Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/04588

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ...дүгээр хороо...тоотод оршин суух Б.Э

 

Хариуцагч: Баянгол дүүрэг ...дугаар хороо ...байр УБТЗ

 

Дутуу олгосон тэтгэмж  23,579,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн төлөөлөгч А.Ц

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан дутуу авсан тэтгэмж 23,579,809 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие нь 1991 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд УБТЗ-ын Төв эмнэлэг, Дуу бүжгийн чуулга, Аялал жуулчлалын товчоо, Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангид нягтлан бодогчоор нийт 31 жил ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан.  

 

1.2. УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгад ажиллаж байх үед 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар “нийтийн бүжгийн орлого 161,100 төгрөгийг үрэгдүүлсэн” үндэслэлээр ажлаас халагдсан бөгөөд 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлд хамаарч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс хойш УБТЗ-ын даргын 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар УБТЗ-ын Аялал, жуулчлалын товчооны нягтлан бодогчоор ажилд орж өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан. Иймд Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолын 8-д зааснаар 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаа нь ажилласан жилд тооцогдоно.   

 

1.3. Хуульд тасралтгүй ажилласан хугацаа тодорхойлох ойлголт байхгүй бөгөөд хариуцагч нь дотооддоо үйлчлэх дүрэм, журамд тасралтгүй ажилласан хугацаа гэдэг нэр томьёог оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуульд нийцээгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.  

 

1.4. Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллага нь төмөр замын байгууллагад 31 жил ажилласан хугацааг үндэслэлгүйгээр бууруулан тогтоож, хамтын гэрээний 6.4.2-т зааснаар олгох 16 сарын тэтгэмжээс 5 сарын тэтгэмжийг олгож, 11 сарын хугацааны тэтгэмжийг дутуу олгосон. Хариуцагчаас 5 сарын хугацааны тэтгэмжид 10,718,094.62 төгрөг олгосон бөгөөд үүнээс нэг сарын дундаж цалин хөлсийг 2,143,618.92 төгрөгөөр тооцож 23,579,809 төгрөг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Б.Э нь 1991 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс УБТЗ-д ажилласан байдаг боловч Дуу бүжгийн чуулгад ажиллаж байхдаа нийтийн бүжгийн орлогыг хувьдаа ашиглаж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн баримтын шалгалтаар тогтоогдсон үндэслэлээр замын даргын 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б-2-92 дугаартай тушаалаар ажлаасаа халагдсан. Энэ үйлдэлдээ цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад 2006 оны Өршөөл үзүүлийн тухай хуулиар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

 

2.2. Нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 2 сарын дараа хүсэлт гаргасны дагуу замын даргын 2007 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн тушаалаар Аялал жуулчлалын товчооны нягтлан бодогчоор ажилд авсан бөгөөд үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаад, 15 жил ажилласан гэж өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон.

 

2.3. Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр замын даргад 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцуулах өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлдөө байгууллагын орлогыг хувьдаа завшаагүй нь тогтоогдсон учир тухайн үеийн удирдлагууд буруугүй гэдгийг ойлгон буцааж ажилд авсан гэж худлаа бичсэн байсан. Үүнийг шалгуулахаар хуулийн албанд шилжүүлсэн, хуулийн албанаас хүний нөөцийн албанд шилжүүлсэн ба нэхэмжлэгчийн төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор 15 жил 2 сарын хугацаанд ажилласан гэж тогтоосон. Замын даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/195 дугаар тушаалаар Тасралтгүй ажилласан жил тооцох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан бол төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг тасалдсанд тооцохоор заасан. Үүний дагуу нэхэмжлэгчийн тасралтгүй ажилласан хугацааг тодорхойлсон бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б-1-612 дугаар тушаалаар 5 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 10,718,09.62 төгрөгийг олгосон.

 

2.4. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа тасралтгүй ажилласан хугацааны нэмэгдлийг 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс ажилласнаар тооцуулан авдаг байсан ба ажилласан хугацааныхаа талаар мэдэж өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэмжийг авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: УБТЗ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/I/612 дугаар тушаал, мөн даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-I-153 дугаар тушаал, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, УБТЗ-ын төв эмнэлгийн даргын 1991 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/191 дугаар тушаал, мөн даргын 1991 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б-516 дугаар тушаал, УБТЗ-ын замын хэрэг эрхлэх газрын даргын 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-27 дугаар тушаал, УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргын 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тушаал, Б.Э хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр,  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 4-6, 36-46, дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Улаанбаатар төмөр замын улсын бүртгэлийн гэрчилгээ, УБТЗ-ын Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б-III-78 дугаатай тушаал, УБТЗ-ын Барилга засвар ашиглалт үйлчилгээний ангийн ажилтан нарын төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох жагсаалт, УБТЗ-ын даргын 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б-II-158 дугаар тушаал, мөн даргын 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б-I-03 дугаар тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А-300 дугаар тушаал, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-195 дугаар тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б-I-612 дугаар тушаал, 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б-II-92 дугаар тушаал, Тасралтгүй ажилласны нэмэгдлийн хэмжээний тухай журам, УБТЗ-н ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам, тасралтгүй ажилласны нэмэгдлийн хэмжээ, “УБТЗ” ХНН-ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам, Тээврийн Прокурорын газрын 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4/198 дугаар мэдэгдэх хуудас, Замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б-I-612 тоот тушаал, Б.Э цалингийн карт, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Э гаргасан хүсэлт зэргийг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 26-30, 52-60, 98-104 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-195 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай” тушаал болон 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А300 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу өөрчлөлт оруулсан бол өөрчлөлт оруулсан тушаал, хавсралтын хамт /ХХ-ийн 69-92, 111-121 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: УБТЗ-д 1991 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 31 жил ажилласан. Энэ хугацаанд 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааг ажилласан жилд оруулан тооцолгүй үндэслэлгүйгээр ажилласан хугацааг бууруулж, хамтын гэрээний дагуу авах 16 сарын тэтгэмжээс 11 сарын тэтгэмж дутуу олгосон гэжээ. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчийн төмөр замын байгууллагад ажилласан хугацаа 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тасалдаж, хамтын гэрээний дагуу олгох тэтгэмжийг тодорхойлоход 5 сарын хугацааны тэтгэмж авах эрхтэй байсан. Дээрх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тасралтгүй ажилласан хугацаа тодорхойлох журамд зааснаар төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацаа тасарсан. Иймд 31 жил тасралтгүй ажилласан гэж үзэхгүй тул 16 сарын тэтгэмж олгох үндэслэлгүй.   

 

4. Хэрэгт авагдсан болон талуудын тайлбараар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч УБТЗ-ын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн тэргүүлэх нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнээр тус байгууллагын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/I/612 дугаар тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байна. Дээрх тушаалаар Б.Э төмөр замын байгууллагад 15 жил 2 сар тасралтгүй ажилласан үндэслэлээр 5 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэж, уг тэтгэмжийг олгосон байна. /ХХ-ийн 5-6 дугаар тал/

 

Б.Э нь 1991 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс УБТЗ-ын Төв эмнэлэгт данс хөтлөгч, мөнгөний нярваар, 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгын ахлах нягтлан бодогчоор, 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс УБТЗ-ын Аялал, жуулчлалын товчооны нягтлан бодогчоор, 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд УБТЗ-ын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн ахлах болон тэргүүлэх нягтлан бодогчоор ажилласан болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогдсон, дээрх ажилласан хугацааны /30 жил 5 сар 13 хоног/ асуудлаар талууд маргаагүй. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа нэхэмжлэгч нь УБТЗ-ын даргын 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б-II-92 дугаар тушаалаар “нийтийн бүжгийн орлогын мөнгийг хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан” үндэслэлээр УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгын ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж, 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд төмөр замын байгууллагад ажиллаагүй болох нь тогтоогдов. Энэ хугацааг ажилласан хугацаанд тооцох эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны тэтгэмжийг олгох ажилласан хугацааг зөв тодорхойлсон эсэх асуудлаар талууд маргав.      

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасан. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх хэсэгт “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгчид 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхийг хуулиар олгосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон хугацааг /тэтгэмжийн хэмжээг/ дээрх эрх зүйн хэм хэмжээгээр нэмэгдүүлэн тогтоож болохыг зохицуулсан байна.   

 

УБТЗ, ажилтны төлөөлөгч нарын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан хамтын гэрээний 6.4, 6.4.2-т “Улаанбаатар төмөр зам болон түүний алба, салбар, нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажилтны өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан бол УБТЗ-д тасралтгүй ажилласан дор хугацааг харгалзан ...”, “эмэгтэйчүүд ...13-16 жилд таван сар, ...31-32 жилд арван зургаан сар, 35 ба түүнээс дээш жилд арван найман сар”-ын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно гэжээ. Иймд хариуцагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ажилтанд дээрх хамтын гэрээгээр тодорхойлсон хэмжээний тэтгэмжийг олгох үүрэгтэй ба энэхүү заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 82 дугаар зүйлийн 82.1, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.  

 

Б.Э нь УБТЗ-ын даргын 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б-II-92 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас  чөлөөлөгдсөн ба уг тушаалтай холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй, уг шийдвэрийг ажил олгогч нь хүчингүй болгосон үйл баримт тогтоогдоогүй болно. Иймд дээрх тушаалын үндэслэлийг буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болохоо нэхэмжлэгчийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Мөн Тээврийн Прокурорын газрын 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4/1898 тоот мэдэгдэх хуудаст “...нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Э нь 2005 оны 12 дугаар сард нийтийн бүжгийн орлого болох 161,100 төгрөгийг үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг мэдэгдье” гэжээ. 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн хувьд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгч хэрэгсэхгүй болгох ба хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхээр Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарласан. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагч гэм буруугийн асуудлаар маргаагүй тохиолдолд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ. Иймд нэхэмжлэгч нь тухайн үед 161,100 төгрөг үрэгдүүлсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ял шийтгүүлээгүй гэж үзэх үндэслэл боловч гаргасан зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан, тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөлд тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд ажилгүй байсан бүх хугацааг ажилласан хугацаанд тооцно.

 

 Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн буруутай үйлдлийн улмаас төмөр замын байгууллагад ажиллаагүй байх ба УБТЗ-ын даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-195 дугаар тушаалаар баталсан “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”-ын 4.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тасралтгүй ажилласан хугацаа тасалдсан байна.  

 

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.6, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг тоолвол ажлаас халагдахын өмнө 1991 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 15 жил 3 сар 10 хоног, ажилд эргэн орсны дараа 2007 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 15 жил 2 сар 3 хоног болж байна. Дээрх тасралтгүй ажилласан аль, аль хугацаа нь хамтын гэрээний 6.4.2-т заасан “эмэгтэйчүүд ...13-16 жилд таван сар,”-ын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах хугацаанд хамаарч байна. Иймд нэхэмжлэгчийг төмөр замын байгууллагад 31 жил тасралтгүй ажилласан гэж үзэх үндэслэлгүй тул энэ үндэслэлээр тэтгэмж шаардах эрхгүй гэж үзэв.

 

Мөн дээрх шаардлагыг нэхэмжлэгч нь хариуцагчийн эсрэг гаргахад тодорхой хугацаатай болохыг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн аливаа маргаантай асуудлаар гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар заагаагүй. Иймд энэ төрлийн маргааны улмаас шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж ойлгоно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гомдол гаргах эрхтэй гэж хөдөлмөрийн маргаантай холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байна. Энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан.     

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэжээ. Иймд нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тушаал гаргасан үеэс буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр дутуу авсан тэтгэмж 23,579,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4, 82.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У-д холбогдох дутуу олгосон тэтгэмж 23,579,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,849 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА