Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00531

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00531

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, С.С

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багт оршин суух, Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах Д.Дгийн Д.Агийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлүүлэх тухай 155/2022/00347/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.С.С, түүний өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С.С нь Д.Д.Ад холбогдуулан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах Д.Дгийн Д.Агийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.С.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Сум бандийн хуурай гэх манай өвөг дээдсийн минь өвөлжөө байгаа юм. Тэрийг би эзэмших эрхтэй. Өвөлжөөний гэрээ, гэрчилгээ бүх зүйл нь надад байгаа. Би өөрөө төвд алба хашиж байсан. 2015 онд тэтгэвэртээ гарч өөрийнхөө өвөлжөө нутгийг чөлөөлүүлж өөрөө эзэмших хүсэлттэй байгаа. Гэтэл хариуцагч Д.Дгийн Д.А гэдэг хүн очиж буучихаад өвөлжөөг минь чөлөөлж өгөхгүй би худалдаж авсан гээд хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа. 2001 онд манай аав нас барснаас хойш 2012 он хүртэл тэр өвөлжөө нийтийн шахуу дуртай нэг нь буудаг байсан. 2012 онд Д.Дгийн Д.А нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Засаг дарга болж миний өвөлжөөг нурааж дээр нь хашаа барьж миний өвөлжөөг сэлбээд нутаглаж эхэлсэн. 22 жил нутагласан юм байхгүй. Одоо 10 жил л нутаглаж байгаа. Тэр хугацаанд өвөлжөө өтгийн татвар төлсөн зүйл байхгүй. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах Д.Дгийн Д.Агийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна.

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай захирамж, 210603070 нэгж талбарын дугаартай 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ байгаа....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...С.Сгийн аав Сандагжаваас би 2000 онд уг өвөлжөөг худалдаж авсан. ...15 хонь, 1 сувиа үнээ, 100,000 төгрөгөөр бэлнээр өгч худалдаж авсан. 15 хонийг нь хадам дүү н.Оюунбаатар нь идэш дөхүүлээд явган ирж туугаад явсан. 1 үнээг нь С.С.С өөрөө хүрч ирээд авсан. 100,000 төгрөгийг С.С.Сд өгсөн.

Газрын даамал С.Д.А гэдгийг Д.Д.А болгож бичсэн байсан. Манай багийн иргэдийн хурлаар С.С.С, С.Самбаллүндэв, Д.Д.А, С.Ганзориг гэсэн 4 хүний нэр батлагдсан байгаа. ...С.Д.А гэдэг хүний хувьд нэхэмжлэгчийн охин тамгын газрын бичиг хэрэгт олон жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа багаас ирсэн бичгийг санаатайгаар Д.Д.А гэж бичихийг С.Д.А болгож, С.Самбаллхүндэв гэсэн нэрний С.Д.А гэж бичээд манай хүү Д.Д.Аг гэрчилгээнээс нь хассан байгаа юм. Би С.С.С болон С.Д.А нарыг тэнд байхыг хориглоогүй. Д.Д.Агийн 1 том хашаа, 10 гаруй байр, нарлах, өвсний хашаа байгаа. Хүний өвөлжөө авсан хүн хуучин буурин дээр нь хашаа барихгүй шүү дээ. Хажуу талд нь 20, 30 метр зайлуулж барьсан.

Тэр өвөлжөөг зайлуулах боломжгүй тохижуулсан, хадлангаа хүртэл авдаг. Би эд нарыг ирээд байхыг үгүйсгээгүй. Эднийх цөөхөн малтай, манай хүүгийнх нь цөөн малтай. Эдний өвөлжөөний шороо сул байгаа. Эднийх ирээд буух газар байгаа....гэв.

 

Нэхэмжлэгч С.С.Сгээс Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/183 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын газрын даамал Ч.Содномцэрэнгийн 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмших, бэлчээрийн газрыг хот айлаар дундаа хамтран ашиглах зөвшөөрөл олгох тухай захирамжийн хуулбар, хавсралт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Малчид, хот айлуудад өвөлжөөний доорхи газрыг эзэмшүүлэх, түүний бэлчээрийн газрыг хуваарьтай ашиглуулах гэрээний хуулбар, 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Өндөрийнхөн Сандагжавын С.Сд олгосон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээний хуулбар, Сандагжавын С.С нэртэй кадастрын зураг, Хөвсгөл аймаг Жаргалант сумын 3-р багийн Агийн баруун эхний Сум бандий хуурай гэх бичвэртэй гарын үсэг бүхий тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын түүх II Өндөрийнхөнхий удам угсаа гэх бичвэртэй баримтын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШЗ2021/04049 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Самбаллхүндэвийн Д.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2020/01281 дугаартай шийдвэр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22671901000185 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22671901003919 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, С.Д.Агийн гэрчээр асуулгах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Д.А (хх-ийн 81-84 дүгээр тал)-гийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 Хариуцагч Д.Д.Агөөс хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2020/01281 дугаартай шийдвэрийн хуулбар, 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3-р багийн иргэдийн өвөлжөөний хил нутгийн заагийн ялгаа гэх бичвэртэй баримтын хуулбарууд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаартай гэрч асуулгах, үзлэг хийлгэх тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Ч.Банзрагч (55-57)-ийн мэдүүлэг, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, Дэмбэрэлийн Д.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын газрын даамал Ж.Д.Агийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШЗ2020/02231 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Ж.Ганхуягийн тодорхойлолтын хуулбар, Ч.Банзрагчийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тайлбарын хуулбар, Хөвсгөл аймгийн сум сум дундын шүүхэд тодорхойлолт гаргах нь гэх бичвэртэй баримтын хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тодохойлолт гэх бичвэртэй баримтын хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн О.Эрдэнийн тодорхойлолтын хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Д.Амарбаясгалангийн тодорхойлолтын хуулбар (хх-ийн 31-38 дугаар тал) шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар 5000 м.кв талбай бүхий газрыг С.Ганзориг, С.Д.А нарын хамтаар эзэмшихээр газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ гаргуулж авсан. Уг газраа эзэмших гэтэл Д.Д.А өвөлжөөний хашаа барьсан. Уг газрыг чөлөөлж өгөхгүй байна гэж тайлбарлав.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах Д.Дгийн Д.Агийн барьсан өвөлжөөний хашааны газрыг 2000 онд нэхэмжлэгчийн аав н.Сандагжаваас 15 хонь, 1 сувиа үнээ, 100,000 төгрөгөө бэлнээр өгч худалдаж авсан. Дахин худалдан авах боломжгүй. 2009 онд уг өвөлжөөний газрыг С.С.С, С.Ганзориг, Д.Дгийн Д.А нар хамтран эзэмшихээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаас шийдвэрлэсэн. Гэтэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 74 дугаартай захирамжийг гаргахдаа Д.Д.Агийн овгийн эхний үсгийг С болгон хуурамчаар С.Д.А болгож өөрчилсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч С.С.С нь Д.Д.Ад холбогдуулан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт гэх газрын Сум бандийн хуурай гэх өвөлжөөний газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах Д.Дгийн Д.Агийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлүүлэх тухай гэж тодруулав.

Нэхэмжлэгч С.С.С, иргэн С.Д.А, нас барагч С.Ганзориг нар нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Сум бандийн хуурай гэх газар байршилтай, 210603070 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, ахуйн зориулалтай газрын эзэмшигч мөн болох нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмших, бэлчээрийн газрыг хот айлаар дундаа хамтран ашиглах зөвшөөрөл олгох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг захирамжийн хавсралт, 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Малчид, хот айлуудад өвөлжөөний доорхи газрыг эзэмшүүлэх, түүний бэлчээрийн газрыг хуваарьтай ашиглуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 210603070 нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

Дээрх газар дээр давхцуулан нэхэмжлэгч С.С.С, иргэн С.Д.А, нас барагч С.Ганзориг нараас өөр хүнд эзэмшүүлж, нутаглуулахаар шилжилт хөдөлгөөн хийгээгүй болох нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/183 дугаартай албан бичгээр тогтоогдов.

Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах Д.Дгийн Д.Агийн өвөлжөөний хашаа нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцаж байгаа болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.Дгийн ...Хүний өвөлжөө авсан хүн хуучин буурин дээр нь хашаа барихгүй шүү дээ. Хажуу талд нь 20, 30 метр зайлуулж барьсан. гэх, нэхэмжлэгчийн ...Хуучин бууриас нь 30 метр хашааг нь зайлуулж барьсан байгаа. Бүтэн давхцаж байгаа... гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.С.С нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Сум бандийн хуурай гэх газар байршилтай, 210603070 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, газрын хууль ёсны эзэмшигч байх бөгөөд хариуцагч Д.Д.А нь уг газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох дээрх тайлбараар тогтоогдож байх тул С.С.С нь өөрийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр бусад эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

Хамтран эзэмшигч С.Ганзориг нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22671901000185 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасны дагуу тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болсныг дурдав.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 1 том хашаа, 10 гаруй байр, нарлах, өвсний хашаа байрлаж байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байхад хариуцагч Д.Д.А нь бусдын эзэмшлийн газарт өвөлжөөний хашаа барьж эзэмшиж ашиглан хууль зөрчсөн байна. 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2000 онд нэхэмжлэгчийн аав н.Сандагжаваас 15 хонь, 1 сувиа үнээ, 100,000 төгрөгөө бэлнээр өгч худалдаж авсан гэж маргах боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн тэрээр 2009 онд уг өвөлжөөний газрыг С.С.С, С.Ганзориг, Д.Дгийн Д.А нар хамтран эзэмшихээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаас шийдвэрлэсэн. Гэтэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 74 дугаартай захирамжийг гаргахдаа Д.Д.Агийн овгийн эхний үсгийг С болгон хуурамчаар өөрчилж С.Д.А болгосон гэж маргах боловч энэ талаар эрх бүхий албан тушаалтан, шүүхэд хандаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдов.

Түүнчлэн хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан Жаргалант сумын Газрын даамал Ж.Д.Агийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тодорхойлсон тодорхойлолт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул үнэлээгүй болно.

Иймээс Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмших, бэлчээрийн газрыг хот айлаар дундаа хамтран ашиглах зөвшөөрөл олгох тухай захирамж, 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 210603070 нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг нь хүчинтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах Д.Дгийн Д.Агийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.С.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д.Агөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С.Сд олгох нь зүйтэй.

Хавтаст хэргийн 44-45, 101-106 дугаар хуудсанд авагдсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах Д.Дгийн Д.Агийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.С.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д.Агөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ