Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/04217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  дүүрэг,  дүгээр хороо,  -  мянгат,  байр,  тоотод оршин суух,   овогт  А.Х /рд:  /

 

Хариуцагч:   дүүрэг,  дүгээр хороо,  хороолол,  гудамж,  байр,  тоот хаягт бүртгэлтэй боловч  дүүрэг,  дугаар хороо,  хотхон,  байр,  тоотод оршин суух, З овогт Д.Э  /рд:  /

 

Нэхэмжлэлийн шаардлага: 14,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч А.Х

Хариуцагч Д.Н

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.А хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Д.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Би өөрийн найзД.Э-ийн гуйлтаар 10 сая төгрөгийг 14 хоногийн 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, дахиад 5 сая төгрөг яаралтай хэрэг болоод байна гэхээр нь хүнээс авч 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сүүлийн 5 саяын хүү 250,000 төгрөг хүү хасч тооцоод 14,750,000 төгрөг зээлсэн. Гэвч 14 хоногтоо буцаан өгч чадахгүй байна. Монкон ХХК-иас өөрийн компанид нь ажил гүйцэтгэсэн гүйцэтгэлийн төлбөр, мөнгө орж ирэхээр өгье. Хүүгээ хугацаанд нь өгөөд явж байя гээд хугацааг сунгасан. Гэвч сүүлдээ хүү битгий хэл үндсэн зээлээ төлөхгүй өдий хүрлээ. Хариуцагч Д.Н эс 14,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Х аас авсан мөнгөө өөрийнх нь данс руу хийсэн гэж үзэж байгаа. Хэрэгт гаргасан баримт дээр 3.000.000 төгрөгийг би Номиогоос гээд хийлгүүлсэн. Энэ 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцааж аваагүй. Мөн миний зүгээс А.Х ын өмнөөс өөр хүмүүст 20,000,000 төгрөгийг төлсөн. А.Х 500.000 төгрөгийг аваад буцааж өгсөн дансны хуулга байгаа учраас 500.000 төгрөгийг хасаад хуулга дээр бичсэн. Миний хувьд нэхэмжлэгч рүү Номиогоос гэж хийсэн 3.000.000 төгрөг, сар бүр хийж байсан төлбөрүүдээ үндсэн төлбөрөөсөө тус тус хасуулна. Тиймээс А.Х аас мөнгө авсан, авсан мөнгөө буцаагаад А.Х ын данс руу хийсэн, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг би 2023 онд багтаагаад өгнө гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, А.Х ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 6-8/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хаан банкны дансны хуулга /хх 28-42/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт 14,750,000 төгрөг гаргуулах.

 

3. А.Х аас 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хаан банк дахь хариуцагчийн 5087048220 дугаар данс руу нийт 14,750,000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх дансыг өөрийн данс мөн эсэхэд болон 14,750,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлж авсан үйл баримтын талаар маргаагүй. /хх 6-8 дугаар тал/

 

4. Хариуцагч нь 14,750,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Х аас зээлсэн, 12,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж маргасан.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.

 

Хариуцагчийн ...Миний хувьд нэхэмжлэгч рүү Номиогоос гэж хийсэн 3.000.000 төгрөг, сар бүр хийж байсан төлбөрүүдээ үндсэн төлбөрөөсөө тус тус хасуулна. Тиймээс А.Х аас мөнгө авсан, авсан мөнгөө буцаагаад А.Х ын данс руу хийсэн, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг би 2023 онд багтаагаад өгнө гэх тайлбар болон нэхэмжлэгчийн ..Д.Э гуйлтаар 10 сая төгрөгийг 14 хоногийн 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, дахиад 5 сая төгрөг яаралтай хэрэг болоод байна гэхээр нь хүнээс авч 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сүүлийн 5 саяын хүү 250,000 төгрөг хүү хасч тооцоод 14,750,000 төгрөг зээлсэн гэх тайлбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр хариуцагчийн 5087048220 дугаар данс руу 14,750,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг харьцуулан үзвэл хариуцагчийг нэхэмжлэгчээс 14,750,000 төгрөгийг зээлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 14,750,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Иймд нэхэмжлэгч нь зээл 14,750,000 төгрөгийг Хаан банк дахь хариуцагчийн данс руу шилжүүлсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсан тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.   

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. Нэхэмжлэгчээс ...14 хоногийн 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч гэх тайлбарыг гаргасан боловч хавтаст хэрэгт зээлийн гэрээг бичгээр хийсэн баримт авагдаагүй тул нэхэмжлэгчийн зээлийг буцаан шаардах эрх шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үүссэн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөр авах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлснээ нотлох үүрэгтэй, харин хариуцагч нь зээлийг буцаан төлснөө нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 14,750,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд харин хариуцагч нь зээл 14,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчээс ...Хариуцагч 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд хүүгээ төлөөд үүнээс хойш үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй. ...9,250,000 төлсөн талаар маргахгүй, үүнийг сар болгон хүүгээ төлсөн гэж үзэж байгаа гэсэн тайлбарыг гаргасан. Харин хариуцагчаас ...нийт 12,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэсэн тайлбар гаргасан боловч энэ тайлбараар баримтаар нотлож чадаагүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 14,750,000 төгрөгөөс хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 9,250,000 төгрөгийг хасч хариуцагч Д.Н эс 5,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Н эс 5,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Х ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Б