| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2022/00187/И |
| Дугаар | 155/ШШ2022/00648 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2022/00648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, үйлдвэрийн районд байрлах, Э маркет ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 16-20 тоотод оршин суух, Х овогт Ц-ийн М-д холбогдох,
36,529,200(гучин зургаан сая таван зуун хорин есөн мянга хоер зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Н (цахим),
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т (цахим),
Хариуцагч: Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Түвшинжаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э маркет ХХК нь шүүхэд 36,529,200 (гучин зургаан сая таван зуун хорин есөн мянга хоер зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Э маркет ХХК нь иргэн Ц.Мтэй /ХГ63042971/ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 9,750,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээс 4,000,000 төгрөгийн мах бэлтгэн нийлүүлсэн. Уг гэрээний 9.1-д Бэлтгэн нийлүүлэгч...захиалгат хэмжээнээс дутуу нийлүүлсэн тохиолдолд тухайн нийлүүлэгдээгүй махны үнийн дүнгээс санхүүжилт хийгдсэн өдрөөс эхлэн хоногт 0.2 хувиар тооцон захиалагчид төлнө. гэж заасан.
Ийнхүү алдангийг тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул тавин хувиар тооцож 2,875,000 төгрөгийг алдангид, нийлүүлээгүй барааны үлдэгдэл төлбөрт 5,750,000 төгрөг, нийт 8,625,000 төгрөгийг дээрх гэрээний дагуу төлөхөөр байна.
Мөн хариуцагчтай 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 18/17 дугаар Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь 8000 толгой эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, мах боловсруулах бүхий л шаардлагыг хангасан тарга тэвээрэг сайтай, тээвэрлэлт даах чадвартай, нэг бүрийн махны гарц нь 13 киллограммаас доошгүй байх хонийг захиалагчид нийлүүлэхээр, захиалагч нь холбогдох төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцсон байдаг. Манай байгууллагын хувьд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, урьдчилгаа төлбөрийг цаг тухайд нь шилжүүлж байсан ба хариуцагчид нийт 135,175,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Харин хариуцагч нь 107,270,800 төгрөгийн үнэ бүхий махыг нийлүүлсэн. Талуудын байгуулсан гэрээний 4.4-т 'Бэлтгэн нийлүүлэгч нъ захиалагчид гэрээний дагуу нийт үнийн дүнд 8000 толгой мал бэлтгэн ирүүлэх бөгөөд бэлтгэн нийлүүлсэн мал, малын үнэ санхүүжилтээс бага байвал зөрүү үнийг захиалагчид буиаан олгоно. гэж заасан. Хариуцагч нь уг гэрээний дагуу төлсөн төлбөр болон бэлтгэн нийлүүлсэн махны зөрүү үнэ болох 27,904,200 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүрэгт 8,625,000 (найман сая зургаан зуун хорин таван мянга) төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18/17 дугаар Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 27,904,200 (хорин долоон сая есөн зуун дөрвөн мянга хоёр зуу) төгрөг, нийт 36,529,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Б.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н:...Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. Түүнээс 4,000,000 төгрөгийн малыг нийлүүлж үлдэгдэл төлбөр болох 5,750,000 төгрөгт ногдох малын өнөөдөр хүртэл нийлүүлээгүй байна. Гэрээнд хугацаа хэтрүүлсэн алдангийг хоног тутамд 0,2 хувиар тооцон нэхэмжлэхээр заасан бөгөөд хуульд заасны дагуу 2,875,000 төгрөг буюу нийт нэгдүгээр гэрээний гүйцэтгэлд 8,625,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Тус 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мах бэлтгэн нийлүүлэх гэрээний 3.2 дугаар зүйлд тухай бүр зах зээлийн ханшийг тооцоолж үзээд махны нэгж үнийг харилцан тооцоод өөрчилөхөөр заасан байгаа.
Мөн үүнтэй холбоотойгоор 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулахдаа зах зээлийн үнэ 4,200 төгрөг болгон нэгж үнийг нэмэгдүүлж байгуулсан байдаг. Ийнхүү хоёрдахь гэрээний хувьд 27,904,200 төгрөгийн үндэгдэлтэй байна. Иймээс хариуцагчаас 36.529.200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...Хариуцагч намайг очиход Эррдэнэтмах маркет малыг аль хэдийн нядалсан байсан гэж яриад байна. Иргэнийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгч худалдан авагчид өгөх үүрэгтэй байдаг. Үүнийг дагуу 2018 оны 11 сард нэхэмжлэгч тал буюу үүрэг гүйцэтгүүлэгч бэлтгэсэн малыг Ц.Мгээс хүлээн авсан юм. Хэрэгт манайх хүлээн авсан нотлох баримтаа өгсөн. Харин хариуцагч гэрээнд заасан мал, махыг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн үү, энэ баримтаа хэрэгт өгсөн үү гэдгийг тодруулах нь зүйтэй байх.
Хоёр дахь гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6,100,000 төгрөг,2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдр 2,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдөр 31,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 3,075,000 төгрөгийг тус тус шилжүүлээд нийт 135,175,000 төгрөг болсон.
Эндээс Ц.М гуай 107,270,800 төгрөгт ногдох гэрээний зүйлийг бэлтгэн шилжүүлсэн. Харин 27,904,200 төгрөгийн мал махыг нийлүүлээгүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн: 5,750,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь худлаа ийм мөнгө байгууллагад шилжих ирээгүй. Хариуцагч тохирсон хугацаандаа малыг хүлээж аваагүй гэдэг зүйлийг ярьж байна. Эхний гэрээнд хугацааг тодорхой заасан. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор малыг хүлээж авсан учраас хугацаа хэтрүүлсэн гэдэг асуудал байхгүй юм. Тухайн нөхцөл байдлыг хариуцагч өөрөө мэдэж байгаа. Гэрээний үүргээ дутуу биелүүлсний улмаас үүссэн зөрүү эхний гэрээгээр 5,700,000 төгрөг болсон. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 2,875,000 төгрөг, нийт 8,625,000 төгрөг.
Сүүлийн гэрээгээр манайхаас шилжүүлсэн нийт мөнгөн дүн нь 135,000,000 төгрөг юм. Уг гэрээ ёсоор шилжүүлсэн 135,000,000 төгрөгт, 1130 толгой мал нийлүүлэхээс 1096 толгойг нийлүүлж, 27,904,200 төгрөгт мал нийлүүлээгүй. Үүнээс гэрээний үүргээ дутуу биелүүлсний улмаас үүссэн 27,904,200 төгрөг, нийт 36,529,200 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзалаа:
А. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж:...Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хариуцагч Ц.М нь Э маркет ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд 1096 толгой мал бэлтгэн нийлүүлсэн.
Бэлтгэсэн малын 1130 толгой мал нь 17-18 килограммын дундаж махны гарцтай, чанартай сайн мал бэлтгэсэн боловч зүй бусаар 34 тооны толгой мал хоргодсон. Э маркет ХХК нь гэрээний харилцаанд орохдоо мал хүлээн авах графикаа 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд гэж тохиролцсон. Бид бэлтгэн нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд бэлтгэсэн малаа бэлэн болгосон боловч компанийн захирал Чинбат, үйлдвэрийн дарга Энхтуяа, санхүү хариуцсан Баттуул, малын эм Дашаа нарт удаа дараа мэдэгдсэн, хугацаандаа бэлтэсэн малаа хүлээлгэн өгье гэсэн хүсэлт гаргаж байгаа.
Мөн дараагийн мал авах санхүүжилтээ шаардаж байсан. Тэгэхэд захиалагч тал гэрээгээ зөрчин ...хүлээж бай, хүлээж бай, хүлээж бай... гэсээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд орон нутагт малын бэлчээргүй болж, хүйтний эрч чангарч, мал хэвтрээсээ хайрагдан, тухайн үед орон нутагт 2-3 удаа цас их хэмжээтэй орж хүйтэрсэн. Иймээс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд малаа тушаахад 1096 толгой малны махны дундаж жин нь 14,59 киллограммаар тушаагдсан. Нэг хониноос бараг 3 киллограмм жингийн алдагдалд орсон. Хэрвээ Э маркет ХХК нь 2018 оны 11 дүгээр сар гаргаж мал хүлээн авна гэдгээ мэдэгдсэн бол бэлтгэн нийлүүлэгч тал, малаа хариуцах бэлчээр сайтай, дулаан өвөлжөө, намаржаанд малаа хотлуулаад байх бүрэн боломжтой байсан.
Машин унаа явуулж, удахгүй авна, хүлээж бай гээд байлгаад байснаас болж Мөрөн сумын ойролцоо Нисэхийн урд хэсэг болох Дэлгэрмөрөн голын хөвөөнд малаа хариулж 3 сар болсон. Тууварчдын цалин хөлсний талаар тайлбарлахад гэрээний дагуу 8000 толгой мал нийлүүлнэ гэж авна гэсэн гэрээтэй тул нийт 6 тууварчин авсан.
2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 3 тууварчин, 93 хоног ажилласан байдаг. Авсан цалин нь 12,555,000 төгрөг олгосон. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дгуаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нэмж 3 тууварчин авсан. Нэмэлтээр орон 3 тууварчин 6,075,000 төгрөг олгосон. Эдгээр 3 нэмэгдсэн тууварчин нь орон нутгаас мал тууварлах, бөөгнүүлэх ажилд дайчлагдан ажилласан.
Э маркет ХХК нь гэрээний хугацаандаа заагдсан графикийн дагуу бэлтгэсэн малаа хүлээн авсан бол ийм илүү их зардал гарахгүй байсан. Бэлтгэн нийлүүлэгч тал нь захиалагч талын гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэж байгаа хариуцлагыг хүлээхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 36,529,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Б.Шүүх хуралдаанд хариуцагч Ц.М:...Эхний гэрээгээр 9,750,000 төгрөг авсан.Үүнээс 4,000,000 төгрөгт мал бэлтгэн нийлүүлж, үлдэгдэл 5,750,000 төгрөгийг нь буцаагаад дансанд нь хийсэн. Үйлдвэрээс ирсэн санхүүгийн данс руу 2018 оны 5 дугаар сарын 10-20 хооронд шилжүүлж байсан. Хэрэгт энэ талаарх нотлох баримтыг өгөөгүй. Учир нь би баримт авч үлдээгүй. Надад ч Э маркет өгөөгүй, санхүүтэй тооцоо хийх гэж очсон боловч аудитын шалгалттай байсан учраас уулзаж чадаагүй.
Сүүлийн гэрээний хувьд 2018 онд малын жин муу байснаас жингийн зөрүү гарч миний хувьд алдагдал хүлээсэн юм. Эрдэнэт мах маркет ХХК-тай 2018 оны 7 дугаар сард байгуулсан гэрээний графикаар малыг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авахаар тохирсон. Энэ хугацаанд би малыг бэлтгэсэн. Гэвч Эрдэнэт мах маркет ХХК нь уг тогтоосон хугацаанд малаа авалгүй 2018 оны 11 дүгээр сард авснаас цаг агаар хүйтэрч малын тарга тэвээрэг муудсан.
Тухайн үед 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд махаа жинлээд авсан бол өнөөдөр ийм жингийн зөрүүний асуудал үүсэхгүй байх байсан.
Товлосон цагтаа мал авсан байсан бол ямар ч алдагдалгүй байх байсан. Дараа жил 8000 толгой мал авна гэж хэлж бичиг баримт дээр гарын үсэг зуруулаад дараа ийм зүйл яриад байж болохгүй. Гэрээ бол засагдсан юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э маркет ХХК нь хариуцагч Ц.Мд холбогдуулан 36,529,200 (гучин зургаан сая таван зуун хорин есөн мянга хоер зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцсон.
Хариуцагч Ц.М нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргав.
Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Мах бэлтгэн нийлүүлэх №МБ06 дугаар гэрээний дагуу нийлүүлээгүй барааны үлдэгдэл төлбөр 5,750,00 төгрөг, алданги 2,875,000 төгрөг, нийт 8,625,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэж үзвэл талуудын хооронд мал бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Тодруулбал нэг бүрийн үнийг 60,000 төгрөгөөр тооцон эр төлөг авахаар тохиролцож, Ц.М 9,750,000 төгрөгийг Э маркет ХХК-аас хүлээн авснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
Уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хариуцагч тал маргаагүй харин гэрээний дагуу 9.750.000 төгрөг хүлээн авснаас 4,000,000 төгрөгт мал бэлтгэн нийлүүлж, үлдэгдэл 5.750.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн хэмээн тайлбарласан.
Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч Ц.М нь тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй болно.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэх бөгөөд Ц.М нь гэрээгээр шилжүүлсэн мөнгөн дүнд тохирсон тоо, хэмжээнээс бага тооны малыг Э маркет ХХК өгсөн. Энэ нь худалдан авагчийн зорилгыг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, доголдолтой биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул гэрээний үүргийн гүйцэтгэлээс 5,750,000 төгрөгийг гүйцэтгээгүй үнийн дүн гэж үзэж хариуцагч Ц.Мгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 2,875,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь: Зохигчийн тайлбараас үзвэл Э маркет ХХК нь Ц.Мг үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй нөхцөл үүссэнийг бодитоор мэдсэн атал шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хугацаа хэтэрч 2,875,000 төгрөгийн алданги төлөх нөхцөл бий болжээ.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүүг авах эрхээ алдана гэж хуульчилсан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн үр дагаврыг үүрэг гүйцэтгэгч хариуцах үндэслэлгүй тул дээрх үндэслэлээр алданги 2,875,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хоёр.2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Мах бэлтгэн нийлүүлэх №МБ0618/17 дугаар гэрээний дагуу нийлүүлээгүй барааны үлдэгдэл төлбөр 27,904,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...гэрээний дагуу хариуцагч нь 8000 толгой эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, тарга тэвээрэг сайтай, тээвэрлэлт даах чадвартай, нэг бүрийн махны гарц нь 13 киллограммаас доошгүй байх хонийг захиалагчид нийлүүлэхээр, захиалагч нь холбогдох төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцсон байдаг. Манай байгууллагын хувьд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, урьдчилгаа төлбөрийг цаг тухайд нь шилжүүлж байсан ба хариуцагчид нийт 135,175,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин хариуцагч нь 107,270,800 төгрөгийн үнэ бүхий махыг нийлүүлсэн. Талуудын байгуулсан гэрээний 4.4-т 'Бэлтгэн нийлүүлэгч нь захиалагчид гэрээний дагуу нийт үнийн дүнд 8000 толгой мал бэлтгэн ирүүлэх бөгөөд бэлтгэн нийлүүлсэн мал, малын үнэ санхүүжилтээс бага байвал зөрүү үнийг захиалагчид буцаан олгоно. гэж заасан.Иймд хариуцагчаас гэрээний дагуу төлсөн төлбөр болон бэлтгэн нийлүүлсэн махны зөрүү үнэ болох 27,904,200 төгрөгийг гаргуулна...хэмээн тайлбарласан.
Хариуцагч Ц.М нь Э маркет ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр №18/17 дугаартай мал бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулжээ.
Тус гэрээгээр бэлтгэх малын тоо/ толгой/ 8000, бэлтгэх малын төрөл 70% эр төлөг, 30 % эм төлөг, мах нэг бүрийн дундаж жин 13-18 кг, нэгж үнэ /кг, төг/ 4200, график гарснаас хойш 2018 оны 07 дугаар сарын 26-наас 2018 оны 11 дүгээр сарын 15-ныг дуустал 400 толгой төлөгийг Э маркет ХХК-ний үйлдвэрийн малын хашаанд бэлэн байлгах үүрэг хүлээжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулийн шаардлагыг хангасны дээр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад заасан гэрээний харилцаа байна.
Өөрөөр хэлбэл талууд мал бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Э маркет ХХК-аас Ц.Мд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6,100,000 төгрөг,2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдр 2,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдөр 31,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 3,075,000 төгрөг, нийт 135,175, 000 төгрөгийг шижлүүлсэн.
Харин Ц.Мгээс Э маркет ХХК-д 2018 оны 11 дүгээр сард 1094 толгой малыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтанд талуудын хэн аль нь маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн... Э маркет ХХК нь гэрээний харилцаанд орохдоо мал хүлээн авах графикаа 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд гэж тохиролцсон. Бид гэрээнд заасан хугацаанд малаа бэлэн болгосон боловч Э маркет ХХК малаа хүлээн авалгүй байсаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүргэсэн. Энэ хугацаанд малын бэлчээргүй болж, хүйтний эрч чангарч, мал хэвтрээсээ хайрагдан, тухайн үед цас их хэмжээтэй орж хүйтэрснээс 2018 оны 11 дүгээр сарын 01-03-ний өдрийн хооронд малаа тушаахад 1096 толгой малны махны дундаж жин нь 14,59 киллограмм болсон байсан. Нэг хониноос бараг 3 киллограмм жингийн алдагдалд орсон. 8000 толгой мал авна гэсэн гэрээтэй тул нийт 6 тууварчин авсан. Эхний 3 тууварчний цалин 12,555,000 төгрөг, сүүлд нэмж авсан 3 тууварчний цалин 6,075,000 төгрөг болсон. Э маркет ХХК нь гэрээний хугацаандаа заагдсан графикийн дагуу бэлтгэсэн малаа хүлээн авсан бол ийм илүү их зардал гарахгүй байсан. Бэлтгэн нийлүүлэгч тал нь захиалагч талын гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэж байгаа хариуцлагыг хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргав.
Талуудын хооронд байгууллагдсан 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр №18/17 дугаартай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээ нь батлагдсан өдрөөсөө хүчинтөгөлдөр болж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор заажээ.
Үүнээс дүгнэвэл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.
Харин хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар татгалзлаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.Гэвч энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй тул хариуцагч Ц.Мгээс гүйцэтгээгүй үнийн дүн 27,904,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Ц.Мгээс 33,654,200 (гучин гурван сая зургаан зуун тавин дөрвөн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Э маркет ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,875,000 (хоёр найман зуун далан таван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн зохигч нар хөөн хэлэлцэх хугацаан дээр маргаагүй тул шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Мөн шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 2095 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарын эзгүйд хянан шийдвэрлэхээр тогтсон болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Э маркет ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мгээс 33,654,200 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 326,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э маркет ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Мгээс 33,654,200 (гучин гурван сая зургаан зуун тавин дөрвөн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Э маркет ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,875,000 (хоёр найман зуун далан таван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар нэхэмжлэгч Э маркет ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 326,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э маркет ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ