Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч Б.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Д.А, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Т эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Т-д холбогдох 2116000670084 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, халх, 1977 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, уншиж, бичиж чаддаг, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг Мангирт 3 дугаар хэсэг 5- ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 6- ... тоотод түр оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Монгол улсын 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, ДП................. регистрийн дугаартай, С овгийн Б.Т.

 

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 1- ... тоот иргэн И.Г-ийн хүн байнга амьдрах, орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж гэрт байсан хохирогч И.Г-ийн эзэмшлийн Haier маркийн хагас автомат угаалгын машин 1 ширхэг, 10 литрийн төмөр бетон 2 ширхэг, 40 литрийн төмөр бетон 1 ширхэг, газын плитка 1 ширхгийг хулгайлан авч 455.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Т-ийн цагдан хоригдсон 46  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч И.Г гэмт хэргийн улмаас учирсан 455,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлажээ.

 

 Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б.Т миний бие нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн бэр эгч И.Г-ийн гэрээс эд зүйл авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Манай бэр эгч надаас хохирол төлбөр авахгүй гэсэн учраас миний бие хохирол төлөөгүй юм. Түүнийг анхан шатны шүүх хохирол төлөх санаачлага гаргаагүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Манай бэр эгчийн зүгээс надаас хохирол нэхэмжлээгүй, хохирол авахгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хорооны 1- ... тоотын иргэн И.Г-ийн хүн байнга амьдрах, орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж Haier маркийн хагас автомат угаалгын машин, 40 литрийн төмөр бетон, газын плитка, 10 литрийн төмөр бетон 2 ширхэгийг хулгайлан авч И.Г-д 455.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Энэ үйл баримт нь: Хохирогч И.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Ж.А-аас гэрт нь хулгай орсоныг мэдэж цагдаад хандхад гэрээс нь 40 литрийн усны хөнгөн цагаан сав, 10 литрийн хөнгөн цагаан сав, хагас автомат угаалгын машин зэрэг эд зүйл алдагдсан байсан бөгөөд түүнийг Улаанбаатар хот руу явсан, гэр нь эзэнгүй байгааг Б.Т сайн мэдэж байсан. Б.Т-ээс нэхэмжлэх зүйлгүй” тухай мэдүүлэг,

 

Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “И.Г нь 2020 оны 09 дүгээр сарын сүүлч 10 дугаар сарын эхээр гэрийнхээ түлхүүрийг манайд үлдээж харж байхыг захиад Улаанбаатар хот руу явсан ба 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Б ээжийн гэрийг нь шүүрдээд зул өргөөд ирлээ 40 литрийн бетон нь алга, үүдний амбаарын хаалгыг хөшөөд хаячихсан байна гэж ярихаар нь очиж үзэхэд гэрийнх нь үүдний амбаарын цоожны дарааг мушгиад дарчихсан цоожийг нь гараар татахад нээгдэж байсан. Гэрт нь ороод эд зүйлсийг нь харахад 40 литрийн бетон, угаалгын машин үүдний амбаарт нь байсан 10 литрийн 2 ширхэг бетон, мөн газын плитка зэрэг нь алга болсон байсан” тухай мэдүүлэг,

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нагац ах И.Т-ын хамт ээжийнхээ Найрамдлын 1- ... тоотод байх гэрт нь очоод үүдний амбаарын цоожийг түлхүүрээрээ нээгээд ороход гэрийн хаалганы цоож нь хөшигдсөн байсан бөгөөд 40 литрийн бетон байхгүй болохоор нь бүл Ж.А-ыг хэрэглэсэн байх гэж бодоод гэрийг цэвэрлээд ээждээ энэ талаар утсаар хэлээд явсан” тухай мэдүүлэг,

 

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Б.Т нэг өдөр манай ахын угаалгын машин гээд угаалгын машин үүрч орж ирээд хувцасаа угаачихаад маргааш нь Г.О зарсан гэж байсан тухай” мэдүүлэг,

 

Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Б.Т нь доод талын хашаанд гэрийн гадаа угаалгын машинаар хувцасаа угааж байсан бөгөөд энэ угаалгын машиныг заръя гэхээр нь авч яваад төмөр худалдаж авдаг Б.О гэдэг айлд 20.000 төгрөгөөр зараад мөнгийг нь Б.Т-д авч ирж өгөөд хамт архи уусан. Миний угаалгын машин байгаа юм санаа зоволтгүй гэж хэлэхээр нь зарж өгсөн” тухай мэдүүлэг,

 

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн “Цагаан сараас хойно нэг өдөр  Б.Т гэдэг залуу угаалгын машин зарахаар ирэхэд аваагүй. Маргааш нь Г.О уг угаалгын машиныг зарахаар ирэхэд нь таньдаг болохоор 20 000 төгрөгөөр худалдаж авсан. Өөрсдөө Т-ийн угаалгын машин гэж хэлж байсан” тухай мэдүүлэг,

 

Хохирогчийн хулгайд алдагдсан угаалгын машиныг 90.000 төгрөгөөр, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан бидоныг 80.000 төгрөгөөр, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан бидоныг 180.000 төгрөгөөр, газын плиткаг 25.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээний дүгнэлт, 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Т нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээрээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Тиймээс шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилхээс татгалзсан ч шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. 

Тиймээс давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудад “2 (хоёр) жилийн” гэснийг “1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Т-ийн анхан шатны шүүх хуралдаанаас хойш буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 42 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.Ж

 

          ШҮҮГЧИД                                 Ш.Б

 

                                                                                                                                                       Ч.Э