| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2022/00666/И |
| Дугаар | 155/ШШ2022/00783 |
| Огноо | 2022-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2022/00783
| 2022 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2022/00783 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Жи Би плаза төвийн 501 тоотод байрлах, ИХХК (....)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 42 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, С.Э
Нэхэмжлэлийн шаардлага: 1,418,712 (нэг сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун арван хоёр) төгрөг гаргуулах тухай 155/2022/00666/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О
Хариуцагч С.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Т
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Онь С.Эт холбогдуулан 1,418,712 (нэг сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун арван хоёр) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Онь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ИХХК-иас 1,526,500 төгрөгийн үнэ бүхий 2 монетан ээмэг, 2 монетан бөгж зэргийг авч урьдчилгаа 500,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,026,500 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлд 526,500 төгрөг, зээлийн хүүнд 339,000 төгрөг, алдангид 60,000 төгрөг, нийт 925,500 төгрөгийг төлсөн. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч нь шүүхэд ханд гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцоолол хийсэн. Иймд зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 304,848 төгрөг, алданги 250,000 төгрөг, нийт 1,418,712 төгрөгийг С.Эээс гаргуулна. Алданги 250,000 төгрөг юм. Нэхэмжлэлд бичихдээ алдангийг 250,300 төгрөг гэж андуурч бичсэн байна. Мөн он сарын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гээд андуурч бичсэн. Энэ бол 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр юм. Энэ талаар нэхэмжлэлд андуурч бичигдсэн байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын нийт дүнд өөрчлөлт орохгүй байгаа. Нийт 1,418,712 төгрөгийг гаргуулна. Үндсэн зээлийн 500,000 төгрөгийн 4 хувь нь 20,000 төгрөг болж байгаа. 20,000 төгрөгөө жилийн 12 сардаа үржүүлээд, 365 хоногт хуваахад нэг хоногийн хүү 657 төгрөг гарч байгаа. Үүнийгээ 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал буюу 1018 хоногт үржүүлэхэд зээлийн хүү 668,712 төгрөг гарч байгаа....гэв.
Хариуцагч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2 жилийн өмнө 2 монетан ээмэг, 2 монетан бөгж худалдаж авахдаа төлбөрийг бүрэн төлж чадахгүй байсан учраас буцаагаад өгсөн. Би ажилгүй болсон гээд өгөх зүйл надад алга байна гэж хэлсэн. Т.Онь намайг үйлдвэр дээр ажиллаж байхад хотоос ирсэн гээд хүмүүстэй хамт ирэхэд нь одоо намайг шүүхэд өг, үүнээс илүү төлж чадахгүй, манайх яаж амьдарч байгааг очоод судлаарай, би үйлдвэр дээр яаж ажиллаж байгааг хар гэж хэлсэн. Одоо би үндсэн зээл 500,000 төгрөгийг төлнө.
Би аль эрт шүүхэд өг гэж хэлсэн. Тэр үед намайг шүүхэд өгсөн бол зээлийн хүү, алданги ингэж нэмэгдэхгүй байсан. Хамгийн гол нь хугацаа алдаж ийм их хүү алдангийн төлбөрт оруулаад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....гэв.
Нэхэмжлэгч ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О №000209223 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ИХХК-ийн ерөнхий захирал О.Нансалмаагийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 417 дугаартай итгэмжлэл, 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Пүрэвсүрэнгийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 46/4-1728 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
С.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ИХХК-иас 1,526,500 төгрөгийн үнэ бүхий 2 монетан ээмэг, 2 монетан бөгж зэргийг авч урьдчилгаа 500,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,026,500 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлд 526,500 төгрөг, зээлийн хүүнд 339,000 төгрөг, алдангид 60,000 төгрөг, нийт 925,500 төгрөгийг төлсөн. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч нь шүүхэд ханд гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцоолол хийсэн. Иймд зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 304,848 төгрөг, алданги 250,000 төгрөг, нийт 1,418,712 төгрөгийг С.Эээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагч С.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2 ширхэг монетан ээмэг, 2 ширхэг монетан бөгжийг урьдчилгаа 500,000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөр болох 1,026,500 төгрөгт нь сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай гэрээ байгуулж, ээмэг, бөгж авсан. 925,500 төгрөгийг төлөлт хийсэнтэй маргахгүй. Ажил муудаж, корона вирус гарсны улмаас төлөх чадваргүй болсон. Төвөөс удирдлагууд нь ирээд уулзахад төлөх боломжгүй, шүүхэд ханд гэж хэлсэн.
Би аль эрт шүүхэд өг гэж хэлсэн. Тэр үед намайг шүүхэд өгсөн бол зээлийн хүү, алданги ингэж нэмэгдэхгүй байсан. Зээл 500,000 төгрөгийг төлнө. Зээлийн хүү, алдангийг төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
ИХХК нь хариуцагч С.Эт холбогдуулан 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ИХХК-иас 1,526,500 төгрөгийн үнэ бүхий 2 монетан ээмэг, 2 монетан бөгж зэргийг авч, урьдчилгаа 500,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,026,500 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 668,712 төгрөг, алданги 250,000 төгрөг, нийт 1,418,712 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч ИХХК нь хариуцагч С.Эт 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 1,526,500 төгрөгийн үнэ бүхий 2 монетан ээмэг, 2 монетан бөгж зэргийг худалдаж, хариуцагч С.Э нь урьдчилгаанд 500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 1,026,500 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд хэлбэрийн хувьд 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ /Үнэт эдлэлийн лизинг/-г байгуулсан байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас авч үзвэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Онь үндсэн зээлд 526,500 төгрөг, зээлийн хүүнд 339,000 төгрөг, алдангид 60,000 төгрөг, нийт 925,500 төгрөгийг төлсөн. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч нь шүүхэд ханд гэж хэлсэн. Зээлийн хүүгийн тооцоололоор 1 хоногийн хүү 657 төгрөгөөр тооцсон гэж тайлбарласан бөгөөд хариуцагч С.Э нь энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч ИХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээл, зээлийн хүү, алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дууссан талаар талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээлд 148,150 төгрөгийн эргэн төлөлт хийж, улмаар хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийг төлөх боломжгүй, шүүхэд хандах талаар мэдэгдсэн болох нь тогтоогдлоо.
Нэхэмжлэгч ИХХК нь хариуцагч зээлийг төлөх боломжгүй, шүүхэд хандах талаар мэдэгдсэн байхад 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гэрээний үүргийн биелэлтийг шаардах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хариуцагчийн зээлийг төлөх боломжгүй, шүүхэд ханд гэж тайлбарласан өдрөөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцоход 464 хоногоор зээлийн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Онь 2021 оны 4 дүгээр сард хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гээд буцаасан гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Зээлийн хүүгийн тооцоололын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Үндсэн зээлийн 500,000 төгрөгийн 4 хувь нь 20,000 төгрөг болж байгаа. 20,000 төгрөгөө жилийн 12 сардаа үржүүлээд, 365 хоногт хуваахад нэг хоногийн хүү 657 төгрөг гарч байгаа гэх тайлбараар тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч С.Эээс зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 304,848 төгрөг, алданги 250,000 төгрөг, нийт 1,054,848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 363,864 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ИХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,649 (гучин долоон мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эээс 1,054,848 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29,867 (хорин есөн мянга найман зуун жаран долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч С.Эээс зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 304,848 төгрөг, алданги 250,000 төгрөг, нийт 1,054,848 (нэг сая тавин дөрвөн мянга найман зуун дөчин найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 363,864 (гурван зуун жаран гурван мянга найман зуун жаран дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ИХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,649 (гучин долоон мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эээс улсын тэмдэгтийн хураамж 29,867 (хорин есөн мянга найман зуун жаран долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ