| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/06210/И |
| Дугаар | 101/ШШ2023/05444 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/05444
2023 12 06 101/ШШ2023/05444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* тоот, РД:*******, *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоот, РД:, Боржигон овогт Жамсранжавын гаас 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагч Ж.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Киа портер маркийн автомашиныг 2023-04-22-ны өдөр 7,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, автомашины хариу төлбөрт хариуцагчаас барилгын замаск авахаар талууд аман байдлаар тохиролцсон. Үүнээс хойш хариуцагч талаас автомашины үнэд тохирох хэмжээний барилгын замаск нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул автомашины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбартаа: Пронтер маркийн машинд худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн энэ хийсэн гэрээ нь миний хүсэл зоригийн үндсэн дээр хийгдээгүй. Манай нөхөр н. Б. нарын хоорондын хэлцэл учир өөрсдөө хоорондоо учраа олох ёстой гэж үзэж байна. Пронтер маркийн машиныг миний хувьд хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь мэдэхгүй. Нөхөр н. энэ хүний данс руу 700,000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. Мөн 3 тн замаскийг энэ хүний буулга гэсэн газар руу шилжүүлсэн. Тиймээс Б.ийг би танихгүй, бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй.
Автомашины 7 сая төгрөг биш 5 сая төгрөгөөр худалдан авсан гэж ярьдаг. Мөн цемент өгч байсан боловч надад баримт байхгүй. 2023-04-22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, автомашин миний нэр дээр шилжиж ирсэн, сарын дараа нь өөр хүнд шилжүүлсэн гэдэг дээр маргахгүй гэв.
Нэхэмжлэгчээс 2023 оны 04 сарын 22-ны өдрийн Б., Ж. нарын худалдах-худалдан авах гэрээ, Ж.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.оос Б.ид олгосон 2023 оны 09 сарын 11-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн,
Хариуцагчаас бичгийн нотлох баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.ийн хариуцагч Ж.гаас 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Киа портер маркийн автомашиныг 2023-04-22-ны өдөр худалдах-худадан авах гэрээ байгуулж 7,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, автомашины хариу төлбөрт хариуцагчаас барилгын замаск өгөхөөр тохиролцсон. Гэвч автомашины үнэд тохирох хэмжээний барилгын замаск нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул автомашины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Манай нөхөр н., Б. нарын хооронд хийсэн хэлцэл учир өөрсдөө хоорондоо учраа олох ёстой. Би анхнаасаа Б.ийг танихгүй надад машин худалдан авах шаардлага байгаагүй, автомашины үнэ 7 сая төгрөг биш 5 сая төгрөгөөр худалдан авсан гэж ярьдаг. Мөн төлбөрт тооцон цемент өгч байсан гэж татгалзсан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн 2023 оны 04 сарын 22-ны өдрийн Б., Ж. нарын худалдах-худалдан авах гэрээ нэхэмжлэгч Б., хариуцагч Ж. нар байгуулж улсын дугаартай Kia bongo frontier маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б., хариуцагч Ж.д шилжүүлэн өгсөн үйл баримт дээр маргаагүй.
Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Б.ийг танихгүй анхнаасаа надад машин худалдан авах шаардлага байгаагүй, манай нөхөр , Б. нарын хооронд хийгдсэн хэлцэл гэж маргаж байгаа хэдий ч энэ нь баримтаар нотлогдоогүй.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Б. 2023 оны 04 сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд зааснаар хариуцагч Ж.д улсын дугаартай Kia bongo frontier маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байх тул автомашины үнэ 7,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.гаас 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.гаас 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.ид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 126,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.гаас 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.ид олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА