| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/05179/И |
| Дугаар | 102/ШШ2024/00030 |
| Огноо | 2023-12-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дүгээр хороо, хороолол, байр, тоотод оршин суух, Х овогт Ж С /рд:
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, хороолол, байр, тоотод оршин суух, Т.А /рд: /
Нэхэмжлэлийн шаардлага: 9,200,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.А хөтлөв.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Т.А 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие 2022 оны 6 дугаар сарын 23-нд Нийслэлийн тойргийн нотариатч Б.Оюуны зээлийн гэрээ /бүртгэлийн дугаар 1359/ хийж 5,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 70 хоногийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээ хийн нотариатаар батлуулсан болно. Тухайн үед хугацааны эцэст бөөнд нь өгнө гэсэн нөхцөлтэйгээр итгэлцэн гэрээ хийсэн боловч одоог хүртэл дээрх мөнгөн дүнгээс 0 төгрөг ч өгөөгүй бөгөөд утсаар залгахаар утсаа авахгүй мэссэж бичээд хариу өгөхгүй таг алга болсон. Иймээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өгсөн мөнгөө буцаан авах мөн зээлийн гэрээний 3.7 дахь заалтын Үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэсэн заалтын дагуу үндсэн зээлийн мөнгөн дүн дээр тооцуулан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Нийт өдрийн алданги 25,000x168 хоног 4,200,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөгийн хохирол надад учруулсан тул хохирлыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Ж.С нэхэмжилж буй төлбөрийн 7,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ажлаар хөдөө орон нутагт явж байгаа учир биеэр оролцох боломжгүй байгаа тул дээрх хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 28ё/3566 тоот албан бичиг /хх 5/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ / дугаар шийдвэр /хх 6-8/, Зээлийн гэрээ /хх 9-10/, итгэмжлэл /хх 23/-г гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ж.с-ын нэхэмжлэлээс 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1,700,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...5,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 70 хоногийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээ хийн нотариатаар батлуулсан болно. Тухайн үед хугацааны эцэст бөөнд нь өгнө гэсэн нөхцөлтэйгээр итгэлцэн гэрээ хийсэн боловч одоог хүртэл дээрх мөнгөн дүнгээс 0 төгрөг ч өгөөгүй бөгөөд утсаар залгахаар утсаа авахгүй мэссэж бичээд хариу өгөхгүй таг алга болсон гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг байгуулан мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн ...Ж.С нэхэмжилж буй төлбөрийн 7,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ж.С болон хариуцагч т.а нар 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1359 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Ж.С нь 5,000,000 төгрөгийг 70 хоногийн хугацаатай, хүүгүй зээлэхээр болжээ. Төлбөрийн нөхцлийг талууд хугацааны эцэст бөөнд нь буцаан төлөхөөр, мөн гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангитай байхаар харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
4.2. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зохицуулсан.
Хариуцагч дээрх зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 5,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзэж хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
4.3. Талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй. Харин гэрээний хариуцлага буюу алдангид 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцнэ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч т.агаас 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч т.агаас 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Б