Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 32

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Д.Ганчимэг, улсын яллагч Б.*******, шүүгдэгч М.*******ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******жид холбогдох 201713000039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 14-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 1, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд 1993 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 2001 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 2003 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******ж, РД: /*******/. Шүүгдэгч М.*******ж нь 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.*******ж нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах Улиастай захын урдуур урсах Чигэстэй голын захад “өөрийг нь цохилоо” гэсэн шалтгаанаар Б.*******тай маргалдаж нүүрэн тус газар цохиж, мөрнөөс нь дугтарч унагасан үйл баримт нь хохирогч Б.*******ын “...тэр өдөр 20 цагийн үед байх цагийг сайн мэдэхгүй байна. Улиастай сумын Жинст багийн нутагт байх Чигэстэй голын модон гүүрний урд шил зүсдэг барилгын урд доор голынхоо хойд талд найз *******тэйгээ уулзаад хоёр шил архи уугаад би юм яриад байж байсан ... танихгүй 2 хүн хүрч ирээд хажууд суугаад байсан. Тэгэхээр нь би яв гэж ярьж байснаа санаж байна. Тэгээд сууж байсан чинь намайг зодоод унасан. Тэгээд би сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан би яв гэж хэлж байсныг л санаж байна... Миний зүүн гарын гадна талын нэг шуу нь нэг газар хугарсан байсан. Мөн миний дух халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг. Гэрч Б.гийн “....Тэр өдөр 19 цагийн үед манай ах *******, ******* гэдэг найзтайгаа жоохон явж байгаад ирнэ гээд Захын урд байшин барьж байгаа байшингийн тэндээс зах руу явсан. ...Тэгээд удаагүй байж байсан чинь ... намайг хүн зодчихлоо би голын хажууд байна гэж хэлсэн. Хэлэхээр нь би гүүрний доод хэсэгт голын хойд талд яваад очсон чинь ******* манай ах *******тай байж байсан. Очиход ахын дух халцраад цус гойжчихсон, гар өвдөөд байна гээд барьчихсан байсан. Тэгээд яасан гэж асуусан чинь намайг зүгээр байхад зодчихлоо...” гэсэн мэдүүлэг. Б.*******ыг унагааж байхыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Б.*******гийн “ ...тэр өдөр 18 цагийн үед би Улиастай захын урд явж байгаад өөрийн ангийн найз *******тай уулзаад Улиастай захын урд такси зогсдог зогсоолын харалдаа урд голын зах дээр очоод 500 граммын шилтэй Ерөөл нэртэй нэг архи хувааж уугаад талд нь оруулаад найз юм яриад би бичиж өгөөд сууж байсан чинь гэж хүн нэг хүнтэй цуг ирсэн юм. Тэгсэн чинь манай найз ******* тэр хүмүүст хандан та хоёр яв би найзтайгаа юм ярьж байна гэж хэлсэн чинь явахгүй “юу гэнээ” гэж хэлсэн чинь ******* босоод гэдэг хүний шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохисон чинь *******ыг баруун гараараа шанаанд нь 2 удаа цохиод мөрөн дээрээс нь татаад урагш угзарч газар унагаасан чинь *******ын духнаас нь цус гоожоод байсан. Тэгээд миний гар сонин болчихлоо гэж байсан. Тэгээд тэр 2 хүн яваад өгсөн. Манай найз ******* өөрийн төрсөн дүү г утсаар нь залгаж дуудаад нь ирээд цагдаа дээр очоод эмнэлэгт очиж гарных нь зургийг авахуулсан. Тэгээд манай найз ******* нар намайг манай сургуульд сурдаг зээ нар дээр хүргэж өгсөн.... ******* урагшаа унахдаа газар гараараа тулаад толгойгоороо газар мөргөөд духнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч М.*******жийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчим баазад байдаг хэлгүй, дүлий нэрийг нь сайн мэдэхгүй зүс таньдаг нөхөртэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах Улиастай захын Чигэстэй голын гүүрний доор нэг танихгүй хүн миний зүс таних хүнтэй сууж байсан. Тэгэхээр нь урдаас нь очоод зүс таних хэлгүй нөхөртэй яриад юу хийж байгаа юм гээд яриад байж байсан чинь цуг явсан танихгүй хүн нь яасан том дуутай пизда вэ гэж хэлээд намайг нүүрлүү 2 удаа гараараа цохиод авсан тэгэхээр нь би босоод мөрөн дээрээс нь татаж урагш нь дугтарч унагаагаад яваад өгсөн. Явахдаа харсан чинь дух нь шалбарчихсан цус гарч байсан....” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.*******жийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №201720067 дугаартай “...Иргэн Б.*******ын биед: Духны урд хэсэгт хавдар, зулгаралт, зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Иргэн Б.*******ын биед: духны урд хэсэгт хавдар, зулгаралт, гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шуу ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Ийнхүү шүүгдэгч М.*******ж нь хохирогч Б.*******ын нүүрэн тус газар цохиж, дугтарч унагаан түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан энэ хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгч М.оржийн үйлдлийг аймгийн Прокурорын газраас 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч М.*******жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. Хохирогч Б.******* нь шүүгдэгч М.*******жоос эмчилгээний зардалд 500.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаа дутуу авсан цалин хөлс 2.905.000 төгрөг нийт 3405000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт 56750 төгрөгний зардалын баримт болон “E” баримтыг ирүүлж хэрэгт хавсаргасан боловч дээрх зардлыг нотолсон ямар нэгэн баримт байхгүй ба хавтаст хэргийн 65, 68 дугаар хуудсанд авагдсан эм, эмийн бүтээгдэхүүний баримтууд нь он сар өдөргүй, хэн хаанаас авсан нь тодорхойгүй байх тул хохирогчийн нэхэмжилж буй эмчилгээний 500000 төгрөгийг шүүгдэгчээс бүрэн гаргуулах боломжгүй байна. Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 д зааснаар “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” байна. Хохирогч Б.******* нь барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр сард 35000 төгрөгийн орлого олдог байсан гэх үндэслэлээр олох байсан орлого гэж 2905000 төгрөг нэхэмжилсэн нь түүний 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байх тул хохирогчийг хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэж үзэх үндэстэй байна. Иймд шүүгдэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 2017 оны 07 дугаар сарын 05-н хүртэлх хугацааны буюу 83 хоногийн хөлс 2905000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж, 500.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч М.*******ж нь шүүх хуралдаанд дээрх хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 хувааж төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******гийн *******жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******жийг 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.*******ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******жоос 2.905.000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******т олгож, 500000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

5.М.*******жид өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.М.*******ж нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн битүүмжлэгдсэн 2 тооны эр хонийг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

9.Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА