| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01013/И |
| Дугаар | 155/ШШ2020/01261 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2020/01261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар багийн Яргуй толгодын 20-12 тоотод оршин суух М овогтой Дгийн Э-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 37 дугаар гудамжны 02 тоотод оршин суух А овогтой Бын Т ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 18 дугаар гудамжны 17 тоотод оршин суух Х овогтой Цгийн Б-т холбогдох,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгйн Мөрөн сумын 8 дугаар багт оршин суух Т овогтой Нгийн Б ,
Зээл 5.000.000/таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Ц.Б нь Чех улсад ажиллаж, амьдарч байхдаа 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр банкнаас 50.000 кроныг 36 сарын хугацаатай миний бие Энхбатаар зээл авахуулж байсан юм. Гэвч Ц.Б зээл авахуулсан өдрөөс хойш нэг ч удаа зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй, Монгол улсад ирсэн юм.Зээлээ төлөөч гэсэн шаардлагыг удаа дараа тавих бүрд төлнө гэж хэлсээр өдийг хүрлээ.
Иймд анх зээлж авсан 50.000 крон буюу Монгол мөнгөөр 5.000.000 төгрөгийг Ц. Бээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэл гаргасан Д. Энхбатыг зүс танина. Надтай хамт Чех улсад ажиллаж амьдарч байсан нь үнэн. Гэхдээ миний бие Б. Энхбатаас 50.000 крон 36 сарын хугацаатай зээлсэн ямар ч асуудал байхгүй.Б.Энхбатаас өөртэйгөө харилцаж байсан намайг мөнгө зээлсэн мэтээр худал гүтгэж байгаад гайхаж байна. Би Д.Энхбатаас 50.000 крон зээлсэн ямар ч асуудал байхгүй.Д.Энхбатын энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Д.Энхбат нь миний ээжийн төрсөн дүү байгаа юм. Эгч маань Чех улсад олон жил ажиллаж, амьдарч байна. Ц.Бийн хувьд ямар учраас зээл авахуулсан гэхээр Ц.Бийн ээж нь нэхэмжлэгч Д.Энхбаттай арван жилийн нэг ангийн хүүхдүүд байсан юм. Ц.Бийн ээж нь Д.Энхбатад миний хүүхдийг хүний нутагт харж яваарай гэж захисны үндсэн дээр нэг нутгийн таньдаг хүмүүс учраас зээл авч өгөхөөр болсон юм билээ. Нэхэмжлэгч Д.Энхбат нь олон жил Чех улсад амьдарч байгаа учраас хагас иргэншилтэй, тухайн улсаас зээл авах боломжтой байдаг.Ингээд Ц.Бийг зээлээ төлөхгүй байсан учраас Д.Энхбат нь Монголд 3 удаа ирж, Ц.Батблэг болоод түүний ээжтэй уулзахаар удахгүй өгье, чи Чех улс руугаа буцаж бай гэж хэлдэг байсан юм билээ. Одоо зээлсэн 50.000 крон нь хүү, алданги бодогдоод өссөн байдаг. Гэхдээ одоо Ц.Бээс хүү, алданги нэхэмжлэхгүйгээр үндсэн зээлийн төлбөр болох 50.000 крон буюу 5.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.Бидний зүгээс Ц.Бийг зээлээ төлөхгүй байсан учраас түүнд холбогдуулж залилангаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулсан боловч Хөвсгөл аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг хааж тогтоол гаргасан.Тухайн тогтоолд дээрх маргаан нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай асуудал байна гэх шалтгаанаар хаасан байгаа.Ийм учраас нэхэмжлэгч иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм.Д.Энхбат нь Ц.Бтэй иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Анх зээл авч өгөөч гэж Ц.Батбилиг ганцаараа Д.Энхбат эгчээс гуйгаад, татгалзсан байдаг. Дараа нь Ц.Б дахин эхнэртэйгээ ирээд батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч гэж хүссэний дагуу батлан даагчаар зурж байгаа юм байна гэж ойлгоод гэрээнд гарын үсгээ зурсан юм билээ. Гэвч сүүлд өр барагдуулах албанаас Д.Энхбат эгчийн гэрт албан бичиг ирж, охин нь уншиж танилцаж, ээждээ хэлснээр үндсэн зээлдэгчээр зээл авсан гэдгээ мэдсэн гэсэн. Хариуцагч Ц.Бийг Чех улсад байсан гэдгийг ямар нотлох баримтаар нотлох вэ гэхээр өөрийнх нь цахим хуудсанд Чех улсад байхдаа авахуулж байсан зураг байгаа. Мөн өөрийнх нь ээж Д.Энхбаттай авахуулсан зураг нь байгаа. Мөн Ц.Б нь Д.Энхбат руу бичиж байсан гэх чат зэрэг баримтууд байгаа боловч би шүүхэд нотлох баримт болохгүй байх гэж бодоод гаргаж өгсөнгүй. Энэ хүн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байхдаа ийм хэмжээний мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн атлаа шүүхийн шатанд огт мөнгө аваагүй гэж тайлбарлаж байгааг нь ойлгохгүй байна.Бид 1 кроныг 100.000 төгрөгөөр тооцоход 50.000 крон нь 5.000.000 төгрөг болж байгаа тул дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байна.Хариуцагч Ц.Бийг 5.000.000 төгрөг өгөх ёстой гэж нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Нэхэмжлэгч Д.Энхбат, хариуцагч Ц.Б нарын хооронд иргэд хоорондын зээл хийгдээгүй байдаг. Д.Энхбат нь Чех улсын банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн гэх боловч хариуцагч Ц.Бийг тухайн улсад байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэргийн материалаас харахад нэхэмжлэгч Д.Энхбат өөрөө Чех улсын банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зээл авсан байдал харагдаж байна.Гэвч нэхэмжлэлд он сар зөрүүтэй бичигдсэн байсан.Мөн нэхэмжлэгчээс ийм хэмжээний мөнгө зарлагадаж гараад хариуцагчид Ц.Бт өгсөн талаарх баримт байхгүй байгаа. Ц.Б нь зээлээ хэдэн сар төлсөн гэх боловч зээл төлж байсан гэх баримт үгүй. Түүнчлэн 50.000 крон нь монгол мөнгөөр 5.000.000 төгрөгтэй тэнцүү гэх баримт хэрэгт байхгүй. Энэ хэрэг нь Эрүүгийн журмаар шалгагдаж байгаад эрүүгийн хэрэг биш иргэд хоорондын маргаан байна гэж шийдвэрлэсэн байдаг. Иргэний журмаар нэхэмжлэх гэхээр ямар нэгэн зээлийн гэрээ болон хэлцэл хийсэн тэмдэглэл, баримт огт хавтаст хэрэгт байхгүй байгаа.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлийн гэрээг монгол хэл рүү орчуулсан орчуулга нь баталгаат орчуулгын газраар орчуулуулсан эсэх нь тодорхойгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй ямар ч гэрээ байгуулаагүй бөгөөд зээл авч байгаагүй гэдэг. Нэхэмжлэгч нь 2019 онд цагдаад гомдол гаргаж тухайн үед хариуцагч мөнгө төлнө гэж байсан юм бол төлөхөө илэрхийлсэн баримт хавтаст хэрэгт байх ёстой байхгүй байна. Ц.Б нь нэхэмжлэгчээс 50.000 крон зээл аваагүй тул 5.000.000 төгрөг өгөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхбат нь хариуцагч Ц.Бт холбогдуулан 5.000.000 /таван сая / төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд хариуцагч Ц.Б нь Чех Улсад ажиллаж амьдарч байхдаа Д.Энхбатаас 2016 оны 08 дугаар сард 50.000 крон зээлсэн ба түүнээс нэг ч крон буцааж өгөөгүй.Иймд 1 кроныг 100.000 төгрөгөөр тооцож, 5.000.000/ таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад: Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Б Чех улсад ажиллаж амьдарч байхдаа надаар дамжуулан Чех Улсын банк бус санхүүгийн байгууллагаас 50.000 кроныг зээлсэн ба зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй тул 5.000.000 төгрөгийг гаргуулж авна гэж хариуцагчийн Чех Улсын банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн 50.000 кроныг нэхэмжилсэн.
Гэвч нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээний орчуулсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Энхбат нь 2016 оны 8 дугаар сард Чех Улсын Profi Кредит банк бус санхүүгийн байгууллагаас 50.000 крон зээлсэн болох нь тогтоогдлоо.
Харин Ц.Б болон Чех Улсын Profi Кредит банк бус санхүүгийн байгууллага хоёрын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар энэ нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...Д.Энхбат нь Чех Улсын Profi Кредит банк бус санхүүгийн байгууллагаас 50.000 крон зээл авч уг мөнгөө Ц.Бт зээлсэн юм. Гэтэл Ц.Б нь дээрх зээлсэн кроноос нэг ч крон эгүүлэн өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Чех Улсын Profi Кредит банк бус санхүүгийн байгууллагаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж эгч рүү маань мэдэгдэл шуудангаар явуулж, уг асуудал нь Чех улсын өр барагдуулах газарт одоо байгаа...гэх тайлбарыг өгч байх боловч хариуцагчийн Чех Улсын Profi Кредит банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн гэх 50.000 кроныг нэхэмжлэгч Д.Энхбат төлж барагдуулсан эсэх тодорхойгүй, үүнтэй холбоотой баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч Ц.Бийн Чех Улсын Profi Кредит банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг нэхэмжлэгч Д.Энхбат төлсөн гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 317 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд:
гэрчээр Д.Энхбат...2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б нь мөнгөний хэрэг болоод байна мөнгө зээлэх батлан даагч хэрэгтэй байна. Надад банк бус санхүүгийн газраас зээл авах гэхэд өгөхгүй байна. Та хамтран зээлдэгч болж өгөөч Чех улсад олон жил амьдрах бүрэн эрхтэй учраас таныг хамтран зээлдэгчээр авбал надад зээл олдох юм байна гэж хэлэхээр нь би туслаад өгье гэж бодоод зөвшөөрсөн.Гэтэл 2017 онд намайг Чехэд ажиллаж байхад Чехийн шуудангийн хаягаар Ц.Бийн мөнгө зээлсэн газраас зээлээ төлөхгүй байгааг сануулсан бичиг ирсэн...гэж,
гэрчээр Ц.Б...2016 онд надад мөнгөний хэрэг гараад би зээл авах хэрэгтэй болсон.Тэгээд зээл авах банк санхүүгийн газарт очсон чинь 5 жил болоогүй байна.Удаан хугацааны визтэй болоогүй буюу хагас оршин суугч байна гээд надад зээл өгөөгүй.Харин Энхбат эгчид бол зээл гаргаж өгч болно гэсэн. Тэгэхээр нь би Энхбат эгчээс зээл аваад өгөөч гэсэн. Тэгсэн чинь Энхбат эгч надад ч бас мөнгө хэрэгтэй байна.Чамд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэхээр нь 50.000 крон гэсэн. Түүнээс биш хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж хэлээгүй.Энхбат эгч өөрөө банк бус санхүүгийн газраас 50.000 крон зээл аваад надад 45.000 крон зээлсэн. Тэгээд би 50.000 төгрөгийн крон төлж өгнө гэж хэлсэн.Сар болгоны төлөлтийг миний данснаас авахаар болсон.Би нийт 3 сар төлж явсан. Гэтэл миний визний хугацаа дуусаад би Чех улсаас гарч Монгол улсдаа ирсэн...гэж тус тус мэдүүлжээ.
Харин хэрэг хэлэлцэх иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...Ц.Б нь Д.Энхбатаас 50.000 крон зээлж авсан асуудал байхгүй, цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг нь П.Энхбат, Ц.Б нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байдлыг нотлохгүй... гэж,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...нэхэмжлэгч болоод хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн. Ц.Б нь Д.Энхбатаас 50.000 крон зээлж авсан тул түүнийг төгрөгөөр бодож 5.000.000 төгрөг гаргуулж авна...хэмээн тайлбарлан, мэтгэлцсэн.
Хэдийгээр нэхэмжлэгч талаас зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн ба зээл 5.000.000 төгрөг гаргуулж авна хэмээн тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.26.28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй.
Хөвсгөл аймгийн прокурорын газраас Д.Энхбатын гаргасан гомдлыг шалгаад ...залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай асуудал байна... хэмээн хэрэг бүртгэлийн хэрэг хааж шийдвэрлэсэн тогтоолд дурдагдсан талуудын Цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн тайлбарыг зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч Д.Энхбатын нэхэмжлэлтэй Ц.Бт холбогдох зээл 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Энхбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бт холбогдох зээл 5.000.000. /таван сая/ төгрөг гаргуулх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ