Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/04620

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,   гудамж,  байр,  тоотод оршин суух, Х овогт Б. Э /рд: /

 

Хариуцагч:  С дүүрэг,  дугаар хороо,  тоот хаягт бүртгэлтэй боловч Б дүүрэг,  дугаар хороо,  байр,  тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гэх ХЦКХХК /рд:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Б.Э,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.А хөтлөв.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ХЦКХХК -д холбогдуулан гаргасан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие хариуцагч ХЦКХХК -тай 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг Нутгийн буян ХХК болон ХЦКХХК -иудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 22/024 тоот гэрээг үндэслэн байгуулсан болно. Уг гэрээгээр бид дараах нөхцлийг тохиролцсон. Үүнд ажил гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр хороолол НБГХХКйн бүтээн байгуулж буй Хаппи резиденс хотхон 16 давхар орон сууцны барилгын 7 дугаар давхарт байрлах 79,83 м.кв талбай бүхий /1 м.кв нь 3,800,000 төгрөг/ 3 өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улирлын дотор буюу 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж ашиглалтад оруулах, харин захиалагч нь гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагчийн заасан данс болох ХБХХК дахь Э.М-ИЙН эзэмшлийн тоот дансанд шилжүүлсэн, мөн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болно. Нэхэмжлэгч миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 5,000,000 төгрөгийг хариуцагчийн заасан данс болох ХБХХК дахь Э.М-ИЙН эзэмшлийн ....... тоот дансанд шилжүүлсэн, мөн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний урьдчилгааг шилжүүлснээр хариуцагч, ажил гүйцэтгэгч барилгын ажлаа эхлүүлж байшинг 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч одоог хүртэл ямар ч ажил хийгээгүй, цаашид энэ ажлыг гүйцэтгэхгүй болох нь тодорхой болсон тул нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөр, алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөг болно. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нэхэмжилж байгаа бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, шүүхэд нэхэмжлэл гаргаж буй 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 121 хоног, урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийн 0,5 хувь нь 15,500,000 төгрөг боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцүүлж алдангид 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч ХЦКХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчас хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ /хх 6-11/, ХБ-НЫ шилжүүлгийн мэдээлэл /хх 12-13/-ийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 17/-ыг өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э-ЫН нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ХЦКХХК -д холбогдуулж гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн 10,000,000 төгрөг, алданги төлбөрт 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн гэх 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э нь 2,000,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэгч нь хариуцагч ХЦКХХК -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А/220016 Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний дагуу шилжүүлэн өгсөн 8,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги төлбөрт 5,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж, нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ ...Гэрээний урьдчилгааг шилжүүлснээр хариуцагч, ажил гүйцэтгэгч барилгын ажлаа эхлүүлж байшинг 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч одоог хүртэл ямар ч ажил хийгээгүй, цаашид энэ ажлыг гүйцэтгэхгүй болох нь тодорхой болсон гэж тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтуудыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч ХЦКХХК  нар 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр А/    дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 19 дүгээр хороолол НБГХХКйн бүтээн байгуулж буй Хаппи резиденс хотхоны 16 давхар орон сууцны барилгын 7 давхарт байрлах 79,83 м.кв 3 өрөө орон сууцыг захиалагчийн захиалгын дагуу тус өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон хөлс төлбөрийг төлөх, гэрээгээр захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2023 оны 2 дугаар улирал дуустал байна, орон сууцны 1 м.кв 3,800,000 төгрөг, захиалагч нь уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд 30% болох 91,006,200 төгрөгийг ГБ ....... тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр ХБ-НЫ 5009626545 Э.М-ИЙН дансанд хийсэн, 2023 оны 2-р сарын 25-ны дотор 5,000,000 төгрөгийг хийхээр тохиролцсон байна.

 

Талууд дээрх гэрээг Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Хана цохио констракшн ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэж гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө буцаан шаардсан гэж үзэхээр байна.

 

Хүчин төгөлдөр аливаа гэрээг тогтвортой, баталгаатай байлгах үүднээс гэрээний талуудыг үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Хариуцагч нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 19 дүгээр хороолол НБГХХКйн бүтээн байгуулж буй Хаппи резиденс хотхоны 16 давхар орон сууцны барилгын 7 давхарт байрлах 79,83 м.кв 3 өрөө орон сууцыг захиалагчийн захиалгын дагуу тус өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хоёрт захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2023 оны 2 дугаар улирал дуустал гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Эаас 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг гэрээнд заасан Э.М-ИЙН эзэмшлийн ХБ-НЫ 5009626545 тоот дансанд, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийг хариуцагч ХЦКХХК -ийн ажилтан О.М-ИЙН эзэмшлийн ХБ-НЫ    тоот дансанд тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

 

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь илт бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээний нэг тал нь нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-д заажээ. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд орон сууцыг барьж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна цаашид үүргийг биелүүлэх талаар тайлбар гаргаагүйгээс үзэхэд үр дүн гарахгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

4.2. Харин хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөх ба анзын тухай гэрээг бичгээр байгуулах ёстой. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-нд алдангийн талаар тохиролцоогүй байна.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч гэрээний зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцалж, гэрээнээс бүхэлд нь татгалзаж байгаа нөхцөлд гэрээний заалт тус бүрээс, түүн дотроо анзын тухай заалтаас татгалзсан гэж үзэх тул гэрээгээр алдангийг тохирсон байсан ч нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйн төлөө тооцох хариуцлага буюу алдангийг нэхэмжлэх эрхгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ХЦКХХК -иас 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Б 

 

 v