Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 31

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч ******* Шүүгдэгч Ю.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.*******т холбогдох 201713000035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ******* ээжийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ялаар, 2001 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17- ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Ю.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан буюу зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ю.******* нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн төв замаар бусдын эзэмшлийн Даюун маркийн мотоцикл жолоодож явахдаа ******* насны буюу 4 жил 1 сарын настай Д. мөргөж, улмаар уг газраас зугтсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Осол гарах үед хамгийн ойр байж, ослыг харсан гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гэдэг дүүтэйгээ Загасан нүд зоогийн газарт орж хоол идэх гэсэн чинь хоол гарахгүй гээд буцаад машин руугаа алхаж байсан чинь улаан хүрэн өнгөтэй хятад мотоциклтой 2 хүн төв замаар баруун тийшээ явж байсан тэр үед таяг тулчихсан ах жаахан хүүхэд дагуулчихсан, хүүхэд нь тэр ахын таягнаас нь барьчихсан зам хөндлөн гарах гээд заман дээр явж байсан чинь нөгөө мотоциклтой хүн тэр хүүхдийг нь мөргөчихөөд зогсолгүй баруун тийшээ явчихсан. бид хоёр хүүхэд рүү гүйгээд очсон чинь тэр хүүхдийн толгойноос нь цус гарчихсан байсан. Тэр мотоциклын жолооч нь улаан ягаан өнгийн дээлтэй, араар нь сууж явсан хүн нь саарал өнгийн дээлтэй байсан. Тэр жолоодож явсан мотоциклынх нь гарнаас цэнхэр өнгийн хадаг зүүчихсэн байсан. Тухайн мотоциклд дайруулсан хүүхэд замруу гүйгээгүй, замын хойд хэсэгт нь нэг машин зогсож байсан. Тэр хүүхэд таяг тулсан ахын баруун талд нь таягнаас нь барьчихсан нөгөө машины урдуур нь тойроод гараад ирсэн. Харин улаан мотоциклтой хүн таяг тулсан, хүүхэд дагуулсан ахын урдуур нь гарах үед таяг тулсан ах хойшоо ухарсан харин нөгөө хүүхэд хойшоо ухарч чадалгүй мөргүүлсэн. Би тэр мотоциклтой хүнийг хүүхэд дайрчихлаа зогсоочээ гэж орилсон. Тэр хоёр анзаараагүй байх. ...тэр мотоциклын жолооч анхааруулах дохио өгөөгүй, бас мотоциклоо зогсоох арга хэмжээ аваагүй. Тэр хүүхдийг дайрахгүй явж болох байсан наад талаар нь зөндөө зай байсан. Тэр үед мотоциклтой 2 хүнээс өөр хөдөлгөөн байгаагүй. Хүүхэд дайрчихаад зогсох гэж хурдаа хассанаа зогсолгүй хурдаа нэмээд явчихсан” гэсэн мэдүүлэг, Дээрх гэрчтэй хамт байсан, мөн осолыг харсан гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... эгчийн машин руу явж байхад Стандарт хэмжил зүйн хэлтсээс таягтай ах хүүхэд дагуулчихсан гарч ирээд зам хөндлөн гарах гэж байгаа бололтой эгч урагшаа явж байсан. Тэгсэн чинь эгч хүн дайрлаа шдээ гээд орилсон чинь тас гэсэн дуу гарсан харсан чинь улаан хүрэн өнгийн Хятад мотоциклтой араараа саарал өнгийн дээлтэй хүн суулгасан, улаан ягаан өнгийн дээлтэй хүн нөгөө таяг тулсан ахтай хамт явж байсан хүүхдийг мөргөөд нөгөө хүүхэд зам дээр уначихсан. Би хүүхэд рүү гүйж очоод замнаас гаргасан. Тэр хүүхэд намайг очиход ухаангүй байхаар нь сэгсэрсэн чинь ухаан орсон. Тэр хүүхдийн толгойн баруун талаас нь цус гарчихсан, толгой нь хагарчихсан байх шиг байсан. ...тэр хүүхэд зам руу гүйгээгүй, замын хойд хэсэгт байсан машины урдуур таяг тулсан ахтай гараад ирсэн харин мотоциклтой 2 хүн зүүнээсээ баруун тийшээ явж байхад нөгөө таягтай ах хойшоо ухарсан, харин нөгөө хүүхэд хойшоо ухарч чадалгүй мотоциклд мөргүүлсэн. Тэр мотоциклын жолооч анхааруулах дохио өгөөгүй, зогсоох арга хэмжээ авалгүй зам тээврийн осол гаргачихаад зогсоогүй” гэсэн мэдүүлэг, ослын газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдал, илэрсэн ул мөр, эд мөрийн баримт, шүүгдэгчийн жолоодож явсан мотоциклд үзлэг хийхэд илэрсэн байдал, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д. нь миний хүү байгаа юм. Би хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. ...2017 оны 04 дүгээр сарын 15- ны өдөр 19 цагийн 45 минутын орчимд ажил дээрээ сууж байхад манай хажуу талд байдаг эгч миний утас руу залгаад хүүхдийг чинь мотоциклтой хүн шүргэчихээд зугтаачихлаа, эмнэлэг рүү яваарай гэхээр нь би ажлаасаа гараад шууд эмнэлэг рүү очоод түргэн дээр орсон чинь манай хүү ийн толгойн баруун талаас нь цус гарчихсан, толгойн хуйх нь язарсан байсан, одоогийн байдлаар хаван буулгах эмчилгээ хийгдэж байгаа биеийн байдал сайн байгаа. ...Тэр үед манай нагац ах той хамт явж байсан. ах Хятад мотоциклтой хүн мөргөчихөөд зугтчихсан гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмаар авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Түүнчлэн шүүгдэгч Ю.******* мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгчийн гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Чинхүсэлийн биед учирсан гэтлийн талаар шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20172060 дугаартай дүгнэлтэнд “4.1 Д.ийн баруун шанаанд шарх, баруун шанааны хэсэгт хуйхан доор цус хуралт, тархи доргилт, зүүн хөмсөгний дээр, зүүн хөмсөгний доор, зүүн хацрын төвгөрийн дээд хэсэгт, дээд уруулын дунд хэсэгт, зүүн чигчий хурууны дунд үенд, зүүн өвдөгний үенд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.2 Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4.3 Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд. 4.4 Дээрх гэмтлүүд нь гэмтлийн гаралтай. 4.5 Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. Иймд Ю.*******ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм бууутайд тооцож түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэстэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51/тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000/арван хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ю.*******т өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагархай ар тал бүхий цацруулагч/мотоциклийн/-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ю.*******ийн хөрөнгө болох ******* сумын ******* багт байрлах 3000000/гурван сая/ төгрөгний үнэлгээтэй 3 тал хашааг битүүмжилсэн хэрэг мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоолын 2 дугаар заалт биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ю.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан гэх иргэн П.Батсайханы эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд түүний иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ