миний хувьд дээрх ажлаасаа гарч өөр ажилд шилжсэн хойно буюу 2021 оны хавар /4, 5 дугаар сард санагдаж байна/ Т гэдэг хүний охин ирж уүлзсан. Тэр цагаас энэ асуудлыг мэдсэн. Түүнд би шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй гэдэг саналаа тавьж байсан. Трактор тараагдах үед жолооч Б.Энхтайван, Л.Д нар ирж надтай уулзаж 1 тракторыг эзэн нь ирж авахгүй байна.
Ачаагаа чөлөөлөх хэрэгтэй байна. Эзэн нь авахгүй бол өөрсдөө авах саналыг тавьж байсныг тэмдэглэн авч гэрээ хийсэн эзэнд нь олгох, уул иргэн авах боломжгүй бол Мөрөн сумын Мал эмнэлэг, үржлийн тасагтай уулзаж гэрээ байгуулан баримт бичгээ бүрдүүлж хүлээн аваарай гэсэн хариулт, зөвлөгөөг өгч байсныг санаж байна.
Дараа нь трактор тараасан тайланг лавлахаар тэмдэглэгдсэн утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэдэг хариуг өгсөн. Ингээд эзэндээ хүрсэн гэсэн ойлголт авч дахин холбогдоогүй болно...гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Т шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: 2015 онд зээлээр трактор өгч байна гэхээр нь Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Д.Ц гэж хүнд өргөдөл бичиж өгсөн. Одоо яах уу гэхэд Мөрөн сумын засаг даргаар гарын үсэг зуруулаад ир гэсэн. Тэгээд Б.Гансүх даргаар зуруулаад уг бичгээ Д.Цд буцаагаад өгсөн. Намайг зур гэж хэлээгүй. Одоо материал чинь бүрдчихлээ, та трактор ирэхийг хүлээгээд утсаа чагнаад сууж бай гэж хэлсэн. Гэтэл трактор хүрэхгүй байна, дараагийн ээлжид өгье гэж хэлсэн, тэгээд сураггүй болсон. Гэтэл хүү маань бөөрний дутагдалд ороод 2023 онд банкнаас зээл авах гэтэл муу зээлдэгчийн ангилалд орсон байсан. Үүнээс болоод банкнаас зээл авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул шүүхэд хандсан. Гэрээнд би гарын үсэг зураагүй, трактор аваагүй.Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад хариуцагчаар Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг татсан. Энэ шаардлагаа дэмжиж байна. Харин О Цийн Тийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчилт оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар “Монгол банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хөдөө аж ахуйг дэмжих санг тус тус татсан.
Үүнээс хариуцагч “Монгол банк” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хасч байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдаж, “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тул О Цийн Тийн нэр дээр зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн 5,000,000 төгрөгний трактор зээлээр авсан гэх зээлийг зээлийн мэдээллийн сангаас хасалт хийхийг “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж өгнө үү...гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Тухайн үед би мал аж ахуй хариуцдаг мэргэжилтэн байсан. Газар тариаланг н.Жаргалмаа гэж хүн хариуцаж байсан. Би Ц.Т гуайг малчин өрх гэдгээр нь мэддэг. Ц.Т гуай трактор авах гэж байна гээд манай өрөөгөөр орж ирж байсан.
Тэгэхээр нь би Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Ц гэж хүн тарааж байгаа тэнд очоод уулзаарай гэж хэлээд явуулсан. Хөвсгөл аймгийн ХХААГ дээрх асуудлыг хариуцан ажиллаж байсан. Мөрөн суманд практорыг хүлээлгэж өгөөгүй. Ц.Т гуайгаас гадна н.Уранхишиг гэдэг хүн мөн трактор аваагүй талаар ярьдаг. Энэ хүн бас муу зээлдэгчийн ангилалд орчихсон явж байгаа. Тухайн үед нь Мөрөн суманд Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас практорыг хүлээлгэж хүлээлгэж өгсөн байсан бол албан ёсоор ажлын хэсэг гаргаад хүлээлгэж өгөх байсан. Албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй.
Харин сүүлийн үед өгч байгаа зүйлийг нь ажлын хэсэг гаргаад хүлээж авч байгаа. Зээлээр олгосон тракторын асуудлыг аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, мэргэжилтэн Д.Ц иргэдтэй гэрээ байгуулан тарааж байсан. Мөрөн суманд гэрээний загвар маягт байдаггүй. Хүнс, хөдөө аж ахуйн газар гэрээний загвар маягтаа өөрсдөө гаргасан байх. Монгол банк руу муу зээлдэгчийн ангилалд оруулах мэдээлэл бид нараар дамжигдаж яваагүй, сангаас өгсөн юм билээ.
Гуравдагч этгээдийн тайлбартай холбоотой нэмж тайлбар хэлье. Гуравдагч этгээд Мөрөн суманд хүлээлгэж өгсөн гээд байх юм. Энэ бүх үйл ажиллагааг ХХААГ хариуцаж байсан. 2017 онд малын тоонд явахдаа Ц.Т гуайг трактор аваагүйг мэдсэн. Тэгээд энэ талаар ХХААГ хэлсэн, трактор аваагүй тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохыг манайх зөвшөөрч байна...гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Төлөөлөгч Б.Дын тайлбар дээр нэмж хэлэх зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна...гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай Хүнс, хөдөө аж ахуйн газар 23 сум, 1 тосгонд тасаг гэж бий. Энэ үйл ажиллагаа бол Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэрээ хийгээд гэрээнийхээ дагуу сумууддаа чиглэл өгсөн байдаг. Үүний дагуу сумдад хөнгөлөлтэй үнээр трактор олгосон. Ингэж олгохдоо хөдөө аж ахуйн газар холбогдох баримт материалыг бүрдүүлж байсан. Ямар иргэнд өгөхийг Мөрөн сум өөрсдөө хариуцаж байсан. Одоо ч гэсэн техник тоног төхөөрөмж ирэх юм бол тухайн сумдын мэргэжилтэнтэй холбогдоод өгч байгаа. Тухайн үед Мөрөн сум Хөдөө аж ахуй, мал эмнэлэг үржлийн тасаг хоорондоо уялдаа холбоотой л ажиллаж байсан. Зээлийн гэрээний биелэлтийг хангуулахаар шүүхэд бол хандаагүй.Манайх 2018 оноос хойш 400 трактор авсан хүмүүс рүү холбогдсон. Яагаад Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь орох болсон бэ гэхээр аймгийн төсвийг барьцаална гэсэн шийдвэр гарсан байсан. Үүний дагуу бүх трактор авсан хүмүүс рүүгээ холбогдсон. Утас нь холбогдохгүй, огт зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Монгол банк руу мэдээлэл өгч байсан. Шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хариуцагч “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компаний төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2023 оны 7 дугаар сарын 5-ны Монгол Улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаад Хөдөө аж ахуйн корпораци ХХК болгосон. Өнөөдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн биш Хөдөө аж ахуйн корпорацийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна.
Трактор нь БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт хөнгөлөлттэй зээлээр өгсөн трактор байгаа юм. Монгол Улсын Засгийн газар зээлээ төлөөд явж байгаа.
УИХ гишүүн Л.Энх-Амгалан хүсэлт гаргаад Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас судалгаа ирүүлээд уг хүсэлтийн үндсэн дээр Хөвсгөл аймгийн ХХААГт хүлээлгэж өгөөд цааш нь тараах ажлууд явагдсан. Гэрээг аймгийн ХХААГ байгуулж байсан тул хүчин төгөлдөр эсэхийг тус байгуулсан газар нь мэдэх байх. Одоогоор тракторыг хэн авсан нь тогтоогдоогүй байна. Хэн авсан нь тогтоогдсоны дараа шат дараатай арга хэмжээ авна. Манайх 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай гэрээг үндэслэсэн Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчийн ангилалд шилжүүлэхээр мэдээлэл нийлүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу гэрээг Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн иргэн Ц.Т нарын хооронд байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйн корпорацтай гэрээ байгуулсан.Ц.Т гэж хүний хувийн хэрэг манай дээр авлагатай гэсэн бүртгэлтэй байдаг. Үүний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ дуусгавар болсон. Гэрээний дагуу төлөлтөө хийхгүй байсан учир Монгол банкны зээлийн мэдээллийн санд гэрээг үндэслээд шивж оруулсан. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчийн ангилалд оруулахаар хүсэлтээ явуулсан. Энэ гэрээг Ц.Т байгуулсан, байгуулаагүй эсэхийг мэдэх боломжгүй нөхцөл байдал байсан. Хоёр байгууллагын хооронд гэрээ байгуулахад энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Энэ гэрээний үндсэн дээр тооцоо нийлж байсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...гэрээний биелэлтийг шаардаж байсан. Хамгийн анхны шаардлага бол Хүнс, хөдөө аж ахуйн газарт төлбөрөө шаард гэж хэлсэн. Хүнс, хөдөө аж ахуйн газартай л төлбөр мөнгөө төлүүл гэж харьцаж байсан. Холбогдох утасны дугаар луу залгадаг байсан. Ц.Т гэдэг хүн рүү ярьсан эсэхийг мэдэхгүй байна, энэ талаарх баримт байхгүй. Манай дээр байгаа гэрээг өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл хүчин төгөлдөр гэрээ гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Трактор Ц.Тийн эзэмшилд шилжсэн гэж бодож байсан. Гэрээ өөрөө хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд зээлийн мэдээллийн сангаас хасах нь зөв...гэв.
Гуравдагч этгээд Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2015 онд Хөвсгөл аймгийн засаг дарга, Хөвсгөл аймгийн ХХААГ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан УИХ гишүүн Р.Бурмаа нар Хөвсгөл аймагт хүүгүй хөнгөлөлттэй нөхцөлөөр трактор тараахаар хамтран гэрээ байгуулсан. Түүний дагуу Хөвсгөл аймгийн ХХААГт үүрэг өгөөд Хөвсгөл аймгийн Засаг дарга бидний зүгээс үүргийг биелүүлэхээр 16 суманд 420 гаруй тракторыг тараасан.
Үүнтэй холбогдоод сумдад чиглэл өгсөн. Баримт бичгийг нь сумууд бүрдүүлсэн. Гэрээ хийсэн загварууд батлагдаж сумдад олгогдсон байдаг. Тэр гэрээ нь ХХААГ, тухайн сумын засаг дарга, иргэн гэсэн 3 хүний гарын үсгээр баталгаажсан байдаг. Надаар дамжуулж гэрээ байгуулагдана гэсэн байдаг.
Сумуудад чиглэл өгсний дагуу Улаанбаатар хотоос тээвэрлэлт хийж сумандаа авч ирж, гэрээ байгуулсан иргэддээ болгож байсан. Гэрээ байгуулснаас бусад иргэдэд олгогдоогүй. 2015 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Төмөрбаатараар итгэмжлэл хийлгээд Б.Энхтайван гэдэг хүн Улаанбаатар хотоос 11 трактор авч ирсэн. Б.Энхтайван тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тракторуудыг хүлээж авсан. Тэнд 3 сумын трактор байсан. Тариалан сумаас эхэлж чиглэл, чиглэлээр трактороо буулгаад явсан.
Манай Мөрөн суманд 5 трактор хуваарилагдсан байсан. Миний тухайд гэрээ байгуулсан хүн нь трактороо авна гэсэн чиглэлийг барьж ажилласан. Сумууд хүн хүчээ гаргаад Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас очиж трактороо авч байсан. Тээврийн хөлс гэж нэг тракторыг 200.000-300.000 төгрөгөөр ачиж байсан. Зарим хүмүүс нь тээврийн хөлсөө төлөхгүй татгалзаж байсан иргэд байсан. Бага сага эвдрэл гэмтэлтэй байх юм бол иргэд авахаас татгалзаад, өөр хүн авч байгаа бол орж ирж гэрээгээ засуулаад явж байсан. Мөрөн сумын хувьд 16 иргэн трактор авсан. Тэрний дотор Ц.Т гуайн нэр байсан. Би трактор тараалтад оролцоогүй.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн явуулсан тракторыг “ийм, ийм хүн хүлээж авна шүү” гэж жолоочдоо нэрсийг нь бичээд өгөөд явуулсан. Үүнээс хойш би Ц.Т гуайг трактороо авсан гэсэн ойлголттой явж байсан.
Мөрөн сумаар дамжсан. Б.Д буруу яриад байх шиг байна.
Б.Энхтайван 11 трактор ачиж ирсэн. Тариалан сумаас эхэлж буулгаад Төмөрбулаг сумын тракторыг Мөрөн суманд буулгасан. Тухайн үед бидний баримталж байсан зарчим бол тухайн бүрд тасагт нь мэдэгдэж байсан. Бүх сумууд хүлээж авч байсан.
Бүх сумууд гэрээг нь шалгаж үзээд хүлээж авч байсан. Б.Энхтайван надад “би машинаа чөлөөлмөөр байна, нэг трактор үлдчихлээ, үүнийг эзэн нь авахгүй юм бол би өөрөө авбал яасан юм бэ” гэхээр нь “хүлээлгэж өгсөн цуваагаа аваад ир, хэрэв эзэн нь авахгүй, чи өөрөө авахаар бол Мөрөн сумтай гэрээ байгуулаад аваарай” гэдэг шаардлага тухайд үед тавиад явуулсан. Ийм зүйл болсон. Би тод санаж байна.
Иргэн эхлээд сумын засаг дарга, тамгын газартаа өргөдөл өгч, өргөдлийг нь засаг дарга цохолт хийгээд материалыг нь бүрдүүлээд манайд явуулж байсан. Би гэрээг нь бүртгэж аваад сум сум руу нь мэдэгдэн ажиллаж байсан. Гэрээгээ байгуулаад Тариалан эрхлэлтийг дэмжих санд бид бичиг явуулж байсан. Түүнээс трактор авсныхаа дараа гэрээ байгуулаагүй. Эхлээд гэрээгээ хийгээд ийм, ийм баримт бүрдүүллээ гээд Тариалан эрхлэлтийг дэмжих сан руу явуулж, түүний дараа трактор ирж байсан...гэв.
Прокурорын дүгнэлт, санал: Иргэн Ц.Тийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. Учир нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээнд заасан бага оврын дугуйт тракторыг нэхэмжлэгч Ц.Тт олгосон талаар нотолж чадаагүйн дээр, дээрх гэрээнд иргэн Ц.Т гарын үсэг зураагүй байгаа нь зээлээр худалдах худалдан авах гэрээний хуулиар тогтоосон хэлбэрийг хангаагүй байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийхийг хуульчилсан байх ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бичгээр хийж буй хэлцэлд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөрт тооцохоор хуульчилсан тул 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас муу зээлдэгчийн ангиллаас хасуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөө аж ахуйн корпораци ХХК-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8 "мэдээлэл нийлүүлэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг; мөн хуулийн 17.3.Мэдээлэл нийлүүлэгч цахим болон бичгийн хэлбэрээр, зөвшөөрөгдсөн компьютерийн программ хангамжийг ашиглан мэдээлэл өгөх, авах гэрээний дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд зээлийн мэдээлэл нийлүүлнэ гэж заасан байх тул Хөдөө аж ахуйн корпорац-д даалгах нь зүйтэй байна...гэжээ.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 2 хуудас, Ц.Тийн иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, №17 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар 02 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэл 01 хуудас, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар 3 хуудас, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №236701001790 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа 01 хуудас, Монгол Банк Монгол Улсын төв банк гэх гар бичмэл 01 хуудас, Эмнэлгээс гарах үеийн дүгнэлт 02 хуудас зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01/167 дугаартай албан бичиг 01 хуудас, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаартай Захирамж 01 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/209 дугаартай албан бичиг 01 хуудас, Бага оврын трактор зээлээр худалдах иргэдийн жагсаалтын хуулбар 01 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01/290 дугаартай албан бичиг 01 хуудас зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Я.Эрхэмбаярыг албан тушаалд томилох тухай Б/54 дугаартай захирамж 01 хуудас, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/138 дугаартай албан бичиг 01 хуудас, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/165 дугаартай албан бичиг 01 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14/122 дугаартай албан бичгийн хуулбар хувь 01 хуудас, Ц.Тийн иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар 02 хуудас, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/175 дугаартай албан бичиг 01 хуудас, №17 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрэний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 02 хуудас, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаярын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/248 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, 02 хуудас, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/340 дугаартай албан бичиг 01 хуудас, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/513 дугаартай албан бичиг 01 хуудас, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/542 дугаартай албан бичиг 01 хуудас зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч Хөдөө аж ахуйн корпораци ХХК-аас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 01 хуудас, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №02 дугаартай Тогтоолын эх хувь 01 хуудас, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1/27 дугаартай Итгэмжлэл 01 хуудас, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №269 дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай Тогтоол 01 хуудас, шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг,
Прокуророос 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн тайлбар 02 хуудас хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнгөнчимэгийн хүсэлтээр Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбар-аас РЛ68071312 регистрийн дугаартай, Цийн Тийн зээлийн мэдээллийн ямар ангилалд байгаа талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Ц.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн хүсэлтээр Монгол банкаас Ц.Тийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгэгдсэн талаар баримт, лавлагаа зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Монгол банк, хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хүсэлтээр прокурор болон гуравдагч этгээдээр Д.Цг оролцуулсан.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ц.Т нь “Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Ц.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, РЛ68071312 регистрын дугаартай, О Цийн Тийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчилт оруулахыг Монгол банкин даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Монгол банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Хөдөө аж ахуйг дэмжих санг нэмж хариуцагчаар татан оролцуулсан.
А.Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга, Ц.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухай:
Нэхэмжлэгч нь...тус шаардлагад хариуцагчаар Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг татсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд би гарын үсэг зураагүй, трактор аваагүй тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан ба хариуцагч маргаагүй.
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр №01 тоот нэг бүр нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FТ-250 маркийн бага оврийн 200 ширхэг тракторыг урьдчилгаа төлөхгүйгээр шилжүүлэн авч, үнэ болох 1000000,0 / нэг тэрбум / төгрөгийг 4 жилийн хугацаанд 4 хуваан төлөхөөр,
2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр №11 тоот, нэг бүр нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FТ-250 маркийн бага оврийн 200 ширхэг тракторыг урьдчилгаа төлөхгүйгээр шилжүүлэн авч, үнэ болох 1000000,0 /нэг тэрбум / төгрөгийг 4 жилийн хугацаанд 4 хуваан төлөхөөр тус тус гэрээ байгуулсан байх ба дээрх гэрээний үндсэн дээр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга болон Ц.Т нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн гэрээг байгуулжээ.
Уг гэрээгээр “...БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг бүр нь 5,000,000 /таван сая/ төгрөгний үнэ бүхий анжисны иж бүрдэлтэй FT-250 маркийн бага оврын дугуйт трактор зээлээр худалдах ба худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө тракторыг шилжүүлэх, худалдан авагч нь тракторын үнийг 4 жилийн хугацаанд 4 хуваан хэсэгчлэн төлөх үүргийг хүлээхээр...” тохиролцсон бөгөөд гэрээнд Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрыг төлөөлж, газрын дарга Б.Галбадрах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргыг төлөөлж, сумын засаг дарга Ц.Гансүх нар гарын үсэг зурсан, Ц.Т гарын үсэг зураагүй байна.
Иргэний хуулийн хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл боловч уг гэрээгээр худалдан авагч тал үнийг төлөхөөс өмнө худалдагч тал эд хөрөнгийг шилжүүлэхээр, худалдан авагч нь авч буй эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлөхөөр, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцож хийгддэг, ингэхдээ үнийг нэг дор биш тодорхой хугацааны дотор төлөх тул нэмж хүү төлөхөөр талууд тохирох, ингэж тохиролцсоноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь шууд төлөх /анх авах/ үеийн үнээс нэмэгдсэн байдгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай.
Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны дараа бүрэн төлөхөөр, эсхүл тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцож болох бөгөөд үнийг дараа, эсхүл хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн анхны үнэ нэмэгддэггүй. Харин зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцлийн нэг нь төлбөл зохих хүүгийн хэмжээ байдаг ба зээлээр худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр хийдэг.
Энэ тухай Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан.
2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээ зохигчид “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэж, эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны турш хэсэгчлэн төлөхөөр зааж, худалдан авагч нь зээлийн хуваарьт төлбөрийг төлөхгүй 3 сарын хугацаа хэтэрвэл зээлдүүлэгч нь нэмэлт хугацаа өгч, нэмэлт хугацаанд үр дүн гараагүй бол гэрээг цуцлаж, гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.1 хувиар хоног тутамд алданги тооцох нөхцлийг тусгасан нь зээлээр худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулж байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл буюу баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцож, гэрээ хүчин төгөлдөр болно хэмээн хууьчилсан.
Гэтэл талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээнд гэрээний нэг тал болох Ц.Т нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FТ-250 маркийн бага оврийн тракторыг худалдан авахаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй буюу гарын үсэг зураагүй болох нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.Т болон хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал дээрх гэрээнд талууд баталгаажуулан гарын үсэг зураагүй, хуулийн шаардлага хангаагүй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Ц.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн худалдагч тал болох Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга нар нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, эд хөрөнгийг худалдан авагч талд хүлээлгэн өгөөгүй үйл баримт хэрэгт тогтоогдсон ба зээлээр худалдах, худалдан авах гэрээний талууд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зохицуулсан.
Гэвч хуулийн дээрх зохицуулалт нь хүчин төгөлдөр гэрээнд үйлчилдэг болно.
Б.О Цийн Тийн нэрийг зээлийн мэдээллийн муу ангилалаас хэвийн ангилал болгон зээлийн мэдээлэлд өөрчилт оруулахыг Монгол банкинд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.Т нь дээрх шаардлагад “Монгол банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хөдөө аж ахуйг дэмжих санг тус тус хариуцагчаар татсан.
Харин хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд тэрээр...“Монгол банк” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хариуцагчаас хасч, Хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдаж, “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тул О Цийн Тийн нэр дээр зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн 5,000,000 төгрөгний трактор зээлээр авсан гэх зээлийг зээлийн мэдээллийн сангаас хасалт хийхийг “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж өгнө үү...хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хариуцагч “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компаний төлөөлөгч С.Б...Манай дээр байгаа гэрээг өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл хүчин төгөлдөр гэрээ гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Трактор Ц.Тийн эзэмшилд шилжсэн гэж бодож байсан. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд зээлийн мэдээллийн сангаас Ц.Ттэй холбоотой мэдээллийг хасахад татгалзахгүй...гэв.
Монгол улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж тус сангийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлжээ.Дээрх үйл баримтанд талууд маргаагүй.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д ”Мэдээлэл нийлүүлэгч” гэж зээлийн эдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг хэлнэ гэжээ.
Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгч Ц.Тийн Хөдөө аж ауйг дэмжих сангаас 5,000,000 төгрөгийн трактор авсан талаарх мэдээллийг оруулсан мэдээлэл нийлүүлэгч нь Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу одоогийн нэршлээр “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болох нь Зээлийн мэдээллийн системийн лавлагаа, зохигчийн тайлбар, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдлоо.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 22 дугаар зүйлийн 22.1.2-д мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой тодорхой эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ, зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч этгээдээс шаардахаар хуульчилсан тул нэхэмжлэгч Ц.Т нь шаардах эрхтэй байна.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1-ийн 4.1.1 дэх хэсэгт зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг, мөн зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зээлдэгч гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан ба Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Ц.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Ц.Т нь хууль, гэрээгээр хүлээсэн зээлгүй гэж үзнэ.
Иймд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5,000,000 төгрөгний трактор зээлээр авсан гэх Ц.Тийн зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасалт хийхийг “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгав.
4. Прокурор Л.Л нь шүүх хуралдаанд...хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Ц.Тийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөө аж ауйг дэмжих сангаас трактор зээлээр авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасалт хийлгэхийг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах нь зүйтэй...гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирч ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Ц.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож,
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан О Цийн Тийн нэр дээр зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн 5,000,000 төгрөгний трактор зээлээр авсан гэх зээлийг зээлийн мэдээллийн сангаас хасалт хийхийг “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, “Хөдөө аж ахуйн корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нийт 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ