Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00714

 

“Цаст-Оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00105 дугаар шийдвэр,        

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Цаст-Оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Даваадоржид холбогдох,

О.Даваадорж болон Д.Эрдэнэцогт, Т.Наранцэцэг нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Эрдэнэцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч О.Даваадорж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир,  нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт байрлах “Цаст-Оргил” ХХК-ийн өмчлөлийн 3780 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг О.Даваадоржид шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээг нотариатч П.Хишигжаргал 2005 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрчилсэн байдаг. Энэхүү худалдах-худалдан авах гэрээг худалдагч тал болох Д.Эрдэнэцогт миний хүсэл зоригоор хийгээгүй, зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар хийгдсэн. “Цаст-Оргил” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө О.Даваадоржийн нэр дээр шилжсэнийг хожим мэдээд хуулийн байгууллагад хандсан.Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 65/777 дугаар шийдвэрээр нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014.10.06-ны өдрийн 110 дугаар магадлалаар нотариатч П.Хишигжаргалын үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 757 дугаар тогтоолоор тус магадлалыг хэвээр үлдээсэн тул худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан хуулийн тусгай шаардлагыг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8-д заасны дагуу “Хүчин төгөлдөр бус хэлцэл” байх тул 2005 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нотариатч П.Хишигжаргалын гэрчилсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 1996 оны 2033682 тоот регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 1667 дугаар гэрчилгээтэй “Цаст-Оргил” ХХК нь Д.Эрдэнэцогт, түүний эхнэр Т.Наранцэцэг гэсэн 2 үүсгэн байгуулагчтай. 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн аж ахуй нэгжийн шинэчилсэн бүртгэлээр захирал Д.Эрдэнэцогт нь Т.Наранцэцэгийг аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагчаас хасаж, 1 үүсгэн байгуулагчтай, нийт 15 010 000 төгрөгийн дүрмийн сантайгаар бүртгүүлсэн үйлдлээ хожим мэдэх боломжгүй.2005 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг “Цаст-Оргил” ХХК-ийн захирал Д.Эрдэнэцогт нь өөрийн хүсэл зоригоор хийсэн үйлдэл болох, түүний гарын үсэг мөн гэдгийг Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 26 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгөө надад хүлээлгэн өгөхдөө авто засварын манаач Н.Содномдаржаатай хамт хүлээлгэн өгсөн.Мөн гэрээний үүрэг болох үл хөдлөх хөрөнгийн хариу төлбөрт 131 сая төгрөгийг тухайн үеийн банкуудаар шилжүүлэн өгсөн. Гэрээ хийхдээ 40 сая төгрөгийн худалдах-худалдан авах гэрээ хийсэн шалтгаан нь “Цаст-Оргил” ХХК-ийн захирал Д.Эрдэнэцогт нь татвар бага төлөгдөнө гэж гэрээний төлбөрийг багаар тусгасантай холбоотой.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00105 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан “Цаст-Оргил” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч О.Даваадоржид холбогдох худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00105 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Цаст-Оргил” ХХК-ийн хариуцагч О.Даваадоржид холбогдуулан гаргасан “О.Даваадорж болон Д.Эрдэнэцогт, Т.Наранцэцэг нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Цаст-Оргил” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан дүгнэлт хийсэн, маргааны үйл баримт, нотлох баримтын агуулгыг буруу тайлбарласан, хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх, Иргэний хуулийг хэрэглэхдээ нэг талыг барьсан өрөөсгөл байдлаар тайлбарлан буруу хэрэглэсэн, хуүлийг тайлбарлан хэрэглэж эрхийг хэрэглэх акт буюу шийдвэр, магадлал гаргахдаа ИЭЗХ-д оролцогчдын эрх, үүрэг, хэм хэмжээ ба факт, эрх зүйн хариуцлага зэргийг талуудын хувьд адил авч үзээгүй гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна.Хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний агуулгыг нотариатч П.Хишигжаргал тодорхойлж бичсэн, гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд худалдах-худалдан авах маягтыг нөхсөн, худалдагч “Цаст-Оргил” ХХК-ийн мэдээлэл агуулагдаагүй, иргэд хооронд хийсэн шинжтэй, худалдагч талын хаяг тодорхойгүй байдлаар үйлдэгдсэн байна.Эд хөрөнгийг “Оожван” ХХК, Даваадоржид хэрхэн шилжүүлэх, хүлээлгэн өгөх талаар гэрээнд   заалт байхгүй, хүлээлгэн өгсөн баримт байхгүй, Д.Эрдэнэцогт нь “О.Даваадорж объектыг авъя гэсэн, би чи залуу хүн өөд нь татаад юм хийе гэвэл ав, надад урьдчилгаа мөнгө төл, гэрээг дараа нь хийнэ гэж тохирсон” гэж тайлбарлаж байгаа, үүнийг О.Даваадорж бүрэн няцаагаагүй, тэрээр объектыг засварлаж эзэмшиж байсан нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар эзэмшил үүссэн, 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар “Оожван” өмчлөгч гэж тооцогдохгүй, 211.1-д зааснаар үүргийг гүйцэтгэж О.Даваадоржид хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байхад хуулийн эдгээр зохицуулалтыг нотлох баримттай  харьцуулан  хэрэглэхгүй дан ганц Иргэний хуулийн 243.1 дэх заалтаар дүгнэлт хийсэн нь буруу байна.Маргаж буй гэрээний зүйл буюу 3780 м.кв 2 давхар барилга нь тухайн үед “Цаст-Оргил” ХХК-ийн өмч байсан байхад иргэд хооронд байгуулагдсан гэх гэрээгээр хуулийн этгээд өмчлөх эрхээ шилжүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан 2003 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1, 1999 оны 10 дугаар сарын 04-ний Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22.1, Иргэний хуулийн 7.1, 7.2 дахь заалтаар иргэн, хуулийн этгээд өмчлөх эрхийн хувьд адил эрх зүйн байдалтай этгээд гэж үзэх боломжгүй байна.Өмчийг “Оожван” ХХК-д бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  14.1.1-д заасан шаардлагыг зөрчиж “Оожван” ХХК мэдүүлэг гаргаагүй байхад Даваадоржийн хувийн гараар бичсэн өргөдлөөр, худалдан авах гэж байгаа гэж бичсэн байхад, “Цаст-Оргил” ХХК-ийн гэрчилгээ, гэрээг өмчлөгч хуулийн этгээд хийсэн эсэхийг шалгахгүйгээр бүртгэсэн байхад шүүх нэгэнт улсын бүртгэл хийгдсэн учир өмчлөх эрх хууль, гэрээний дагуу шилжсэн мэт дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3 заалтыг зөрчсөн хууль ёсны болон үндэслэл бүхий биш байна.Шүүх гэрээг хүчинтэй гэж тооцохдоо “Цаст-Оргил” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар, “Шим ус”, “Ховд ЦТС” компаниудын тодорхойлолт зэрэг гэрээнээс хойш үүссэн хөрөнгийн ашиглалттай холбоотой баримтуудыг үндэс болгожээ.Ашиглалтын зардал, хөрөнгийн татварыг хөрөнгө эзэмшиж байгаа этгээд хариуцах, үр шимийг олж авах нь иргэний хуулийн дагуу зүй ёсны хэрэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг “Цаст-Оргил” ХХК-д оногдуулсан актыг тус компани, Д.Эрдэнэцогтод танилцуулсан зүйл огт байдаггүй юм. Тийм учраас эдгээр баримт, байдлыг үндэслэж 2005.5.08-ны гэрээг талууд хүсэл зоригоо нэгтгэн, нэг бичиг баримт үйлдэж хийсэн гэх нь Иргэний хуулийн эзэмшлийг зохицуулсан заалтууд, хэлцлийг зохицуулсан 40.1, 42.2, 43.2.1, 43.2.3, 189.1 дэх заалтыг харьцуулан зөв хэрэглээгүй явдал болно. “Цаст-Оргил” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул уг этгээд Д.Эрдэнэцогт гэрээ хийж өмчөө шилжүүлсэн нь хуулийн этгээд өмчөө худалдсан гэх агуулгатай дүгнэлт хийжээ.Маргаж байгаа гэрээ байгуулагдсан гэх 2005 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэхэд “Цаст-Оргил” ХХК нь улсын бүртгэлээс олгосон 1618067 тоот бүртгэлийн, 2033682 тоот регистртэй гэрчилгээгээр 2 гишүүнтэй ХХК байсан, Компанийн хуулийн өөрчлөлтийн дагуу 2008 оны 11 дүгээр сарын 17-нд шинэчлэн бүртгүүлж гэрчилгээ авахдаа хожим нэг гишүүнтэй болсныг 2005 оны гэрээнд хамруулж байгаа нь үндэслэлгүй юм.Харин тухайн үед мөрдөж байсан 1999 оны Компанийн тухай хуулийн 63.1.11, 84.1.1, 84.2-т зааснаар Компанийн нийт активын 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарч зөвшөөрөх, гэрээ байгуулах эрхийг олгох ёстой байна. Ховд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний 5/1536 тоот шүүхэд өгсөн албан бичигт “Цаст-Оргил” ХХК 2004 оны эцэст 65.3 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан байх тул 40,0 сая төгрөгийн хөрөнгө худалдах явдал компанийн шийдвэрээр хийгдэх учиртай байна. Энэ асуудал шүүхийн мэтгэлцээнд тавигдсан байхад давж заалдах шатны шүүх эс хайхарч үндэсгүй дүгнэлт хийсэн.Шүүх Иргэний хуулийн 243-261-д заасан Худалдах-худалдан авах гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэхээр зохицуулаагүй, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн нэг бичиг баримт үйлдэж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43.2.3 дахь заалт маргаж буй гэрээнд хамаарахгүй, нотариат гэрээг гэрчлэх явдал нь өмчлөх эрхийг бүртгүүлж баталгаажуулахад хамааралтай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 109.2 дахь заалт хамаарахгүй гэж тайлбарласан нь буруу байна. Үүнд: Талууд хүсэл зоригоо нэгтгэн нэг бичиг баримт үйлдсэн гэх нь үлэмж маргаантай, худалдах худалдан авах хөрөнгийн үнийг гэрээгээр тохирсоныг нотлох баримтгүй, 2001 онд 121.9 сая төгрөгийн үнэтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө 2005 онд үнэ өссөн эсэх, объектод 40-өөд сая төгрөгийн засвар хийсэн, бусад хөдлөх хөрөнгө байсан гэх зэргийг тооцвол 125,0 саяар тохирсон гэхийг батлах баримтгүйн дээр, “Оож ван” ХХК хамгийн сүүлд шүүхэд өгсөн тайлбартаа хөрөнгийг 40,0 сая төгрөгөөр худалдан авсан гэж баталсан байна.Эдгээр байдал нь энэ гомдлын 2 дахь хэсэгт заасан Иргэний хуулийн заалтуудтай нийцэхгүй байна. Тухайн үед мөрдөж байсан Нотариатын тухай хуулийн 1 дүгээр зүйл, одоо мөрдөж байгаа Нотариатын хуулийн 1 дүгээр зүйл, 4.3 дахь заалтаас үзвэл нотариат нь худалдах, худалдан авах гэрээний хувьд зөвхөн өмчлөлийг шилжүүлэн авч байгаа этгээдийн эрхийг баталгаажуулах, бүртгэл хийх зорилготой тул маргаж байгаа гэрээнд “Оож ван” ХХК, О.Даваадоржид илүү хамааралтай гэсэн шүүхийн дүгнэлт ташаа байх бөгөөд талуудын эрхийг тэгш хангаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэдэг үндсэн чиг үүргийг үгүйсгэсэн байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалт үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахад хамаарахгүй, улсын бүртгэлд ач холбогдолтой гэх дүгнэлт нь хуулийг үндсэн агуулгаас нь гуйвуулж тайлбарласан байна. Хуулийн дээрх заалтад заасан Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл гэдэгт худалдах, барьцаалах, хөлслөх, бэлэглэх зэрэг өмчлөгчөөс өмчөө бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэх бүхий л хэлцэл хамаарах бөгөөд энэ нь өмчлөгчийн эрхийг хамгаалах агуулгатай юм.Энэ гомдлын 1 дэх хэсэгт дурдсанаар шүүх дүгнэлт хийхдээ Д.Эрдэнэцогт, Т.Наранцэцэг нар үл хөдлөх эд хөрөнгөө газартай нь хамт худалдах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт болжээ. 2005 оны 05 дугаар сарын 08-ны гэрээнд газрын өмчлөх эрх шилжүүлэхээр нотариатч П.Хишигжаргал бичсэн нь Хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрын хувьд Газрын тухай хуулийн 5.1 дэх заалтаас давсан хуулиар олгогдоогүй эрхийг заасан байх бөгөөд үүнийг шүүх зөв мэтээр дүгнэсэн нь хууль бус байна. “Цаст-Оргил” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь Засаг даргын захирамжаар өөр этгээдэд шилжсэн, зарим хэсгийг “Оожван” ХХК 2013 онд өөртөө эзэмшлийг шилжүүлэн авсан байх бөгөөд уг зүй нь 2005 оны 05 дугаар сарын 08-ны гэрээг талууд тохиролцон, хүсэл зоригоо нэгтгэн, хуульд заасан журмаар байгуулсан бол Газрын тухай хуулийн 35.1.4-т зааснаар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авч, хуулийн 38.2.1-д зааснаар газрын эзэмшлийн эрх шилжүүлэх гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэх, ингэснээр газар эзэмших эрхийн гэрчилгээ нэг этгээдээс нөгөөд шилжин олгогдох, ингэсэн нөхцөлд мөн хуулийн 34.10-т зааснаар “Цаст-Оргил” ХХК-ийн өмчийн эрхийг дуусгавар болгож, “Оожван” ХХК-д өмчлөх эрхийг бүртгэх үндэслэл болох хуулийн зохицуулалттай байхад шүүх үүнийг эс хайхарч, эсрэг дүгнэлт хийж байгаа нь нэг талыг барьсан хандлага гэж үзнэ.Шүүх хуралдаан дээр шүүгч нарын асууж тодруулж байсан нэг асуудал бол “Өчнөөн жил өнгөрсөн, тодорхой мөнгө авсан, 2011 он хүртэл та хаана юу хийгээд явсан бэ, одоо гэрээг хүчингүй болгохоор шаардаад байгаа зорилго чинь юу вэ” гэсэн асуудал юм. Д.Эрдэнэцогт удаа дараа шүүхэд энэ талаар хариулж байсан бөгөөд 2013 онд Цагдаагийн байгууллагад өгч байсан тайлбар ч бий. Тэрээр засварлагдаж үйл ажиллагаа явуулж байгаа объектыг бүхэлд буцааж авч эзэмшигч олон зуун хүний эрх ашгийг хөндөнө гэж шаардаагүй. Харин О.Даваадорж бид 2 урьдчилсан аман тохиролцоо байсан, гэрээний маягтад яагаад гарын үсэг зурсанаа тайлбарлаад би “Цаст-Оргил” ХХК-ийн өмчөө 2005 оны зах зээлийн үнэ ханш, ирээдүйн үнэ цэнийг тооцон 2005-2006 оны түвшингээр “Оож ван” ХХК-тай албан ёсоор гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд шаардлага хангасан гэрээ өгч, хууль бусаар алдсан эрхээ сэргээлгэх хүсэлтэй гэдгээ тайлбарладаг. Хэрэв О.Даваадорж ийнхүү гэрээ байгуулахгүй гэвэл мэдээж улсын бүртгэлийг хүчингүй болгуулах асуудал яригдана. Одоо нэгэнт олон байгууллага, хүмүүст шилжсэн учир газар эзэмшлийн талаар маргаан үүсгэх нь хүндрэлтэй тул энэ асуудлыг хөндөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм.Шүүх иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ирээдүйд бий болж болох эрх, үүрэг, эрх зүйн зан байдлыг урьдчилан тодорхойлох, заах боломжгүй боловч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлын адил хамгаалах үүднээс гэрээг хууль зөрсөн, хүчин төгөлдөр бус болохыг тогтоогоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан эрхийн хүрээнд “Нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн 2005-2006 оны зах зээлийн үнэ ханшийн хэмжээнд гэрээг нөхөн байгуулах, шаардлага гаргах хязгаарлагдмал эрхтэй” гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг зааж өгч болно.Өчнөөн олон шинж байдлаараа Иргэний хуулийн заалтад нийцээгүй, гэрээний субъект бодит байдлаас өөрөөр тодорхойлогдсон, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, нэг бичиг баримтад гарын үсэг зураагүй, худалдан авагч үүргээ гүйцэтгэж дуусах хугацааг тодорхойлоогүй, энэ үүрэг буюу худалдах үнэ гэрээнд буруу заасан, үнийн хэмжээ   маргаантай, гэрээг нотариатаар хууль зөрчин гэрчлүүлмэгц өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдлийг худалдагчийн оролцоогүй хийсэн нь гэрээний 5 дахь заалттай нийцэхгүй, гэрээний 11 дэх заалтад хүчин төгөлдөр болох нөхцлийг заасан нь хангагдаагүй зэрэг байдлаар хууль зөрчсөн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нь шүүхийн практик, хууль хэрэглээнд “шинэ үзэгдэл” болох тул хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулан, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэн 54 тоот магадлалд “Цаст-Оргил” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн талаар нэг талаас иргэн Д.Эрдэнэцогт, Т.Наранцэцэг, нөгөө талаас иргэн О.Даваадорж нарын 2005 оны 05 дугаар сарын 08-нд байгуулсан гэх, “Цаст-Оргил” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, маргааны зүйл болж буй худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нотлогоо бүхий эрх зүйн үндэслэлийг магадлалдаа тодорхой тусгасан байх ба хяналтын шатны шүүхээс магадлалын үндэслэлийг зөв гэж дүгнэлээ.

Шүүх хэрэгт ач холбогдолтой эрх зүйн асуудлаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. Тухайлбал, О.Даваадорж болон Д.Эрдэнэцогт, Т.Наранцэцэг нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт байрлах 3 780 мкв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтад нийцсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь гэрээний талуудын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй, тэдгээрийн буруутай ажиллагаанаас шалтгаалаагүй, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэхгүй, улмаар гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын  үндэслэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1., 42 дугаар зүйлийн 42.2., 42.10., 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан зохицуулалтыг эрх зүйн үүднээс тайлбарласан дүгнэлтэд тулгуурласан байна.

Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 182 дугаар зүйлийн 182.1., 245 дугаар зүйлийн 245.3.-т заасан зохицуулалтыг тухайн маргааны нөхцөлд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний оролцогч тал, тэдгээрийн бүрэн эрх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн болон төлбөр хийгдсэн үйл баримт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцлүүдийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн тодорхой дүгнэлт давж заалдах шатны шүүхийн магадлалд дэлгэрэнгүй тусгагдсан байгааг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН