Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 443

 

Т.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 692 дугаар магадлалтай, Т.А-д холбогдох 1803000010120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чоносуудай овогт Т.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 402 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүх Т.А-г гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн эрүүл мэндийн эсрэг санаатай болон шууд бус санаатай дотогшоо чиглэсэн довтолгооныг эхлүүлсэн байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч гэх этгээд нь сэтгүүлчийн өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн булааж авах довтолгооныг эхлүүлж, үүний үр дүнд өөрийнхөө зүүн гарын ядам хурууны хумсыг гэмтээж байгаа нь баримтаар нотлогдож байгааг шүүх зөв үнэлж дүгнээгүй.

Хэргийн газарт байсан цорын ганц гэрч Б.Ариунтуулын мэдүүлгийг шүүх үнэлээгүй хэрнээ хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлгүүд хохирогчийн биед гэмтэл учирсан гэх цаг хугацаанд байгаагүй, үнэлэгдэх боломжгүй мэдүүлгүүд байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Б.Ариунтуулыг гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээд гэж тооцсон прокурорын тогтоол байхгүй байхад түүний гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хэв шинжийг агуулсан үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцлийг үүсгэж байна.

Т.А нь О.Баясгалангийн хуруунд санаатай гэмтэл учруулсан гэж дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн байгааг үнэлээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчин явагдсанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн байгааг шүүх анхаараагүй. Иймд Т.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хохирогч, шүүгдэгч нар хоорондоо маргаж, хэн хэнийхээ тавьсан шаардлагыг биелүүлээгүй үйл баримт харагдаж байна. Т.Аын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, энэ талаар хангалттай нотолж чадаагүй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.А-г цагаатгах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүй, Т.Аын холбогдсон хэрэг нь түүнд ял сонсгосон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Т.А-г 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын удирдах газрын Зорчигч тээврийн албаны даргын өрөөнд тус газрын хуулийн хэлтсийн зөвлөх О.Баясгалантай маргалдаж, улмаар О.Баясгалан нь зураглаач Т.Аын камерын бичлэгийг хориглох үйлдлийг хийх явцад Т.А нь О.Баясгалангийн гарыг мушгисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Баясгалан, гэрч Д.Нарантуяа, Э.Хасбаяр, М.Чадраабал, Ш.Цолмонбаатар, шинжээч эмч С.Сүхбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1667 дугаар дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 264б дугаар дүгнэлтүүдээр тогтоогдсон гэж дүгнэжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Т.А, хохирогч О.Баясгалан нарын хооронд урьд нь өс хонзон, хувийн таарамжгүй харьцаа байгаагүй бөгөөд хохирогч О.Баясгалан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд Улаанбаатар Төмөр замын удирдах газрын Зорчигч тээврийн албаны даргын өрөөнд сэтгүүлч Б.Ариунтуул, зураглаач Т.А нартай “зөвшөөрөл аваагүй бол ярилцлага өгөхгүй, камерын бичлэг хийлгэхгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар О.Баясгалан нь зураглаач Т.А-г бичлэг хийхийг хориглон камер руу ойртох үед Т.А, О.Баясгалан нар нь харилцан түлхэлцэж, камер булаацалдах явцад Т.А нь хохирогчийн биед баруун сарвууны 4 дүгээр хурууны зөөлөн эдийн гэмтлийг учруулсан байх боловч тухайн үед О.Баясгалан, Т.А нарын хэн аль нь энэхүү гэмтэл учирсан эсэхийг мэдээгүй ба Т.А-ын хувьд энэ хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, зориуд хүсч учруулсан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад шүүх Т.А-г хохирогч О.Баясгалангийн эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Т.А-ын хохирогч О.Баясгалангийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож хуульчлаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлыг хүлээж авч, прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.А-г цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 692 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.А-д прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН