Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2023/01103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү  даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 01 дүгээр багт оршин суух, Ч Мгийн П,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сум, 5 дугаар баг, Г И цэцэрлэгийн байранд байрлах, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 4,582,174 (дөрвөн сая таван зуун наян хоёр мянга нэг зуун далан дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.П, түүний өмгөөлөгч Т.Д

Хариуцагч байгууллагын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч: Ч.Д,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгт 2008 оноос эхлэн нярав, туслах багшаар нийт 15 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажилдаа алдаа дутагдал гаргалгүй, удирдлагаас өгсөн даалгаврыг цаг тухайд нь нэр төртэй биелүүлэн ажиллаж өнөөдрийг хүрсэн. Манай сумын Цэцэрлэгийн ажилтнуудын зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж бид амарсан. Ингээд амарч байх хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баярын дараах ажлын өдрөөс гэнэт миний чатад зурвас ирсэн байхаар нь үзсэн чинь цэцэрлэгийн эрхлэгч Ч.Дгаас намайг ажлаас халсан цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн М.Пг ажпаас чөлөөлөх тухай Б/19 тоот тушаалын хуулбарыг над руу явуулсан байсан. Ингээд би гайхаад эрхлэгч рүү ямар нэгэн байдлаар холбогдоогүй, харин энэ тушаалыг зөвшөөрөхгүй байсан тул 2023 оны 7 дугаар сарын 27-28-ны үед аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандан гомдол гаргасан боловч уг хорооны ажилтан миний өргөдлийг хүлээн авсан боловч бүрэлдэхүүн байхгүй байна гэж хүлээлгэж хариу өгөхгүйгээр утас нь холбогдохгүй өнөөдрийг хүрсэн тул арга буюу шүүхэд хандаж байна. Би тушаалд дурдсанаар архи уугаад ажил таслаад байдаг, эсхүл ажлын байранд согтуу ирж байсан удаагүй билээ. Би сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тасралтгүй 15 жил ажиллах хугацаанд алдаа дутагдал гаргаж байгаагүй, 2022 оны 11 дүгээр сард энэ Д гэх эмэгтэй эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх болсноос хойш ажилчдын дунд таарамжгүй байдлыг бий болгож, хамт олныг 3 хэсэг болгон хагалан бутаргаж, ажилчдын дунд бие биендээ итгэх итгэл алдарч ажилчдын дунд ховын чанартай юм ярьж ажилчдыг хална гэж айлган сүрдүүлэх болсон. Ингээд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мянгатын найранд очоод, өглөө ирээд гэртээ унтчихсан байсан чинь манайд ирсэн байсан. Тэр өдөр би хамт ажилладаг багш руугаа яриад очиж чадахгүй нь гэдгээ хэлсэн байсан. Тэгээд маргааш нь ажилдаа очиход надад ажил тасалсан учраас санууллаа гэхэд нь би буруугаа хүлээж чимээгүй өнгөрөөсөн.

Түүний дараа 4 дүгээр сарын 18-ны өдөр эмч нарын баярын өдөр бид байгууллагынхаа эмчид баяр хүргэж бэлэг өгөөд ажил тарж нэг ажилтныдаа /Бгийнд/ очиж орой хэсэг суусан. Тэгэхдээ манайхан "тогоочийг чи өмнөх эрхлэгчдээ гаргадаггүй халамжаа энэ эрхлэгчид гаргаж өрөөнд нь хоол зөөсөн гэх асуудал яригдаж маргасан. Тэгээд өглөө ажилдаа ирэхэд эрхлэгч намайг дуудаж, Саруул тогооч эрхлэгчид элдэв зүйл ховлосон бололтой, та нар миний нэрийг хавчуулж хов ярилаа гэж хэрүүл маргаан үүсгэж, шөнөжин архи уусан юм чинь цагдаа дуудаж та нарын согтуурлын зэргийг тогтоолгоно гэж элдэв дарамт үзүүлсэн.

Тушаалд дурдсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр давтан архи ууж ажил тасалж гэсэнд тайлбар хэлэхэд энэ өдөр буюу 5 дугаар сарын 22-23-нд шилжин шөнө манай хүүхэд шөнөжин халуурч бөөлжиж хоносон тул би өглөө эрхлэгч рүү утасдаж чөлөө гуйхад тэг тэг гэж чөлөө өгсөн. Тэгээд би шөнө нойргүй хоносон тул охиныхоо хажуугаар ороод унтчихсан байсан хойгуур манай цэцэрлэгийн тогооч манай гэрт ирж намайг унтаж байхад миний зургийг дараад явсан байсан.Энэ үед манай хашаанд манай нөхөр хүмүүстэй нийлж архи ууцгааж байсан байдаг юм. Гэтэл тогооч очиж намайг архи уугаад ажлаа таслаад гэртээ унтаж байна гэж очиж хэлсэн бололтой. Тэгээд энэ асуудалд надад арга хэмжээ авсан гэж өмнө ер яриагүй мөртлөө одоо халах тушаалд намайг архи уусан мэтээр дурдсанд гомдолтой байна. Цэцэрлэгийн туслах багш бол бага насны хүүхдүүдийг эцэг эхийнх нь оронд эцэг эх нь байх тэднийг хооллох, ундлах, харах, асрах бүх л үүрэг хариуцлагыг хүлээдэг туйлын хариуцлагатай ажил, тиймээс би энэ ажил үүргээ мэдэж байгаагийн хувьд хариуцлагатай байхыг хичээдэг. Гэтэл шинэ эрхлэгч маань томилогдсон цаг үеэс эхлэн багш ажилчдын хооронд элдэв маргаан үүсгэн үл итгэх байдал бий болгож байгаад гомдолтой байна. Цэцэрлэгийн эрхлэгч намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа надад өмнө энэ талаар огт мэдэгдэлгүйгээр ээлжийн амралттай байх үед гэнэтхэн л архи уусан, намайг төрийн жинхэнэ албан хаагч биш, үйлчилгээний ажилтан байхад Төрийн албаны хуулиар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тиймээс би цэцэрлэгийн туслах багшийн ажлын байранд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй байна. Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 241 тушаалаар цалин нэмэгдэж туслах багшийн цалин 1,100,000 төгрөг болж нэмэгдсэн тул 2023 оны 7, 8 дугаар сарын цалинг нэмэгдсэн хэмжээгээр нэхэмжилж байна. Иймд намайг Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 2,147,619 (хоёр сая нэг зуун дөчин долоон мянга зургаан зуун арван естөгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын хүүхдийн цэцэрлэгт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр тушаалтай томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд хамт олноосоо болон, ажлын онцлогоос хамаарч маш их зүйлийг сурч, мэдэж, суралцсаар ирэв. Анх ажлаа хүлээн авч, анзаарсан байдал байгууллагын ажилчид хоёр хуваагдсан, хэрүүл, маргаантай, бие биедээ итгэдэггүй, төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын хариуцлага байхгүй. (Багш, ажилчид бүгд биш, байгууллагад олон жил ажилласан хэсэг бүлэг хүмүүсээс зан харилцааны төлөвшлийн буруу хандлага, доголдол маш их илэрдэг, энэ нь бусад ажилчдад хортой нөлөөлдөг) Удирдах, удирдуулах үүргээ мэддэггүй, эрэмбэ, дэс дараа, насны хүндлэл байхгүй, хэн нэгийхээ өчүүхэн алдааг анддаггүй. Үүнийг нь дөрөөлж үргэлж бие биетэйгээ барьцаж, маргаан үүсгэдэг. Алдсан хүмүүсийнхээ алдааг засаад, зөвлөөд дэмжээд явах байтал хоорондоо хоёр хуваагдсан байдлаар нэгнийгээ өмөөрч, өөгшүүлдэг. Энэ хандлага нь явсаар угаасаа ийм байдаг гэсэн хандлага суусан. Урьд нь болж байсан, одоо ч болно гэсэн хоцрогдсон үзэлтэй, өөрчлөлт шинэчлэлийг хэзээ ч хүлээж авахгүй гэсэн хандлагатай. Ажлаа аваад удаагүй, ажлын дарамтад орж эхэлсэн. Шалтгаан нь байгууллага хоёр хуваагдаж хоорондоо хэрэлддэг хандлагын улмаас дунд нь хэлмэгдэж гүтгүүлсэн, мөн хэсэг бүлэг хүмүүсийн архины асуудал маш их. Учир нь манай байгууллагад архины асуудал маш их гардаг. Мэдээж шинэ хүн надад туршлага дутуу, алдаа, оноо байгаа. Түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хэзээ ч ажлын байранд ажилчдыг дарамталж, ажлын байранд архи уух, нэгийгээ ялгаварлан гадуурхах, хэн нэгийг ажлын дарамтад оруулж төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үзэл бодолдоо цаашид ч хатуу зогсоно. Архины асуудлаас болж өөрийн бурууг хүлээн зөвшөөрдөггүй, гол бурууг хэн нэгээс хайдаг, ийм хандлагатай хүнтэй үл ойлголцол үүссэн. Хүүхдийн цэцэрлэгт туслах багш М.Птэй ямар асуудлаар, яагаад ийм байдал хүрсэнийг дор дурдлаа. Ажлаа аваад удаагүй байх даа зарим нэг ажилтан ажлын байранд ажлын цагаар нуугдаж уудгийг анзаарсан. Тэр дундаас М.П нь ажлын байранд удаа дараа архины асуудал гаргасан. Ажил дээр согтуу байгааг нь санамсаргүй мэдэж ганцаарчилж ярилцаж байсан, мөн бусдын дэргэд ахин амаар сануулж байсан. Гэвч уг хүнд ажпын байрны хариуцлага болон ухамсарт нь өөрчлөлт ороогүй. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ахин ажил тасалж архи уусан тул нэг өдрийн цалинг хасаж, тушаал гаргаж сануулга өгсөн. 2023 оны 03 сарын 30-ны өдөр Эмчийн баяр-ын өдөр болов. Энэ өдөр байгууллагын хэсэг ажилчид эмчдээ баяр хүргэж, ажлын цагаар ажил дээр уусан байсныг мэдээгүй. Энэ баяр нь ажил тарж үргэлжлүүлэн нэгийнхээ гэрт ууснаар хоорондоо маргаан үүсэж, зарим нь тарж, зарим нь шөнөжин уусныг би тухайн үед ч мэдээгүй. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөө ажлын өрөөнд ахлах тогооч А.Саруул орж ирээд багш нар чинь өчигдөр ажлын байран дээр ууж өнжсөн, ер нь бол багш нар туслах багш даа найдаж, ангиа хаяж уух асуудал урьд нь байдаг л байсан, одоо ч байна, өчигдөр ажил дээр уусан, мэдээгүй юмуу, Мэдсэн ч та эд нартаа юм хэлж чаддаггүй юм уу? Одоо ч гэсэн 9 өнгөрч байхад П чинь ирээгүй байна, ийм дураараа хүмүүстээ шаардлага тавихгүй байна. Би мэдээгүй, та уусныг нь яаж мэдсэн юм гэхэд ажлын цагаар багш нар ажил дээр уусан, тараад бид үйлчлэгч Ж.Бгийнд цуглаж уусан, гэтэл М.П намайг эрхлэгчид долгинож гүйдэг, юу олж долоохыг чинь харнаа гэж Н.Н тэд нийлж намайг доромжилсон, би хэрүүл гарангуут явсан, надад танд тал засаж гүйсэн удаа байхгүй, энэ хүмүүстээ анхаар гэж уурлаад өрөөнөөс гарч явсан.Энэ асуудлын дагуу 9 цаг 40 минутын үед ангиудаар орж байдлыг ажиглахад Н.Н, Д.Н нар илт согтуу харагдаагүй ч шартсан царайтай ангидаа байж байсан. М.П ирээгүй байсан тул, залгахад утсаа аваагүй, бүлгийн багш Д.Нд туслах багшаа дууд гэж хэлсний дагуу 10 цаг 10 минутад М.П согтуу ирсэн. Өглөө ажилтай байгаад хоцорлоо гэсэн ангидаа ирсэн байхад нь ажиглан харахад илт согтуу байдалтай байсан. Ажлын байран дээр согтуу байна, харьж амар гэж хэлтэл Би согтуу биш байна, хэзээ явахаа чамаар заалгахгүй гээд шаардлага хүлээж аваагүй, мөн яваагүй. Өрөөндөө орж ирээд удаагүй байтал А.Саруул тогооч залгаж, П чинь согтуу ажпын өрөөнд орж ирж, намайг хов зөөлөө гэж доромжлоод байна, энэ хүнээс чинь болж миний даралт ихсээд ажлаа хийж чадахгүй байна, та цагдаа дуудахгүй юм бол би дуудлаа шүү гэж уурлахаар нь ахин гал тогоонд орж очиж, харь гэж шаардлага тавихад М.П нь нэг нь хов зөөж, нэг нь ховоор ажлаа хийлээ, чи биднийг дарамталсан, чамаар заалгахгүй гэж тогооч нарын өмнө урдаас эсэргүүцэж, хэрэлдсэн. Би та нарыг яаж дарамталсан юм гэхэд өөрт чинь манайхан дургүй, Шалгуур үзүүлэлт гэж балай юм гаргаж, бид нарыг дарамталж байгааг чинь бид эсэргүүцэж гарын үсэг цуглуулж, чамайг зайлуулна, урьд нь шалгуургүй, бас ууж идээд, ажлаа хийгээд болоод байсан юмыг чи болохгүй гэж дарамталж байна, бас ажлын бус цагаар ууж хоорондоо маргахад хүртэл чи сануулга өгдөг, чамд тийм эрх байхгүй, ажлын бус цагаар бид юугаа хийнэ чамд хамаагүй. Ажлын байранд согтуу байхыг, мөн олон нийтээр буюу бүх багш, ажилчид хүлээн зөвшөөрсөн зохион байгуулалттай баяр, үйл ажиллагаан дээр төрийн албан хаагчийн ёс зүйтэй, дэгтэй байх ёстой, хүн доромжлох, сүрдүүлэх, хүний биед гар хүрвэл ажпын бус цаг байсан ч сануулга өгнө, бас ажлаа шударгаар үнэлүүлэхэд ажлын шалгуур үзүүлэлт бүх багш, ажилчдад хамаатай тул надад хэн нэгийг дарамталсан юм байхгүй, би ажлаа хийж байна гэж тайлбар өгсөн ч урдаас эсэргүүцэж үг хүлээж авахгүй хэл амаар доромжилоод байсан тул цагдаа дуудсан. Сумын цагдаа Э.Хадбаатар ирж учир байдалтай танилцсан. Цагдаа илт соггуу байна, харь гэж шаардлага тавихад, би согтуу биш гэж өөрийгөө өмөөрөөд байсан тул цагдаа үлээлгэсэн. 2.29 бүхэлтэй, согтолтын зэрэг өндөр гарч байна гэж цагдаа мэдэгдсэн. Гэсэн ч П яваагүй. Ажил дээрээ согтуу өнжсөн. Энэ өдрөөс хойш М.П нь намайг миний мууг үзлээ, бид чамайг дээш хэлж, зайлуулна аа, чи харж байгаарай гэж занадаг болсон. Энэ хүн ажлаас халагдах хэмжээний зүй бус авир гаргаж, зөрчил удаа дараа гаргасан ч халаад яахав гээд сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан ч алдаагаа ухамсарлаж, ажилдаа хариуцлагатай хандаагүй. Ажлын байранд олон жил ажилласан гэх үзэлтэй хэсэг бүлэг хүмүүс ажил хийхэд саад болдог, үргэлж ил болон далд асуудал үүсгэж, үгсэн нийлж, бүлэглэн дайрдаг.

Шалгуур үзүүлэлт гаргаж ажил дүгнэх гэхэд дээрх хүмүүс биднийг дарамталлаа гэж ажилчдыг удирдаж, бүгд эсэргүүцэж байсан. Манай байгууллагад ажил дүгнэх шалгуур үзүүлэлт гэж байдаггүй. Асуудал гаргадаг хэд нь дураараа ур чадвар, үр дүн нэхэж уурладаг тул ажлыг бодит үнэлэхийн тулд шалгуур үзүүлэлт гаргаж дүгнэх гэтэл багш нар бүгд эсэргүүцэж, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж ажил хийлгэхгүй байсан тул Хөвсгөл аймгийн Боловсролын дарга Ц.Ганзоригт чиглэл, зөвлөн дэмжих хүсэлт тоот өгсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Боловсролын газраас баг бүрэлдэхүүн ирж хянаж, зөвлөн дэмжлэг үзүүлж, шалгуур үзүүлэлт байх ёстойг хэлж, түүнээс хойш энэ асуудал намжсан. Мөн энэ шалгалтын үеэр М.П бас согтуу байж, энэ өдрийн ажил тасалж, шалгалтын дүгнэлт хуралд ирж оролцоогүй. Олон дахин архины асуудал гаргаж байгаа тул 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл цалингийн 20 хувиар 2 сараар оногдуулах тушаал шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс хойш М.П нь хамт олон дунд энэ авгай цэцэрлэгийн бүс хүлээж авах нэрээр хүүхдийн хоолны мөнгөн дээр ажиллаж байгааг дээш матаж зайлуулна гэж хамт олон дунд ярьсан байхаар нь дуудаж ярилцсан. Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөх ухамсаргүй, мөн намайг худал гүтгэж, хамт олон дунд ярьсан байна. Тийм асуудал байхгүй, намайг багш, нягтлан, нярав, тогооч хянаж байхад, яагаад хүн гүтгээд байгаа юм гэж асуутал, бид чамайг зайлуулна. Багш нар энэ хэрэгт холбогдсон ч өөрсдийгөө аваад гарчихна, харин Саруул та хоёр хувааж идсэнээрээ хариуцлагаа үүрээрэй. Чамайг бүс хүлээж авах нэртэй хүүхдийн хоолны мөнгө завшиж байгааг дээш хэлнэ гэж амаар болон хувь чатаар гүтгэсэн. Бүс хүлээж авч, сургалт үйл ажиллагаа явуулах нь маш хариуцлагатай ажил тул 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хамт олны хурал зарлаж энэ тухай хамт олонд хэлсэн. Бүсийн үйл ажиллагааг явуулах болтол М.П намайг бүс зохион байгуулах нэртэй төсвөөс мөнгө идэх гэж байна гэж авлигатай тэмцэх газарт өгнө гэж сүрдүүлсэн тул бүс хүлээж авах асуудалтай боллоо, хийгээгүй хэрэгт гүтгүүлж чадахгүй, бүс хүлээж авахаас татгалзаж байна гэж хурал дээр мэдэгдтэл, хамт олны зүгээс М.П арай ч тийм юм ярьж явахгүй байлгүй дээ, нэг хүний үгэнд орж бүсээ хүлээж авч чадахгүй байна гэж юу байдаг юм. Урд нь ч гэсэн төсвөөс яаж ийгээд болгоод л бүсийн үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Хэрэв байгууллага зохицуулж чадахгүй бол бид бүсийн үйл ажиллагаанд мөнгө өгч оролцож чадахгүй гэсэн санал өгцгөөсөн. Энэ хуралд М.П суугаагүй. Утас руу нь залгаж хуралд ирж суу, буруу ойлгоод байна, хамт олны дэргэд учраа ольё гэтэл, Яасан Хэрэг хийсэн айгаад байна уу? Би очихгүй гээд ирээгүй. Үүнээс хойш намайг гүтгэж, Монгол улсын авлигатай тэмцэх газрын утас: 1111 дугаарт хэлсэн нь үнэн болох нь тодорхой болж, Аймгийн Боловсролын газраас дуудаж, тухайн мэдээллийн дагуу манайд шалгалт очих талын мэдээлийг өгсөн. Аймгаас ирээд өөрөөс чинь өөр хүнтэй би маргаагүй, хэлнэ гээд байсан, хэлсэн байна, тийм үү, гэж М.Пгээс асуухад Одоо яая гэхэв, би хэлсэн гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн хүний авлигатай тэмцэх газарт хандсан мэдээллийн дагуу манай байгууллагад боловсролын цахим хяналт, шалгалт, мөн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн мэргэжлийн хяналт шалгалт, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Санхүүгийн дотоод хяналт аудитын төлөвлөгөөт бус шалгалт дэс дараатай хянан шалгаж, миний зүгээс буруугүй болох нь тогтоогдсон. Мөн хариуцлагагүй хүний үйлдлээс болж бүсийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болж бүсээсээ сануулга авсан. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өглөө (баасан гараг) М.П утсаар залгаж, Охин минь халуурч хонолоо, эмнэлэгт үзүүлээд ажилдаа очьё гэхээр нь хүүхдээ анхаар гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа эмнэлэг дээр байна, олгой байж магад, Мөрөн явж магадгүй боллоо гэж ярихаар нь итгээд бүтэн чөлөөг нь өгсөн. Энэ үед би ажлаар аймагт байсан. Өдөр 14 цагийн үед А.Саруул тогооч залгаад Пг согтуу байна гэж хэлэхэд, тухайн үед итгээгүй. П лүү залгатал утсаа аваагүй. (ер нь ямар ч үед залгахад утсаа авдаггүй хүн) Хэсэг хугацааны дараа Саруул тогооч Пгийн согтуу унтаж байгаа зургийг чатаар 14 цагийн үед явуулсан. Та хүний зураг дарж, дэмий юм хийлээ, ойлголцож чадахгүй маргаантай байхад, би дахин доромжлуулна, дараа нь намайг таныг явуулж зураг дарууллаа гэнэ, энэ хэл амаа өөрөө хариуцаарай гэж хэлсэн. Таныг итгэхгүй байхаар нь нотлох гээд гэрт нь очсон гэж тогооч хариулсан. Ахин дугаар луу нь хэд хэд залгаж М.П утсаа авч, учир байдлын талаар асуусан. Намайг Саруул гүтгэлээ, би согтуу биш байна, одоо ажил дээр очно гэж хэлсэн. /Тэр үед уусан нь илт мэдрэгдэж байсан, мөн ажлын групп дээр алдаатай, нэг үгээ олон дахин бичээд хэвийн бус байгаа нь анзаарагдсан./ цаг 16:10. цэцэрлэг дээр ирж Саруул тогоочтой намайг гүтгэлээ гэж хэрэлдсэн байсан. /Энэ хүн согтуу байгаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй./ 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэг дэх өдөр ажил дээрээ ирэхэд нь архи уухдаа хүүхдийнхээ нэр барьж худал хэлж ууж, ажил таслаад яаж байгаа юм, сумын эмнэлэгээс асуулаа, очиж хүүхдээ үзүүлээгүй байна гэж асуутал Саруул чинь хэлсэн үү, Ховоор ажлаа хийгээд, та нар хүн гүтгээд сайнаа үзэхгүй, удахгүй чи зайлна гэж уурлаж, өөрийгөө өмөөрсөн байдалтай байсан. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хамт олны хурал зарлаж, ажлын байранд удаа дараа архины асуудал гаргаж буй М.Пг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, хамт олонд танилцуулсан. Тухайн үед Пгийн байдлыг ажихад гэмшсэн царайгүй, урдаас бохь зажлаад хэнэггүй сууж байсан. Ажлын цагаар худал хэлж ажил тасалж, архины асуудал удаа дараа гаргахаа болимоор байна гэхэд М.П нь амиа хорлоно гэж хурал дундуур гарч явсан. Хамт олноор цааш яахыг хэлэлцээд Пг хэсэг бүлэг хүмүүсийн саналаар авч үлдэх болсон./Ж.Ганбаатар, Н.Н, Ж.Шинэжаргал, Б.Будхишиг, Д.Н/ бусад нь дагаж дэмжив. Хамт олны өмнө М.Пг дуудаж ахин алдаа гаргах, архи уух, гүтгэх, дарамталвал өөрийн шийдвэрээр тушаалаа гаргах болсноо танилцуулж, А.Саруул, М.П нарыг хоорондоо хэрэлдэж дахин байгууллагад таагүй байдал үүсгэвэл адилхан арга хэмжээ авч болно гэж өөрсдөөр нь хэлүүлж, мөн дахин асуудал гаргахгүй гэсэн утгатай цаасан дээр бичүүлж авсан. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр М.Пг өрөөндөө дуудаж, ганцаарчилж ярилцсан. Энэ цагаас хойш ахин гүтгэх, доромжлох зэрэг үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байна, хэрэв давтагдвал би тушаалаа гаргана шүү гэхэд М.П нь би андуурсан байна, одоо үүнээс хойш энэ яриагаа больё, цаашид анхаарна гэж хэлсэн. Үүнээс хойш 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс зарим багш, ажилчид амарсан үеэр аймгаас аудитын шалгалт ирэх талын мэдэгдэл ирсэн. Энэ үеэр М.Пд хэн нэгэн худал үг дамжуулсан бололтой, утсаар болон чатаар дахин дайрч доромжилсон.

Чиний мэдэл байхгүй, хамт олон намайг хамгаална, чамайг удахгүй бид зайлуулна гэсэн дээрэнгүй хандлага гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд манайд аудитын шалгалт ирсэн. 6 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт хурал дээр бүх багш, ажилчдыг зайнаас болон танхимаар бүгд хуралд оролцох, мөн авлигатай тэмцэх газарт чиний тухай худал мэдээлэл өгсөн хүнээ мэдэж байгаа бол хуралд бэлэн байх ёстойг албан ёсоор хариуцпагатайгаар анхааруулсан тул бүгдэд нь албан тоот өгч, тухайн дүгнэлт хуралд хариуцлагатай оролцох талаар мэдэгдсэн. Хуралд М.Пгээс бусад нь бүгд оролцсон.

Тухайн үед аудитын шалгалтын баг бүрэлдэхүүний ахлах А.Догсмаа нь орой 19:00 цагийн дүгнэлт хуралд бүх ажилчдыг бүртгэж, 9 ажилтан танхимаар, 10 ажилтан онлайнаар хуралд оролцож, 1 ажилтан /М.П нь/ тасалсан тул танай ажилтан ажлын хариуцлагагүй байна, түргэн дууд гэж шаардлага тавьсан.

М.П рүү намайг залгахад утсаа авдаггүй тул ажилчдаар залгуулсан.

Утсаа аваагүй. Тухайн цаг үед согтуу байгааг нь мэдсэн ч, нотлох баримт бүрдүүлэхээр гэрт нь очих, өөр ямар нэг баримт бүрдүүлэхийг хүсээгүй. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр энэ хүнийг ажлаас чөлөөлөх тушаалаа гаргасан. Үүнээс хойш энэ хүнтэй уулзаж ярилцах гэж залгасан, утас нь дуудаад аваагүй. Миний мэдэх 2 хоног согтуу байсан. Өөрийн биеэр гэрт нь тушаалаа хүргэж өгөх гэхээр эрүүл бус хүнтэй ойлголцохгүй тул түр орхисон. Ингээд 7 дугаар сарын 10-ны амралт болон баяр дөхсөн, миний дуудлагыг авахгүй байсан тул сумынхаа хууль зүйн зөвлөгч Д.Баяраа даргаас учир байдлаа хэлж, зөвлөгөө авахад танайд болж буй асуудлыг анхаарч үзэхэд өөрийн чинь зүгээс тэр хүнд шат дараатай арга хэмжээг авсан, мөн утсаар шалтаг хэлээд ирэхгүй байгаа бол чатаар өгч болно гэсэн тул 7 дугаар сарын 18-ны өдөр баярын амралт дуусаж ажлын өдөр мэссэж чатаар мэдэгдсэн болно. Чат бичиж мэдэгдлээ өгөхөд сийндээд хариулаагүй.

Мэссэж бичихэд хариу өгөхгүй таг байсан. Энэ үед М.П нь мөн л согтуу байсан. Сум жижиг тул согтуу явахад нь харсан тул гэрчлэх гэж баримт цуглуулаагүй. Мөн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хамт олны хурал дээр болон ганцаарчилж уулзахад ахин асуудал гаргах, ажлын хариуцлага алдвал тушаал гаргана гэж сонсох ажиллагааг нь өгсөн гэж үзэж байна. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хэвийн үргэлжпүүлэхийн тулд ажлын байраа зарлахад М.П нь сумын удирдлагуудад эргэн ажилдаа ормоор байна, та нар тэр хүнд хэлж өг гэж хандсан байсан. Сумын удирдлагуудын зарим нь наад хүнээ эргүүлэн ав, болохгүй бол тушаал бууруулаад ч хамаагүй эргэн ав гэж утсаар ярихад нь та нар энэ хүнийг ямар байдалд ажлаа хийж ирснийг мэддэг тул, миний ажилд оролцох хэрэггүй гэж өөрийн зүгээс хариугаа өгсөн. Энэ хүний талаар байгууллагад асуудал үүсэх болгонд хамт олноороо хэлэлцэж хурлын протокол хөтөлж байсан. 5 дугаар сард ажлаас чөлөөлөх шийдвэрээ хамт олны шийдвэрээр хүчингүй болгоход архины асуудал гаргаж байгаа ажилтныг олон дахин авч хэлэлцээд байхаар бусад ажилчдын хандлагад сөргөөр нөлөөлж, бид ч ингэж болох юм байна, хамт олон хамгаалаад халагдахгүй юм байна гэсэн сөрөг хандлага бий болж, бас хоорондоо ярьж байгаа нь ажиглагдсан. Мөн удирдлагын гаргасан шийдвэрийг хамт олон няцаах хуулийн заалт байхгүй тул анх гаргасан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын шийдвэрээ хүчинтэй болгож, дахин хэлэлцэх талаар авч үзэж болох талаар судалж, тушаалыг хүчинтэй болгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч М.П шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгт 2008 оноос тасралтгүй 15 жил ажилласан. Намайг архи уусан гэж сахилгын шийтгэл оногдуулсныг би хүлээн зөвшөөрсөн. Харин намайг ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би 15 жил хүүхдийн байгууллагад айлын нялх хүүхдүүдийг харж ажиллахдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Миний нүд улайдаг харшилтай. Намын шугамаар дээрээс даалгавартай ямар ч шаардлага хангахгүй хүн орж ирээд л намайг ажлаас халсан. Ажлын шугамаар зөндөө хэрэлддэг.Тэрэнд маш их өс санадаг. 2-3 хүн ажлаас нь халж, намынхаа хүнийг ажилд авсан. Өөрөө өөртөө тушаал гаргаад өөрөө сонгон шалгаруулалтаа зарлаад хүн ажилд авдаг. Байгууллагынхаа хүмүүсийг 2 хуваачихсан. Ангид орж ирээд ангид юу дутагдаж байна яаж байна гэж асуухгүй, хов яриад явчихдаг.

Залуучуудыг аваад архидаад явдаг. Би энэ хүн шиг хүний муу үзэх дуртай байсан бол зургийг нь дараад аваад явах байсан. Залуу хүн ирэхээр нь бид сайхан хүлээж авсан.

Надаас илүү архи уудаг, хүүхэд загнадаг хүнээ халдаггүй мөртлөө намайг халсан. Тэр хүн өөрийнх нь намын хүн. Тэр хүн өмнө нь шалгалт өгөөд тэнцдэггүй байхад өөрөө шалгалтаа боловсруулаад өөрөө шалгалтаа аваад тэр хүнээ авсан.

Намын шугамаар орж ирсэн. 5 жил багш, 3 жил арга зүйчээр ажилласан хүнийг эрхлэгч болгодог. Гэтэл энэ хүн 1 жил багшаар ажилласан юм уу?

Хэрэлдэж муудалцахаараа хүнд өс санадаг. Нэг өдрийн чөлөө авсан байхад араас мөрдөж мөшгиж, хүнийг гүтгэдэг. Би тогоочтойгоо таарамжгүй харилцаатай байдаг. Манай хамт олон та 2 одоо боль, ажил ч урагшаа явахаа байлаа гээд тогооч бид хоёр ч эвлэрээд, гар бариад одоо хоёулаа болъё гэж тохиролцсоноос хойш ямар ч асуудалгүй байж байгаад ээлжийн амралтаа авсан. Би 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллж байгаад амарсан. Тэгсэн чинь 7 дугаар сард фэйсбүүк чатаар ажлаас халсан тушаал ирсэн. Тэгээд би үйлдвэрчний эвлэлд хандсан. Үйлдвэрчний эвлэл шүүхээр яв гэсэн хариу өгсөн учир шүүхэд хандсан.

Ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй, ажилд тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна.

Цалин 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдэж үндсэн цалин сарын 1,100,000 төгрөг болсон. Үүн дээр төрийн алба хаасны нэмэгдэл 14 хувь байгаа.Ажилгүй байсан хугацааны цалингаа СӨБ-н нягтлангаар бодуулж, тооцоог нь гаргуулан хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ажлаас халагдаагүй цалингаа авч байсан бол би 4,582,174 төгрөгийг авах ёстой байсан. Иймд ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугагцааны цалин 4,582,174 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч байгууллагын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахгүйгээр эвлэрч болно.

Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хүлээж авсан. Шинэ учраас ажилчдынхаа ямархуу харилцаа хандлага, ааш араншинтайг мэдэхгүй байсан.

Манай байгууллага камергүй, ажилчид камераас нуугдаж архи уудаг байсныг би явц дундаа мэдсэн.

Зарим ажилчид маань та согтуу хүн ирээд байхад яагаад мэддэггүй юм бэ гэхэд нь би ажиглаж эхэлсэн. Энэ хүнийг халамцуу байгааг нь би мэддэггүй байсан.

Нүд нь улайчихсан явж байхаар нь бие нь өвдөж дээ гэж боддог байсан. Энэ хүн дахин, дахин давтамжтай архи үнэртүүлээд яваад байхаар нь амаар хэд хэдэн удаа сануулсан. Дараа нь ажил тасалсан учир сануулах арга хэмжээ авсан. Тэр үеэс хойш надад өс санасан. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүсийн 8 цэцэрлэг хүлээж авах болоход манайд төсөв байдаггүй учир ажилчдаасаа мөнгө хурааж авахаар хамт олны хуралд дээр тохирсон. Тэгсэн П Авлигатай тэмцэх газарт намайг байгууллагын хөрөнгө завшсан гэж мэдүүлсэн байсан. Би аймгийн Боловсролын газар ирж мэдүүлэг өгсөн. Манай байгуулага дээр шат дараатай 5 аудит ирсэн. Шалгалт ирэх болсон шалтгаан энэ хүн байсан. Энэ хүн өөрөө хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. М.Пг архи уухад нь амаар сануулсан. Дараа нь тушаалаар сануулах, цалингийн хувь хасах арга хэмжээ авсан. Тэгээд дахин дээрх зөрчил давтагдсан тул 2023 оны 5 дугаар сард ажлаас халах тушаал гаргасан.Гэвч хамт олон нь авч үлдэх санал гаргасан тул уг тушаалаа хүчингүй болгож дахин ажиллуулсан. Ахиж алдаа дутагдал гаргахгүй гэсэн бичиг бичиж өгсөн. Тэрийг нь би нотлох баримтаар гаргаж өгсөн. М.Пг ухамсарлаасай гэсэн үүднээс шууд ажлаас нь халаагүй. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай байгуулаллагад аудитын шалгалт ирсэн. Манай дээр шат дараатай шалгалт ирж байхад гомдол гаргасан хүн болох М.П ганцаараа байгаагүй. Шалгалтаар ирсэн хүмүүс бүх ажилчидаа шалгалтын дүнгийн хурал дээр бэлэн байлгах үүрэг надад өгсөн. Би ээлжийн амралттай бүх хүмүүст мэдэгдсэн.

Гэвч М.П ирээгүй. Зөрчил дахин давтан гаргасан тул түүнийг ажлаас халсан, тушаал үндэслэлтэй. Намайг байгууллагыг 2 хуваасан гэж байна.

Намайг орж ирэхэд ажилчид тийм байсан. Мөн намын шугамаар орж ирсэн гэж байна. Би бүх шалгалтыг нь өгөөд орж ирсэн. Халаад өөрийн хүнээ авсан гэж байна. Би хуулийн дагуу зар тавиад хүнээ шалгаруулж авсан.

Ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа сумынхаа хуулийн зөвлөгөө өгдөг хүнтэй ярилцаж байгаад боловсруулсан. Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн.

Цалин 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдэж, туслах багшийн цалин 1,100,000 төгрөг болсон нь үнэн. Энэ хүний өөрийнх нь хандлага болохгүй байдаг. Ёс зүйгүй хүн хүүхдийн хажууд ажиллуулмааргүй байна. Сумаараа бид хоёрыг ажиглаж байгаа. Архи уусан хүнээ ажлаас чөлөөлсөн нь зөв гэж байгаа. Би энэ хүний оронд байсан бол ичих байсан.

Шүүх энэ хүний талд шийдлээ гэхэд архи уугаад эргээд ажилдаа орж болдог юм байна гэсэн ойлголтыг хүмүүст өгөх байх. Би залуу хүн учир туршлага дутлаа.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дүгээр зүйлийг барьж ажлаас чөлөөлөх байсан байна. Намайг дээрээс энэ байгууллагыг цэгцэд нь оруул гэж явуулсан. Би баяр ёслолоор хамт олонтойгоо архи уудаг. Гэхдээ би ажлын байрандаа согтуу ирж байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 02 хуудас, М.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар01 хуудас, Нийгмийн даатгалын Ерөнхий газар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойолт 4 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багш байсан М.Пгийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргасан өргөдлийн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Ганболдын 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, эх хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 хуудас, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11/660 дугаартай албан бичиг, эх хувь 1 хуудас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт 1 хуудас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дгийн шүүхэд гаргасан хүсэлт 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дугартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Сургуулийн өмнөх боловсролын нягтлан бодогч Ө.Баасанхүүгээс ирүүлсэн М.Пгийн цалингын тодорхойлолт 1 хуудас, цалингийн карт 1 хуудас, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаартай Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоол, хавсартын хамт хуулбар 3 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Сургуулийн өмнөх боловсролын нягтлан бодогч Ө.Баасанхүүгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Сургуулийн өмнөх боловсролын туслах багш Мгийн Пгийн 2023 оны 8 сараас 11 сар хүртэлх цалинг бодсон тооцооны хүснэгт эх хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Сургуулийн өмнөх боловсролын туслах багш Мгийн Пгийн 2003 оны 8-12 сар хүртэл бодсон тооцооны хүснэгт эх хувь 1 хуудас,

Хариуцагчаас Ч.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа 1 хуудас, хариу тайлбар 6 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгчийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б-09 дугаартай Сануулга өгөх тухай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б-18 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дугартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар 1 хуудас, гэрэл зураг хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай албан бичиг 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б-18 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дугартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаал 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгчийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б-09 дугаартай Сануулга өгөх тухай тушаал 1 хуудас, хариу тайлбар 6 хуудас, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Алтрага гэх хамт олны хурлын протокол 12 хуудас, гэрэл зураг хуулбар 1 хуудас, гомдол гаргасан А.Саруул гэх гараар бичсэн өргөдлийн хуулбар 2 хуудас,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай албан бичгийн нотариачаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, өргөдөл гаргасан туслах багш М.П гэх гараар бичсэн өргөдөл 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 дугаартай Ч.Дг хүүхдийн цэцэрлэгийн ажилд түр томилон ажиллуулах тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, гомдол гаргасан А.Саруул гэх гараар бичсэн өргөдөл 3 хуудас, туслах багш М.П гэх гараар бичсэн өргөдөл 1 хуудас, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Алтрага гэх хамт олны хурлын протокол 4 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгчийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б-09 дугаартай Сануулга өгөх тухай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б-18 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дугартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч М.П нь хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болох 2,147,619 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3.М.Пгийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Хэрэгт нотлох баримтаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 дугаартай Сануулга өгөх тухай, 2023 оны 4 дүгээр сарын 18ы өдрийн Б/12 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай, 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б19 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалууд авагдсан ба хариуцагч байгуулагын эрхлэгчийн үүрэг түр орлон гүйцэтгэгч Ч.Д шүүх хуралдаанд ...М.П нь ажлын байран дээр удаа дараа архины асуудал гаргасан тул 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Гэвч хамт олон нь хэлэлцээд цаашид ийм асуудал гаргахгүй авч үлдэх санал гаргасан тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон. Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрийн хооронд манайд аудитын шалгалт ирж, дүгнэлт хурал дээр бүх ажилчид оролцох тухай мэдэгдсээр байтал М.П хурал тасласан. Иймд түүнийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б19 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн... хэмээн тайлбарласан.

Үүнээс дүгнэвэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь маргааны үйл баримт болоогүй, зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч...би 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан ба ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй...гэж,

Хариуцагч...М.П архи ууж, удаа дараа зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халсан. Ажил олгогчийн тушаал үндэслэлтэй...гэж маргалаа.

Хөдөлмөрийн тухай  хуулийн 158 дугаар  зүйлийн  158.2.2-д  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасныг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд М.П нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Дгийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн М.Пг ажлаас ажлаас чөлөөлөх тухай Б/19 тоот тушаалтай 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр танилцаж, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаж, улмаар шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан болох нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдлоо. Иймд нэхэмжлэгчийг гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй болно.

Зохигчийн тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар М.Пг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар томилон ажиллуулж байгаад тус хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдлоо.

Үүнээс үзвэл ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Ажил олгогчоос М.Пд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 тоот тушаалаар сануулах, 2023 оны 4 дүгээр сарын 18ы өдрийн Б/12 тоот тушаалаар 2 сарын үндсэн цалинг 20%-иар бууруулах арга хэмжээг тус тус авч байсан байх ба тэрээр тухайн тушаалуудад гомдол гаргаагүй тул сахилгын шийтгэлийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

М.Пг ажлаас чөлөөлсөн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дугаар тушаалыг хянахад ажил олгогч нь Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 123 дугаар зйүлийн 123.2.5, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол зэргийг үндэслэл болгон ажил олгогчийн санаачлагаар чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.

Тушаалын 1 дэх заалтанд Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан М.П нь ажлын байранд архидан согтуурах, архи ууж, ажил таслах зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийг олон гаргасан ба 2023 оны 3 дугаар сарын 03-нд архи ууж, ажил тасалсан тул сануулах тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 18-нд ажлын байранд согтуу ирж, шаардлага хүлээж аваагүй тул сахилгын шийтгэл цалингийн 20 хувь, мөн 2023 оны 5 дугаар сарын 23-нд давтан архи ууж, ажил тасалж, ажлын байрны хариуцлагагүй байдлыг удаа дараа гаргасан тул 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс туслах багш М.Пг чөлөөлсүгэй...гэжээ.

Мөн М.П нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажлын 30 хоногоор тооцож 2023 оны ээлжийн амралтаа авсан болох нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-ийн 11/, хариуцагчийн тайлбар/хх-ийн 29-34/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэргийн зохигч дээрх үйл баримтанд маргаагүй.

Дээрхээс дүгнэвэл ажил олгогч нь М.Пг 2023 оны 6 сарын 30ы өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь түүнийг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл болж байна.

Иймээс хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан ээлжийн амралттай ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална...гэсэн хуулийн заалтыг зөрчиж бусдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэв.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, 79 дүгээр зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах, 80 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Ажил олгогчийн ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас халах үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй, холбогдох заалтыг баримтлаагүй, хуулийн ямар үндэслэлээр ажилтанг ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй.

Тодруулбал ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д заасан үндэслэлүүдийн алт нэг нь бий болсон тохиолдолд энэ эрхээ эдлэх бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтласан шийдвэр гаргаагүй нь буруу.

Иймд нэхэмжлэгч М.Пг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоов.

4.М.Пгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  нь  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,147,619 (хоёр сая нэг зуун дөчин долоон мянга зургаан зуун арван ес) төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан.

Шүүх хуралдаанд М.П нь нэхэмжлэлийн шаардлагаа...намайг ажилгүй байх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугар сарын 21-ний өдрийн 241 дугаартай тогтоолоор Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон ба миний эрхлэж байсан туслах багшийн цалин ТҮБД-1, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдэж, сарын 1.100.000 төгрөг болсон. Ээлжийн амралт дуусч, би 2023 оны 8 дугаар сарын 14-ны өдөр ажилдаа орох байсан. Хэрэв ажиллаж байсан бол өнөөдрийг хүртэл үндсэн цалин, нэмэгдэлийн хамт нийт 4,582,174 төгрөгийг авах байсан. Иймд хариуцагчаас 2023 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл нийт 4,582,174 төгрөгийг гаргуулна...гэж тодруулсан.

Үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлага тодруулсан гэж үзсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаныг хариуцагчид гардуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,582,174 (дөрвөн сая таван зуун наяан хоёр нэг зуун далан дөрөв) төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал баримтаар үгүйсгэн няцааж, маргаагүй.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд, туслах багш ТҮБД-1 зэрэглэлд хамаардаг ба Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаартай тогтоолоор Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ТҮБД-1, цалингийн доод хэмжээ 1.100.000 төгрөг болсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.2-т "...нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хуваан" гэж тус тус заасан.

Иймээс нэхэмжлэгчийн цалин хөлс гаргуулах тооцооллыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаар тогтоолын ТҮБД-1  дахь шатлалд зааснаар тооцов.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт албан тушаалын цалинг 1,100,000 төгрөгөөр 2023 оны 8 дугаар сард ажлын 14 өдрөөр тооцоход 669,565 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл 93,739 төгрөг, 9 дүгээр сард ажлын 21 өдрөөр тооцоход 1,100,000 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл 154,000 төгрөг, 10 дугаар сард ажлын 22 өдрөөр тооцоход 1,100,000 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл 154,000 төгрөг, 11 дүгээр сард ажлын 21 өдрөөр тооцоход 1,100,000 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл 154,000 төгрөг, 12 дугаар сард ажлын 2 өдрөөр тооцоход 56,870 төгрөг, нийт 4,582,174 төгрөг гаргуулна гэх тайлбарыг гаргасан.

Гэвч 2023 оны 12 дугаар сар ажлын 20 өдөртэй, хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн тул уг хугацаанаас өмнөх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах хугацаа тоологдохоор байхад нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сард ажлын 2 өдрөөр бодож, ажилгүй байсан хугацааг 1 хоногоор илүү тооцжээ

Нөгөө талаар 12 сард албан тушаалын цалинг 1,100,000:20=55,000 төгрөг, 55,000x2=110,000 төгрөг байхад 56,870 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт албан тушаалын цалинг 1,100,000 төгрөгөөр 2023 оны 8 дугаар сард ажлын 14 өдрөөр тооцож 669,565 төгрөг, нэмэгдэл төрийн алба хаасны 14 хувь 93,739 төгрөг, 9 дүгээр сард ажлын 21 өдрөөр тооцож 1,100,000 төгрөг, нэмэгдэл төрийн алба хаасны 14 хувь 154,000 төгрөг, 10 дугаар сард ажлын 22 өдрөөр тооцож 1,100,000 төгрөг, нэмэгдэл төрийн алба хаасны 14 хувь 154,000 төгрөг, 11 дүгээр сард ажлын 21 өдрөөр тооцож 1,100,000 төгрөг, нэмэгдэл төрийн алба хаасны 14 хувь 154,000 төгрөг, нийт 4,525,304 төгрөгийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 56,870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдлаа.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Пг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгээс нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,525,304 (дөрвөн сая таван зуун хорин таван мянга гурван зуун дөрөв)  төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч  М.Пд  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56,870 ( тавин зургаан мянга найман зуун дал) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ