Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

 

Ш.Д, Б.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Г.У, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч Ш.Д-ын өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаар цагаатгах тогтоолыг прокурор А.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Ш.Д, Б.О нарт холбогдох 2116000040024 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1-р багийн 2- ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ........... регистрийн дугаартай, О овогт Ш.Д.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн 30- ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДК............ регистрийн дугаартай, Ж овогт Б.О.

 

Шүүгдэгч Ш.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын захирагчийн албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.О-тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.О нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын захирагчийн албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын 1 дүгээр зорилтын дэх заалтын хүрээнд хэрэгжүүлэх ёстой “Хуулийн хүрээнд тамхины зөвшөөрөл олгох, хяналт тавих, тайлагнах” гэсэн заалт, тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 14 дэх заалтыг зөрчиж тус сумын Засаг дарга Ш.Д-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт Ш.Д, Ж овогт Б.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тамхины хяналтын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 7.14-т заасан “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан “тамхи худалдах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт сумын захирагч олгоно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” гэснийг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын захирагчийн албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.О-тэй бүлэглэн, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Жаргалант, Ембүү, Өрнөн-Ундрах, Баялаг, Их-Уул, Тайшир, Тунамал-Эрдэнэ, Ану, Баянговь, Оргил цаг, Алтайн оргил, Солонго, Баянбуурал хүнсний дэлгүүрүүдийг ерөнхий боловсролын дунд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 500 метрээс бага зайд байрлаж байхад Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 14 дэх заалтад заасан 500 метрийн зайнд байрлаж байгаа мэтээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 17 дугаартай тамхины тусгай зөвшөөрөл тус тус олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, хэрхэн албан тушаалын байдлаа урвуулж, давуу байдал олгосон эсэх нь тогтоогдохгүй, хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь тусгай зөвшөөрөл олгосон нь бусдад давуу байдал олгосон гэх шинж үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч Ш.Д, Б.О нарын хэмжилт хүрээгүй нэр бүхий 13 аж ахуйн нэгжүүдэд тамхины тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь Тамхины тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил бөгөөд гэмт хэргийн шинжгүй байна. Түүнчлэн Тамхины хяналтын тухай хууль болон холбогдох дүрэм журмуудад тамхины тусгай зөвшөөрөл олгохдоо хэмжилтийг хэрхэн хийх талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгаагүйн улмаас цаашид хэрэгжилтийг нэг мөр болгох зорилгоор ажлын хэсэг байгуулж дахин хэмжилт хийж улмаар шүүгдэгч Ш.Д нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу 2020 оны 09 дүгээр сарын 27-нд А/127 дугаартай захирамжаар хэмжилт хүрээгүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн.

Энэ цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

 

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг билээ. Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн, хэсэгчилсэн гэсэн төрөлд хуваадаг болно. Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэсэгчилсэн бүрэлдэхүүний тухайд гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд /бэлтгэх, завдах/ төгс үйлдсэнд тооцогддог онцлогтой.

 

Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй билээ. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томьёолохдоо хор уршгийг хуульчилдаггүй ажээ. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнтэй “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

 

Шүүгдэгч Ш.Д нь дээрх нэр бүхий 13 аж ахуйн нэгжид тамхины тусгай зөвшөөрөл олгосон, Ш.Д-ын шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж 500 метр хүрсэн мэтээр тодорхойлолт гаргаж өгсөн Б.О нарын үйлдэл нь “Тамхины хяналтын тухай хууль”-ийн хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүдтэй адилхан тамхи худалдан борлуулах хүсэлтэй хэдий боловч 500 метрт хүрэхгүй гэх шалтгаанаар борлуулалт хийж чадахгүй байгаа олон аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, тэгш, шударгаар өрсөлдөх боломжоос гадна төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэрч Б.Д-ийн “...Засаг дарга Ш.Д нь “Б.О бид хоёрыг газар дээр нь хэмжиж үзээд ир гээд явуулдаг байсан. Даргын үгнээс зөрөөд байж болохгүй. Зөрөөд явахгүй. Би чадахгүй гэж хэлж болохгүй. Би мэдэж байна. Та нар гүйцэтгэх албан тушаалтан. Би шийдвэр гаргах хүн гэдэг байсан. Ер нь дарга нартай хэрэлдэх, өөдөөс нь тайлбар хэлэх эрх байдаггүй шүү дээ. Хэрэв ямар нэгэн тайлбар тавих, үг хэлэх, үгнээс нь зөрөх ч юм уу тийм үйлдэл гаргавал хавчин гадуурхах, ажлаас халах зэрэг эрсдэлээ бодож байсан. Ш.Д дарга “Чи Б.О-тэй хамт яваад, хэмжилт хийгээд ир. 500 метртээ хүрэхгүй байгааг нь хүргэ.” л гэдэг чиглэл өгдөг байсан. Тийм үүрэг чиглэл өгөхөөр биелүүлэхгүй байя гэхээр нь бас л дарга, цэрэг нарт худлаа үнэн юм ярьж намайг ажлаас халуулчих вий гэхээс айж байсан. Учир нь би 2018 онд Ш.Д даргын үед ажлаасаа халагдаад нэг хэсэг ажилгүй хэцүү байсан болохоор миний талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагад танилцуулаад ажлаас халуулчихаж магадгүй гээд Б.О-тэй хамт явж хэмжилтийг нь хийж өгч байсан юм” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Б-ийн “...намайг Есөнбулаг сумын газрын даамлаар 2018-2019 онд ажиллаж байх хугацаанд Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэгц гурван богд Баялаг нэртэй дэлгүүрийн Б нь тамхи худалдаалах хүсэлтээ ирүүлсэн. Ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу тухайн дэлгүүрээс 3-р дунд сургууль хүртэлх зайг гар аргаар метрээр хэмжиж үзэхэд 500 метртээ хүрэхгүй байсан. 500 метртээ хүрэхгүй байхаар нь дэлгүүрийн эзэн Б-д хэлээд явуулсан. Тэгээд намайг ажил дээр буцаж очоод байж байсан чинь Засаг дарга Ш.Д над руу утсаар яриад “Цэгц гурван богд Баялаг” дэлгүүрийн хэмжээг 500 метр болгоод тодорхойлолт гаргаад өгчих гэхээр нь даргаа наад дэлгүүр чинь 3 дугаар сургуультай ойрхон байрлалтай, 500 метр хүрэхгүй байсан шүү дээ гэсэн чинь Ш.Д дарга “Хамаагүй ээ. Чи зүгээр 500 метр гээд тодорхойлолт гаргаад өгчих. Би мэдэж байна” гэсэн. Тэгээд би тухайн дэлгүүрийн хэмжээг 3-р сургуулиас 500 метр гээд тодорхойлолтыг гаргаж өгсөн юм...2018 онд хэдэн сар гэдгийг санахгүй байна, Түмэн багийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр ажиллуулдаг “Тунамал-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн эзэн Г нь тамхи худалдаалах хүсэлтээ ирүүлсэн. Эдний дэлгүүр нь 4-р цэцэрлэгтэй маш ойрхон, бараг булангийн наана, цаана зайтай байдаг болохоор нь танай дэлгүүр чинь яагаад ч 500 метртээ хүрэхгүй шүү дээ. Би тодорхойлолт гаргаж өгч чадахгүй гэсэн чинь Г-ийн ээж Б нь миний хажууд Засаг дарга Ш.Д руу утсаар яриад байсан. Чухам юу гэж ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгсэн Ш.Д дарга над руу утсаар залгаад 500 метртээ хүрэхгүй байгаа юм уу гэхээр нь хүрэхгүй байна даргаа гэсэн чинь тийм байгаа бол наад хүнийхээ дэлгүүрээс, цэцэрлэг хүртэлх хэмжээг 500 метр болгоод тодорхойлолтыг нь гаргаад өгчих гэхээр нь яах аргагүй тодорхойлолтыг нь 500 метр гэж хийж өгсөн юм.” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Б-ийн “...би 2020 оны 04 дүгээр сарын үед Есөнбулаг сумын Тамгын газрын ажилтан Б.О-т тамхи худалдаалах хүсэлтээ өгсөн. Газрын даамал Б.Д, Б.О нар нь дэлгүүр чинь хэмжээндээ хүрэхгүй байна. Тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хэлж байсан. Тэгж хэлэхээр нь бүтэхгүй юм байна гээд түрдээ орхисон байсан. Тэгээд сонгуулийн өмнөхөн Ш.Д даргад учир байдлаа хэлсэн чинь за болох бүтэх талаас нь шийдэж өгөхийг бодъё гэсэн. Надад нууж хаагаад байх юм алга. Анх Б.Д, Б.О нарт хандахад тусгай зөвшөөрөл гаргах ямар ч боломжгүй. Танай дэлгүүр чинь 4-р сургуулиас 500 метрт хүрэхгүй байгаа гээд миний үгийг авч хэлэлцэхгүй байгаад байсан юм. Харин Ш.Д дарга миний зовлон, учир байдлыг ойлгоод манай дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгосон юм. Б.О, газрын даамал Б.Д нар нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тамхи зарах тусгай зөвшөөрлийг надад бичиж өгөхдөө “Та дарга нараар мундагдуулж тусгай зөвшөөрлөө яриулж авлаа шүү. Дараа нь иймээ, тиймээ асуудал гарвал, бид хоёрт ямар ч хамааралгүй шүү” гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлгүүдээр Ш.Д, Б.О нар нь тухайн аж ахуйн нэгжүүд нь “Тамхины хяналтын тухай хууль”-д заасан 500 метрийн дотор байгаа, тухайн аж ахуйн нэгжүүдэд тамхины зөвшөөрөл олгох боломжгүй гэдгийг мэдсэн, хууль бус гэдгийг ойлгосон хэдий боловч хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон болох нь тодорхой харагдаж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх Ш.Д, Б.О нар нь нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

 

Нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгосон эсэх нь хэргийн үйл баримтад, энэхүү зөвшөөрлийг олгосон үйл ажиллагааны улмаас өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон эсэх нь эрх зүйн дүгнэлтэд хамаарах ойлголт бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгогдсон, уг тусгай зөвшөөрлийг хожим нь хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нар нь тамхины тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь тусгай зөвшөөрөл олгосон, ямар нэгэн хэлбэрээр мөнгө, эд зүйл авсан байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын үйлдлийг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй хэмээн  дүгнэсэн байна.

 

Шүүгдэгч нар тамхины тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь тусгай зөвшөөрөл олгосон нь болон, ямар нэгэн хэлбэрээр мөнгө, эд зүйл аваагүй зэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж хэргийг  шийдвэрлэх боломжтой байхад хэргийн үйл баримтын талаарх яллах талын нотлох баримтууд ямар үндэслэлээр үгүйсгэгдсэн, яллах гэж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилд хамаарч байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.Ж

                                             ШҮҮГЧИД                           Г.У

                                                                                                              Ч.Э