Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1723

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01611 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - Япон улсын О компанид холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговор 29 984 803 төгрөг, хувь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол 20 282 831 төгрөг, өмгөөллийн хөлс 1 080 000 төгрөг, нийт 51 347 634 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гал-Ариун, О.Номинчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрөх, хариуцагчаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Төслийг дуусах хүртэл хугацаа буюу 11 сар ажилгүй байсан хугацааны цалин эдийн бус гэм хор болох хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирлыг нэхэмжилж байгаа.

Б.Н миний бие нь 2016 оны 11 сарын 25-ны өдөр Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөлийн хүрээнд удирдагч К.О-тай тохиролцсоны дагуу JIСА байгууллагын дэмжлэгтэйгээр 3 жил буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд орчуулагчаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Төслийн 2 дугаар шатны ажилд өдрийн 50 ам.долларын хөлстэй ажиллахаар тохиролцож байсан.

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээг нийт 5 удаа сунгасан ба үүнээс 6 сарын хугацаатайгаар 3 удаа, 3 сарын хугацаатайгаар 2 удаа сунгаж байсан. Хөдөлмөрийн гэрээг сунгах болгонд ажил олгогч тал зөвхөн өөрсдийн боловсруулсан гэрээг тулгаж гарын үсэг зуруулж байсан ба нэг удаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан гэрээнд цалинтай чөлөө олгох хүсэлт гаргасны дагуу ажлын 20 хоногт 01 хоногийн цалинтай чөлөө олгох ба үүнийг дараа сард нь шилжүүлж болно гэсэн заалтыг оруулсан.

“Өөрийг чинь давхар хүний орчуулга хянаж байгааг мэдээгүй, JIСА байгууллагын санхүүжилт хүндрэлтэй байгаа тул цалин нэмэх боломжгүй” гэж хэлж байсан ба би гэрээнд огт тусгаж заагаагүй давхар ажил хийж байсан болно.

Хамгийн сүүлд шинэчлэн байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд цалинг 3 ам.доллараар нэмэгдүүлж 53 ам.доллараар тогтоОн.

Гэрээгээр цалинг шинэчлэн тогтоох үед би өндөр цалинтай ажил олсон байсан ба энэ тухайгаа 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төслийн удирдагч К.О-тай уулзаж хэлсэн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан.

Ажлын 20 хоногт 1 хоногийн цалинтай чөлөө олгох ба үүнийг дараа сард нь шилжүүлж болно гэсэн зүйл заалтыг оруулснаас хойш ажил олгогч тал болох Япон улсын О компанийн ажилтнууд намайг бага багаар нүд үзүүрлэж эхэлсэн. Би ажлаа больё гэж огт хэлээгүй, харин ч ажлаа үргэлжлүүлж хиймээр байна, миний цалин хөлсийг нэмээд өгөөч гэж би төслийн удирдагч К.Од хэлсэн.

Төслийн удирдагч К.О нь “энэ оны 12 сар хүртэл гэдгийг үндсэн (basic) гэж авч үзэхийг хүсье гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаагаа 2018 оны 5 дугаар сарын 21-ний 11: 04, 2018 оны 5 дугаар сарын 21-ний 12:30, 2018 оны 5 дугаар сарын 23-ны 14: 45-д буюу нийт 3 удаа шаардсан. Ажил олгогч тал дангаараа өөрийн эрх ашигт нийсэн зүйл заалтыг ажилтанд хүчээр тулган хүлээлгэж зөвшөөрүүлж буй явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 2-г зөрчсөн явдал гэж үзэж байна.

2018 оны 5 дугаар сарын 7-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 31-ий өдөр дуусгавар болох ёстой байсан ба, дээрх хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд ажил олгогчийн зүгээс ажлаас халах тушаал, хөдөлмөрийн гэрээг сунгахгүй хэлсэн удаагүй. Төслийн удирдагч К.О одоогийн хийж буй гамшгийн үед хамтран ажиллах санамж бичигтэй холбоотой ажлыг н.Эрдэнэ орчуулагчийг гадаадаас ирэх үе буюу 2018 оны 12 дугаар сарын 29 гэхэд хүлээлгэж өгөөрэй гэж 2018 оны 12 дугаар сарын 6-нд надад хэлсэн. Ажлаас халах тушаал гаргаж өгөөгүй, мөн хөдөлмөрийн гэрээг чинь сунгахгүй гэж албан ёсоор амаар болон бичгээр хэлж мэдэгдээгүй үйлдэл нь өөрөө эс үйлдэхүй гэж үзэж байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Би энэ төсөл дээр ажлын хэсэг 1-3: Хамтын ажиллагааны Санамж бичиг болон ажлын хэсэг 1-5: Гамшгийн орон зайн мэдээллийн сан гэсэн 2 дэд ажлын хэсгийн орчуулагч, хэлмэрчээр ажиллаж байсан ба дээрх 2 дэд ажлын хэсгийн ажил нь дуусаагүй байсан. Ажлын хэсэг 1-5-д давхар хөдөлмөрийн гэрээнд огт тусгагдаагүй англи хэлний хэлмэрч болон орчуулагчийн ажлыг давхар хийсэн ба ажлын хэсэг 1-3-н ажлыг өөр орчуулагчид хүлээлгэж өглөө гэж үзэхэд ажлын хэсэг 1-5-н ажлыг надаар үргэлжлүүлээд хийлгэх юм болов уу гэсэн итгэл үнэмшил надад байсан.

Иргэн миний хөдөлмөрлөх эрх ашиг сонирхол зөрчигдсөнөөс үүдэн 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 3 сар гаруйн хугацаанд ямар ч орлогогүй, орчуулагчаар ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Түүнчлэн Иргэний Хуульд заасан хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсан.

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төслийн дэд удирдагч А.Ф гэх хүн ээлжит томилолтоор Монголд ирсэн ба “...чиний орчуулгыг бусад хүмүүстэй харьцуулахад илт тааруу, чиний Япон хэл руу орчуулсныг Ж руу явуулах гэж засвар хийж маш их цаг авдаг. Бусад монгол орчуулагч нарын орчуулсныг би шууд тэр чигээр нь явуулчихдаг” гэж огт бодит байдалд нийцэхгүй, ямар ч үндэслэлгүй, огт худал зүйлийг надад хэлсэн.

Энэ байдал нь хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэлд тооцогдоно. Надтай ижил төвшний мэдлэг боловсролтой, адил хөдөлмөр эрхэлж буй өөр орчуулагчийн нэг өдрийн ажлын хөлстэй харьцуулах зөрүү болох 12 ам.доллар, илүү цаг нэг цаг ажилласны зөрүү болох 2 ам.долларын зөрүүгээр илэрхийлэгдэнэ.

Орчуулагчийн нэг сарын цалингийн зөрүү 244 ам.доллар, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд 1708 ам.долларын зөрүү үүссэн. Өөрөөр хэлбэл 1708 ам доллар авах боломжийг миний бие алдсан явдал нь бодит хохиролд тооцогдоно.

Сэтгэл санааны маш хүнд дарамт шахалтаас үүдэн эрүүл мэндээрээ хохирсон.. Иймд ажилгүй байх хугацааны цалин болох 11 395 ам.доллар, хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол болох 7 708 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамж 414 689 төгрөг, өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авсан хөлс 80 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1 000 000 төгрөг, нийт 19 103 ам.доллар, 1 494 689 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н Япон Улсад бүртгэлтэй О (О) компанид холбогдуулж ажилгүй байх хугацааны цалин 11 395 ам.доллар буюу 29 984 803 төгрөг, хувь хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол 7 708 ам.доллар буюу 20 282 831 төгрөг, өмгөөллийн хөлс 1 080 000 төгрөг, нийт 51 347 634 төгрөг гаргуулгах нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улс ба Япон Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны дагуу Япон Улсын Ж байгууллагатай хамтран Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр төслийн баг бүрдэн амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Япон Улсын тэргүүн туршлагаас суралцан болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, байгууллага хоорондын хамтын ажиллагаа хөгжиж, олон нийтийн мэдлэг боловсрол дээшлэн урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах арга хэмжээнд тодорхой дэвшил гарна.

Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн хэрэгжүүлэгч төслийн багийн ахлагч О компанийн ажилтан К.Отай Б.Н нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж орчуулгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

Нэхэмжлэгч Б.Нтай байгуулсан уг гэрээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний шинжийг хангасан хөдөлмөрийн гэрээ биш юм. Б.Нтай гэрээ байгуулсан О компани, түүний төлөөлөгч К.О нарын хэрэгжүүлэх төсөл нь 3 жилийн хугацаатай, түрээсийн гэрээний дагуу тогтсон ажлын байр байхгүй, Б.Н нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа өөрийн багаж хэрэгслээр буюу өөрийн зөөврийн компьютероор ажил гүйцэтгэдэг байсан нь талууд хөдөлмөрийн гэрээ бус хөлсөөр ажиллах гэрээ байгуулсныг илтгэж байна.

Одоогийн байдлаар төслийн баг 1-2 орчуулагч ажиллуулж байгаа бөгөөд ажлын ачаалал их үед заримдаа 4-5 орчуулагчийг ч гэрээгээр авч ажиллуулах тохиолдол байсан. Иргэний хуульд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь ажлын үр дүнг хүлээн авахад чиглэсэн, тухайн ажилтны мэдлэг, ур чадварт суурилсан, нарийн дэглэм, тогтмол шинж чанар байдаггүйгээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.

Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох ба Монгол Улсын Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой байдаг. Энэхүү зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч Б.Н-тай байгуулсан гэрээний хөлсийг сард 2 удаа бус сард нэг удаа олгохоор гэрээнд заасан нь хөлсөөр ажиллах гэрээний нөхцөл юм.

Нэхэмжлэгч Б.Нтай байгуулсан гэрээний 10-р хэсэгт ажил олгогчоос 7 хоногийн өмнө мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдана гэж талууд тохиролцсон ба энэ нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан зохицуулалт юм. О компани нь Монгол Улсад хуулийн этгээд байгуулаагүй тул ямар нэгэн хөдөлмөрийн дотоод журам, норм, норматив батлах үндэслэлгүй бөгөөд хэдийгээр гэрээний дагуу ажилласан цаг бүртгэдэг байсан ч нарийн тогтсон норм, норматив байгаагүй.

Иймд нэхэмжлэгч Б.Н-тай төслийн багийн ахлагч, О компанийн ажилтан К.О нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан

Б.Н-ын хувьд ч, хариуцагч О компанийн хувьд ч гэрээг сунгах хүсэл сонирхолгүй байсан ба Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгах боломжгүй болсон гэж заасны дагуу тухайн гэрээ дуусгавар болсон. Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дуусахаас өмнө ямар нэгэн ажлаас халах, өөр ажилд шилжүүлэх шийдвэр гаргаагүй.

Б.Н-ыг ажлаас халах ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж гэрээ дуусгавар болсон тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэх үндэслэлгүй. Иймээс ажилтан Б.Н нь 2019 оны 11 сар хүртэл ажиллах ёстой байсан гэх нь үндэслэлгүй бөгөөд ажилгүй байх хугацааны цалинг шаардах эрхгүй юм. Хариуцагчийн хувьд иргэн Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах үүрэгтэй талаар ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй.

Нэхэмжпэгч нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заасныг дурдаж өөрийгөө манай төслийг дуустал ажиллах ёстой байсан гэж маргадаг. Хөдөлмөрийн тухай хуульд ямар нөхцөлд ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах тухай тодорхой заасан. Ажилтан Б.Н хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, албан тушаал нь хадгалагдах нөхцөлийн аль нь ч бүрдээгүй учир ажил, албан тушаал нь хадгалагдсан гэж үзэхгүй.

Иймээс нэхэмжлэгч Б.Н-ын ажилгүй байх хугацааны цалинг шаардсан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.Н-ын ажлын гүйцэтгэл, хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй ажил нь чанарын шаардлага хангаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэгт ажилдаа хайнга хандсан, итгэл эвдсэн олон тохиолдол гарч байсан. Б.Н нь ажлын гүйцэтгэлийг удаах, хоцроох, ажлын цагийн бүртгэлд худал мэдээлэл оруулах зэргээр ажиллуулагчийн итгэлийг удаа дараа эвдэн гэрээний үүргээ зөрчиж байсан.

Хариуцагч О компанийн төлөөлөгч, төслийн багийн ахлагч К.О нь хуулийн хүрээнд ажлын гүйцэтгэлийг хянаж 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.Над хандан “өөрийн тань ажлын гүйцэтгэлийн талаарх бодлоо тодорхой хэлсэн нь дээр гэж бодлоо. Япон хэл рүү орчуулга хийхэд цаг их зарцуулдаг, тохиромжгүй өгүүлбэр хэтэрхий их, дараа нь засахад их цаг зарцуулах болдог. Хэрэглэх боломжгүй орчуулгууд ч байсан. Англи хэлний орчуулга ч гэсэн илт буруу орчуулга ихтэй. Ажиллах процессын хувьд, ажлын явцыг тайлагнахгүй байх тохиолдол их гэх мэт. Энэ утгаар ажлын үр дүн үзүүлсэн ч тэр нь илэрч гарахгүй гэж бодож байна. Аман орчуулгын тал дээр ч хэлэх үг бий боловч и-мэйлээр, энэ тухайд бичихэд хүндрэлтэй байгаа тул ингээд зогсъё. Фүрүта-тай ярилцаарай” гэсэн цахим шууданг илгээсэн.

Өөрийнх нь ажлын үр дүн, явцын талаар өөрт нь хэлсэн үйлдэл нь худал мэдээлэл олон нийтэд тараасан гэх ойлголтод хамаарахгүй. Мөн нэхэмжлэгчийн дурдсанаар ажлын гүйцэтгэл муу байгаа талаар өөрт нь илгээсэн цахим шууданг давхар М, Хиваки гэх хүмүүс рүү илгээсэн нь худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж тооцогдохгүй.

Учир нь Хиваки нь төслийн бас нэг зохион байгуулагч бөгөөд Б.Нын ажлыг хянадаг эрх бүхий этгээд, мөн М нь төслийн нарийн бичиг бөгөөд ажлын цагийн бүртгэлийг хариуцдаг албан тушаалтай тул орчуулагчдын ажпын гүйцэтгэлийн талаар мэдэж байх бүрэн эрхтэй этгээдүүд юм.

Мөн төслийн баг Б.Нын ажлын муу гүйцэтгэлээс болж ажил ихээр саатаж байсан тул 2017 оны 12 сарын 6-ны өдөр, 2018 оны 11 сарын 7-ны өдөр Монгол Улсын иргэн Г.Намуундарийг тус тус тухайн саатсан ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор нэмэлтээр хугацаатай гэрээ байгуулан авч ажиллуулсан.

Олон удаа ажил таслах, гэрээсээ ажиллаж байна гэж худлаа хэлэх гэх мэт зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан нь төслийн багийн гишүүдийн и-мэйл болон 7, 9, 10 саруудын ажлын цагийн бүртгэлээс харагдаж байна.

Нэхэмжлэгчийн дурдсан цалингийн зөрүү гэх 1708 ам.доллар нь ямар ч үндэслэлгүй бөгөөд бид хөлсөөр ажиллах гэрээгээр авч ажиллуулж байгаа бүх орчуулагчдын цалин хөлсийг ижил тогтоох үүргийг хүлээхгүй.

Иймээс нэхэмжлэгчийн шаардаж буй ажилгүй байх хугацааны цалин 11 395 ам.доллар, 6 сарын дундаж цалинтай тэнцэх хөлс, мөн бусад ажилчдын цалингийн зөрүү гэх 1708 ам.доллар нийт 7708 ам.доллар нийт 19 103 ам.доллар, мөн бусад зардал болох 1 494 689 төгрөг буюу нийт 51 347 634 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Нын - Япон улсын О компанид холбогдуулан гаргасан ажилгүй байх хугацааны цалин 11 395 ам.доллар буюу 29 984 803 төгрөг, хувь хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол 7 708 ам.доллар буюу 20 282 831 төгрөг, өмгөөллийн хөлс 1 080 000 төгрөг, нийт 51 347 634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414 689 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэл болгохдоо хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарыг огт судалж үзээгүй нь энэхүү шийдвэрээс харагдаж байна.

Би энэ төсөл дээр ажлын хэсэг 1- 3 хамтын ажиллагааны санамж бичиг болон ажлын хэсэг 1-5 гамшгийн орон зайн мэдээллийн сан гэсэн 2 дэд ажлын хэсгийн орчуулагч, хэлмэрчээр ажиллаж байсан ба ажлын хэсэг 1-5-д давхар хөдөлмөрийн гэрээнд огт тусгагдаагүй Англи хэлний хэлмэрч болон орчуулагчийн ажлыг давхар хийж байсан болно. Иймд ажлын хэсэг 1-3-н ажлыг өөр орчуулагчид хүлээлгэж өглөө гэж үзэхэд ажлын хэсэг 1-5-н ажлыг надаар үргэлжлүүлээд хийлгэх юм болов уу гэсэн итгэл үнэмшил надад байсан.

Мөн шүүх хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн хариу тайлбарыг нарийн шинжлэн судлаагүй, хэтэрхий нэг талын баримтыг үндэслэл болгОн, дээрээс нь нэхэмжлэгчийн Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн 3-р хуудсанд дурдсан “Төслийн удирдагч К.О нь 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаатай хөдөлмөрийн гэрээг үндсэн гэж авч үзэхийг хүсье” гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрүүлэхийг 3 удаа тулган шаардсан.

Ажил олгогч талын энэхүү үйлдэл нь дангаараа өөрийн эрх ашигт нийсэн зүйл заалтыг ажилтанд хүчээр тулган хүлээлгэж зөвшөөрүүлж нэг тал дангаараа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй үйлдэл юм. Цалин нэмээд өгөөч гэсэн хүсэлтийг тулган шаардлага болгож хариу барьж, хөдөлмөрийн гэрээг дахин сунгахгүй байх “бодлого”, “зэвсэг” маягаар энэхүү “зөвшөөрсөн” гэсэн хариуг ашигласан үйлдэл гэж үзэж байна.

Мөн шүүх “Нэхэмжлэгч Б.Нын өмгөөлөгч нартай хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж төлсөн хөлсийг “гэм хорын хохирол”, “гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн шийдвэртэй санал нийлэхгүй байна.

Учир нь миний бие өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, дээрээс нь 20 жилийн хугацаанд олж авсан гадаад хэлний мэдлэг чадвар огт ор үндэслэлгүйгээр гутаан доромжлогдсон тул өөрт олгогдсон хуулийн бүрэн эрхийн хүрээнд шүүхэд хандсан.Хөдөлмөрийн гэрээг хуулийн үндэслэлгүйгээр сунгаагүйгээс “гэм хорын хохирол”, “гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол” үүсч би өөрийн зөрчигдсөн эрх, нэр төрийг сэргээхийн тулд хэрэг явдал болгож өөрийн өмч хөрөнгийг барьцаалан байж ББСБ-с мөнгө зээлж өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авах хөлс болоод улсын тэмдэгтийн хураамжийг төлж бүхэл бүтэн 8 сар ажилгүй байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу өөрийн Япон хэлний чадварыг тогтоох шинжээч томилж өгөх хүсэлтийг эрхэм та бүхэнд мөн хандан гаргаж байна. Уг хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хангаагүй болно. Энэхүү хүсэлтийг гаргаж буй учир нь хариуцагч талд цалин нэмээд өгөөч гэсэн хууль ёсны хүсэлт тавьсны төлөө “Япон хэлний чадвар” “Олон удаа ажил тасалсан” “Ажлаа муу хийдэг” гэсэн төслийн удирдагч К.О болон зөвхөн О компанийн Фүрүта гэх 2 хүний зохиОн илт худал гүжирдлэг, гүтгэлэг юм. Үүнийг нотлох нэг ширхэг ч бодит үнэнд нийцэх хуулийн үндэслэлтэй баримт байхгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгч, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнээс бусад нотлох баримтыг анхан шатны шүүх огт үнэлж авч үзээгүй.

Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин, мөн цалингийн зөрүү гэсэн 2 л зүйлийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч миний бие төсөл хэрэгжиж байгаа нэгж болох Онцгой Байдлын Ерөнхий Газраас олж авсан мэдээлэл, урьд өмнө надтай байгуулж байсан хөдөлмөрийн гэрээний дундаж жишиг хугацаа, мөн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин болох 3180 ам.доллар; надтай ижил түвшний мэдлэг боловсролтой, адил хөдөлмөр эрхэлж буй орчуулагчийн нэг сарын цалингийн зөрүү 240 ам.доллар 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 7 сарын хугацааны цалингийн зөрүү 1680 ам.доллар; өмгөөлөгчтэй уулзуулсан хөлс 80 000. төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1 000 000 төгрөг; улсын тэмдэгтийн хураамж 228 275. төгрөг; нийт 4860 ам.доллар, 1 308 275 төгрөг нэхэмжилж байгаа болно.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь Япон улсын О компанид холбогдуулан ажилгүй байх хугацааны олговор 29 984 803 төгрөг, иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, ялгаварлан гадуурхаж харьцсанаас учирсан хохирол 20 282 831 төгрөг, өмгөөллийн хөлс 1 080 000 төгрөг, нийт 51 347 634 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Япон улсын О компани нь - байгууллага байна.

 

Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн төлөөлж К.О нь Б.Н-тай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Н нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд орчуулагчийн ажлыг өдөрт 8 цагаар гүйцэтгэх, өдрийн цалин хөлс 53 ам.доллар, татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан хариуцахаар тохиролцжээ. /хх-15-16/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөв.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” ойлгоно. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хийж гүйцэтгэх ажил болон гэрээний хугацаа, цалин хөлс тохиролцсон байдлуудыг харьцуулан дүгнэвэл хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч байгуулагад Хөдөлмөрийн дотоод журам мөрдөж ажилладаг талаар баримтгүй гэж дүгнэхээр байна.

 Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 2 дахь хэсэгт гэрээний хугацааг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тохиролцсон, гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэгч уг хугацаанаас хойшхи хөлс шаардах эрхгүй тул 29 984 803 төгрөгийг гаргуулах тухай түүний шаардлага үндэслэлгүй болжээ.

 

Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон, уг гэрээг дуусгавар болгосноос хойш нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрхгүй тул холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй юм.  

 

Нэхэмжлэгч Б.Н нь иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, ялгаварлан гадуурхаж харьцсанаас учирсан хохиролд 7 708 ам.доллар буюу 20 282 831 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Б.Наас төслийн удирдагч К.Од илгээсэн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн цахим захидал, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн цахим захидал, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн цахим захидал, төслийн удирдагч К.Огаас Б.Над илгээсэн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн цахим захидал, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн цахим захидал, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3 цахим захидал, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4 цахим захидал, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1 цахим захидалд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхээс үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Дээрх цахим захидлыг хэрэгт цугларсан бусад баримтууд, талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хариуцагч байгууллага гутаасан, худал мэдээ тараасан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01611 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

                                                         

                              ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА