| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0109/З |
| Дугаар | 128/ШШ2023/0563 |
| Огноо | 2023-06-27 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0563
2023 06 27 128/ШШ2023/0563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Нинжбадрах
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо
Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Байгалмаа
Гуравдагч этгээд: “Токио 60” СӨХ нарын хоорондын “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нинжбадрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, хариуцагч Б.Байгалмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Нинжбадрах нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгч Л.Нинжбадгар нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг мэдсэнээр 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хяналт шалгалтын газрын даргад гомдол гаргаж, хариуг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар хүлээн авч, шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
3.1 Миний бие Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 6/1 дүгээр байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай, 21 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр бүртгэгдсэн,
3.2 Миний эзэмшлийн агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ орон сууцны барилгын анхны зураг төслийг өөрчилсөн гэж буруутгасан,
3.3 Маргаан бүхий орон сууцыг улсын комисс хүлээж авснаас хойш зураг төсөл өөрчлөгдөөгүй байхад мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан зүйл болсон,
3.4 Улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авах хүртэл орон сууц гэж тооцогдохгүй бөгөөд улсын комисс хүлээн авснаас хойш барилгын зураг төсөлд өөрчлөлт ороогүй тул улсын байцаагчийн акт хуульд нийцээгүй гэжээ.
4. Нэхэмжлэгч Л.Нинжбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Л.Нинжбадрах миний бие улсын бүртгэлийн Ү-2204039782 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 6/1 дүгээр байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай, 21 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр бүртгэгдсэн. Гэтэл “Токио 60” СӨХ-ийн Б.Ичинхорлоогийн гомдлоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгнэлтээр миний эзэмшлийн агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ орон сууцны барилгын анхны зураг төслийг өөрчилсөн нь улсын бүртгэлийн тухай хуулийн зөрчсөн гэж дүгнэжээ.
Энэхүү Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 6/1 дүгээр байрыг "Нисора" ХХК-ийн захиалгаар барьсан ба зураг төслийг "Аркус" ХХК 2008 онд зохиож, энэхүү зураг төсөлд өөрчлөлт оруулснаар тухайн өөрчлөлт орсон зураг төслийг үндэслэж улсын комисс 2009 оны 07 дугаар сарын 23-ны 01/15/2009 дугаартай барилга байгууламжийн ашиглалтад оруулах улсын комиссын актаар баталгаажуулан байнгын ашиглалтад оруулсан. Маргаан бүхий орон сууцыг улсын комисс хүлээж авснаас хойш зураг төсөл өөрчлөгдөөгүй, зураг төслөөс өөрчилж агуулах болгосон зүйл байхгүй байхад Улсын бүртгэгч мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан зүйл болж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 331 дүгээр актад Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсгүүдийг зөрчиж анхны зураг төслийг өөрчилсөн гэж дүгнэсэн боловч Улсын комисс байнгын
ашиглалтад хүлээж авах хүртэл орон сууц гэж тооцогдохгүй бөгөөд Улсын комисс хүлээж авснаас хойш барилгын зураг төсөлд өөрчлөлт ороогүй тул улсын байцаагчийн акт хуульд нийцээгүй байна.
Гуравдагч этгээд, улсын байцаагч хоёр шүүхийг төөрөгдүүлэх гэж нотлох баримтгүй юм ярьж байна. Би энэ барилгыг мөнгөө гаргаж, өөрийн захиалгаар бариулсан, зургийн компанийг би хөлсөлсөн миний гүйцэтгэгч компани.Тэр компанидаа агуулахын зураг захиалж өөрчлүүлсэн, энэхүү зургаар үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Гэтэл 2009 онд ашиглалтад орсон барилгыг 2013, 2014 онд СӨХ байгуулагдсанаас хойш шийдийг тасалж, дээрэмдэж, булааж авсан мэтээр шүүхийг төөрөгдүүлж байна. Ичинхорлоо зогсоол тагладаг юм ярьдаг. Хаалгаа нүүлгээд өгье гэхээр би эзэмшилдээ авъя гэдэг” гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Л.Нинжбадрахын хувьд Улсын бүртгэлийн 2204039782 дугаартай Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Токио гудамж, 6-1 байрны зоорийн давхрын 1 тоот байршилтай 21 м2 талбай бүхий агуулахын зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн байдаг. Гэтэл “Токио 60” СӨХ-ийн дарга Ичинхорлоогийн гомдлоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагч 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтээр эзэмшлийн агуулахын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон үндэслэлээ Орон сууцны барилгын анхны зураг төслийг өөрчилсөн, Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарладаг. Энэхүү маргаан бүхий орон сууцны барилга “Нисора” ХХК-ны захиалгаар, “Аркус” ХХК-ийн зургийг үндэслэн 2008 онд байгуулагдсан. 2009 онд өөрчлөлт орсон зургийн дагуу 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах” улсын комиссын акт гарж хүлээж авсан байдаг. Ийнхүү улсын комисс хүлээж авснаас хойш зураг төсөлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдгийг Улсын бүртгэгч бодитой нотолж чадаагүй гэж үзэж байгаа. Мөн Улсын байцаагчийн 331 дүгээр актад Орон сууцны тухай хуулийн 15.1, 15.3 дахь хэсгүүдийг зөрчиж анхны зураг төслийг өөрчилсөн гэж дүгнэдэг. 2021 оны Улсын байцаагчийн дүгнэлттэй 2022 оны 01 сар буюу бүтэн 1 жилийн дараа маргасан байдаг. Агуулга нь Улсын байцаагчаас гаргасан дүгнэлтийг Л.Нинжбадрах хүлээж аваагүй, 2021 оны 11 дүгээр сарын 15-нд Улсын бүртгэлд хандсанаар тухайн бүртгэл хүчингүй болсныг мэдсэн. Ийнхүү мэдсэнээр нэхэмжлэгч хуульд заасан шаардлагын дагуу шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал алдаагүй байгаа гэдгийг нэмэлтээр тайлбарлаж байна” гэв.
6. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Токио 60” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ичинхорлоогоос тус газарт Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, “Нисора”, 6-1 орон сууцны байрыг “Нисора” ХХК-ийн захирал Л.Нинжбадрах захиалан бариулж 2010 онд ашиглалтад оруулсан. 16 давхар 60 айлтай барилгыг “Токио 60” СӨХ-д ажлын, агуулахын өрөөгүй, агааржуулалт, галын дохиолол, дамофон ажилладаггүй, аваарын шат, Б1 давхарт байрлах цахилгаан щитны өрөө нь стандарт хэмжээгүй хүлээлгэж өгсөн. Энэ нь Монгол улсын хууль, СӨХ-ийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийтийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д заасан хууль бус Сорани ХХК-ийн Захирал Соёлмаад олгогдсон байна. Мөн дундын өмчлөлд хамаарах эд хөрөнгийг зөвхөн байрыг хариуцах “Токио 60” СӨХ эзэмших ёстой бөгөөд холбооны дүрэмд зааснаар оршин суугчдын 50-с дээш хувь зөвшөөрсөн тохиолдолд нэг этгээдийн эзэмшилд шилжүүлж болно гэснийг зөрчин өмчлөгдсөн байгаа учраас цахилгаан щитны өрөөний гэрчилгээг хүчингүй болгож “Токио 60” СӨХ-ийн эзэмшилд үлдээж өгнө үү хэмээн хавсралтын хамт хүсэлт ирсний дагуу тухайн улсын бүртгэл дээр хяналт шалгалт явуулсан.
Хяналтаар уг 21 м.кв агуулахын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө анх Соёлмаад 2011 оны 12 дугаар 06-нд, 2020 онд Худалдах худалдан авах гэрээгээр Гантөгөлдөрт, 2021 онд Худалдах худалдан авах гэрээгээр Нармандахад, 2021 оны 06 дугаар 30-ний өдөр Бэлэглэлийн гэрээгээр Л.Нинжбадрахад өмчлөл шилжсэн байсан. Тухайн бүртгэлийн нотлох баримтад 2011 оны 12 сарын 06-ны өдрийн Соёлмаагийн мэдүүлэг, өргөдөл, Л.Нинжбадрахын Улсын бүртгэлийн ерөнхий газарт төлбөр төлсөн тухай албан бичиг, Л.Нинжбадрах, Соёлмаа нарын хооронд байгуулсан гэрээ, Улсын комиссын 2009 оны ашиглалтад оруулах акт, Улсын эд хөрөнгийн план зураг зэрэг байсан. Мөн “Аркус” ХХК-ийн 2008 онд боловсруулсан а/1217 шийдвэртэй зураг төслийн “Цоколийн давхрын байгуулалт” нэртэй БА-3 дугаар хуудаст тусгагдсан хэсгийн өөрчлөн гаргасан зураг төсөл байсан. “Токио 60” СӨХ-ийн гүйцэтгэх захирал тус газарт гаргасан өргөдөлдөө Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02-07-103/452 дугаартай дүгнэлтийг мөн хавсаргасан байсан. Уг дүгнэлтэд цахилгааны ерөнхий самбарын байрлал, өрөөний зураг төсөл, зориулалтыг өөрчлөн, галд тэсвэргүй модон хаалгаар сольж, суурилуулсан байгаа нь “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн 6.2.4 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан шаардлагуудыг хангахгүй байна гэсэн агуулгатай байсан.
Мөн үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өрөөг ингэж өөрчлөн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-дэх заалтыг зөрчсөн байгууламжид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна. Иймд холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг албан бичгээр Токио СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ичинхорлоод мэдэгдсэн байдаг.
Тухайн хяналт шалгалтад Ичинхорлоо нэмэлтээр өгсөн тайлбартаа 06 дугаартай надад бүртгэлтэй зогсоолын өмнө модон хаалга байрлуулсан байгаа нь сар бүр тоолуурын заалт бичих, орон сууцны контороос үзлэг хийх зэрэгт авто зогсоол эзэмшигч миний бие байнга дуудагддаг нь маш их хүндрэлтэй байна энэ талаар Соёлмаад хэлэхэд модон хаалгыг битүүлж, ард нь хаалга гаргаж өгнө гэсэн хэмээн тайлбар ирүүлж байсан.Энэхүү тайлбарт гаргасан тайлбартаа анхны өмчлөгч Соёлмаа нь уг талбайн анхны зориулалт Цахилгаан щитны өрөө байсан боловч зураг төсөлд нь өөрчлөлт оруулж, 21 м.кв-ийг тусад нь салгаж өөрийн хөрөнгөөр агуулахын зориулалттай болгон барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аван 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Л.Нинжбадрахын өмчлөлд шилжүүлсэн гэдэг.
Л.Нинжбадрахтай таны өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой гомдол ирсэн гомдлын дагуу ажиллагаа явуулахад ийм нөхцөл байдал тогтоогдож байна гэдгийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр утсаар холбогдон мэдэгдэхэд , мэдэж байгаа одоогоор сувилалд байна 01 дүгээр сарын 04, 05-нд сонсох ажиллагаанд оролцох боломжтой гэсний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны 10:00 минутад сонсох ажиллагаа явуулах болсон. Сонсох ажиллагааны товын мэдэгдлийг гэрийн хаягаар нь хүргүүлсэн боловч Л.Нинжбадрах сонсох ажиллагаанд ирээгүй, утас нь холбогдоогүй. Тухайн өдрийн 12 цаг өнгөрч байхад Л.Нинжбадрахын эхнэр, уг эд хөрөнгийн анхны өмчлөгч буюу Соёлмаа Улсын бүртгэл дээр ирж манай нөхөр гадагшаа явсан би анхны өмчлөгч учир тайлбараа бичгээр гаргаад өгье гэсэн.
Хяналт шалгалтын явцад тухайн эд хөрөнгийн хувийн хэрэгт авсан нотлох баримт, бусад нотлох баримтуудаас үзэхэд Улсын бүртгэлд бүртгүүлэхээр гүйцэтгэгч тал болох “Нисора” ХХК-г төлөөлж захирал ажилтай Л.Нинжбадрах, захиалагч тал болох Соёлмаа нар нь зураг төслийг өөрчлөн агуулахын зориулалттай болгох мэдүүлгийг бусад нотлох баримтын хамт тухайн үед бүртгэлийн байгууллагад ажиллаж байсан Хишигбаатарт хүргүүлэхэд анхны нотлох баримтаас зөрүүтэй бүртгэсэн нь тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12.5.1, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3-т заасан хэсгийг тус тус зөрчсөн учраас тухайн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэв.
7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал орон сууц болоогүй байхад нь бид нар зургийн өгөөд агуулахын өрөө болгосон гэж байна. 2008 оны А/1217 гэсэн шийдвэртэй Сотын өрөө давхрын байгуулалт гэсэн зураг дээр цахилгаан щитны өрөө гэсэн 21 м.кв-ыг зурсан байна. Энэ байгуулалт Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалтай байшингийн, дундын өмчлөлтэй эд хөрөнгийн тухай хуулиудыг зөрчсөн гэдэг нь тодорхой байна. “Нисора” ХХК нь энэхүү 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулж 2009-2013 он хүртэл СӨХ-ийн ажлыг өөрөө явуулж байгаад 2013 онд Токио 60 СӨХ байгуулагдан барилгыг хүлээлгэж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нар 2012 онд СӨХ-д хүлээлгэн өгөхөөсөө өмнө техникийн өрөөний зориулалтыг өөрчлөх, хууль зөрчин байж өмчлөлдөө авах ямар шаардлага байсан бэ? “Орон сууцны тухай хууль”-ийн 15.3,15.4-т техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэж маш тодорхой заасан байдаг. Тэгэхээр Монголын Үндэсний төв архиваас авсан анхны зурган дээр өөрчлөлт хийн зориулалт сольсон нь 2012 онд буюу орон сууц ашиглалтад орсноос хойш болж байна.
Нэхэмжлэгч барьсан байж болох ч ашиглалтад оруулаад Улсын комисст хүлээлгэн өгсөн үеэс энэ барилга оршин суугчдын нийтийн, дундын өмч болно. Энэхүү давхар ч хуульд зааснаар оршин суугчдын дундын өмч болох ёстой ч Л.Нинжбат нь хууль зөрчин өөрийн эзэмшилд авсан байгаа тул хариуцагчийн улсын бүртгэлээс хассан шийдвэрийг дэмжиж оролцож байна. Зураг төсөлтэй холбоотой тайлбар хийж байна. 2009, 2008 онд барилга ашиглалтад орохоос өмнө зураг төсөлд өөрчлөлт оруулж, агуулахын зориулалттай болгосныг улсын комисс архивд хүлээлгэн өгсөнгүй гэж буруутгаж байх шиг байна. Үндэсний төв архивд байгаа энэ барилгын зураг төсөл өнөөдөр хүчин төгөлдөр.
2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 02-02/41, 06 хариу мэдэгдэх хуудсаар “Токио 60” СӨХ-д хариу өгсөн байдаг. Агуулга нь тухайн барилга дээр Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж цахилгааны өрөөний байрлал сольсон, төсвийн бус хаалга гаргасан байгаа нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3-ийг зөрчсөн байна. Үүнийгээ шийд гэсэн байдаг. Өнөөдөр Л.Нинжбадрах уг өрөө ямар ч хэрэггүй гэж ярьж байна. Хэрэггүй бол зориулалтын дагуу ашиглаасай гэж л хүсэж байна даа. ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Байгалмаа нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039782 дугаартай бүртгэлийг хүчингүй болгожээ.
3. Нэхэмжлэгчээс “...улсын комисс хүлээн авснаас хойш барилгын зураг төсөлд өөрчлөлт ороогүй тул улсын байцаагчийн акт хуульд нийцээгүй...” гэж, хариуцагчаас “...тухайн бүртгэлийг бүртгэхдээ нотлох баримтаас зөрүүтэй бүртгэсэн...” гэж маргажээ.
4. Анх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039782 дугаартай, нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол //, Токиогийн гудамж 6/1 дүгээр байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай, 21 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.Соёлмааг,
2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Гантөмөрийг,
2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Нармандахыг,
2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Л.Нинжбадрахыг тус тус бүртгэжээ.
5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039782 дугаартай, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн бүртгэлийн хувийн хэрэгт мэдүүлэг, өргөдөл, төлбөр төлсөн тухай албан бичиг, гүйцэтгэгч болон захиалагч талын хооронд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ, 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн улсын комиссын акт, план зураг, мөн “Аркус” ХХК-ийн 2008 онд боловсруулсан А/12-17 шифртэй БА-3 дугаар хуудсанд тусгагдсан зураг төслийг өөрчлөн гаргасан зураг зэрэг баримтуудыг хавсаргасан байна.
6. Гуравдагч этгээд болох “Токио 60” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Ичинхорлоо нь “...В1 давхарт байрлах цахилгаан щитны өрөө стандарт хэмжээгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөгдсөн байгаа тул цахилгаан щитны өрөөний гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү...” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэст болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байна.
7. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02-07-103/452 дугаартай дүгнэлтээр “...ерөнхий самбарын газардуулгыг бүрэн холбож тоноглолуудад засвар үйлчилгээ хийж, өрөөг зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй” гэсэн байх бөгөөд уг захиргааны акттай маргаагүй хүчин төгөлдөр байна.
8. Мөн эрх бүхий байгууллага буюу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Токио-60” СӨХ-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/4106 дугаартай албан бичигт “...шалгалтаар цахилгааны өрөөний байрлалыг зураг төслийн “Аркус” ХХК-д 2008 онд боловсруулж, А/12-17 шифртэй зураг төслийн “Цоколын давхрын байгуулалт нэртэй БА-3 дугаар хуудсанд тусгагдсан зураг төслөөс өөрчлөн агуулахын зориулалтаар ашиглан өрөөний хаалгыг шилжүүлэн зураг төсөлд тусгагдаагүй хаалгаар сольж, цахилгааны ерөнхий самбарын байрлалыг өөрчилсөн байгаа нь холбогдох хуулийн заалтыг хангахгүй байна. Тус 6/1 дүгээр байрны зоорийн давхрын 1 тоот /зураг төсөлд цахилгааны өрөө байх/-д агуулахын зориулалтаар 21 м.кв талбайтай Ү-2204039782 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгосон байх тул холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж гомдлыг хариуг хүргүүлсэн байна.
9. Хавтаст хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 01/15/2009 дугаартай актын нэгдүгээр хэсгийн 1.6-д “Энэхүү барилга байгууламжийг А/12-17 дугаартай зураг төслөөр 2007 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдөр барьж дууссан байна”, хоёрдугаар хэсгийн 2.3-ын /а/-д “улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад уг барилга байгууламжийн холбогдох баримтуудыг 15 хоногийн дотор багтаан бүртгүүлэх”-ийг гүйцэтгэгч байгууллагад даалгажээ.
10. Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн архивд байгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Нисора” ХХК-ийн захиалгаар баригдсан 60 айлын орон сууцны 6/1 дугаар барилга, нийт 5700 м.кв барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт болон “Аркус” ХХК-ийн боловсруулсан А/12-17 шифртэй зураг төслийн Цоколийн давхрын байгуулалт нэртэй БА-3 дугаар хуудсанд цахилгаан щитний өрөөний байрлалыг заасан зурагт агуулахын өрөө тусгагдаагүй, мөн Үндэсний төв архивд хадгалагдаж байгаа зурагт ч агуулахын өрөө тусгагдаагүй байгаа баримттай талууд маргаагүй болно.
11. Харин уг барилгын Цоколийн давхрын байгуулалтад өөрчлөлт оруулсан зураг нь анх нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Токиогийн гудамж 6/1 дүгээр байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай, 21 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.Соёлмааг бүртгэхэд гарч ирсэн тул нэхэмжлэгчийн “...улсын комисс хүлээн авахаас өмнө зурагт өөрчлөлт оруулсан байсан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, бүртгэлийн байгууллагын архивд хадгалагдаж байгаа зургийг үндэслэн дүгнэлт гаргасан хяналтын улсын байцаагчийг буруутгах боломжгүй байна.
12. Учир нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” /2011 оны 2 сард нэмсэн/, 15.1-т “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно”, гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх цахилгааны ерөнхий самбарыг байрлалыг анхны ажлын зураг төслөөс өөрчлөн өрөөг агуулахын зориулалтаар ашиглаж, хаалгыг шилжүүлэн галд тэсвэргүй модон хаалга хийж, /2011 оны 12 дугаар сард/ үл хөдлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсныг маргаан бүхий дүгнэлтээр хүчингүй болгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасантай нийцжээ.
13. Сонсох ажиллагааны тухай:
2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч Л.Нинжбадрахын утсаар ярилцсан тухай тэмдэглэл, мөн хариуцагчийн “...Л.Нинжбадрах сонсох ажиллагаанд оролцох саналын дагуу, сонсох ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагт зохион байгуулсан боловч хүрэлцэн ирээгүй, ...эхнэр нь тухайн өдрийн 12 цагт ирж гадагшаа явсныг хэлж, ...бичгээр тайлбар өгсөн...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч албан тушаалтныг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг огт явуулаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд маргаан бүхий дүгнэлтийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэж үзэхээргүй байна.
14, Иймд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Байгалмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Л.Нинжбадрахаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Байгалмаад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ