| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/04129/и |
| Дугаар | 182/ШШ2024/00131 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/00131
| 2024 01 05 | 182/ШШ2024/00131 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч O.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрхэт Монгол ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээг цуцалж, орон сууц захиалгын төлбөрт төлсөн 119,644,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Эрхэт Монгол ХХК-д холбогдуулан Мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээг цуцалж, орон сууц захиалгын төлбөрт төлсөн 119,644,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* миний бие Эрхэт Монгол ХХК-тай 2021.06.11-ний өдөр №МН-166 тоот мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлхийн газарт Grand Marshal Luxury villas хотхоны Мульти хаус ангиллын орон сууцнаас 48.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 122,859,000 төгрөгөөр захиалж, гүйцэтгэгч нь тус орон сууцыг гэрээний 4.1.2-т заасны дагуу 2022.06.01-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
1.2. Өнөөдрийн байдлаар тус барилгын 1 давхарын цутгалт хийснээс өөр ажил хийгдээгүй, өмнөх 4 мульти хауснууд нь баригдаж эхлээгүй таг зогссон байдалтай байна. Бид төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу төлж байгаад 2022.03-р сар гэхэд барилга баригдахгүй, гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул төлбөрийг зогсоосон бөгөөд нийт 119,644,250 төгрөг төлсөн байна.
1.3. Бид орон сууцыг хэзээ барьж эхлэх талаар удаа дараа шаардаж удаан хүлээсэн, мөн мөнгөө буцааж авахаар шаардаж уулзахад мөнгийг гаргаж өгөх чадамжгүй байгаа бага багаар төлнө эсвэл барилгын материал бартерт авах зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй хариуг өгч байсан. Бид энэ хугацаанд айлын байранд амьдарч ихээхэн хүндрэлтэй байдлыг туулж байна. Хариуцагч Эрхэт Монгол ХХК нь гэрээний үүргээ зөрчиж орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 1 жил 4 сарын хугацаагаар хоцроосон тул бид Орон сууц захиалгын гэрээний 5.2-р зүйл, Иргэний хуулийн 225.1-р зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаж орон сууц захиалгын төлбөрт төлсөн нийт 119,644,250 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Эрхэт Монгол ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрхэт Монгол ХХК-тай №МН-116 тоот Мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээ байгуулж Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхэд Гранд маршал лагкшери виласс хотхоноос 48.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалж захиалгын гэрээг байгуулсан байдаг. Манай компани Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын хомсдол, хэт их үнийн хөөргөдөл, хил гаалийн хязгаарлалт зэрэг гэрээний 7.6 дах хэсэгт заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болж үүргээ биелүүлж, гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй болсон. Нэхэмжлэгч ******* нь Эрхэт Монгол ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу 119,644,250 төгрөг төлсөн бөгөөд энэ үнийн дүн нь санхүүгээс гаргаж өгсөн тооцоотой таарч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй хэдий ч 119,644,250 төгрөгийг 6 сарын хугацаанд график гарган төлөх талаар харилцан тохиролцож эвлэрэх боломжтой. Цаашдаа тухайн гэрээг цуцалж, авсан төлбөрийг буцаан олгох дээр тодорхой график гаргаж эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзсэн. Гэвч графикийн хувьд тохиролцох боломжгүй нөхцөл байдалтай байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/
3.2. Итгэмжлэл /хх 8/
3.3. Мульти хаус ангиллын Орон сууц захиалгын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №MH-166 тоот гэрээ /хх 10-11/
3.4. Төлбөр төлсөн талаарх Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хаан банкны дансны хуулгууд /хх 12-20/
3.5. Эрхэт Монгол ХХК-ийн харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ /хх 21/.
4. Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
1.1. Нэхэмжлэгч ******* хариуцагч Эрхэт Монгол ХХК-д холбогдуулан Мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээг цуцалж, орон сууц захиалгын төлбөрт төлсөн 119,644,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, шаардах эрхийн үндэслэлээ 2021.06.11-ний өдөр №МН-166 тоот мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлхийн газарт Grand Marshal Luxury villas хотхоны Мульти хаус ангиллын орон сууцнаас 48.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 122,859,000 төгрөгөөр захиалж, гүйцэтгэгч нь тус орон сууцыг гэрээний 4.1.2-т заасны дагуу 2022.06.01-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэдий ч тухайн орон сууц баригдаагүй гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч Эрхэт Монгол ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг Ковид-19 цар тахалын улмаас барилгын материалын хомсдол үүссэн. Тодорхой хугацаа буюу 6 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцох боломжтой гэж маргаж байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээ, банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
2.1. Зохигчдын хооронд 2021.06.11-ний өдөр №МН-166 тоот мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч нь Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлхийн газарт Grand Marshal Luxury villas хотхоны Мульти хаус ангиллын орон сууцнаас 2В загварын, МН-08 дугаар байрны, 05 тоот 48.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 122,859,000 төгрөгөөр захиалга өгөх хэлбэрээр худалдан авах, төлбөр төлөх үүргийг, хариуцагч Эрхэт Монгол ХХК нь орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж, ашиглалтад орсон үед нь орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг болон орон сууцыг шилжүүлэн өгөх хэлбэрээр худалдах үүргийг тус тус хүлээсэн байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээг цуцалсан гэж тодорхойлж байх ба энэ нь нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн үндэслэл байна.
2.3. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч Эрхэт Монгол ХХК нь нэхэмжлэгчийн Мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээг цуцалсан, гэрээний дагуу 119,644,250 төгрөгийг хариуцагч Эрхэт Монгол ХХК-д төлсөн гэх үйл баримтыг үгүйсгээгүй, талууд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
3. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 119,644,250 төгрөгийг шууд төлөх боломжгүй, 6 сарын хугацаанд төлөх боломжтой гэснийг нэхэмжлэгчээс зөвшөөрөхгүй боломжгүй гэж маргаж байна.
4. Иймд хариуцагч Эрхэт Монгол ХХК-иас 119,644,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох үндэстэй гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрхэт Монгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 756,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрхэт Монгол ХХК-иас Мульти хаус ангиллын орон сууц захиалгын гэрээний үүрэгт 119,644,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрхэт Монгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 756,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА