Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/04006

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг .. дүгээр хороо ... тоот хаягт оршин суух Ц.Л

           

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг .. дугаар хороо ...гудамж өөрийн байр НШШГГ

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг .. дүгээр хороо ... давхарт “С” ХХК

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч Т.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.У

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сүхбаатар дүүрэг .. дугаар хороо ... дугаар хэсэг .. тоотод байршилтай 57.6 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 331 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Тухайн хувийн сууцыг 2013 онд “Д” ХХК-иар 45,000,000 төгрөгөөр захиалан бариулж, төлбөрийг төлсөн бөгөөд зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэж, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

 

1.2. Газрыг үнэлэхдээ зах зээлийн аргаар мэдээлэл цуглуулж үнэлгээ хийсэн гэх боловч ямар арга замаар зах зээлийн үнэлгээг цуглуулсан нь тодорхойгүй, үнэлгээнд тусгагдсан хоёр газар нь жишиж болохуйц газар гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн маргаж буй газар нь дээрээ үл хөдлөх эд хөрөнгөтэй бөгөөд хамтдаа үнэлэгдэх байтал тус тусад нь өөр аргаар үнэлсэн нь үндэслэлгүй, хоосон газартай харьцуулж үнэлгээг тогтоосон нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Үнэлгээчин хуулийн дагуу ажиллаж зах зээлийн үнэлгээг тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэсэн байна.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК дараах тайлбарыг гаргасан байна.

 

2.1. Үнэлгээчин хуулийн дагуу ажиллаж зах зээлийн үнэлгээг тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан.

 

2.2. Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийг чанар байдлыг дордуулахгүй, хэвийн элэгдэл хорогдлоос хэтрүүлэхгүй, өртгийг бууруулахгүй байлгаж, урсгал болон их засвар хийх үүргээ биелүүлээгүйгээс зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт, манай компанийн эдийн засагчийн авсан зурагнаас тодорхой байна. Иймд үнэлгээг бодитой тогтоогдсон гэж үзэж байна.

 

2.3. Нэхэмжлэгч нь одоог хүртэл зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны .. дугаар сарын 06-ны өдрийн * дугаартай захирамж, НШШГГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн * дугаар албан тоот,   НШШГГ-ын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн * дугаар албан тоот, мөн газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, гэрэл зургууд, албадан дуудлага худалдааны зар, Ц.Л 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үнийн санал гаргах тухай хүсэлт, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн * дугаартай барьцааны гэрээ, Ц.Л-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн НШШГГ-т гаргасан хүсэлт, НШШГГ-ын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн * дугаартай мэдэгдэх хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн * дугаартай барилгын захиалга авах гэрээ, орлогын баримтууд  /ХХ-ийн 3-5, 7, 49, 50, 64-72, 155-159, 193-198 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. 

 

5. Хариуцагчаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг  нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 15-45 дугаар тал/

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК-иас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-ийн 91, 99-107 дугаар тал/

 

7. Шүүхийн санаачилгаар дараах нотлох баримтуудыг цуглуулсан. Үүнд: үнэлгээний тайланг мэдэгдэж, танилцуулсан талаарх баримтууд /ХХ-ийн 140-147 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сүхбаатар дүүрэг ... дугаар хороо ... дугаар хэсэг... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн, ямар арга замаар зах зээлийн үнэлгээг цуглуулсан нь тодорхойгүй, үнэлгээнд тусгагдсан хоёр газар нь жишиж болохуйц газар гэдэг нь эргэлзээтэй, хоосон газартай харьцуулж үнэлгээг тогтоосон нь үндэслэл бүхий болоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох шаардлага гаргасан.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Үнэлгээчин хууль болон үнэлгээ тогтоох үндэсний болон олон улсын стандартын дагуу үнэлгээг тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн * дугаар захирамжаар нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаас 7,717,808 төгрөгийг авахаас татгалзаж, үлдсэн 67,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Л төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг .. дугаар хороо ... дугаар хэсэг гудамж ... тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй 331 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй 57,6 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар гүйцэтгээгүй үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. 

 

Дээрх шийдвэрийг хариуцагч Ц.Л сайн дураар биелүүлээгүйгээс НШШГГ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба уг хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хураан авч, дахин төлбөр төлөх хугацаа тогтоожээ.

 

Тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно” гэж заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан байх ба уг саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ.

 

Тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагчид даалгах тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө.”, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “...Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн биет шинж чанар /насжилт, хийц, хэмжээ, ашиглалтын байдал, техникийн үзүүлэлт/ газар зүйн байршил, зориулалт гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч тогтоогдоно. Хөрөнгийн үнэлгээчин нь  үнэлгээ тогтоох газар, хувийн сууцны байдалтай танилцаж, хөрөнгийн чанар, хийц, доторх засал, ашиглалтын түвшинг үнэлсэн байх ба мөн өмчийн эзний мэдээллийг үндэслэн ашиглалтын байдлыг үнэлж цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үзэн өртгийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн гэж үзнэ. Мөн газрын үнэлгээг тогтоохдоо тухайн үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршил ойролцоо, зориулалт ижил газартай харьцуулж зохих тохируулгыг хийж зах зээлийн жишиг үнийн хандлагын арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээг тогтоожээ. Дээрх арга нь зах зээлийн хандлагын арилжааны шууд харьцуулалтын арга буюу үнэлгээний өдрийн байдлаар зах зээлд арилжаалагдахад бэлэн байгаа хөрөнгийн арилжааны мэдээлэлд тулгуурлаж үнийг тогтоох арга юм. Өөрөөр хэлбэл бодитоор борлуулагдсан үнэ биш борлуулахаар худалдагчийн зах зээлд санал болгож байгаа үнийг үндэслэж үнэ цэнийг тодорхойлж буй үнэ тогтоох нэг аргачлал юм. Тухайн үнэлгээг тогтоохтой холбогдох баримтуудыг үнэлгээний тайланд хавсаргасан байх тул зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг хэрэглээгүй буюу ямар арга замаар мэдээлэл цуглуулсан болох нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иймд хөрөнгийн үнэлгээ нь анх ямар үнэ цэнэ бүхий хөрөнгө байснаас үл хамааран хууль болон стандартад заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалаар хийгддэг байна. Иймд маргаж буй хөрөнгө болох хувийн сууцыг 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Д” ХХК-тай байгуулсан “Барилгын захиалга авах гэрээ”-гээр 45,000,000 төгрөгөөр захиалан бариулсан нь түүний үнэ 10 жилийн дараа хэвээр хадгалагдах эсвэл түүнээс илүү үнэтэй байх баталгаа болохгүй гэдэг нь тодорхой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэв.  

 

Аливаа шаардах эрхийг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаатай болохыг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Энэхүү хугацааг тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хууль болон Иргэний хуулиар зохицуулах бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааг тусгайлан зааж өгсөн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь үнэлгээний тайлан гарсан талаар шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах боломжтой.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгөө бие даан 1 сарын хугацаанд худалдах борлуулах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэний дагуу хугацаа олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов. Иймд дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. /ХХ-ийн 155-159 дүгээр тал/

 

Харин хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байх тул энэ талаарх шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Сүхбаатар дүүрэг .. дугаар хороо ...дугаар хэсэг гудамж ... тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй 331 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй 57,6 м.кв талбай бүхий хувийн сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ц.Л-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА