Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/1028

 

 

Б.М-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/630 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мэд холбогдох 2002 00321 0074 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б............... овгийн Б.............н М..............., 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ................. хотод төрсөн, .... настай, ........., ........ боловсролтой, ................. мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “..............” ....................газрын захирал ажилтай байсан, ам бүл ..........., ..........., ..................ийн хамт ........... дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар хороолол, ....... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан;

Б.М нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “....................” ........................ газрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...”, 7.1.6 дахь заалтад заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Баянгол Шинэ Өргөө” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас:

- Б.Быг 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2015 оны 1 дүгээр сарын 26-наас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 36.422.547.00 төгрөгийн цалин бодож, 6.864.326.29 төгрөгийг суутгаж, 29.558.220.71 төгрөгийг Б.Бд олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 5.008.238.10 төгрөгийг төлж, нийт 41.430.785.10 төгрөгийг,

- А.Сийг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс “гэрээний мэргэжилтэн” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад огт ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 14.882.771 төгрөгийн цалин бодож, 2.848.007.36 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 12.034.763.64 төгрөгийг А.Ст олгож, байгууллагаас 2.151.181.82 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17.033.952.82 төгрөгийг,

- М.Хыг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Таван шар орчмоос нэг удаа зулгааж бэлдсэн шарилжийг том оврын ачааны машинд ачсан, 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын 2 давхар оффисын барилгын гадна фасадыг засварласнаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 24.845.845 төгрөгийн цалин бодож, 4.734.390.77 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 20.111.454.23 төгрөгийг М.Хт олгож, байгууллагаас 3.477.331.93 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 28.323.176.93 төгрөгийг,

- С.Аыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 24.243.012 төгрөгийн цалин бодож, 4.589.078.11 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 19.653.933.89 төгрөгийг С.Аын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 412015861 тоот харилцах данс болон ХААН банк дахь 5925317296 тоот харилцах дансаар дамжуулан иргэн Х.Өод олгож, байгууллагаас 3.400.051.66 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 27.643.063.66 төгрөгийг,

- өөрийн хурдан морины уяач С.Гийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс “ногоон байгууламжийн туслах ажилтан” албан тушаалд тус тус томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад 2019 онд 2 удаа автомашины засварын ажилд тусалснаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 15.318.024 төгрөгийн цалин бодож, 2.828.882.77 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 12.489.141.23 төгрөгийг С.Гт өөрийн хурдан морьдыг уяулсны хөлсөнд олгож, байгууллагаас 2.197.546.10 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17.515.570.10 төгрөгийг,

- өөрийн адуучин Д.Эг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 14.941.739 төгрөгийн цалин бодож, 2.787.800.89 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 12.153.938.11 төгрөгийг Д.Эд өөрийн адуугаа маллуулсны хөлсөнд олгож, байгууллагаас 2.147.907.16 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17.089.646.16 төгрөгийг,

- Х.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс “оффисын үйлчлэгч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 3 дугаар хорооллын үерийн далангийн хогийг цэвэрлэсэн, 2019 оны 10 дугаар сард мөн хорооллын байрны дундах шарилж авч, түүж ачуулснаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 7.532.091 төгрөгийн цалин бодож, 1.360.636.38 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 6.171.454.62 төгрөгийг Х.Мд олгож, байгууллагаас 1.092.156.10 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 8.624.247.10 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 157.660.441.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Б.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 157.660.441.88 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 45.418.974.62 төгрөгийг ашиглаж хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б................ овгийн Б............... М..............-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Мийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Мэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас 44.073.247.05 төгрөг, иргэний хариуцагч Х.Маас 71.454.62 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Б.Мээс Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлсөн 44.073.247.05 төгрөгийг уг данснаас гаргуулан түүнд буцаан олгож, Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд иргэний хариуцагч нараас төвлөрүүлэн төлсөн 112.158.557.02 төгрөгийг улсын төсөвт оруулахыг Авлигатай тэмцэх газарт даалгаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн гэмт хэрэгт холбогдсон асуудлаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд маргаагүй болно. Харин давж заалдах шатны шүүх хүнлэг энэрэнгүй хандаж намайг болон ар гэрийн байдал, бага насны 2 хүүхдийг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж эсвэл хорих ялыг тэнсэж өгнө үү. Ар гэрийн байдлын хувьд эхнэр Соёлмаагийн хамт асрамжийн газраас 2012, 2017 онд тус тус 2 хүүхэд үрчлэн авч гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай орчинд өсөж хүмүүжүүлэхийг зорьсон. Гэтэл өөрийн буруутай үйлдлээс болж дахин хүүхдүүдээ эцгийн хайр халамжаас хол өсөх нөхцөл байдал үүсэд байна. Миний анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дурын үндсэн дээр нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж эсвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял, 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтад нийцээгүй, шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн хувьд маргаангүй бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ талаараа мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн 630 дугаартай шийтгэх тогтоолд “...гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг зөвтгөн 112.241.467,32 /нэг зуун арван хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг гучин хоёр мөнгө/ болохыг тогтоосон ба шүүгдэгчээс гаргуулан Авлигатай тэмцэх газрын дансанд илүү төвлөрүүлсэн 44.009.264 төгрөгийг шүүгдэгчид буцааж олгож, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирлыг төлж барагдуулсан гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх талаар дурдсан боловч ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэнд болон гэр бүлийн байдал, ял оногдуулах хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй байна. Б.М нь 46 настай, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, эхнэр болон 9, 12 настай бага насны 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 18/2 дугаар байр 04 тоот хаягт байнгын оршин суудаг, 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хамгаалагчдын эрхийг хамгаалах “Өрнөх Соёмбо” холбооны Тэргүүний ажилтан тэмдэгээр, 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ардын хувьсгалын 90 жилийн медалиар, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шинэ цагийн удирдлагын академийн Манлайлагч менежер алтан медалиар, 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Монголын залуучуудын холбооны Цэргийн алдар алтан медалиар, 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Эх орны төлөө-3 хүндэт тэмдгээр, Төрийн дээд Алтангадас одонгоор тус тус шагнагдаж байсан цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадах итгэл бүхий иргэн хүн юм. Мөн түүний холбогдсон гэмт хэргийн хувьд авч үзвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн шийдвэр гарахаас өмнөх шатанд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэхүү гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Б.М нь эхнэр Р.Соёлмаагийн хамтаар “Монголиан Азиа Рийч” асрамжийн газраас өнчин хүүхдүүд болох хүү М.Мөнхсүлдийг 2012 онд, хүү М.Бат-Эрдэнийг 2017 онд тус тус үрчлэн авч, хүүхдүүдийг өөрөөрөө овоглон, асран хүмүүжүүлж, эдгээр хүүхдүүдийг эцгийн хайраар ивээж, амьдрал бэлэглэж байгаа буянтай хүн гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн хуулийн 7.1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэх заалт тусгагдсан байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд заасан дээрх зохицуулалтуудыг шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээгээгүй боловч миний үйлчлүүлэгчийн хувьд дээр дурдсан хуулийн шаардлагыг хангасан түүнд заавал хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломж байгаа болов уу гэж үзэж байна. Б.Мэд 2 жилийн хорих ял оногдуулан тус ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний ар гэрийнхэнд хүндээр тусаж, ялангуяа бага насны өргөж авсан 2 хүүхдийнх нь эцэг, эхтэйгээ хамт амьдрах эрх болон НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн 7 дугаар зүйлийн 1-т заасан “...эцэг эхээ боломжийн хирээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”, “...хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй...” гэх заалтууд тус тус ноцтойгоор зөрчигдөхөд хүргэж байна. Иймд миний үйлчлүүлэгч Б.М нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй зэргийг болон шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, эсвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохиролд нийцсэн. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.М нь “Баянгол Шинэ Өргөө” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...”, 7.1.6 дахь заалтад заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Баянгол Шинэ Өргөө” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт:

- Б.Быг 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2015 оны 1 дүгээр сарын 26-наас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 36.422.547.00 төгрөгийн цалин бодож, 6.864.326.29 төгрөгийг суутгаж, 29.558.220.71 төгрөгийг Б.Бд олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 5.008.238.10 төгрөгийг төлж, нийт 41.430.785.10 төгрөгийг,

- А.Сийг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс “гэрээний мэргэжилтэн” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад огт ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 14.882.771 төгрөгийн цалин бодож, 2.848.007.36 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 12.034.763.64 төгрөгийг А.Ст олгож, байгууллагаас 2.151.181.82 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17.033.952.82 төгрөгийг,

- М.Хыг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Таван шар орчмоос нэг удаа зулгааж бэлдсэн шарилжийг том оврын ачааны машинд ачсан, 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын 2 давхар оффисын барилгын гадна фасадыг засварласнаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 24.845.845 төгрөгийн цалин бодож, 4.734.390.77 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 20.111.454.23 төгрөгийг М.Хт олгож, байгууллагаас 3.477.331.93 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 28.323.176.93 төгрөгийг,

- С.Аыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 24.243.012 төгрөгийн цалин бодож, 4.589.078.11 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 19.653.933.89 төгрөгийг С.Аын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 412015861 тоот харилцах данс болон ХААН банк дахь 5925317296 тоот харилцах дансаар дамжуулан иргэн Х.Өод олгож, байгууллагаас 3.400.051.66 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 27.643.063.66 төгрөгийг,

- өөрийн хурдан морины уяач С.Гийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс “ногоон байгууламжийн туслах ажилтан” албан тушаалд тус тус томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад 2019 онд 2 удаа автомашины засварын ажилд тусалснаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 15.318.024 төгрөгийн цалин бодож, 2.828.882.77 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татвар болон бусад суутгалд суутгаж, 12.489.141.23 төгрөгийг С.Гт өөрийн хурдан морьдыг уяулсны хөлсөнд олгож, байгууллагаас 2.197.546.10 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17.515.570.10 төгрөгийг,

- өөрийн адуучин Д.Эг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс “хог тээврийн ачигч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад ажил үүрэг огт гүйцэтгээгүй байхад 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 14.941.739 төгрөгийн цалин бодож, 2.787.800.89 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 12.153.938.11 төгрөгийг Д.Эд өөрийн адуугаа маллуулсны хөлсөнд олгож, байгууллагаас 2.147.907.16 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 17.089.646.16 төгрөгийг,

- Х.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс “оффисын үйлчлэгч” албан тушаалд томилох тухай тушаал гаргаж, тус байгууллагад 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 3 дугаар хорооллын үерийн далангийн хогийг цэвэрлэсэн, 2019 оны 10 дугаар сард мөн хорооллын байрны дундах шарилж авч, түүж ачуулснаас өөрөөр ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан мэтээр цагийн бүртгэлд бүртгүүлж, нийт 7.532.091 төгрөгийн цалин бодож, 1.360.636.38 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн холбооны татварт суутгаж, 6.171.454.62 төгрөгийг Х.Мд олгож, байгууллагаас 1.092.156.10 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт 8.624.247.10 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 157.660.441.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь доорхи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

гэрч Б.Бы “...Миний бие 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Их тамир амралтын газарт галчаар ажилд орж байсан. Ингээд 2015 он гараад механик Бат-Эрдэнэ гэх залуу “та Баянгол шинэ өргөө байгууллага дээр очиж анкет бөглөөрэй” гэж хэлсэн. Улмаар маргааш нь Сонсголонгийн гүүрний зүүн талд байрлах тус байгууллага дээр очиж нэг эмэгтэй хүнтэй уулзаад анкетаа бөглөж өгсөн. Улмаар ачигч гэдэг ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл ачигчийн цалин аваад, Их тамир амралтын газарт галчаар ажил хийгээд явж байгаа. Сардаа 500 000 төгрөгийн цалинг “Баянгол шинэ өргөө” байгууллагаас авдаг. Миний ХААН банкны 5016202903 дугаарын дансаар сарын 05-нд 350 000 төгрөг, 20-нд 150 000 төгрөгийн цалин ордог. Үндсэндээ 2015 оны 2 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд авч байна. Мөн Их тамир амралтын газрын галчийн цалин 250 000 төгрөгийг авдаг.  Ажилд орохыг хүсэгчийн анкет дээрх бичвэрийг би өөрөө бичсэн, зураг нь минийх биш байна. “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиргаанд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаагүй, би бичээгүй. ...” /1хх 46-47/ гэсэн мэдүүлэг,

гэрч С.Гын “...Би “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ямар нэг ажил төрөл хийж байгаагүй. Тус байгууллагын дарга Мөнгөнсүхийн морийг нь Төв аймгийн Зүүн дэлгэр сумын 4 дүгээр багт уяж байсан. Өөрөөр хэлбэл их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны морьдыг нь уяж өгсөн. Аавынх нь морь гэж ойлгосон бөгөөд аавынх нь хашаанд жил гаран хугацаанд амьдарсан. Морь уясан хөлс болон 500 000 төгрөгийг “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргасан. Миний нэр дээр дээрх байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сараас больсон. Үндсэндээ үүнээс өөр ажлын хөлс өгөөгүй. Тэрээр надтай 2018 оны 4 дүгээр сард уулзаад “ах нь цалин мөнгийг чинь өгье, нийгмийн даатгалыг чинь байгууллагаасаа төлье” гэж хэлсэн. Миний нийгмийн даатгалын дэвтэрт ногоон байгууламжийн ажилтан гэж тэмдэглэсэн байсан. Миний хувьд 2019 онд 2 удаа ажлын байранд нь очиж машин тэрэг янзалж байгаа хүмүүст тусалсан, өөр ажил төрөл хийгээгүй. ...” /1хх 50-51/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Эы “...Би тус байгууллагад ямар нэгэн ажил төрөл эрхэлж  байгаагүй. Харин “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Мөнгөнсүхийн хэдэн тооны адуу над дээр байдаг юм. Мөн түүний 36-37 тооны адуу байна. Анх 2015 онд 19 тооны адуу авч ирснийг өсгөөд өнөөдрийн байдлаар дээрх тооны адуутай болсон. Улмаар адуугаа харуулж байгаа гэж өөрийнхөө байгууллагад ачигчийн орон тоон дээр авч, намайг 400 000 гаруй төгрөгөөр 2018 оны 7 дугаар сараас 2020 оны 4 сарыг хүртэл хугацаанд цалинжуулж байгаа юм. Уг цалин миний ХААН банкны 5039195012 дугаарын дансанд сарын 05-нд, 20 гараад хоёр удаагийн байдлаар орж ирдэг. Харин би Баянгол дүүрэгт ачигч хийж байгаагүй. ...” /1хх 54-55/ гэсэн мэдүүлэг,

гэрч М.Хын “...Би “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Батмөнхийн Мөнгөнсүхтэй 2016 онд танилцаж байсан. Өөрөөр хэлбэл барилгын ажил хийж яваад танилцсан. Улмаар 2017 онд түүнд хандан “Би зээл авахад нийгмийн даатгал төлөх хэрэгтэй байна, туслаач” гэсэн. Тэрээр тухайн үедээ за, үгүй ч гээгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сард намайг дуудаад хог тээврийн ачигчийн ажилд оруулсан. Тухайн үед ажилд орохыг хүсэгчийн анкет, өргөдөл зэргийг бичгээр гаргаж, ажилд орсон. 2017 оны 3 дугаар сард ажилд ороод тухайн сардаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Таван шар орчмоос нэг удаа зулгааж, бэлдсэн шарилжийг том оврын ачааны машинд ачсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байгууллагын 2 давхар оффисын барилгын гадна фасадыг засварласан. Материалыг  нь авахуулаад хийсэн. Ямар нэг ажлын хөлс аваагүй. Өөр ямар нэг ажил хийгээгүй. Үндсэндээ 2017 оны 3 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 650 000 төгрөгийн цалинг авсан. Би цагаа нэг ч удаа бүртгүүлж байгаагүй, дээрх ажлаас өөр ажил хийгээгүй, хог тээврийн ачигчийн ажил хийгээгүй. ...” /1хх 56-57/ гэсэн мэдүүлэг,

гэрч С.Аын “...Би тус байгууллагад 2017 оны 5 дугаар сард жолоочоор орохоор болсон, намайг ажилд авлаа гэсэн. Би ажилд орохыг хүсэгчийн анкет, зураг зэргийг өгч байсан. Тухайн үедээ тус байгууллагын дарга Мөнгөнсүхтэй уулзаж, тэрээр намайг ажилд авсан. Ингээд ажилд орсон эхний өдөр ажлын байрны гадна засварын ажлыг хийсэн, түүнээс хойш ямар нэгэн ажил хийгээгүй. Уг нь намайг жолоочоор авлаа, дуудна гэсэн ч жолоочоор ажиллаагүй. Өөрөөр хэлбэл засварын ажил хийснээс өөр ямар нэгэн ажил хийгээгүй. Энэ хугацаанд нэг ч төгрөгийн цалин аваагүй. Харин Мөнгөнсүх дарга цалингийн данс нээлгэж ир гэсэн учраас Худалдаа хөгжлийн банкинд 412015861 дугаар данс, ХААН банкинд 5925317296 дугаарын дансыг нээлгэж, картаа нууц дугаарын хамтаар өгсөн. Би өөрөө ажиллана гэж бодоод картаа түүнд үлдээж байсан. Би тус байгууллагад ачигчаар ажилд ороогүй, ачигчийн ажил хийгээгүй. ...” /1хх 58-59/ гэсэн мэдүүлэг,

гэрч Х.Өын “...2017 оны 1, 2 дугаар сард Мөнгөнсүхтэй 3 дугаар хороололд таарсан.  2017 оны 4 дүгээр сард намайг ажил дээрээ дуудсан. Ажил дээр нь явж очиход надад ХААН банкны карт өгсөн. Мөн пин код гэж дугаар өгснийг нь бичиж авсан, 1225 бил үү дугаар байсан. Тэрээр та наад картаа аваад яв гэсэн, ажил төрөл өгнө гэсэн. Ингээд 2017 оны 5 сараас 2020 оны 4, 5 дугаар сарыг хүртэл сарын 500 000 гаруй төгрөгийг картнаас авч хэрэглэсэн. Сарын эхэнд 150 000, сарын сүүлээр 450 000 төгрөг гэх мэтээр картанд орж ирдэг байсан. Харин миний тооцоогоор дээрх хугацаанд нийтдээ 18-19 сая төгрөгийг авсан байх. ...” /1хх 79/ гэсэн мэдүүлэг,

гэрч Х.Мын “...2019 оны 4 дүгээр сард Мөнгөнсүхтэй 3 дугаар хорооллын эцэст Баянгол дүүргийн удирдлагууд иргэдтэй уулзалт хийх үеэр нь таарч уулзаад ажилд орох хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Ажилгүй, амьдрал хүнд байгаа талаараа хэлээд удалгүй ажилд орсон. Улмаар дээрх ажилд орсон талаар надад мэдэгдсэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 3 дугаар хорооллын үерийн далангийн хогийг цэвэрлэсэн, 2019 оны 10 дугаар сард мөн хорооллын байрны дундах шарилж түүж, ачуулах ажлыг хийсэн, өөр ямар нэгэн ажил хийгээгүй. Мөн ажлын цаг гэж бүртгүүлж байгаагүй, ажлын байрандаа 2 удаа очиж байсан бөгөөд одоо байршлыг нь зааж өгч чадахгүй юм. ХААН банкны 5405509896 дугаарын хувийн дансаараа 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 460 000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явсан. ...” /1хх 80-81/ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Наранчимэгийн “...Би Сайнбилэгийн Ганхуяг гэдэг хүний эхнэр нь байгаа юм. Манай нөхөр Өлзийт хороололд мал малладаг. Мөнгөнсүх 2018 оны 02 дугаар сард цагаан сарын дараа манай нөхөртэй уулзсан. Манай нөхөр Мөнгөнсүх надаар өөрийнхөө морийг уяулах гэж байгаа талаар хэлсэн. Төв аймгийн Зүүн дэлгэрийн 5 дугаар багийн 5-8-1 тоот хаягт Мөнгөнсүхийн аавынх нь байдаг бөгөөд хашаанд нь манайх өөрсдийн гэрээ бариад, гэр бүлээрээ буусан. Ингээд түүний соёолон, даага хоёр насны морийг нь уясан. Улмаар 2020 оны 6 дугаар сард буюу 7-8 хоногийн өмнө аавынх нь хашаанаас гэрээ нүүлгээд, ойрхон буусан. Өөрөөр хэлбэл газар авсан бөгөөд Зүүн дэлгэр 4 дүгээр багийн 7-1 тоот хаягт байгаа болно. Үндсэндээ 2 жил гаран аавынх нь хашаанд амьдарсан. Нөхрийн хувьд “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ажилтан гэж нийгмийн даатгалаа төлүүлж байснаас уг газарт ажиллаж байгаагүй. Өөрөөр хэлбэл Мөнгөнсүх морио уяулж байгаа учраас түүнд ажлын хөлс болгож байгууллагаасаа цалин өгч байсан. Сардаа сарын 5-нд 350 000 төгрөг, 20-нд 150 000 төгрөг нөхрийн ХААН банкны 5750552199 дугаарын дансанд орж ирдэг байсан. ...” /1хх 52-53/ гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Нямжаргалын “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд архив, бичиг хэргийн ажилтан Дагвадуламаас ажлыг нь хүлээж авсан. Тэрээр надад ажлаа хүлээлгэж өгөхдөө дарга нарын хамаарал бүхий 12-13 хүний материал буюу анкет, тушаал, өргөдөл, хөдөлмөрийн гэрээ зэргийг тусад нь өгсөн. Энэ материалыг хүлээлгэж өгөхдөө эдгээр хүмүүс ажилладаггүй мөртлөө цалин авдаг хүмүүс байгаа юм. Нэр бүхий хүмүүсийн цагийг автоматаар чи гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Автоматаар гэдэг нь бүртгэлийн системээс ажилчдын бүртгэлийн мэдээллийг эксел программд хөрвүүлсний дараа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг ажилласан өдөр, цагийг нэмж шивж оруулаад хэвлэж гаргаад, гарын үсгээ зураад өгөхийг хэлж байгаа юм. ...” /1хх 106-107/ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Лхүмпэрэлийн “...Сайнбилэгийн Ганхуягийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/169 дугаартай тушаалаар ногоон байгууламжийн туслах ажилтнаар томилж, 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/125 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний мэдэхийн ажил дээр ирж байсныг санаж байна, би тэр болгон цаг бүртгээд байдаггүй.

Агваанлувсангийн Саранцэцэгийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний мэргэжилтнээр томилж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/119 тоот тушаалаар чөлөөлсөн,

Хүрэлбаатарын Мөнхзул 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/64 дугаартай тушаалаар оффисын үйлчлэгчээр ажилд томилогдож, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/139 дугаартай тушаалаар чөлөөлсөн,

Мэндбаярын Хүрэлбаатарыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/43 дугаартай тушаалаар хог тээврийн ачигчийн ажилд томилж, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/129 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн,

Бизъяагийн Баярсайхан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар хог тээврийн ачигчаар ажилд томилогдож, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/122 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн,

Доржпүрэвийн Энхтайван 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/131 дугаартай тушаалаар "хог тээврийн ачигчийн” ажилд томилогдож, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/123 дугаартай тушаалаар ажлаас тус тус чөлөөлөгдсөн. Эдгээр хүмүүсийн цагийн бүртгэлийг захирал өгдөг байсан. Түүнийх нь дагуу би нийт ажилчдын цагийн бүртгэлийг хүснэгтлээд, сарын 15, 30-ны өдрүүдээр ажилласан хоног, цагийг нэгтгэж, цаг бүртгэлийн хүснэгтийг хэвлэж гаргаад, гарын үсгээ зураад, дэд захирал Нямсүрэнгээр хянуулаад, ерөнхий нягтлан бодогчид өгдөг. Өөрөөр хэлбэл сард 2 удаа дээрх байдлаар цаг бүртгэлийн хүснэгтийг гаргаж өгдөг. Энэ цагийн бүртгэлд дээрх нэр бүхий 6 хүний ажилласан хоног, цаг бүртгэгдээд явдаг. Уг нь Б.Б, Д.Э, М.Х нар хог тээврийн хэлтсийн операторын бүртгэлээр орж ирэх ёстой боловч цагийг нь шууд захирлаас өгдөг байсан. Мөн С.Г, А.С, Х.М нар захиргаанд харьяалагддаг, төв байрны 1 давхрын операторт бүртгэгдэх ёстой, гэхдээ эдгээр хүмүүсийн ажилласан цаг, хоногийг захирал өгдөг байсан. Би түүнийх нь дагуу бүртгэл хийдэг.

Сүхбаатарын Амгаланбаярын хувьд 2017 оны 05 дугаар сард хог тээврийн ачигчийн ажилд ороод 2020 оны 5 дугаар сараас ажлаасаа чөлөөлөгдсөн. С.Г, А.С, Х.М, М.Х, Б.Б, Д.Э, С.А нарын ажлын цагийн тооцоог захирлаас өгдөг байсан. Үүнийх нь дагуу би цалин бодох үед цагийн тооцоог хийж, дэд захирал Нямсүрэнгээр хянуулаад ерөнхий нягтлан бодогчид өгч, цалин бодогдоно. Дээрх хүмүүсийн цагийн бүртгэлийг захирал хийдэг. ...” /1хх 111-112, 115-116/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Дагвадуламын “...Миний өмнө хүний нөөцийн ажил хийж байсан Лхүмпэрэл 2019 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа аваад, хүний нөөцөөр ажиллах хүн олдохгүй би ажлыг нь хавсран гүйцэтгэхээр ажлыг нь авах үед надад дээрх нэр бүхий хүмүүсийн нэрсийг, анкетын хамтаар өгөөд цагийн бүртгэлд дээрх хүмүүсийг ажилласан гэдэг байдлаар оруулаад явж байгаарай гэж надад хэлж ажил өгсөн юм. Тэгээд би хэлсэн ёсоор нь дээрх нэр бүхий хүмүүсийн цагийн бүртгэлд ажилласнаар бүртгэж, цалин хөлс авах нөхцөл бололцоогоор нь хангаж байсан нь үнэн. Лхүмпэрэл надад ажлаа өгөхдөө дээрх байдлаар хэлж ярьж дараах нэр бүхий хүмүүсийн анкет материалыг хүлээлгэж өгсөн юм. Үүнд: ...Сайнбилэгийн Ганхуяг ногоон байгууламж дээр ажилладаг байдлаар, Агваанлувсангийн Саранцэцэгийг гэрээний мэргэжилтнээр, Хүрэлбаатарын Мөнхзул үйлчлэгчээр, Бизьяагийн Баярсайхан Хандгайт зусланд манаачаар ажилладаг, Доржпүрэвийн Энхтайван энэ хүн өвчтэй гэдэг байдлаар явдаг. Дээрх хүмүүсийн цагийг нь бүртгэлд оруулаад явж байгаарай гэж хэлсэн юм. Энэ хүмүүс нь манай байгууллагад ажилладаггүй, манай байгууллагын ажилтнууд биш юм. Гэхдээ манай байгууллагад ажилласнаар цаг нь бүртгэгдээд цалин авдаг юм. ...” /1хх 121-122/ гэсэн мэдүүлгүүд,

“Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Мийн “С.Гийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хог тээврийн ачигчаар, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ногоон байгууламжийн туслах ажилтнаар томилох тухай Б/77, Б/169 дугаар тушаалууд /3хх 10, 10хх 115/, А.Сийг 2015 онь 8 дугаар сарын 1-ний өдрөөс гэрээний мэргэжилтнээр томилох тухай Б/Т95 дугаар тушаал /10хх 129/, Х.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс оффисын үйлчлэгчийн албан тушаалд томилох тухай Б/64 дүгээр тушаал /10хх 142/, М.Хыг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилох тухай Б/43 дугаар тушаал /10хх 152/, Б.Быг 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилох тухай Б/25 дугаар тушаал /10хх 178/, Д.Эыг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилох тухай Б/131 дугаар тушаал /10хх 190/, С.Аыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хог тээврийн ачигч албан тушаалд томилох тухай Б/72 дугаар тушаал /10хх 210/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Мийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.М нь Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/90 дугаартай тушаалаар “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянгол Шинэ Өргөө” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар” томилогдсон бөгөөд тус албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т тус тус зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компаний эрх бүхий албан тушаалтан” гэж заасны дагуу нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

          Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Б.Мийг 157.660.441.88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас С.Г, С.Саранцэцэг, М.Мөнхзул, М.Х, Б.Б, Д.Э, С.А нарын нэр дээр 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд 44.073.247.05 төгрөгийг төлсөн, уг мөнгө нийгмийн даатгалын байгууллагын дансанд орсон, Үйлдвэрчний эвлэлийн хорооны татварт 1.345.727.57 төгрөг тус хорооны үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзэн түүний үйлдлээс 45.418.974.62 төгрөгийг ашиглаж хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

             Түүнчлэн, “Баянгол Шинэ Өргөө” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас С.Г, А.С, Х.М, М.Х, Б.Б, Д.Э, С.А нарыг тухайн байгууллагад томилогдсон цаг хугацаанаас хойш буюу 2015-аас 2020 оны хооронд 138.186.029.00 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 19.474.412.88 төгрөг төлсөн /2хх 67-73/ байхад 44.073.247.05 төгрөг төлөгдсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Шүүгдэгч Б.М нь “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...”, “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Баянгол Шинэ Өргөө” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт 2015 оноос 2020 онд ажиллаагүй хүмүүст олгосон цалингийн дутагдлын тооцоо нь ажиллаагүй хүмүүст олгосон цалин, мөнгөн дүнгээр 138.186.029 төгрөг, байгуулагаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 19.474.412 төгрөг, нийт 157.660.441 төгрөгний хохирол улсад учруулсан нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-гаар бүрэн тогтоогджээ.

Энэ байдал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул гэмт хэргийн улмаас учирсан нийт учирсан 157.660.441 төгрөгний хохирлыг шүүгдэгч Б.М болон иргэний хариуцагч нар хариуцан хохиролыг төлж барагдуулах нь зүйтэй байна. Үүнээс:

          А.С 12.034.763 төгрөг, Б.Б 29.597.700 төгрөг, Д.Э 12.153.938 төгрөг, Х.Ө 19.679.938 төгрөг, С.Г 12.492.748 төгрөг, М.Х 20.100.000 төгрөг, Х.М 6.175.000 төгрөг, шүүгдэгч Б.Мээс 45.418.974 төгрөг тус тус гаргуулж Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төвлөрүүлжээ.

          Гэмт хэргийн улмаас нийт 157.660.441 төгрөгний хохирол учирсан, Авлигатай тэмцэх газрын дансанд 44.073.247 төгрөг, 112.233.557 төгрөг, 1.345.727 төгрөг тус тус төвлөрүүлсэн үүнээс анхан шатны шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн гэх 44.073.247.05 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Мээс Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төвлөрүүлсэн 44.073.247.05 төгрөгийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

          Б.Мээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлүүлэхээр шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын хохирол төлбөрийн дансанд түүний тушаасан 44.073.247 төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн тул “Баянгол Шинэ Өргөө” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллаагүй хүмүүсийн Нийгмийн даатгалын шимтгэлд тооцож төлсөн 19.474.412 төгрөгийг “Баянгол Шинэ Өргөө” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газар, Нийгмийн даатгалын сангаас жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.

          Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар нь “...анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй зэргийг болон хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн оногдуулсан хорих ялыг тэнсэж, эсвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, мөн хуулийн зүйл заалтаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж,

шүүгдэгч Б.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчтай мэтгэлцээгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Мэд үйлдсэн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулжээ.

             Шүүгдэгч Б.М нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг алдагдуулсан, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хууль бусаар тогтоосон зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгож, шүүгдэгч Б.Мийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэх” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Х.Маас Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд 75.000 төгрөг байршуулсныг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/630 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Мийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Мийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Мэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Мэд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

8 дахь заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Б.Мээс Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлсөн 44.073.247.05 төгрөгийг уг данснаас гаргуулан түүнд буцаан олгосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мээс Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төвлөрүүлсэн 44.073.247.05 төгрөгийг, иргэний хариуцагч А.Сийн 12.034.763 төгрөг, Б.Бы 29.597.700 төгрөг, Д.Эы 12.153.938 төгрөг, Х.Өын 19.679.938 төгрөг, С.Гын 12.492.748 төгрөг, М.Хын 20.100.000 төгрөг, Х.Мын 6.175.000 төгрөг төвлөрүүлсэн 112.158.557.02 төгрөгийг тус тус улсын төсөвт оруулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 7, 9 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан “...хорих ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойшхи 58 хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ