Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/1027

 

 

                                              Б.Мд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2197 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 50 дугаартай эсэргүүцлээр Б.Мд холбогдох 2108 01619 0958 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш....... овгийн Б........... М........., 19..... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, ........ боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “......” ХК-д талбайн диспетчер ажилтай, ам бүл ......, ........., .........ийн хамт ............ дүүргийн ............. дүгээр хороо, ......... дүгээр хороолол, ...............ын гудамж, ........... дугаар байрны ............... тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүргийн ... дугаар хороо, ............ хорооллын ........-...... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............./;

Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 26-05 тоотод 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн М.Бий эрүүл мэндэд болгоомжгүйгээр халдаж, зүүн нүдний нэвт гэмтэл, алимын задрал, зүүн нүдний зовхи, эвэрлэгт шарх, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл “...Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салааны зусланд иргэн Э.Ганбат нь бусдад зодуулсан гэх...” /хх 4/, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн цахим бүртгэл (мэдээлэл гаргасан Э.Ганбат, утас 88041005) “...ажлынхантайгаа архи ууж байгаад, хоорондоо зодолдоод нэгнийхээ хамрыг гэмтээсэн гэх...” /хх 5/, өвчний түүх №8202 “...2021.07.16-нд зүүн нүдэндээ өшиглүүлсэн. Шөнийн 11 цагийн үед хүлээн авахаар ирж нүдний жижүүр эмчид үзүүлсэн. Эмчилгээ, зөвлөгөө бичүүлээд өглөө ирж хэвтэхээр буцсан...” /хх 73-76/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн анхны тусламжийн хуудас “...2021.07.16-нд 16 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт ажилладаг танилдаа зүүн нүд рүүгээ өшиглүүлсэн гэнэ...” /хх 84/, “Лазер Мед” эмнэлгийн дүрс оношилгооны эмч Л.Оюун-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг “...Би 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 10 минутад М.Б гэх эрэгтэйг үзсэн байна. Хэрхэн яаж гэмтэл авсан талаар асуухад хүнтэй зодолдсон гэж хэлж байсан...” /хх 32/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний мэс заслын эмч Т.Ундармаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг “...Би 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нүд судлал, мэс заслын тасагт жижүүр эмчээр ажиллаж байсан юм. Тухайн үед Мягмарын Баттүвшин гэх эрэгтэй хүн согтуу байдалтай, зүүн нүд нь хаван ихтэй, хөхөрсөн, арьсны дор цус хуралттай байсан тул өвчин намдаах эм дусааж байгаад үзэхэд нүдний алимын салст хаван ихтэй, салстын доогуур скер урагдсан байдалтай, өмнөд гамерт цустай эвэрлэг хавантай +3 байсан тул цаашид нүдний угийг бүрэн үзэх боломжгүй байсан юм. М.Бээс гэмтлийг хэрхэн, яаж авсан талаар тодруулахад 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг танилдаа өшиглүүлсэн гэж хэлж байсан юм...” /хх 29-30/ гэж тус тус яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн яллаж буй нотлох баримтууд болох хохирогч М.Б, гэрч Э.Ганбат, гэрч У.Алтаншагай нарын мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудтай илтэд зөрчилдөж байна. Гэмт хэргийн талаарх дуудлага, гэмтлийн эмчийн үзлэг, “Лазер Мед” болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын мэдүүлэг, өвчний түүх зэргээс үзвэл шүүгдэгч Б.М нь хохирогч М.Бий биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би согтуу байсан болохоор эмч нарт буруу хэлсэн байна лээ...” гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч Улсын гуравдугаар төв эмнэлэгт өвчний түүх нээх үед буюу 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 30 минутад тэрээр архи нь гарчихсан, эрүүл саруул ухаантай болсон байх бүрэн боломжтой үедээ мөн л “...хамт ажилладаг танилдаа нүд рүүгээ өшиглүүлсэн...” хэмээн өгүүлж байжээ. Гэмт хэрэг гарсан өдөр болон маргааш нь хохирогч М.Б эмнэлэгт хэвтэх хүртэл хугацаанд цугларсан нотлох баримтууд нь хамт архи уусан найзууд болох хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэгтэй илтэд зөрүүтэй байхад аль нь үнэн байж болохыг шалгалгүй орхигдуулсан байна.

Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан цахим бүртгэлийн мэдээллээс үзвэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлагын мөрөөр ачит-112 кодтой цагдаагийн дэслэгч Ж.Өлзийсайхан, цагдаагийн ахлагч Ц.Нямсайхан нар хэргийн газарт очиж ажилласан байна. Иймд эдгээр албан хаагч нарын илтгэх хуудас, бүртгэл, шүүгдэгч Б.Мийн эрүүлжүүлэгдсэн карт зэрэгт үзлэг хийж бэхжүүлэх, мөн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нараас гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулсны үндсэн дээр хэргийн байдлыг бодитой бөгөөд эргэлзээгүй тогтоох шаардлагатай.” гэж дүгнэж Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Мийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаад холбогдох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй буюу Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн их эмч Т.Ундармаа, “Лазер Мед” эмнэлгийн эмч Л.Оюун-Эрдэнэ, шинжээч эмч Б.Нандинцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авах, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн №8202 дугаартай өвчний түүхийг хэрэгт хавсаргуулж, хохирогч М.Бгээс дахин мэдүүлэг авах нь зүйтэй гэж дүгнэж нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсэн. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн их эмч Т.Ундармаа, “Лазер Мед” эмнэлгийн эмч Л.Оюун-Эрдэнэ нараас гэрчийн мэдүүлэг авахад М.Бгийн биед үзлэг хийж гэмтэл авсан шалтгааныг тодруулж мэдүүлэг авахад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зүүн нүдэндээ өшиглүүлсэн гэж хэлсэн гэх ба Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн анхны тусламжийн хуудас, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн №8202 дугаартай өвчний түүхэнд гэмтэл авсан шалтгааныг “М.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зүүн нүдэндээ өшиглүүлсэн” гэж тэмдэглэжээ. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааснаас хойш цугларсан дээрх нотлох баримтуудтай холбоотойгоор хохирогч М.Бгээс дахин мэдүүлэг авахад тэрээр “...би тухайн үед эмнэлгээр явж байхдаа согтуу байсан. Эмч нарт тохойлдуулсан талаар хэлсэнийг буруу ойлгосон байна...” гэсэн мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил мэдүүлжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хохирогч М.Б нь өөрийн зүүн нүдэнд учирсан гэмтэл авсан шалтгааныг “...Э.Ганбат намайг жаахан унтчих гэхээр нь би унтахгүй гээд маргалдаад барьцалдаад авсан. Тэр үед Мөнхтөр бид хоёрыг салгах гэж Ганбат бид хоёрын дундуур орж ирээд ноцолдож байхдаа миний зүүн нүд рүү тохойгоороо тас хийтэл цохисоноос болж би нүдэндээ гэмтэл авсан...” гэж тогтвортой, эргэлзээгүй байдлаар мэдүүлсэн. Мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчтой хамт байсан гэрч Э.Ганбат, У.Алтаншагай болон яллагдагч Б.М нараас мэдүүлэг авахад хохирогч М.Бгийн мэдүүлгийг тус тус батлаж мэдүүлэг өгсөн, зөрүүтэй байдлаар буюу хохирогч М.Б нь бусдад нүд рүүгээ өшиглүүлж гэмтэл авсан талаар огт мэдүүлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан, түүний мэдүүлэг нь гэрч, яллагдагч, шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтээр тус тус батлагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж прокурорын эрх, хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан. Шүүхээс мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон асуудлыг дахин шалгуулах, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдад өгсөн дамжмал мэдээллийн үнэн зөвийг тодруулахаар буцаасан.

Гэрч Т.Ундармаа, Л.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг болон хохирогч М.Бгийн эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримт бичгүүдэд тусгагдсан мэдээллийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон атлаа харилцан зөрүүтэй хохирогч М.Б, гэрч Э.Ганбат, У.Алтаншагай, яллагдагч Б.М, шинжээчийн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй буюу Эрүүгийн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад гэм буруугийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдсон үед шийдвэр гаргахдаа баримтлахаар хуульчлагдсан заалт юм. Гэтэл шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг талууд гаргаагүй байхад захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг баримталж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэлээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2197 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Мийг “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 26-05 тоотод 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн М.Бий эрүүл мэндэд болгоомжгүйгээр халдаж, зүүн нүдний нэвт гэмтэл, алимын задрал, зүүн нүдний зовхи, эвэрлэгт шарх, шилэнцэр, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл нотлох баримт болох бөгөөд баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хүн, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтууд нь улсын яллагчийн яллаж буй нотлох баримтууд болох хохирогч М.Б, гэрч Э.Ганбат, гэрч У.Алтаншагай нарын мэдүүлэгтэй илтэд зөрчилдөж байна. Гэмт хэргийн талаарх дуудлага, гэмтлийн эмчийн үзлэг, “Лазер Мед” болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын мэдүүлэг, өвчний түүх зэргээс үзвэл шүүгдэгч Б.М нь хохирогч М.Бий биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би согтуу байсан болохоор эмч нарт буруу хэлсэн байна лээ...” гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч Улсын гуравдугаар төв эмнэлэгт өвчний түүх нээх үед буюу 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 30 минутад тэрээр архи нь гарчихсан, эрүүл саруул ухаантай болсон байх бүрэн боломжтой үедээ мөн л “...хамт ажилладаг танилдаа нүд рүүгээ өшиглүүлсэн...” хэмээн өгүүлж байжээ. Гэмт хэрэг гарсан өдөр болон маргааш нь хохирогч М.Б эмнэлэгт хэвтэх хүртэл хугацаанд цугларсан нотлох баримтууд нь хамт архи уусан найзууд болох хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэгтэй илтэд зөрүүтэй байхад аль нь үнэн байж болохыг шалгалгүй орхигдуулсан байна.

Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан цахим бүртгэлийн мэдээллээс үзвэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлагын мөрөөр ачит-112 кодтой цагдаагийн дэслэгч Ж.Өлзийсайхан, цагдаагийн ахлагч Ц.Нямсайхан нар хэргийн газарт очиж ажилласан байна. Иймд эдгээр албан хаагч нарын илтгэх хуудас, бүртгэл, шүүгдэгч Б.Мийн эрүүлжүүлэгдсэн карт зэрэгт үзлэг хийж бэхжүүлэх, мөн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нараас гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулсны үндсэн дээр хэргийн байдлыг бодитой бөгөөд эргэлзээгүй тогтоох шаардлагатай.” гэж тус тус үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч М.Бгийн “...Мөнхтөр тэгээд Ганбат бид хоёрын дундуур орж салгах гээд ноцолдож байгаад миний зүүн нүд рүү баруун гар байхаа тохойгоороо тас хийтэл цохих шиг болсон. ...” /хх 16-17/,

гэрч Э.Ганбатын “...би Баттүвшинг жаахан унтчих гэсэн чинь унтахгүй гээд хоорондоо жаахан маргалдаад барьцалдаж авсан. Тэгсэн Мөнхтөр хажуунаас салгах гэж босч ирээд дундуур ороод зууралдаж байгаад Баттүвшингийн нүүр рүү тохой хэсгээрээ цохисон. Тэгтэл Баттүвшингийн нүд нь хавдаад цус гарсан. ...” /хх 25/,

гэрч У.Алтаншагайн “...Ганбат Баттүвшинг унт гээд хэлэхэд унтахгүй, үгэнд нь орохгүй байсан чинь тэр хоёр хоорондоо барилцаж аваад маргалдаж муудалцахад хажуунаас нь Мөнхтөр босож очоод дундуур нь салгах гээд Баттүвшингийн зүүн нүд рүү санаандгүй тохойгоороо цохитол нүд нь хавдаж цус гартал Гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан юм. ...” /хх 27/ гэж тус тус мэдүүлсэн байхад хавтас хэрэгт авагдсан өвчний түүх №8202 /хх 73-76/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн анхны тусламжийн хуудас /хх 84/, “Лазер Мед” эмнэлгийн дүрс оношилгооны эмч Л.Оюун-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 32/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний мэс заслын эмч Т.Ундармаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 29-30/ зэрэгт “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг танилдаа зүүн нүд рүүгээ өшиглүүлсэн” гэж тусгагдсан байх бөгөөд дээрх зөрүүтэй байдлыг зайлшгүй шалгах шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд “Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 26-05 тоотод 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн М.Бгийн эрүүл мэндэд болгоомжгүйгээр халдаж гэмтэл учруулсан” гэж хэргийн бодит байдлыг бүрхэг байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоовол зохино.

Хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт, бодитой тогтоосноор хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд прокурор П.Ганбаатарын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 50 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2197 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2197 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Ганбаатарын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 50 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ