Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж, шүүгч Г.А, Ж.К нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, хороолол, / байр,  тоотод оршин суух, Д овогт Д.А/рд:    /,

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, гудамж байр, тоотод оршин суух, Ш овогт Э.Б /рд: /,

Хариуцагч: Б дүүрэг,  дугаар хороо,  гудамж байр, тоотод оршин суух, А  овогт Т.Б /рд:  /

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 48,573,100 төгрөг гаргуулах хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .Х.Ц,М.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Хариуцагч Э.Б гийн өмгөөлөгч Т.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

/Иргэдийн төлөөлөгч З.О эзгүйд шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э.Б, Т.Б нараас гэм хорын хохиролд 52,520,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Н.Country маркийн 81-84 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд уг тээврийн хэрэгслийг жолооч Б.Ц нь жолоодоод 2022-10-26-ны өдрийн 06.30 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Интермед эмнэлгийн арын төв замын 1-р эгнээгээр явж байхад нь 2-р эгнээнд зэрэгцээд явж байсан Toёота приус /Toyota Pruis/ маркийн 90-66 УАР улсын дугаартай автомашин нь Тоёота Алпард /Toyota Alphard/ маркийн 04-79 УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, миний машиныг Toёота приус /Toyota Pruis/ маркийн машин мөргөж замаас гаргасан зам тээврийн осол болсон. Тээврийн цагдаад дуудлага өгч, осол гарсан газарт үзлэг хэмжилт хийж, Тоёота Алпард /Toyota Alphard/ маркийн 04-79 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг биелүүлээгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023-01-09-ний өдрийн 25 дугаартай дүгнэлтээр буруутай нь тогтоогдож, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Тээврийн прокурорын газрын 2023-01-27-ны өдрийн 18 дугаартай тогтоол гарсан. Миний бие хохирлын үнэлгээг Мастер үнэлгээ ХХК-иар хийлгэхэд тээврийн хэрэгсэлд 36,896,000 төгрөг, үнэлгээний хураамжны төлбөрт 2,214,000 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны төлбөрт 120,000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөрт 90,000 төгрөг, нийт 39,320,600 төгрөг, Н.Country маркийн 81-84 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Шинэ Монгол Харумафүжи сургуулийн хүүхдүүдийг гэрээгээр өдөрт 3 удаа /1 рейс нь 100,000 төгрөгөөр/ зөөж тээвэрлэдэг байсан ба осолд орсноос хойш 44 өдөр яваагүй /өдрийн 300,000 төгрөг/ тул 13,200,000 төгрөг нийт 52,520,600 төгрөгийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж миний эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай нь тогтоогдсон хариуцагч Э.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. ХариуцагчЭ.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Интермед эмнэлгийн хойд талын замд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 0479 УНҮ улсын дугаартай Т.Alphard маркийн автомашинаа жолоодоод ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигт явж байгаад зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийхийг зөвшөөрсөн тасархай зураас тэмдэглэгээгээр зүүн гар тийшээ эргэхээр хурдаа хасч орчны нөхцөлд байдлыг үнэлсэн. Эсрэг эгнээнээс их холоос ирж яваа хоёр машины гэрэл харагдсан тул эргэх боломжтой гэж үзээд үйлдлээ үргэлжлүүлтэл маш хурдтай хоёр машин ирж мөргөсөн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс прокурорын тогтоолоор гаргасан шинжээчийн дүгнэлтээр тухайн осолд холбогдсон 3 машины жолооч буюу Prius -30 маркийн 90-66 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Т , County маркийн 81-84 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц нарыг замын хөдөлгөөний 2 дугаар заалтыг биелүүлээгүй гэсэн дүгнэлт гарсан. Монгол улсын иргэн нь хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт бүрийг бүх нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн зарчмын дагуу жолооч М.Т , Б.Ц нар ч гэсэн иргэн Д.Ад учирсан хохирлыг төлөлцөх үүрэгтэй. Миний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд мөн адил хохирол учирсан. Иргэн Э.Б миний бие уг осолд холбогдсон 3 тал бүгд өөрсдөө учирсан хохирлоо өөрөө өөрсдөө хариуцах ёстой гэж ойлгож байна. Иймд зөвхөн надад холбогдуулан гаргасан Д.Аын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нийт 48,573,100 төгрөгийг хариуцагч нарт хамааруулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Б болон тээврийн хэрэгслийн өмчлөгч Т.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буюу 48,573,100 төгрөгөөс хэдэн төгрөгийг нь ямар хуулийн зүйл заалтаар шаардаж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт бичгээр гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан бөгөөд тус шаардлага дээр хариуцагч талаас буруу тайлбар гаргаж, шүүх хуралдаан удаашралтай явагдаж байна гэх тайлбарыг гаргасан. Гэтэл Т.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирсэн миний бие даатгалын компаниас 3,947,500 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч авсан байна гэх хүсэлт, шаардлагыг гаргасны үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа тус үнийн дүнг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан. Дээрх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бууруулахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх зорилготой байсныг шүүх анхаарч үзнэ үү. Мөн авто осол санамсар болгоомжгүй байдлаар бий болсон. Авто осолтой холбоотойгоор Э.Б гийн гэм буруугийн асуудлыг зөвшөөрч байгаа ба хуулийн дагуу, нотлох баримтын дагуу үнэн шударга, зөв шийдвэрлүүлэхийг Э.Б гийн зүгээс хүсэж, бүх шатны хуулийн байгууллагуудад гомдол хүсэлт гаргаж, өнөөдрийг хүрсэн. Мөн Харүмафүжи компанитай нэхэмжлэгч биш Б.Ц хүүхэд тээвэрлэх үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу Б.Ц өөрийн Хаан банкны дансаар төлбөр тооцоогоо авсан. Гэтэл Д.А тус тээврийн хэрэгсэл минийх тул би Харүмифүжи компанитай гэрээ байгуулж, ажиллаж байсан учраас олох ёстой орлого буюу 13,200,600 төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох Т.Б , Э.Б нараас гаргуулна гэж шаардлага гаргасан. Харүмафүжи компанитай тээврийн хэрэгслээр хүүхэд зөөх зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах, жолооч тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсны дараа тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хүүхэд тээвэрлэх үйл ажиллагаа явуулах тухай Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль болон Авто тээврийн тухай хууль дээр тус тус хуульчилсан. Тус хуулийн заалт, журмыг жолооч Б.Ц ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Б.Ц тус тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлсэн боловч нийгмийн даатгал, бусад татвар, хураамжуудыг төлөөгүй ба үйл ажиллагаа явуулж, өөрийн данс руу төлбөрөө хүлээн авч байсан орлогыг өнөөдөр нэхэмжлэгч миний орлого гэх тайлбарыг тавьж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Энэ тохиолдолд Д.А нэхэмжлэгч биш харин Б.Ц нэхэмжлэгч болж таарна. Мөн Э.Б гийн зүгээс гэм буруутай холбоотой асуудал дээр бусад шүүх, прокурор, хяналтын байгууллагуудад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан анхны дүгнэлтээр осолд өртсөн 3 автомашины Э.Б зүүн гар тийш эргэх дүрэм зөрчсөн, чигээрээ явж байсан Приус маркийн автомашин болон автобус хурд хэтрүүлсэн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт гарсан тул эцсийн байдлаар энэ дүгнэлтийн үнэн, бодит байдлыг тогтоох үндэслэл, зорилготойгоор гомдол, хүсэлт гаргаад явсан үйл баримтууд бичгээр хавтаст хэрэгт ирүүлснийг шүүх анхаарч өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Д.Аын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Hyundai Country автомашины гэрчилгээний хуулбар /1хх 4/, Тээврийн прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /1хх 5-7/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-15/, Тээврийн цагдаагийн албаны Замын тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 16-17/, Мөрдөгчийн магадлагаа /хх 18-20/, Мастер үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, төлбөр төлсөн баримт /1хх 21-30/, Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд автобусаар үйлчлэх жолооч нартай байгуулах гэрээ /1хх 31-32/, Д.Аын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 33-40/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 41/, итгэмжлэл /1хх 50/, Ерөнхий боловсролын Шинэ монгол харүмафүжи сургуулийн тодорхойлолт /1хх 208/, Тээврийн Прокурорын газрын Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /1хх 209-211/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 212-214/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 215-217/, итгэмжлэл /2хх 3/, Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж, хамтран хариуцагч оролцуулах тухай /хх 4-5/,

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /1хх 48/, Шинжээчийн дүгнэлт /1хх 67-74/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /1хх 108, 109/, Б.Ц-ын жолооны үнэмлэхийн хуулбар /1хх 110/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах нь /1хх 218/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /1хх 219/, итгэмжлэл /2хх 13/ 19, 36/, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /2хх 50/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 51/,

 

6. Шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Тээврийн прокурорын газраас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1833 тоот албан бичиг /1хх 125-155/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл /1хх 244-250, 2хх 1-2/, Ерөнхий боловсролын Шинэ монгол харүмафүжи сургуулийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/555 тоот албан бичиг, хавсралт /2хх 47-49/,

Хариуцагчийн хүсэлтээр Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 04/634 тоот албан бичиг /1хх 85/, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11-ЗГ/3187 тоот албан бичиг /1хх 156-205/-ыг бүрдүүлсэн.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлээс 35,372,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 13,200,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. 2023 оны 2 дугаар сарын 12ы өдөр нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э.Б д холбогдуулж гэм хорын хохиролд 52,520,600 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.А өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг ...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тодруулсан ба хамтран хариуцагчаар Т.Б г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шүүхэд гаргасан шаардлагын хэмжээг ...2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Т.Б гийн жолоочийн хариуцлагын даатгалаас 3,947,500 төгрөг Тэнгэр даатгал ХХК даатгалын байгууллагаас шилжиж орсон гэсэн үндэслэлээр 48,573,100 төгрөг болгон багасгасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлийг ...жолооч Э.Б нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж миний эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай нь тогтоогдсон гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг ...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан анхны дүгнэлтээр осолд өртсөн 3 автомашины Э.Б зүүн гар тийш эргэх дүрэм зөрчсөн, чигээрээ явж байсан Приус маркийн автомашин болон автобус хурд хэтрүүлсэн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт гарсан, ...Мөн Харүмафүжи компанитай нэхэмжлэгч биш Б.Ц хүүхэд тээвэрлэх үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу Б.Ц өөрийн Хаан банкны дансаар төлбөр тооцоогоо авсан. ...Энэ тохиолдолд Д.А нэхэмжлэгч биш харин Б.Ц нэхэмжлэгч болж таарна гэсэн агуулгаар бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Интермед эмнэлгийн хойд талын замд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 06 цаг 30 минутын орчим 04-76 УНҮ улсын дугаартай Toyota Alphard /Тоёота Алпардмаркийн тээврийн хэрэгслийн жолооч нь 90-66 УАР улсын дугаартай Toyota Pruis-30 /Тоёота пруис/ болон 81-84 УЕЕ улсын дугаартай Нyundai Country /Хьюндай Каунтри/ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, нэхэмжлэгч Д.Аын эзэмшлийн 81-84 УЕЕ улсын дугаартай Нyundai Country /Хьюндай Каунтри/ маркийн тээврийн хэрэгсэлд тодорхой хэмжээний хохирол учирсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

 

4.2. Дээрх зам тээврийн ослын улмаас буюу хариуцагч Э.Б 04-79 УНҮ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчин, бусдын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, Toyota Pruis-30 маркийн 90-66 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Т гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 27ы өдрийн 18 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байхаас гадна зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, Тээврийн прокурорын газрын прокурорын дээрх тогтоолоор хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

 

4.3. Хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, талуудын тайлбараар хариуцагч Т.Б гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагч Э.Б жолоодон явахдаа осол гаргаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч Д.А Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар учирсан хохирлоо тээврийн хэрэгсэл эзэмшигч Т.Б гаар арилгуулахаар шаардах эрхтэй.

 

4.4. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан бөгөөд осол гарах үед Т.Б  нь 04-79 УНҮ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч байсан тул нэхэмжлэгчийн шаардаж буй гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзэж, хариуцагч Э.Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4.5. Хавтаст хэрэгт Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №32851/ДД№24799940 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан авагдсан бөгөөд үнэлгээний тайлангаар 81-84 УЕЕ улсын дугаартай, Нyundai Country маркийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг 36,896,600 төгрөгөөр тогтоожээ. Мөн уг үнэлгээг 2,214,000 төгрөгөөр хийлгэсэн тухай Мастер үнэлгээ ХХК-ийн төлбөрийн баримт, тээврийн хэрэгсэлд 90,000 төгрөгөөр оношилгоо хийлгэсэн тухай Мастер үнэлгээ ХХК-ийн төлбөрийн баримт, тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан төлбөрт 120,000 төгрөг төлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Тэнгэр даатгал ХХК-иас 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Ад 3,947,500 төгрөгийг ЕВ-23/00544а Т.Б 0479 УНҮ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгсөн байна.

 

4.7. Нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлогын нөхөн төлбөрт 13,200,600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг шаардлагаа нотлох үүднээс хавтаст хэрэгт баримтууд гаргаж өгсөн. Гэвч эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого болохыг тодорхойлж чадахгүй байхаас гадна хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж дээрх шаардлагыг хангах боломжгүй байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд автобусаар үйлчлэх жолооч нартай байгуулах гэрээг тус сургуультай иргэн Б.Ц байгуулсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Аын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Ууганбаяр Таванхүү гэсэн гүйлгээний утгатай орлогыг Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн орлого гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 13,200,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4.8. Иймд үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирол гэж тогтоогдсон 36,896,600 төгрөгнөөс Тэнгэр даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 3,947,500 төгрөгийг хасч, уг үнэлгээний ажлын хөлс 2,214,000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр 90,000 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны төлбөр 120,000 төгрөг, нийт 35,372,500 төгрөгийг хариуцагч Т.Б гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

5. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 420,553 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Б гаас 334,812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Б гаас 35,372,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,200,600 төгрөг, хариуцагч Э.Б д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 420,553 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Б гаас 334,812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.Б

 

ШҮҮГЧИД Г.А

 

Ж.К