| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/00633/И |
| Дугаар | 102/ШШ2023/04641 |
| Огноо | 2023-12-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2023/04641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг .. дүгээр хороо .. дүгээр хороолол .. дугаар байр .. тоот хаягт оршин суух О.Д /РД:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг .. дугаар хороо .. дүгээр хороолол ... гудамж .. дугаар байр .. тоот хаягт оршин суух Ч.Д
Зээлийн гэрээний үүрэгт 28,100,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ч.Д холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Ч.Д нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн. Уг гэрээний хугацааг хариуцагчийн хүсэлтээр 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар сунгаж, энэ хугацааны хүүг сарын 6 хувиар тохирсон.
1.2. Дээрх гэрээний дагуу хариуцагч Ч.Д дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 2,700,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 13,100,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 28,100,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
1.3. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн барьцааны гэрээгээр Баянгол дүүрэг .. дугаар хороо .. дугаар байр ... тоотод байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Дүү Б.Ч-ийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй уулзаж, тэдний хэлсний дагуу гэрээг уншиж үзэлгүй гарын үсэг зурсан. Дараа жил нь мөн Б.Ч нь нөгөө хүнтэйгээ уулзаж гарын үсэг зурах хэрэгтэй байна, удахгүй зээлээ төлж дуусгана гэсний дагуу ахин нэг гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний зээл авах хүсэлт, тохиролцоог Б.Ч хийж, зээлийг ашиглаж, эргэн төлөлтийг хийж байсан, тухайн үед тэдний хэлсний дагуу өөрийн байраар зээлийн гэрээний барьцааг гаргаж байна гэж ойлгосон. Эдгээр гэрээтэй холбоотой мэдэх зүйл байхгүй гэжээ.
3. Хариуцагч Ч.Д нь нэхэмжлэгч О.Д-д холбогдуулан маргаан бүхий зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
3.1. Дүү Б.Ч-ийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй уулзаж, тэдний хэлсний дагуу гэрээг уншиж үзэлгүй гарын үсэг зурсан. Дараа жил нь мөн Б.Ч нь нөгөө хүнтэйгээ уулзаж гарын үсэг зурах хэрэгтэй байна, удахгүй зээлээ төлж дуусгана гэсний дагуу ахин нэг гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний зээл авах хүсэлт, тохиролцоог Б.Ч хийж, зээлийг ашиглаж, эргэн төлөлтийг хийж байсан, тухайн үед тэдний хэлсний дагуу өөрийн байраар зээлийн гэрээний барьцааг гаргаж байна гэж ойлгосон. Иймд эдгээр гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна.
3.2. Энэ зээлийн гэрээний харилцаа нь удаа дараагийн шинжтэй, давтан хийгддэг бөгөөд нэхэмжлэгч нь аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрөл авч, зохих татвараа төлж зээлийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой. Иймд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.
3.3. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж хууль зөрчсөн байна. Иймд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. Тухайн үед хамт ажиллаж байсан залуугийн “хуурай эгчийнх нь ах мөнгө зээлэхээр хөөцөлдөөд зээл нь бүтэхгүй, удаад байгаа учраас хүүтэй мөнгө түр зээлүүлчих, тэр ах өөрийнхөө байрыг барьцаална, найдвартай” гэж гуйсны дагуу 2019 оны 8 дугаар сард Ч.Д-той уулзаж нотариат орж зээлийн болон барьцаааны гэрээг байгуулсан.
4.2. Дээрх зээлийн гэрээний дагуу 2019 онд 10,000,000 төгрөгийг авсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй хохироож байна. Энэ хугацаанд зээлээ төлөхийг Ч.Д-оос удаа дараа шаардаж байсан ба сүүлдээ утсаа авахгүй больсон. Ингээд шүүхэд хандахад зээлийг дүү Н.Ч нь авсан болоод, мөн дүү гэх Н.Ч нь шүүхэд гэрчээр асуугдахдаа үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ зөрчиж худлаа ярьсан, хариуцагч нь зээл аваагүй, дүү нь зээл авсан мэтээр, нэхэмжлэгч байнгын зээлийн үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөл авах ёстой гэх мэтчлэн худлаа ярьж, бичиж байна.
4.3. Ч.Д-ийн хүсэлтийн дагуу мөнгө зээлсэн бөгөөд энэ зээлийг олгохыг тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн тухайн үед нотариатч бид нараас лавлаж тодруулсны үндсэн дээр гэрээг баталгаажуулж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /ХХ-5-7, 15, 40-41, 46 дугаар тал/
6. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
7. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Б.Ч-с гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /ХХ-53-54 дугаар тал/
8. Шүүхийн санаачилгаар дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Баянгол дүүрэг .. дугаар хороо .. дугаар байр .. тоотод байршилтай 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /ХХ-ийн 74-79 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 10,000,000 төгрөг зээлсэн, уг мөнгийг дансаар нь шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 13,100,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 28,100,000 төгрөг шаардаж байна. Мөн хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Тухайн зээлийг дүү Б.Ч авч, эргэн төлөлтийг төлдөг байсан. Түүний хүсэлтээр нэхэмжлэгчтэй уулзаж гэрээг уншиж танилцалгүй гарын үсэг зурсан, тухайн үед зээлийг өөрийн байраар барьцааг гаргаж байна гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр О.Д нь Ч.Д-д 10,000,000 төгрөгийг шилжүүлэх, Ч.Д нь 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 7 хувийн хүүтэй төлөх үүргийг тус тус хүлээжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг .. дугаар хороо .. дугаар байр ... тоотод байршилтай 29м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. Дээрх гэрээнүүдийн агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээнүүдийг байгуулж, гарын үсэг зурсан үйл баримтад хариуцагч маргаагүй боловч тухайн гэрээнүүдийг байгуулах хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний тохиролцоог Б.Ч хийж, зээлийг ашигласан, нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл ийм гэрээгээр талууд ямар нэг эрх, үүрэг хүлээх хүсэл эрмэлзэлгүй буюу анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэдгийг мэдэж байдаг. Харин хариуцагчийн тайлбараас үзвэл тухайн гэрээнүүдээр үүрэг, хариуцлага хүлээх болохоо мэдсэн, мэдэж байсан үйл баримт тогтоогдож байх тул уг гэрээнүүдээр эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулахад хэн нэг этгээдээс зөвшөөрөл авах талаар заагаагүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа нь иргэд хоорондын зээлийн харилцаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд ямар хэлбэрээр хийх талаар заагаагүй бол талууд тохиролцож амаар эсвэл бичгээр хийнэ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг ямар хэлбэрээр хийх талаар хуульд заагаагүй тул уг гэрээг амаар, бичгээр аль алинаар нь хийж болно. Зохигчид зээлийн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар тухайн гэрээгээр илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр болно.
Хариуцагч нь зээлийн гэрээтэй холбоотой асуудалд хамаагүй, ямар учиртай гэрээнд гарын үсэг зурснаа мэдээгүй гэж байгаа хэдий ч уг гэрээг байгуулах зорилгоор нотариатчийн үйлчилгээ авсан, гэрээнд гарын үсэг зурсан нь тухайн гэрээг байгуулах хүсэл зориг илэрхийлсэн, гэрээний агуулгыг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулахаа өөрөө шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд хариуцагчийн үйлдэл гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэж байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч нь татгалзалтайгаа холбогдуулан Б.Ч-с гэрчийн мэдүүлэг авахуулсан ба зөвхөн гэрчийн мэдүүлгээр талуудын хүсэл зоригийг тогтоох боломжгүй. Иймд хариуцагчийн тайлбарыг нотлогдоогүй гэж үзсэн.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний дагуу зээлдүүлэгч О.Д нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдэгч Ч.Д-н дансанд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, банкны орлогын баримтаар тогтоогдов. Мөн талууд гэрээгээр хүү төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасанд нийцнэ. Иймд хариуцагч нь зээл, түүний хүүг төлөх үүрэгтэй байна.
Талууд зээлийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс нэг жилийн хугацаатай байгуулсан ба уг хугацааг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар сунгаж, тухайн хугацаанд зээлийн хүүг сарын 6 хувь байхаар тохирсон байна. Энэ нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцнэ.
Хэдийгээр талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу зээлийн хүүгийн хэмжээг тохиролцон тогтоосон ч энэ нь зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд хохиролтой, нийгмийн харилцаанд тогтсон хэмжээнээс илт их байх, талуудын гэрээний тэгш эрхийг хангаагүй байх нь хуульд нийцэхгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэж маргаж буй нь хүүг зөвшөөрөхгүй агуулга бүхий тайлбар гэж үзэхээр байна. Иймд банк бус санхүүгийн байгууллагуудын 2019 оны 8 дугаар сарын дундаж хүүгийн хэмжээ 3%, 2020 оны 8 дугаар сарын дундаж хүүгийн хэмжээ 2.9% /https://www.frc.mn, https://www.nso.mn/ байгааг үндэслэн зээлийн хүүгийн хэмжээг дараах байдлаар багасган тогтоов. Үүнд: 2019 оны зээлийн гэрээний хүү болох 7%-ийг 3,5%, 2020 оны хугацаа сунгасан гэрээний хүү болох 6%-ийг 3% болгож, уг хэмжээгээр тооцож хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлов. Иймд хариуцагч нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,800,000 төгрөг нийт 17,800,000 төгрөг төлөхөөс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 700,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөг нийт 2,700,000 төгрөгийг хасаж 15,100,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Талууд гэрээгээр алданги төлөхөөр тохирсон, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох боловч нэхэмжлэгч нь алдангид 5,000,000 төгрөг шаардсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр алдангийг гаргуулах нь талуудын зарчимд нийцнэ. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 20,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль зөрчөөгүй, талуудын байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Уг гэрээгээр хангагдах шаардлагыг зээл, хүү, алданги, бусад зардлын хэмжээгээр тодорхойлсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох шаардлага биш байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл нь анхнаасаа хийгдээгүй буюу ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул талууд маргасан эсэхээс үл хамааран зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах эсэхэд шүүх дүгнэлт хийнэ. Харин уг гэрээний дагуу ямар нэг эрх зүйн үр дагавар бий болсон бол энэхүү үр дагаврыг арилгахыг шаардах нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага болж байдаг. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэл гэж үзэв. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид буцааж олгох нь зүйтэй.
Шүүх хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан журмаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Д 20,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг .. дугаар хороо .. дугаар байр ... тоотод байршилтай 29 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Д-с улсын тэмдэгтийн хураамжид 328,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгож, улсын орлогоос 368,650 төгрөг гаргуулж хариуцагч Ч.Д-д буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА