Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1691

 

 

 “ЭПП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01886 дугаар шийдвэртэй, “ЭПП” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХТ” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 47 156 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “ЭПП” ХХК нь 2014 онд “ТХ” ХХК нэртэй үүсгэн байгуулагдсан ба 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оноосон нэрийг “ЭПП” ХХК болгон өөрчилсөн. Үүнээс өмнө буюу 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “ХТ” ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-т худалдагч-худалдан авагч талууд тухайн сарын 15, 30-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, тооцоо нийлснээс хойш 5 хоногийн дотор төлбөрийг хийнэ гэж заасан. Мөн гэрээгээр тухайн сард нийлүүлэх түлшний үнийг тогтоож байхаар харилцан тохиролцсон.

Дээрх тохиролцооны хүрээнд 2018 оны 3 дугаар сард нийт 89 710 литр түлшийг                 155 553 800 төгрөгөөр, 2018 оны 4 дүгээр сард нийт 67 450 литр түлшийг 112 870 500 төгрөгөөр, 2018 оны 5 дугаар сард нийт 86 710 литр түлшийг 151 944 500 төгрөгийн үнээр тус тус нийлүүлсэн байдаг. Энэ нь талуудын түлш хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдоно. Худалдан авагч 2018 оны 3, 4 дүгээр сард худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг хугацаа хожимдуулан төлсөн ба 5 дугаар сарын үндсэн төлбөрөөс 11 313 800 төгрөг төлөгдөөгүй байгаа.

Нэхэмжлэгч тал хугацаа өгч төлбөрийг барагдуулах албан бичиг, мэдэгдлүүдийг хүргүүлж, утсаар байнга холбогдож байсан боловч “ХТ” ХХК өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа тул гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа юм. Талуудын хооронд байгуулсан УБ2018/02 тоот гэрээний 3.3-т төлбөрийг 45 хоногоос дээш хугацаагаар зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувиар алданги, 3.2-т заасан хугацаанд төлөхгүй хожимдуулсан бол төлбөр хожимдуулсан хугацаагаар сарын 2 хувийн хүү тооцон худалдагчид төлөхөөр тохирсон. Иймд гэрээний үндсэн төлбөрт 11 313 800 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн алдангид 336 хоногийн 23 359 134 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хүүд нийт 528 хоногийн 12 483 366 төгрөг, нийт 47 156 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл 420 368 800 төгрөгийн түлш худалдан авч, хугацаандаа мөнгөө төлсөн. Шатахуун нийлүүлэх явцад чанарын шаардлага хангахгүй түлш нийлүүлсний улмаас харилцагч байгууллагаас гомдол гарч тодорхой хэмжээний хохирол хариуцагчид учирсан боловч үлдэгдэл 11 313 800 төгрөгийг төлсөн тул ямар нэгэн төлбөр байхгүй. Шатахуун нийлүүлэхдээ нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд одоо байгаа гэрээ нь сүүлд нөхөж хийсэн тул гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус зааснаар, хариуцагч “ХТ” ХХК-иас 47 156 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ЭПП” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн УБ2018/2 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн захиалгаар нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх тухайн үед нийлүүлэгдсэн гэх нефтийн бүтээгдэхүүний литр тутмын үнэ тодорхойгүй буюу үнийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгчийн нийлүүлсэн, хариуцагчийн хүлээн авсан нефтийн бүтээгдэхүүний нийт үнийг тодорхойлох, улмаар нэхэмжлэгчийн шаардлагаар шаардаж буй алдангийг үнэн зөв, бодитой тооцоолох боломжгүй байна гэжээ.

Гэтэл тохиролцсон үнийг гэрээнд бичгээр тусгах эсэх нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу 2 талын тохиролцоо байдаг. Өөрөөр хэлбэл, нэг талын үүрэг бус талуудын тохиролцоо юм. Гэрээний 2.5-д зааснаар худалдан авагч нь тухайн сард худалдан авах нефтийн бүтээгдэхүүний захиалгаа ажлын сар бүрийн 5-ны өдрийн дотор худалдагчид хүргүүлнэ гэж заасны дагуу “ХТ” ХХК тухайн сард авах нефтийн хэмжээг захиалах, нэхэмжлэгч компани нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахаас хүлээлгэн өгдөг. Түүнчлэн гэрээний дагуу талууд 420 368 800 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн худалдан авалт хийсэн бөгөөд үүнийг хариуцагч “ХТ” ХХК 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Шүүх “үнэ тодорхойгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Тодруулбал, талууд гэрээндээ нефтийн үнийг тухайлан тохиролцох боломжгүй байдаг. Учир нь, газрын тосны үнэ нь олон улсын зах зээл дэх газрын тосны ханш, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх үнэ зэрэг хүчин зүйлээс хамаарч тогтдог. Иймд урт хугацаатай гэрээнд, тогтсон үнэ тохирох нь талуудын компанийн үндсэн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй тул харилцан тохиролцсоны улмаас гэрээнд бичгээр үнэ тусгаагүй. Хариуцагч тайлбартаа үлдэгдэл төлбөр 11 313 800 төгрөг байгаа болохыг зөвшөөрсөн атал шүүхээс үнэ тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй.

Газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын литр тутмын үнэ нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт болох “хүү, алдангийн тооцоолол” дээрх төлбөл зохих үнийн дүнг зарлагын падаан дээр тусгагдсан худалдсан литрт хуваахад нэг бүрийн литр түлшний үнэ гарах нь тодорхой байна. Тухайлбал, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлсэн түлш, түүнд төлсөн нийт үнийг тооцвол нэг литрийн үнийг  1 700 төгрөгөөс 1 850 төгрөгийн хооронд худалдан авсан байна. Үүнээс нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн 5 дугаар сард авсан түлшний үлдэгдэл төлбөр 313 800 төгрөгийг төлөөгүй гэж маргаж байгаа. Энэхүү төлбөрийн үлдэгдэлтэй байсан болохоо хариуцагч хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлон гэрээ, зарлагын падаан, хүү, алдангийн тооцоолол зэргийг гаргаж өгсөн боловч хариуцагч өөрийн татгалзлаа нотлоогүй. Хүү, алдангийн тооцоолол, зарлагын падаан зэргийг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж, татгалзлаа үгүйсгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа “хүү, алдангийн тооцоолол”-ыг гаргаж өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 3 сарын хугацаанд хариуцагч үндсэн төлбөрөөс                           11 000 000 төгрөгийг төлсөн, хариу тайлбараар түлш авсан болохоо илэрхийлсээр ирсэн.

Дээрхээс үзвэл талууд гэрээндээ бичгээр үнийн дүн тусгаагүй нь үнэ тохиролцсон болон газрын тосны бүтээгдэхүүн авсан гэх үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд үүнийг хариуцагч хариу тайлбар, үндсэн төлбөрөөс төлсөн зэргээс тодорхой байна.

Түүнчлэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгч нь гэрээний үндсэн төлбөрт 11 313 800 төгрөг нэхэмжилж, хариуцагч хариу тайлбартаа дээрх үндсэн төлбөр 11 313 800 төгрөгийг төлсөн, одоо ямар нэгэн төлбөр байхгүй гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “ЭПП” ХХК-ийн данс руу 11 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 11 000 000 төгрөгөөр багасгаж, гэрээний үндсэн төлбөр 313 800 төгрөг, алдангид 23 359 134 төгрөг, хүүд 12 483 366 төгрөг, нийт 36 156 300 төгрөгийн шаардлагаа шүүхэд бичгээр хүргүүлсэн, тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШТ2019/00297 дугаар гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолын, тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “...47 136 300 төгрөгийн...” гэснийг, “36 156 300 төгрөгийн” гэж өөрчилсөн байхад шүүх шийдвэртээ 47 156 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага багасгах хүсэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлж буй нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтыг огт анхаарч үзээгүй нь тус шүүхийн шийдвэрт бичигдсэн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс илт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэлээс 11 000 000 төгрөгийг багасгасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй. Улмаар, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үнэн зөв бичигдээгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “ЭПП” ХХК нь хариуцагч “ХТ” ХХК-д холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 11 318 300 төгрөг, алданги 23 359 134 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 12 483 366 төгрөг, нийт 47 156 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /хх1-2/

 

Хариуцагч дээрх шаардлагад гаргасан тайлбар /хх23,37/, түүнд холбогдох “Хаан банк” ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг /хх38/ ирүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ““ХТ”-с түлшний үнэ” гэх гүйлгээний утгаар 11 000 000 төгрөгийн зарлага гаргасан, нэхэмжлэгч тал 11 000 000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авснаа зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа 36 156 300 төгрөг болгон багасгаж, уг шаардлагаа бичгээр гаргасан байна. /хх49/

 

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч талд мэдэгдэж гардуулаагүй, хариуцагч тайлбар гаргаагүй байхад дансаар шилжүүлсэн 11 000 000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийн алинд хамааруулж төлсөн эсэхийг тодруулаагүй буюу талууд нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хэмжээнд мэтгэлцээгүй, хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасныг хангаагүйн улмаас хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж  заалдах гомдол үндэслэлтэй.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул талуудын хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ЭПП” ХХК-иас төлсөн 393 740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

         ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

 

Т.ТУЯА