| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01223/И |
| Дугаар | 155/ШШ2020/01493 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2020/01493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 1-12 тоотод оршин суух Өргөн овогт Цийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БУ ХХК-нд холбогдох,
5.390.000/таван сая гурван зуун ерэн мянга /төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Ц.О,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГазрын барилгын тендерийг авсан БУ ХХК-тай гэрээний үндсэн дээр тохиролцож, сарын 1.800.000 төгрөгийн цалинтай талбайн инженерээр 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл энэ хугацаанд 1.450.000 төгрөгийг цалин хэмээн цувуулан өгсөн ба үлдэгдэл цалинг өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Би тус компанид 114 хоног ажилласан. Нэг өдрийн цалин 60.000 төгрөг. 60.000x114=6.840.000 төгрөгийн цалин болж байгаа бөгөөд түүнээс БУ ХХК-ний цувуулан өгсөн 1.450.000 төгрөгийг хасахад 5.390.000 төгрөг болж байна. Иймд дээрх дутуу олгосон цалин 5.390.000 төгрөгийг БУ ХХК-иас гаргуулж өгнө үү.
...шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлттэй байна...гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч БУ ХХК-иас 5.390.000 /таван сая гурван зуун ерэн мянга / төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд дутуу олгосон цалин 5.390.000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Ц.О нь БУ ХХК-ний захирлын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн тус байгууллагын барилгын инженер-ээр томилогдон сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас дутуу олгосон цалин гаргуулахаар нэхэмжилж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг, ажилтны хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс бөгөөд хөдөлмөрлөх түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм.
Хариуцагч БУ ХХК-ний ерөнхий захирал Ө.Батцэнгэл нь нэхэмжлэгч Ц.Оийн тус шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гардан авч, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч БУ ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч БУ ХХК-ний ерөнхий захирал Ө.Батцэнгэлд хэргийн материал танилцуулахаар 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр түүний эзэмшлийн 99781850 дугаарын утас, Мөрөн сумын 5-19-7 тоот хаягаар тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг БУ ХХК-ний ерөнхий захирал Ө.Батцэнгэлд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр түүний эзэмшлийн 99781850 дугаар утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 101.190 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 5.390.000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамжид 101.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч БУ ХХК-иас дутуу олгосон цалин 5.390.000 /таван сая гурван зуун ерэн мянга / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.От олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 101.190 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч БУ ХХК-иас 101.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ