| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2019/02355/и |
| Дугаар | 1722 |
| Огноо | 2019-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1722
Ц.Ц нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02184 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.Ц, Д.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Хд холбогдох,
Гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Ц, Д.Э
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц, Д.Э нарын өмчлөлийн зүйл болох барилгын шал цутгалтын тоног төхөөрөмжийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр З.Х нь 35 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, уг мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулсан.
З.Х нь одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг болох үндсэн үнэ 35 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний 4-т зааснаар төлбөр хийгдсэнээр эзэмших ашиглах захиран зарцуулах эрх нээгдэнэ. Гэрээний 3-т зааснаар 2017 оны 10 дугаар сарын 30-нд төлбөрийг төлж дуусахаар заасан. Гэрээний энэ заалт нь хариуцагчийн эрхийг хязгаарласан заалт байна. Уг заалтаар төлбөр төлөөгүй үедээ хариуцагч нь тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй байна.
Анх түрээсийн гэрээгээр тоног төхөөрөмжийг өгсөн. Түрээсийн гэрээ 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусахад тоног төхөөрөмжийг яасан нь мэдэгдэхгүй байдаг. Түрээсийн гэрээ дууссан эсэх нь мэдэгдэхгүй. гэрээ нь худалдан авагчийн эрхийг зөрчиж, жил уг тоног төхөөрөмжийг хадгалсан.
Тоног төхөөрөмжийг ашиглаад байр ашиглалтад орвол байр өгөхөөр тохирсон байдаг. Нэхэмжлэгч нар нь тухайн үед эвдрэлтэй байсан гэдгийг зөвшөөрч байгаа.
Иймд түрээсийн гэрээний хугацаанд ашиглаж байсан бөгөөд худалдах худалдан авах гэрээний дараа ашиглаж байсан нь мэдэгдэхгүй. Гэрээгээрээ ашиглах эрхийг нь хориглосон гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Хгаас гэрээний үүрэгт нийт 45 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц, Д.Э нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид нарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02184 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нараас зуурмагийн машин болон зуурмагийг өндөрт гаргаж шахах тоног төхөөрөмжийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нар алдангийн хамт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
З.Х-д худалдсан гэх тоног төхөөрөмж нь эвдрэлтэй, техникийн гэрчилгээгүй гэрээний заалт нь худалдан авагч талын эрхийг зөрчсөн байдаг.
Хариуцагч З.Х-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. Би хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй, хэт нэг талыг барьж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Ц, Д.Э нар нь хариуцагч З.Х-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Д.Э, Ц.Ц болон З.Х нар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Д.Э, Ц.Ц нар нь шал цутгалтын тоног төхөөрөмжийг З.Х-гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч З.Х нь тоног төхөөрөмжийн үнэд 35 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 5/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Дээрх гэрээний дагуу худалдаж байгаа эд хөрөнгийг хариуцагч З.Х нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан нь бичгийн баримтаар тогтоогдсон, тэрээр тоног төхөөрөмжийг хүлээн аваагүй гэж маргаагүй байна. /хх6/
Хариуцагчийн өмгөөлөгч талуудын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцоо З.Х-гийн эрх ашгийг хохироосон, гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг ашиглах боломжгүй байсан гэх тайлбар, татгалзлалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Худалдах, худалдан авах гэрээний 5-д гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо хийж дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног дутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг тодорхойлсон тодорхойлолтод нийцжээ.
Иймд нэхэмжлэгч нар нь гэрээний үндсэн төлбөрт 35 000 000 төгрөг болон алдангид 10 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч З.Х-гаас 45 000 000 төгрөгийг гаргуулж Ц.Ц, Д.Э нарт олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Г.Э-д 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА