Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0512 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.У******* /РД:*******/

Хариуцагч: Б******* Нийгмийн даатгалын хэлтэс хоорондын ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.

Хэргийн индекс: 128/*******

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Б.У*******ийн хяналтын улсын байцаагчаар хилийн боомтод 2 жил 4 сар ажилласан хугацааг 2 жил 10 сар ажилласанд тооцохгүй байгаа Б******* Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.У*******ийн хяналтын улсын байцаагчаар хилийн боомтод 2 жил 4 сар ажилласан хугацааг 2 жил 10 сар ажилласанд тооцохыг Б******* Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Нэхэмжлэгч Б.У******* нь анх Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/352 дугаар тушаалаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтэст мэргэжилтнээр томилогдож, мөн газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар тушаалаар түүнд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрхийг олгож байжээ.

2.3. Мөн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/105 дугаар тушаалаар Баруун бүс дэх газарт хяналтын улсын байцаагчаар томилж, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар хяналтын улсын байцаагчийн эрх олгож байсан.

2.4. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.У*******ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг харгалзан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлжээ.

2.5. Ийнхүү нэхэмжлэгч нь төрийн албанаас чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Б******* нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажилласан жилийг тооцох боломжгүй талаар мэдэгдсний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан гомдол гаргасан.

2.6. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04/11 дүгээр албан бичгээр ...ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох боломжгүй гэсэн агуулга бүхий хариуг өгчээ.

2.7. Б******* нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 723 дугаар албан бичгээр мөн шимтгэл төлж ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох боломжгүй тухай хариуг өгсөн байна.

3. Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Б.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.1 Миний бие Б.У******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсэгт заасны дагуу улсын байцаагчийн хилийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласан-аар тооцуулж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсэгт заасны дагуу улсын байцаагчийн хилийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласан-аар тооцуулж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн Б.У******* миний ажилласан жилийг нэмэгдүүлж тооцохгүй байгаа Б******* Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож ажилласан жилд оруулахыг Б******* Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

3.1.2. Миний бие нийт 40 жил ажилласнаас Гадаадын иргэн, харьяатын газарт 12 жил, үүнээс Буянт-Ухаа дахь газар болон Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газар хяналтын улсын байцаагчаар 5 жил 15 хоног, үүнээс хилийн боомтод 2 жил 4 сар ажиллаад 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн. Гадаагийн иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцох гэж заасан. Гэтэл Б******* Нийгмийн даатгалын хэлтэс Гадаадын иргэн, харьяатын газарт хяналтын улсын байцаагчаар ажилласан хугацааг нэмэгдүүлж тооцох боломжгүй гэсэн.

3.1.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04/11 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол нөхцөлийг хангасан даатгуулагчид тэтгэвэр тогтоож олгодог. Уг хуульд даатгуулагчийн шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт байхгүй, таны хилийн боомтод улсын байцаагчаар ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох шимтгэл төлж ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох боломжгүй гэсэн хариуг надад ирүүлсэн.

3.1.4. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар орон нутаг, хилийн боомтод ажилласан гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн нийгмийн баталгаа, эрх зүйн үндсийг тогтоож баталгаажуулсан байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт байхгүй гэх шалтгаанаар Б.У******* миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

3.1.5. Иймд иргэн Б.У******* миний хяналтын улсын байцаагчаар хилийн боомтод 2 жил 4 сар ажилласан хугацааг 2 жил 10 сар ажилласанд тооцохгүй байгаа Б******* Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Б.У******* намайг хяналтын улсын байцаагчаар хилийн боомтод 2 жил 4 сар ажилласан хугацааг 2 жил 10 сар ажилласанд тооцохыг Б******* Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Б******* Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг хянах явцдаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсэгт зааснаар улсын байцаагчийн хилийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласнаар тооцно гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн байх ба уг хуулийн зохицуулалт нь даатгуулагчийн шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт бус харин урамшуулал авах зохицуулалт тул хэрэгжүүлэх боломжгүй болно.

4.2. Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөлийг хангасан даатгуулагчид тэтгэвэр тогтоож олгодог.

4.3. Уг хуульд даатгуулагчийн шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хилийн боомтод улсын байцаагчаар ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцож шимтгэл төлж ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох боломжгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс ...Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсэгт заасны дагуу улсын байцаагчийн хилийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласан-аар тооцох гэж заасан. Уг хуулиар орон нутаг, хилийн боомтод ажилласан гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн нийгмийн баталгаа, эрх зүйн үндсийг тогтоож баталгаажуулсан байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт байхгүй гэх шалтгаанаар миний эрх зүйн байдлыг дордуулж байна. гэж, хариуцагчаас ...Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалт нь даатгуулагчийн шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт бус харин урамшуулал авах зохицуулалт тул хэрэгжүүлэх боломжгүй, нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөлийг хангасан даатгуулагчид тэтгэвэр тогтоож олгодог. Уг хуульд даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт байхгүй... гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль нь 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдаж, 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус хуулийн 41 дүгээр зүйлд гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх, баталгааны талаарх харилцааг зохицуулсан байх бөгөөд 41.8-д Улсын байцаагчийн хилийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурав сар ажилласанд тооцох ба хилийн боомт, орон нутаг дахь албанд таваас доошгүй жил ажиллаж байгаа ажилтанд ажилласан таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэж заажээ.

4. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр батлагдаж, хуулийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Уг хуульд 41.8 дахь хэсгийн Улсын байцаагчийн хилийн боомтод гэснийг Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн гэж, 41.8 дахь хэсгийн дугаарыг 41.20 гэж өөрчилсөн байна.

5. Нэхэмжлэгч Б.У******* нь дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар өөрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж, улмаар Б******* нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтаа шалгуулсан, улмаар маргаан бүхий асуудлаар шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул дээрх нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх 41 дүгээр зүйлийн 41.8 дахь заалтыг энэ маргаанд тайлбарлан хэрэглэхээр байна.

6. Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "хилийн боомт" гэж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар төхөөрөмжилсөн, тусгайлан тогтоосон газрыг ойлгохоор заасан.

7. Нэхэмжлэгч нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар /хх-13/ Буянт-Ухаа дахь газарт хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажилд томилогдож, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл /хх-10-12 хуудас/, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар /хх-14 хуудас/ Баруун бүс дэх газарт хяналтын улсын байцаагчаар томилогдож, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/140 дугаар тушаалаар /хх-16 хуудас/ 2020 оны 3 дугаар улиралд Байтаг, Булган боомтод, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/05 тушаалаар /хх-22 хуудас/ 2022 оны хоёрдугаар улиралд Боршоо, Бургастай боомтод, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Б/150 дугаар тушаалаар Агаарын замын боомт хариуцсан газарт хяналтын улсын байцаагчаар тус тус ажиллаж, нийтдээ хилийн боомтод хяналтын улсын байцаагчаар 2 жил 4 сар ажиллажээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн хилийн боомтод улсын байцаагчаар ажилласан хугацааг холбогдох тэтгэврийн байцаагч шалгасан, уг хугацаанд маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа илэрхийлсэн, гагцхүү Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэгдүүлэн тооцох талаар зохицуулаагүй тул Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох боломжгүй гэж хууль хэрэглээний асуудлаар маргаж байна.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан шимтгэл төлсөн хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд гадаадын иргэний улсын байцаагч, түүний эрх зүйн байдал, нийгмийн хамгааллын асуудлын талаарх харилцааг сүүлд нарийвчлан зохицуулсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь заалтыг хэрэглэхээр байна.

10. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ.

11. Хуулийн дээрх зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд материаллаг бусад хуулиар эрх олгогдсон даатгуулагчийн эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

12. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно., 2-т Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно. гэж зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь уг заалтыг хэрэглэж шимтгэл төлсөн хугацааг энэ хуулиас гадна бусад хуульд заасан тохиолдолд нэмэгдүүлэн тооцох боломжтой байхад хариуцагчаас зөвхөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тохиолдолд нэмж тооцно гэж явцууруулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

13. Мөн хууль тогтоогчоос Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлд хяналтын улсын байцаагчийн эдлэх эрх, баталгааг нарийвчлан зохицуулахдаа 41.8-д Улсын байцаагчийн хилийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурав сар ажилласанд тооцох ба хилийн боомт, орон нутаг дахь албанд таваас доошгүй жил ажиллаж байгаа ажилтанд ажилласан таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэж заасан нь хяналтын улсын байцаагчийн ажилласан жилийг нэмэгдүүлж тооцох баталгаа, урамшуулал авах баталгааг тус тусад нь хуульчилсан үзэхээр байна. Иймд тэтгэвэр тогтоолгох харилцаанд улсын байцаагч нь хилийн боомтод ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох баталгаагаа эдлэх эрхтэй байна.

14. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.У*******ийн хяналтын улсын байцаагчаар хилийн боомтод 2 жил 4 сар ажилласан хугацааг 2 жил 10 сар ажилласанд тооцохгүй байгаа Б******* Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон, үүний улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр авах эрх зөрчигдөж байх тул Б.У*******ийн хяналтын улсын байцаагчаар хилийн боомтод 2 жил 4 сар ажилласан хугацааг 2 жил 10 сар ажилласанд тооцохыг Б******* Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.8 /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнөх заалт/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1, 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У*******ээс Б******* Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.У*******ийн хяналтын улсын байцаагчаар хилийн боомтод 2 жил 4 сар ажилласан хугацааг 2 жил 10 сар ажилласанд тооцохгүй байгаа Б******* Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.У*******ийн хяналтын улсын байцаагчаар хилийн боомтод 2 жил 4 сар ажилласан хугацааг 2 жил 10 сар ажилласанд тооцохыг Б******* Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ