| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2108005340111 |
| Дугаар | 2021/ДШМ/29 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ц.Б |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/29
Б.А, Э.Б, М.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Б,
Шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Б.О,
Шүүгдэгч Б.А, Э.Б нарын өмгөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолыг прокурор А.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Б.А, М.Б, Э.Б нарт холбогдох 2108005340111 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлагын мэргэжилтэй, “Номин Холдинг” ХХК-д салбарын захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 72-р хотхон 3- ... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, НЮ............ регистрийн дугаартай, Б овогт Б. А.
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Уул-Баян суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Говь- Алтай аймаг, Есөнбулаг сум, Түмэн 9-р баг, Найрамдал хороо 6- ... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛК.................. регистрийн дугаартай, Ж овогт Э. Б.
Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Говь- Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат 4-р баг, 12- ... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ............... регистрийн дугаартай, Ж овогт М. Б.
Шүүгдэгч Б.А нь өөрийн танил Э.Б-д “хойлог шувууны мах авна” хэмээн захиалга өгч улмаар 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн цэгт шүүгдэгч М.Б-ээс ховор амьтан болох “алтайн хойлог” (Tetraogallus altaicus) шувууны түүхий эдийн зүйлийг 180.000 төгрөгөөр худалдан авсан, М.Б нь дээрх хойлгийн махыг хадгалсан, худалдсан гэх гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Б. А, Ж овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ж овогт М.Б-ийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдан борлуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан Б.А, Э.Б, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирол болох 260.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “алтайн хойлог” шувууны түүхий эдийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.О би, эрүүгийн 2108005340111 дугаартай Б.А, Э.Б, М.Б нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 109 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Б.А, Э.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минутад хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Б.А, Э.Б нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн мөртлөө хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт ...эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол ... хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн хуульчлагдаагүй тул Б.А, Э.Б нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.
2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг давхар баримталж хэрэглэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг тэнсэх зохицуулалт байгаа бол 7.1 дүгээр зүйл нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт гэж үзэж байна.
Түүнчлэн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 гэж бичсэн нь ойлгомжгүй буюу 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүний ялыг хөнгөрүүлэх чөлөөлөхөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтална гэж заасан бөгөөд шүүхээр шийдвэрлэгдсэн дээрх хэрэгт зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн хамааралгүй болно.
3. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хэргүүдэд хамаарч байхад шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэлгүй байна.
Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд уг зүйл заалт нь гэмт хэрэг үйлдэж тэнссэн этгээдүүдийг Өршөөлийн хуульд хамруулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрлэх зохицуулалт гэж ойлгож байна. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.7 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан байна.
Шүүх Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно" гэсэн заалтыг буруу хэрэглэсэн гэж прокуророос үзсэн.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Б.А, Э.Б, М.Б нарыг ховор амьтан болох “Алтайн хойлог” шувууны махыг хадгалсан, худалдан авсан, захиалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн учир эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд шүүгдэгч нарын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо хувааж төлөхөөр тохиролцож, уг хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргасан.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулахаар харилцан тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна...” гэж заасан бөгөөд тус хуулийн 7.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хууль бусаар ан агнах/ гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн бол зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилсан ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой юм.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 9.2-т /Эрүүгийн хуулийн 24.5-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байхгүй/ зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж заасан бөгөөд тус хуулийн 12.12 дахь хэсэгт заасны хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь шүүгдэгч Э.Б-д хойлог шувууны мах авна гэж захиалга өгсний дагуу Э.Б нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн цэгт М.Б-ээс ховор амьтан болох Алтайн хойлог шувууны түүхий эдийн зүйлийг 180 000 төгрөгөөр худалдан авч байгаль экологид 130 000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эдгээр үйл баримт нь хохирогч Г.О-ын Алтайн хойлог шувуу 130 000 төгрөгийн үнэлгээтэй байдаг тухай мэдүүлэг,
Гэрч О.Г-ын: “Э.Б-ий Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу дайж явуулсан хайрцагтай зүйлийг хорин хоёрын товчоон дээр Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд шалгахад хориотой ан агнуурын эд зүйлс гарч ирсэн тухай мэдүүлэг,
Гэрч Б.Т-ын: “Ээж Б.А нь Говь-Алтай аймгаас худалдаж авсан хойлгийн махыг тосож авхуулахаар түүнийг явуулсан тухай” мэдүүлэг,
О.Г-ын жолоодож явсан авто машинд үзлэг хийж, цаасан хайрцагийг задалж үзэхэд 1 ширхэг үхсэн шувуу байсныг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тусгасан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Уг хураан авсан шувуу нь гургуулынхны овгийн Алтайн хойлог /Tetraogullus altaicus/ шувуу бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 130 000 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Шүүгдэгч Б.А-ын: “Өндөр настай аавынхаа ясны бэртэлд эмчилгээний зориулалтаар өгөх зорилгоор Э.Б гэдэг залууг хойлог шувууны мах олж өгөөч гэж гуйж уг хойлог шувууны махыг авхуулж, үнийг нь өөрийн данснаас шилжүүлсэн тухай” мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Б-ий: “Б.А-ын гуйлтын дагуу өвчтэй, өндөр настай хүнд тус болъё гэдэг бодлоор сураглаж байгаад М.Б-ээс хойлог шувууны мах авч хот хоорондын автобусаар явуулсан тухай” мэдүүлэг,
Шүүгдэгч М.Б-ийн: “Хонины арьсанд өлөнтэй цуг гялгар уутанд хийж хөлдөөсөн байсан хойлог шувууны махыг хадгалж байгаад Э.Б-д худалдсан тухай” мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжтой байна.
Шүүгдэгч Э.Б, Б.А нарын үйлдэл нь тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтны түүхий эдийн зүйл болох махыг худалдан авснаараа Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Харин М.Б-ийн үйлдэл нь тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтны түүхий эдийн зүйл болох махыг хадгалж байгаад, худалдсанаараа Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Э.Б нь Б.А-ын ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авах үйлдэлд дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ уг гэмт хэрэгт санаатай нэгдсэн байх тул тэдний үйлдлийг гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.
Тиймээс шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож хуульчлаагүй тул шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байна гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан нь үндэслэлтэй байна.
Гэвч энэ нь дангаараа анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэн өөрчлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохооргүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.
Мөн прокурор эсэргүүцэлдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хэргүүдэд хамаарч байхад шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулиар шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг хөнгөрүүлж солихтой холбоотой харилцааг зохицуулах бөгөөд шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн зохих ял шийтгэлийг оногдуулахад Өршөөл үзүүлэх тухай хууль хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг нь шүүхээс хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэрэглэх зохицуулалт болохоос шүүхээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хамаарахгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “ Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан нь урьд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө шүүхээс тэнсэгдсэн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан тохиолдлуудад хамаарах зохицуулалт байна. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.
Прокуророос анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлд заасан харилцан ялгаатай зохицуулалтуудыг давхар баримталсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зохицуулалтыг тусгасан байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг тусгасан буюу эдгээр нь харилцан ялгаатай харилцааг зохицуулж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг” гэснийг хасч, шийтгэх тогтоолд хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,” гэснийг хасч прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Т.Ж
Ч.Э