Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/04570

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С дүүрэг,   дугаар хороо, М

Нэхэмжлэгч: с дүүрэг, дугаар хороо, хангайн гудамж,  тоотод оршин суух, Д.О  /рд:      /

 

Хариуцагч: Б дүүрэг,   дүгээр хороо, гудамж, тоот хаягт байрлах ТХК /рд:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.О н,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.А хөтлөв.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ТХК-иас 460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.О н 2023 оны 7-р сарын 19-нд Төгс хотхоны 4-р ээлжийн барилгын 101, 102 болох 2 өрөө 37 м.кв байрны дотор заслын ажлыг 14 хоногийн хугацаатай хийнэ гэж тохиролцсон. Үүнд замаск, рионт, эмульс, хар цагаан замаск, обой цэвэрлэгээ хийж 7 хоногийн дараа хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд урьдчилгаа болох 250,000 төгрөг авсан. 1 байрны 1,035,000 төгрөг нийт 2,071,000 төгрөг 07.29-нд 91,000 төгрөг, 08.03-нд 450,000 төгрөг авсан үлдэгдэл 460,000 төгрөг өгөхгүй үнэн худал ярьж, удаа дараа очиход байхгүй байсан бөгөөд ажилчид нь мэдэхгүй гэж ярьдаг. Иймд би маш их гомдолтой байна. Миний бие даралт ихтэй араас нь гүйж чадахгүй байна. Хариуцагчаас үлдэгдэл 460,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлдээ: Д.О ны нэхэмжилсэн 400,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Д.О н 9-н давхар орон сууцны №101, 102 тоотын дотор заслын ажлыг дарааллын бус хийж гүйцэтгэсний улмаас бид наасан обойг нь хуулан авч, дахин өөр зар тавьж дахин мөнгө төлж ажилтан ажиллуулсан. Иймд обой хуулсан ажилчдын мөнгө, шинээр обой худалдан авч наасан зэрэг ажлын хөлсөнд Д.О ноос 2,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх 4/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 10/, ТХК-ийн итгэмжлэл олгосон тухай албан бичиг /хх 11, 21, 32/, сөрөг нэхэмжлэл гаргах тухай /хх 23/.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Д.О н болон хариуцагч ТХК ХХХК нар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал буюу Д.О н нь гэрээний дагуу Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 12, 13, 14, 15, 16, 17, 18-р гудамжинд хэрэгжиж буй 2900 айлын стандарт төгс хотхоны 4-р ээлжийн барилгын 101 тоот айлын дотор засалын ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, харин захиалагч тал болох ТХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэгчид гүйцэтгэсэн ажлын хөлс 1,035,500 төгрөгийг 100% бэлэн мөнгөөр 8-р сарын 02-ны өдөр төлөх үүргүүдийг харилцан хүлээсэн байна.

 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

Талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.О н нь хариуцагч ТХК-д холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 460,000 төгрөг гаргуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан байна.

 

Шүүхээс зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ ...заслын ажлыг 14 хоногийн хугацаатай хийнэ гэж тохиролцсон. Үүнд замаск, рионт, эмульс, хар цагаан замаск обой цэвэрлэгээ хийж 7 хоногийн дараа хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч ТХК өөрийн татгалзлыг ...Д.О н 9-н давхар орон сууцны №101, 102 тоотын дотор заслын ажлыг дарааллын бус хийж гүйцэтгэсний улмаас бид наасан обойг нь хуулан авч, дахин өөр зар тавьж дахин мөнгө төлж ажилтан ажиллуулсан. ажлын хөлсөнд Д.О ноос 2,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасныг баримтлан хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд, эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1, 353.2 дахь хэсгүүдэд ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн эрхийн болон биет байдлын доголдлын талаар заасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан талаар маргасан тайлбарыг гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 460,000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлох үүднээс хэрэгт 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний эх хувийг шүүхэд гарган өгсөн.

 

Дээрх гэрээг зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад нэхэмжлэгчийг Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Д.О нд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үлдэх төлбөр 460,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс авах, шаардах урьдчилсан нөхцөл нь хийсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн байх талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан. Хариуцагчаас 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно. Иймд хариуцагчаас 460,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасантай нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТХК ХХХК -иас 460,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТХК ХХХК -иас 14,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.Б