| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/04212/И |
| Дугаар | 102/ШШ2023/04568 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2023/04568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х дүүрэг, дугаар хороо, давхарт байрлах ШГХХК /рд: /
Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол байрлах, БХЗСХХХК/рд: /
Нэхэмжлэлийн шаардлага: 1,394,783,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ахөтлөв.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ШГХХК нь хариуцагч БХЗСХХК -д холбогдуулан 1,394,783,366 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
БХЗСХХК нь тус компанитай 2022 оны 4-р сарын 21-ний өдөр Г/75 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба бид худалдан авагч талын захиалга шатахууныг цаг тухайд нийлүүлсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Худалдан авагч нь нийт худалдан авсан шатахууны төлбөрийг 2022 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Гэвч хариуцагч БХЗСХХК нь гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Худалдагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахууны төлбөрийг төлөх, гэрээний дагуу анз төлүүлэхээр Худалдан авагчаас шаардах эрхтэй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт Худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахууны төлбөр төлөх, үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тохирсон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт шатахууныг хүлээн авсан өдрөөс хойш гэрээний 4.4-т заасан хугацаа буюу 2022 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүлээн авсан шатахууны үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон бөгөөд уг хүүг нь 65,035,202 төгрөг болсон. Уг төлбөрийг мөн төлөөгүй байна. Хариуцагч БХЗСХХК нь 2022 оны 4-р сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ийн дагуу худалдан авсан шатахууны төлбөрийн үүргээ биелүүлээгүй 9 сар болж, гэрээний үүргээ ноцтой зөрчөөд байна. Хариуцагч БХЗСХХК нь уг нэхэмжлэлийг гаргасан өдрийн байдлаар 2022 оны 4-р сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 886,498,776 төгрөг, 2023 оны 8-р сарын 21-ний өдрийн байдлаар тооцсон алданги 1,161,423,540 төгрөг, гэрээний дагуу тооцогдсон хүүгийн төлбөр 65,035,202 төгрөгийг тус тус төлөөгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй. Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 886,498,776 төгрөг, гэрээний дагуу тооцсон, хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээний алданги 443,249,388 төгрөг, гэрээний дагуу тооцсон хүүгийн төлбөр 65,035,202 төгрөг, нийт 1,394,783,366 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5-6/, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай /хх 4/, Худалдах, худалдан авах гэрээ, хавсралт /хх 7-12/, Зээлээр худалдах худалдан авах гэрээ, хавсралт /хх 13-18/, Тооцоо нийлсэн акт /хх 19/, Нийлүүлсэн шатахууны хүүгийн тооцоо /хх 20/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 21/, ШГХХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх 22/, БХЗСХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 23/, М.Цээцэндбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 24/, БХЗСХХК -ийн хүсэлт /хх 25-26/, ШГХХК -ийн Дорнод газрын тосны бүтээгдэхүүний агуулах шатахууны төлбөрийн тухай /хх 28/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 31/,
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ШГХХК-ИЙН нэхэмжлэлээс 1,151,533,978 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 243,249,388 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ШГХХК нь хариуцагч БХЗСХХК -д холбогдуулан 1,394,783,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 4-р сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ийн дагуу худалдан авсан шатахууны төлбөрийн үүргээ биелүүлээгүй 9 сар болж, гэрээний үүргээ ноцтой зөрчөөд байна гэж тодорхойлсон.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтуудыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ШГХХК болон хариуцагч БХЗСХХК нар 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №Г/75 Худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр худалдан авагч буюу БХЗСХХК нь шатахуун болон бүтээгдэхүүнийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үнийн дүнд сарын 2% хүүтэй зээлээр худалдан авах. Талууд сар бүрийн 5-ны өдрийн дотор санхүүгийн тооцоо нийлж төлбөрийг баталгаажуулах, хүүг дараа сарын 05-ны өдрийн дотор худалдагч талд төлөх, мөн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохирсон байна.
Гэрээний зүйл, талуудын эрх үүрэг, гэрээний төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан, гэрээний 2.2-т нэхэмжлэгч нь гэрээнд заасан бүтээгдэхүүнийг тээвэрлэгчид шилжүүлснээр худалдагч шатахуун болон бүтээгдэхүүнийг нийлүүлсэнд, худалдан авагч нь хүлээн авсанд тус тус тооцох, гэрээний 4.3-т хариуцагч нь шатахууныг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 31 дэх хоногоос төлбөр төлөх хугацаа хүртэлх худалдан авсан шатахууны үнийн дүнд сарын 2% хүү тооцох, гэрээний 4.4-т хариуцагч нь гэрээний төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн зэрэг нь худалдах худалдан авах гэрээний шинжийг бус, харин зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Харин мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд талууд гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид бүтээгдэхүүний үнийг төлөхөөс өмнө бүтээгдэхүүнийг шилжүүлсэн, мөн гэрээгээр бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг тохиролцсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Түүнчлэн, талууд тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудал болон гэрээг байгуулсан талаар маргаагүй, мөн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн №2022/12 тоот актаар нэхэмжлэгч нь 886,498,776 төгрөгийн үнэ бүхий гэрээний зүйл болох шатахууныг хариуцагчид шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь дээрх тооцоо нийлсэн акт үйл баримтын талаар маргаагүй. Иймээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр шилжүүлсэн бүтээгдэхүүний үнэ болох 886,498,776 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх бий болсон гэж үзнэ.
4.2. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн байна.
2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №Г/75 Худалдах, худалдан авах гэрээгээр талууд төлбөл зохих хүүгийн хэмжээг төлбөр төлөх хугацаа хүртэлх худалдан авсан шатахууны үнийн дүнд сарын 2 хувь байхаар тохирсон нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчаас хүүгийн төлбөрт 65,035,202 төгрөгийг шаардах эрхтэй байна.
4.3. Түүнчлэн талууд 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №Г/75 Худалдах худалдан авах гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 243,249,388 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,131,867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,915,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ШГХХК -д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч БХЗСХХК -иас 1,151,533,978 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ШГХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 243,249,388 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,131,867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХЗСХХК -иас 5,915,620 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Б