| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/НЭ2023/0578 |
| Дугаар | 102/ШШ2023/04414 |
| Огноо | 2023-12-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/04414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, дугаар байр, тоотод оршин суух хаягтай, ургийн овогт Ү.Л /РД: /,
Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, дугаар байр, тоотод оршин суух хаягтай, ургийн овогт Ц.Б /РД: /,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж, О байр тоотод оршин байх, ТАХХК /РД: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,075,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Х
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.А хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч ТАХХК-иас 4,721,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ү.Х болонЦ.Б бид 2023.04.19-ний өдөр ТАХХК-тай тоот дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Тус гэрээний 1.1-т орон сууцны м.кв хэмжээг 54,59 талбайтай гэж гэрээ хийсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн м.кв нь 53,26 гэж заасан байна. ТАХХК-тай 1 м.кв үнийг 3,550,000 төгрөг гэж тохирч нийт 189,073,000 төгрөг төлөх байсан боловч нийт 193,794,500 төгрөгийг нэхэмжилж төлүүлсэн. Энэ нь хэрэглэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. Мөн түүнчлэн зөрүү 1,33 м.кв-ийн төлбөр болох 4,721,500 төгрөгөөр ТАХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд байрны зөрүү 1,33 м.кв-ийн төлбөр болох 4,721,500 төгрөг, мөн шүүхтэй холбоотой үйл ажиллагааны бусад зардал болох 3,354,000, нийт 8,075,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа:Лнарын нэхэмжлэлтэй ТАХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Ү.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 3-4/, Орон сууц захиалгаар барьсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хх 5-7/, Ипотекийн зээлийн гэрээ, хавсралт /хх 8-18/, Барьцааны гэрээ /хх 19-21/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 22/, И-баримт /хх 23/, Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 26/, Хаан банкны Ү.Хгийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 27/, итгэмжлэл /хх 41/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 29/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 33/, хариу тайлбар /хх 37/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ү.Х Ц.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Орон сууцны м.кв хэмжээг 54,59 талбайтай гэж гэрээ хийсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн м.кв нь 53,26 гэж заасан байна. ТАХХК-тай 1 м.кв үнийг 3,550,000 төгрөг гэж тохирч нийт 189,073,000 төгрөг төлөх байсан боловч нийт 193,794,500 төгрөгийг нэхэмжилж төлүүлсэн, зөрүү 1,33 м.кв-ын төлбөр болох 4,721,500 төгрөгөөр ТАХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн борлуулалтын талбай болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах талбайг тодорхой заасан бөгөөд дээрх заалтын тухай захиалагч нарт тайлбарлаж, гарын үсгээ зурсан байна. Иймд төөрөгдүүлсэн болон үндэслэлгүй хөрөнгөжсөн харилцаа харагдахгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ү.Х Ц.Б нар нь ТАХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар барьсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50Г, 333 автомашины дулаан зогсоолтой, 71 агуулахтай, үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгаас 15 давхарт 76 тоот 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 53,26 мкв, м.кв 54,59 талбайтай орон сууцыг нийт үнэ 193.794.500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, захиалагч нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 28,000,000 төгрөг төлж, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 30,457,850 төгрөг төлөхөөр, орон сууцны нийт үнийн дүнгийн 135,336,650 төгрөгийг банкны зээлээр төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид 2022 оны 4-р улиралд ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үүргийг хүлээж гэрээ байгуулжээ.
Ү.Х Ц.Б болон Тайгам-Алтай ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар барьсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсан боловч гэрээ нь утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Ү.Х Ц.Б, хариуцагч Тайгам-Алтай ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Гэрээний ерөнхий зүйлд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50Г, 333 автомашины дулаан зогсоолтой, 71 агуулахтай, үйлчилгээний зориулалтаар баригдсан 2022 оны 6-р сарын 21-ний БА-144/2022 дугаартай улсын комиссын акттай барилгаас худалдах худалдан авахаар хоёр тал тохиров гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Ү.Х Ц.Б нар нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн ашиглалтад орсон орон сууцыг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ...Тус гэрээний 1.1-т орон сууцны м.кв хэмжээг 54,59 талбайтай гэж гэрээ хийсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн м.кв нь 53,26 гэж заасан байна. ...байрны зөрүү 1,33 м.кв-ийн төлбөр болох 4,721,500 төгрөг гэж тайлбарласан боловч талууд гэрээний 1.1-д захиалагчийн захиалга өгч байгаа орон сууцны үнэ, тодорхойлолт давхар 15, байрны хаалганы дугаар 76, өрөөний тоо 2, ҮХХ-г гэрчилгээ м.кв 53,26, м.кв 54,59, нийт үнэ 193,794,500 төгрөг гэж тохирч орон сууцны өмчлөгчөөрЦ.Б, Ү.Х 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдэж хууль ёсны өмчлөлийн гэрчилгээ олгогдсон, захиалагч нар төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулсан болох нь 001094866 дугаартай гэрчилгээний хуулбар, и-баримтаар тогтоогдсон тул өмчлөлийн гэрчилгээ гарснаар орон сууцыг хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Нэхэмжлэгч нар нь орон сууцны талбайн зөрүү 1,33 метр квадратын төлбөр болох 4,721,500 төгрөг, мөн шүүхтэй холбоотой үйл ажиллагааны бусад зардал болох 3,354,000, нийт 8,075,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Хариуцагч Тайгам-Алтай ХХК нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө буюу 53,26 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн гэж үзэхээр боловч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нар нь баригдаж дууссан буюу улсын комисс хүлээн авсан бэлэн болсон орон сууц худалдан авч, нэхэмжлэгч нарын нэр дээр орон сууцны өмчлөх эрх 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн тул орон сууцыг хүлээн авсан байна.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсаныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдолын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдолын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.
Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулагдсан өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдлын талаар мэдэх боломжтой байхаас гадна хариуцагч нь доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул хариуцагч ТАХХК-иас орон сууцны талбайн зөрүү 1,33 метр квадратын төлбөр болох 4,721,500 төгрөг, мөн шүүхтэй холбоотой үйл ажиллагааны бусад зардал болох 3,354,000, нийт 8,075,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч ТАХХК-иас 8,075,500 төгрөг гаргуулах тухай Ү.Х Ц.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.Б