Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/04301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  : Баянгол дүүрэг,  дугаар хороо,  хороолол,  / байр,  тоотод оршин суух,  овогт Б.У  /рд: /,

 

Хариуцагч:  дүүрэг,  дугаар хороо,   гудамж  өөрийн байранд оршин байх, НШШГГ 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  байр,  тоотод оршин суух Б овогт Б.У

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчБ.Б

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.А хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч НШШГГ холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3-р сарын 19-ний өдрийн 102/  /  дугаар шийдвэрээр З.Б 440,238,300 төгрөгийг гаргуулж АГББСБ -д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Миний аав З.Б нь 2019 онд хүнд өвчний улмаас нас барсан. Аавын эзэмшлийн эрхийн Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол Хувьсгалын зам гудамж 123 тоот хаягт байрлах 1084 м.кв талбайтай 70 %-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах 690 м.кв талбайтай газрын хамт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3-р сарын 19-ний өдрийн 102/ / дугаар шийдвэрийн дагуу барьцаалагдсан байсныг 2021 онд мэдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өв залгамжлах эрхтэй болсон талаар баримтыг гаргаж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь намайг нэг ч удаа дуудаагүй бөгөөд нэг ч баримт бичиг танилцуулж байгаагүй. Харин миний бие нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 3-р сарын 03-ны өдрийн 04-146/4159 тоот албан бичигтэй танилцаад өөрийн эрхээ зөрчигдсөн болохыг олж мэдээд гомдол гаргаж байна. Тус албан бичигт Өв залгамжлагч Б.Уянгаагаас шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 28-ны өдрийн 102/ /  дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3-р сарын 21-ний өдрийн 536 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2022 оны 5-р сарын 27-ны өдрийн 001/ХТ2022/00578 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэжээ. Иймд төлбөрийн нийт 444,341,240 төгрөгийг тус газрын ...тоот дансанд 2023 оны 3-р сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг мэдэгдье гэсэн бичигтэй уншиж танилцлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь намайг нэг удаа дуудаж өргөдөл гомдол ирсэн талаар мэдэгдээгүй. Иймд эрхийн улсын Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол Хувьсгалын зам гудамж 123 тоот хаягт байрлах 1084 м.кв талбайтай 70 %-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах 690 м.кв талбайтай газрын хамт 802,899,000 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 7-р сарын 19-ний өдрийн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ хийх талаар мэдэгдээгүй мөн үнэлгээ хийгдсэн талаар ч өнөөдрийг хүртэл надад мэдэгдээгүй. Үнэлгээ хийх тогтоолыг танилцуулаагүй энэ нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн миний бие нь үнэлгээчнийг татгалзах мөн асуулт тавих зэрэг эрхийг хязгаарласан. 1084 м.кв талбайтай 70 %-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах 690 м.кв талбайтай газрын хамт үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Иймд 802,899,000 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 7-р сарын 19-ний өдрийн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3-р сарын 19-ний өдрийн 102/ШЗ2018/00846 дугаар захирамжаар З.Б 440,238,300 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол Хувьсгалын зам гудамж 123 тоот хаягт байрлах 1084 м.кв талбайтай 70 %-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах 690 м.кв талбайтай газрын хамт худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт даалган шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2018 оны 11-р сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар явуулж барьцааны орон сууцыг 2018 оны 12-р сарын 11-ний өдөр 18251383/02 тоот тогтоолоор битүүмжилж, ажиллагааны явцад төлбөр төлөгч З.Бнь 2019 оны 5-р сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд барьцаа хөрөнгийн өв залгамжлагчаар түүний охин Б.У Б.У ар нь бүртгэгдсэн болох нь 2019 оны 6-р сарын 11-ний өдрийн 86 тоот нотариатчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-ээр тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж 2021 оны 6-р сарын 24-ний өдрийн 19250077 тоот тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад өв залгамжлагч Б.У, Б.У нар 1,889,600,000 төгрөгөөр тус тус үнэлсэн, төлбөр авагч АУГББСБ дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх талаар хүсэлт гаргасан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7/120 дугаар тогтоолоор ФЭХХК шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 802,899,000 төгрөгөөр үнэлэн 2021 оны 7-р сарын 19-ний өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад үнэлгээг мэдэгдэх ажиллагааг явуулж, 2021 оны 7-р сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдэх хуудсаар өв залгамжлагч нарт 2021 оны 7-р сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж 2021 оны 7-р сарын 20-ны өдрийн  / тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг 2021 оны 8-р сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч З.Баярхүүгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол Хувьсгалын зам гудамж 123 тоот хаягт байрлах 1084 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, нэгж талбарын  / дугаартай 690 м.кв талбайтай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалттай эзэмшил газрын хамт 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар 413,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Барьцаа хөрөнгө болох орон сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа болон дуудлага хулдааг нь хуулийн дагуу явагдсан тул Б.У-ИЙН нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Б.У-ИЙН иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 4-5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ / дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 6-7/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04-146/4159 тоот албан бичиг /хх 8/, З.Баярхүүгийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх 9/, Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 10/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 11/, зураг /хх 12/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3-р сарын 22-ны өдрийн тэмдэглэл /хх 14/, итгэмжлэл /хх 35/.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 19, 183, 184, 200/, хариу тайлбар /хх 38-39/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 44/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2018/14755 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай /хх 45/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ / дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 46-48/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 49/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол /хх 50/, Эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоол /хх 51/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8-р сарын 04-ний өдрийн тэмдэглэл /хх 52/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 53/, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчингүй болгох тухай 10/155 тоот тогтоол /хх 54/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 55-57/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэгэл /хх 58-63/, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Тогтоол хүчингүй болгох тухай 6/80 тоот тогтоол /хх 64/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэгэл /хх 65-67/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 68/, НШШГГ үнийн санал гаргах нь /хх 69, 71/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7-р сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хх 70/, Шинжээч томилох тухай 7/120 тоот тогтоол /хх 72-74/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх 75/, Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан /хх 76-110/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772, 4-146/12773 дугаартай мэдэгдэл /хх 111/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7-р сарын 20-ны өдрийн тэмдэглэл /хх 113/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 8/45 тоот тогтоол /114/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-146/13103, 4-146/13104 дугаартай мэдэгдэл /хх 115-116/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7-р сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хх 117/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх 118-123/, Өнөөдөр сонин 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дугаар /хх 124/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8-р сарын 23-ны өдрийн тэмдэглэл /хх 125/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 9/27 тоот тогтоол /хх 126/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/15164, 4-146/15163 дугаартай мэдэгдэл /хх 127-128/, Хариу тайлбар /хх 129-130/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх 131-135/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9-р сарын 06-ны өдрийн тэмдэглэл /хх 136/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/10914 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж /хх 137-138/, Б.Н-ИЙН НШШГГ гаргасан хүсэлт /хх 139/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт /хх 140/, Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 141-142/, Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт /хх 143-144/, Б.У, Б.У нарын төрсний гэрчилгээний, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 145-146/, Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 147/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 148/, Б.Ц-ИЙН хүсэлт /хх 149-150/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /х 151/,

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс итгэмжлэл /185/-ийг гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.У нь НШШГГ холбогдуулан өөрийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Хувьсгалын зам гудамж 123 тоот хаягт байршилтай 1084 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 802,899,000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үнэлгээ хийх талаар мэдэгдээгүй, мөн үнэлгээ хийгдсэн талаар ч өнөөдрийг хүртэл надад мэдэгдээгүй. Үнэлгээ хийх тогтоолыг танилцуулаагүй нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн миний бие нь үнэлгээчнийг татгалзах мөн асуулт тавих зэрэг эрхийг хязгаарласан. ...802,899,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн,... гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

4. Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч НШШГГ холбогдох Б.У-ИЙН нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00846 дугаар захирамжаар нэхэмжлэгч АГББСБ ХХК болон хариуцагч З.Б нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, АГББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 439,306,000 төгрөгийг хариуцагч З.Бнь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж баргдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Хувьсгалын зам гудамж 123 тоот хаягт байршилтай 1084 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ / дугаар захирамжийн дагуу 102/  / тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй 5 давхар, нам даралтын зуухтай 12 айлын үйлчилгээ, орон сууцны   дугаар тогтоолоор битүүмжилсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00846 дугаар захирамжтай, 1159 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн төлбөр төлөгч З.Бнас барсан тул 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 21/01 тоот тогтоолоор Б.У Б.У арыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлагчаар оролцуулсан.

2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 19250077 дугаар тогтоолоор эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай эзэмших эрхтэй 690м2 талбайтай газрыг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох Б.У Б.Уянгаа, АГББСБ ХХК -иуд харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ФЭХХК 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7/120 тоот тогтоолоор шинжээчээр томилж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1616/0146 дугаартай 690м2 талбайтай газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1084м2 талбайтай, үйлчилгээ-орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

Шинжээч Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1616/0146 дугаартай 690м2 талбайтай газрын үнэлгээг 129,862,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1084м2 талбайтай, үйлчилгээ-орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 673,037,000 төгрөгөөр, нийт 802,899,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Нэхэмжлэгчийн ...үнэлгээ хийх талаар мэдэгдээгүй, мөн үнэлгээ хийгдсэн талаар ч өнөөдрийг хүртэл надад мэдэгдээгүй. Үнэлгээ хийх тогтоолыг танилцуулаагүй нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн миний бие нь үнэлгээчнийг татгалзах мөн асуулт тавих зэрэг эрхийг хязгаарласан... гэсэн тайлбар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1,889,600,900 төгрөгөөр үнэлж байгаа тухай хүсэлтийг НШШГГ 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтээр үгүйсгэгдэж байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Б.У Б.У нарт 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол шуудан ХК-иар хүргүүлсэн байна.

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. Файн эстимэйт ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Шинжээчид барьцаа хөрөнгүүдийг дээр дурдсан байдлаар үнэлснийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэл нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын төрөлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдэрлэх журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Хувьсгалын зам гудамж 123 тоот хаягт байршилтай 1084 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 802,899,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.У-ИЙН нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Б