Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар  2021/ДШМ/1043

 

          

 

 

 

    2021            12             7                                          2021/ДШМ/1043                            

 

 

Т.Г, Х.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун /томилолтоор/,

хохирогч З.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

иргэний хариуцагч Ц.Эын өмгөөлөгч Д.Отгонбат,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч А.Ганзориг, Д.Чинзориг,

шүүгдэгч Х.Дгийн өмгөөлөгч Ю.Тогмид, 

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/588 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч А.Ганзориг,  иргэний хариуцагч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Г, Х.Д нарт холбогдох эрүүгийн 2015 2502 2114 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт Хгийн Д, 1963 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт .................... аймгийн .................... сум, ... дугаар багийн ................... хороолол, ... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ...................... дүүргийн ... дүгээр хороо, ................... хорооллын ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

2. О овогт Тийн Г, 1957 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, зээ нарын хамт ....................... дүүргийн ... дүгээр хороо, ................. дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо .................... дүүргийн ... дүгээр хороо, ................. хотхон .................... тоотод оршин суух, /РД:............................./,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, одоо уг ялаа эдэлж байгаа;

Шүүгдэгч Х.Д, Т.Г нар нь хэрэг нь тусгаарлагдсан Х.Атэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Аса” циркийн урд автомашины зогсоолд худалдах, худалдах авах гэрээгээр халхавчлан “хэд хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч З.Баас 01-16 ДАР улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг залилан мэхэлж авч, бусдад 125.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.А, Т.Г, Х.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Тийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт Хгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б овогт Хгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Гийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Х.Дд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Т.Г, Х.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Х.Аээс 20.500.000 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч Ц.Эт олгож, иргэний хариуцагч Ц.Эаас “Д-А” ХХК-ийн ажилтан Б.Үын эзэмшилд шилжүүлсэн 125.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 28-47 УБС улсын дугаартай, JTMHX05J704054825 арлын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын, цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулж хохирогч З.Бд олгож, хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 28-47 УБС улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашины битүүмжлэлийг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаагаар битүүмжлэлийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Д, Т.Г нараас хохиролд нөхөн төлсөн 8.500.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 тоот данснаас гаргуулж иргэний хариуцагч Ц.Эт олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч А.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй. Өмгөөлөгч миний зүгээс мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байсан. Т.Гийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу бусдыг залилах гэмт хэргийн сэдэлт, зорилго нотлогдон тогтоогдохгүй байгаа юм. Харин гэм буруугийн хувьд бусдын хүсэлтийн дагуу бусдад тус болох гэсэн сэтгэл санаагаар бусдын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж улмаар “Д-А” ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр барьцаалан зээлдсэн. Энэхүү зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох нь “Д-А” ХХК-тай шууд холбоотой. Зээлийн гэрээ хүчинтэй байх хугацаанаас өмнө 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр захирал Ц.Э нь өөрийн компанийн ажилтан Б.Үт 10 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийн автомашиныг нь Б.Үын нэр дээр нь шилжүүлсэн.

Улмаар Ц.Э нь тухайн автомашиныг авч явсан ба одоог хүртэл уг автомашин хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм. Энэхүү асуудлаас болж уг хэрэг маргаан гарах шалтгаан болсон. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...автомашины битүүмжлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв...” гэж тусгасан боловч бодит байдал дээр автомашин битүүмжлэгдээгүй. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзсэн. Анхан шатны шүүхээс Т.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь нарийвчлан харгалзан үзээгүй.

Тухайлбал, энэхүү хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргээс өмнөх үйлдэл тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уушиг зүрхний өвчтэй, бусдын буюу Х.Дгийн хүсэлтийн дагуу уг хэрэгт холбогдсондоо гэмшиж харамсаж явдаг.

Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Тухайн үед Т.Г нь Х.Д, З.Б хоёрыг автомашин худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн байсныг мэдээгүй байсан.

Гэтэл шүүгдэгч Т.Г нь тухайн хэрэгт холбогдох болсон санаа бодлоо мөрдөн байцаалт, прокурорын шатанд болон анхан шатны шүүхийн урьдчилсан болоод гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хөдөлбөргүйгээр, эргэлзээгүй нэг л мэдүүлэг өгдөг. Бусад оролцогч нар нотлон мэдүүлдэг. Тухайлбал:

- Х.Дгийн “...би хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байсан учраас Т.Г ахаас З.Бы машиныг нэр дээрээ болгоод өг гэж хэлээд... Т.Г ахын нэр лүү шилжүүлсэн, ...Т.Г ахын хувьд намайг дагаад миний хэлснээр бичиг баримтаа бүрдүүлээд явж байсан. Тус машины мөнгөнөөс мөнгө аваагүй, тухайн зүйлийг юу болоод байгааг хүртэл мэдээгүй байсан...” гэх,

- З.Бы “...Тухайн үед Х.Дг Т.Г ахыг ашиглаж байна гэж бодсон юм...” гэх,

- Ц.Эын “...Миний хувьд Т.Г бид хоёрын дунд үүссэн асуудлыг иргэний маргаан гэж үзэж байгаа тул иргэний журмаар шийдвэрлүүлж хохирол, төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Г нь барьцаалан зээлэн авсан 29 сая төгрөг дээр өөрөөсөө 1 сая төгрөг гарган бусдад өгсөн гэж тууштай мэдүүлж байгаа зэрэг нөхцлүүдээс үзэхэд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр агуулагдаагүй байна гэж үзэж байна.

Шүүхээс Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч нь өөрийн гэм буруугүйгээр Х.Дгийн гуйлт хүсэлтийн дагуу тус дэм болсноор бусдад хохирол, хор уршиг учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Т.Гт холбогдох хэргийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч Ц.Э давж заалдах гомдолдоо: “...Ц.Э миний бие “Д-А” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд авто ломбардын үйл ажиллагааг 18 жил тасралтгүй явуулж байна. Т.Г нь 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Д-А” ХХК барьцаалан зээлдүүлэх газрын 13 дугаар хорооллын салбарт ирж “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг барьцаалж, зээл авахыг хүссэн бөгөөд бид 29.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0,5 хувийн алданги, зогсоолын төлбөрт 1.000 төгрөг байхаар харилцан тохиролцож бид зээлийн гэрээг байгуулсан. Манай компани зээл олгохдоо барьцаа хөрөнгийг бусдын эзэмшилд байгаа эсэхийг заавал шалгаж зээл олгодог учраас Автотээврийн үндэсний төвөөс шалгуулахад Т.Г нь 125.000.000 төгрөгөөр худалдаж авсан, тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн төлсөн мөн Т.Гийн өөрийнх нь нэр дээр автомашин нь байсан учраас бид өөрийнх нь автомашин хууль ёсоор шилжсэн байсан тул зээл олгох ажиллагааг хийсэн.

Машины эзэмшигч хэн гэдгийг тогтоохын тулд тухайн тээврийн хэрэгсэл хэний нэр дээр байгааг л шалгадаг болохоос өөр ямар нэгэн аргаар энэ хүний түүхийг судлаад явах боломж бидэнд байхгүй юм. Ингээд зээл олгосноос хойш Т.Г гэрээний дагуу хүү төлөөгүй тул Т.Гийн олгосон итгэмжлэлийн дагуу “Д-А” ХХК-ийн ажилтан Б.Үын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлсэн.

Өмнө нь тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж аваагүй энэ мэт байдлаас болж бид зээлийн гэрээний барьцаа хөрөнгөө удаа дараа олон зуун сая төгрөг алдаж байсан учраас энэ үйлдлийг хийж өөрсдийн эрсдэлийг хаасан гэж бодож байна. Ингээд машиныг барьцаалаад зээл олгосны дараа хүмүүс ирж энэ машины талаар асууж байсан.

Би Зээлдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдийг мэдэхгүй автомашиныг барьцаанд авсан. Тэгэхээр би шударга эзэмшигч бөгөөд энэ машинаас төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна.

Миний бие болоод “Д-А” ХХК-ийн хувьд Х.Д, Х.А, З.Быг огт танихгүй, эдгээр хүмүүстэй ямар ч гэрээ хийж байгаагүй, нэг ч удаа уулзаж байгаагүй дээрх нэр бүхий хүмүүсийн хооронд хэн нь хэнийгээ яаж залилсныг би мэдэхгүй байсан, мэдэх боломжгүй байсан учраас “Д-А” ХХК, Ц.Э миний хувьд хууль ёсны дагуу зээл олгосон тул зээлийн гэрээний дагуу үүссэн зээл болон хүү, бусад төлбөрөө барьцааны зүйл болох автомашинаас гаргуулж авмаар байна, шударгаар хөдөлмөрлөөд энэ мэт этгээдүүдэд ял завшуулаад эд хөрөнгөөрөө хохирсон шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Х.Д, Х.А, З.Б нар нь шүүх хуралдааны явцад хоорондоо ах, дүүс болон сайн найзууд гэдэг нь тодорхой харагддаг мөн үйл баримт ч гэрчилдэг. Шүүх хуралдаан дээр бүгд нийлээд над руу дайрч байсан зөвхөн миний буруугаас хохирсон мэт хандсаар байгаа зэргээс харахад энэ хүмүүс нийлээд энэ гэмт хэргийг хийсэн, манай байгууллагыг хохироох гэсэн оролдлого юм.

Учир нь, Ц.Э надаас эд хөрөнгийн бүрэн хариуцлага нэхэж автомашиныг гаргуулах гэж шаардаад байгаа нь илтэд ашиг сонирхолтой үгсэн хуйвалдсан, зээлийн гэрээний төлбөрөөс зайлсхийх санаа сэдэл агуулж байгаа байдлыг шүүх тал бүрээс нь шинжлэн судлан үнэлж дүгнэх хэрэгтэй байсан. Анхан шатны шүүхээс Ц.Э надад шүүгдэгч нараас 29.000.000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

 “Д-А” ХХК нь зээлийн барьцааны зүйл болох “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслээс зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, алданги, зогсоолын төлбөр татвар нийт 127.090.000 төгрөгийн төлбөрийг автомашиныг бусдад худалдан борлуулж тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулж авах эрхийг зөрчиж шийдвэр гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй, миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

Мөн миний бие хуулийн дагуу ажлаа хийж байгаад хохирч үлдэж байгаагаас гадна, гэмт хэрэгтэнд хүүгүй мөнгө зээлсэн болон автомашиныг нь хадгалж бүрэн бүтэн байдлыг нь хариуцаж байсан мэт болгож шийдвэр гаргасан нь өөрөө хуульд нийцээгүй, шударга бус, шүүх бизнес шударгаар эрхэлдэг компанийг хохироож эцэст нь хохирогч З.Б яах гэж мөнгө төгрөгөө аваагүй байж машинаа өмчлөх эрхээ шилжүүлсэн юм бэ? Төлбөр мөнгөө авсан гэж бичиж өөрөө буруу зүйл хийж хууль зөрчиж шилжүүлж өгснөөр энэ гэмт хэрэг гарч энэ нөхрийн буруугаас манай компани хохирч байгаа нь шударга ёсонд нийцэх юм уу? Өнгөрсөн хугацаанд зээлийн төлбөр дээр харилцан буулт хийгээд хэн алин нь асуудлаа шийдвэрлэе гэж З.Бд удаа дараа хандсан нэг ч хөдлөөгүй. Гэтэл шүүхэд танил талаараа асуудлаа шийдэж манай компанийг нийлж залилж хохироож байгаа нь энэ улсад хууль байгаа юм уу ? Шударга ёс дахин тогтоож үнэн мөнийг олж өгөхийг хүсч байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8 дугаар хэсэгт өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч Ц.Эаас автомашин гаргуулах, битүүмжлэлийг хэвээр үлдээсэн хэсгийг хүчингүй болгож, 9 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Иргэний хариуцагч Ц.Эын өмгөөлөгч Д.Отгонбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн үнэлж иргэний хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй тухайд:

Ц.Эыг иргэний хариуцагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.1, 8.6.2 дугаар хэсэгт заасан “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан байдаг. Энэ нь хүн хууль зөрчиж гэмт хэргийн улмаас олсон орлого хөрөнгө гэдгийг мэдсээр байж эзэмшилдээ авч зээл олгож шилжүүлсэн тохиолдолд хариуцагч болохоор хуульчилж, гэтэл дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, эд хөрөнгө хариуцвал зохих этгээд нь Ц.Э биш байхад иргэний хариуцагчаар татсан нь хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн.

“Д-А” ХХК болон Ц.Э нар нь залилан мэхлэх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж эзэмшилдээ шилжүүлэн зээл олгосон бол эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэхээс өөр аргагүй юм. Гэтэл анхнаасаа гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг “Д-А” ХХК, Ц.Э нар нь мэдээгүй мэдэх боломж байгаагүй гэж шүүх дүгнэлт хийж шүүх хэрэгт харилцан зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нь “...хэдийгээр “Д-А” ХХК-ийн барьцаалан зээлдэх газар шаардагдах бүхий л бичиг баримтыг шалгаж зохих журмын дагуу зээл олгосон тул зээлийн төлбөрийн эрсдэлийг хүлээх учиргүй, зээл олгох үед барьцааны эд хөрөнгө гэмт хэргийн замаар ирснийг тогтоох боломжгүй, зээлийн барьцааны эд хөрөнгө гэмт хэргийн замаар ирснийг тогтоох боломжгүй, зээлийн гэрээ хууль ёсны шаардлагыг хангаж байсан гэх боловч шүүгдэгч нар нь хохирогчийн эд хөрөнгийг залилж авсан даруй буюу гэмт хэрэг үйлдэж иргэний эрх зүйн хэлцэл хийсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна...” гэжээ.

Шүүх зээлийн гэрээ болон барьцааны зүйлийг шилжүүлсэн нь хууль ёсны байна гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийсэн.

Тухайлбал: Ц.Э нь “Д-А” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд авто ломбардын үйл ажиллагааг 18 жил тасралтгүй явуулж байна. 2015 оны 9 дүгээр сарын 16- ны өдөр Т.Г нь “Д-А” барьцаалан зээлдүүлэх газрын 13 дугаар хорооллын салбарт ирж “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг барьцаалж зээл авахаар хандаж 29.000.000 сая төгрөгийн зээл олгох боломжтой талаар зээлийн гэрээний нөхцөлөө танилцуулсан Л.Г хүлээн зөвшөөрч барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу Иргэний эрх зүйн харилцаанд Т.Гтэй орсон. Зээл олгохдоо уг автомашин нь Автотээврийн үндэсний төвөөс шалгуулахад Л.Г нь 125.000.000 төгрөгөөр худалдаж авсан, тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн төлсөн байсан тул машин Т.Гийн нэр дээр шилжсэн байсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж Л.Г гэрээний дагуу хүү төлөөгүй тул Л.Гийн олгосон итгэмжлэлийн дагуу “Д-А” ХХК-ийн ажилтан Б.Үын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлсэн.

Гэтэл Х.Д, Х.А нар З.Быг “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг залилсан гэж гомдол гаргасан “Д-А” ХХК болон Ц.Эын хувьд Х.Д, Х.А, З.Б нарыг огт танихгүй эдгээр хүмүүстэй ямар ч гэрээ контракт хийж байгаагүй, нэг ч удаа уулзаж байгаагүй дээрх нэр бүхий хүмүүсийн хооронд хэн нь хэнийгээ яаж залилсныг “Д-А” ХХК болон Ц.Э огт мэдэхгүй, тухайн үед мэдэх боломжгүй байсан хожим уг компанийн өмчлөл, эзэмшилд шилжсэний дараа залилан мэхэлсэн гэсэн асуудлыг Цагдаагийн байгууллагаас дуудсаны дараа мэдсэн тул “Д-А” ХХК болон Ц.Эын хувьд уг барьцаалсан эд хөрөнгө нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол түүнийг эзэмших, өмчлөх эрх шударгаар олж авсан гэж тооцно.” мөн хуулийн 154.6 дахь хэсэгт “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй. мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.”, 154.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна.” гэж заасны дагуу “Доог- Алт” ХХК нь зээлийн барьцааны зүйл болох “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслээс зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, алданги, зогсоолын төлбөр татвар нийт 127.090.000 төгрөгийн төлбөрийг автомашиныг бусдад худалдан борлуулж тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулж авах эрхийг зөрчиж шийдвэр гаргасан.

 Нөгөө талаар шүүх хохирогчийн эд хөрөнгийг залилж авсан даруй буюу гэмт хэрэг үйлдэж иргэний эрх зүйн хэлцэл хийсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн нь Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хэлцлийн аль нь болохыг дүгнээгүй, эрүүгийн хэрэгт гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж гэдэг шаардлага тогтоогоогүй байж үзэмжээрээ дүгнэсэн нь хууль бус болжээ.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нь “...Шүүх хуралдааны явцад хохирогч З.Б нь “Тоёота Ланд Круйзер 200” загварын 01-16 ДАР улсын дугаар бүхий автомашиныг “Д-А” ХХК-ийн барьцаалан зээлдэх газрын ажил ган Б.Ү, Захирал Ц.Э нараас гаргуулж өөрт олгуулах хүсэлтийг гаргасан, иймээс уг автомашиныг “Д-А” ХХК-ийн барьцаалан зээлдэх газрын ажилтан Б.Ү, Захирал Ц.Э нараас гаргуулж хохирогч З.Бд олгох нь зүйтэй...” гэжээ.

A. Б.Үыг иргэний хариуцагчаар хэрэгт мөрдөгч, прокурор, шүүхээс татаж хэргийн бусад оролцогчоор оролцуулаагүй этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хөрөнгө орлогыг гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй болжээ.

B. Ц.Э нь “Д-А” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд шүүгдэгч Т.Г иргэний хувьд гэрээ хэлцэл хийгээгүй нь, “Д-А” ХХК-ийн захирлын хувьд зээл олгох гэрээнд төлөөлсөн гэтэл Ц.Эаас автомашиныг гаргуулах хууль зүйн хувьд боломжгүй юм. Нөгөө талаар Ц.Эыг иргэний хариуцагчаар прокуророос татсан тогтоол гаргасан хэдий ч танилцуулаагүй тайлбар мэдүүлэг өгөх боломжийг прокурор хангаагүй, шүүхээс уул эрхийг эдлүүлээгүй мөн хэргийн материалтай танилцуулалгүй танд хамаагүй мэтээр хуурч шүүх хуралдаан эхлэхийн өмнө гарын үсэг зуруулж иргэний хариуцагчийн эрх үүргийг эдлүүлээгүй болно.

C. “Д-А” ХХК-ийг ямар нэгэн байдлаар иргэний хариуцагчаар татаагүй.

Иймээс автомашиныг гаргуулахаар шийдсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” нөхцөл шаардлагыг хангаагүй хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учруулаагүй хохирогчтой гэрээний бус үүргээр гэм буруугийн шалтгаант холбоо үүсээгүй хохирол учруулсан этгээд нь Ц.Э биш мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” “Д-А” ХХК болон Ц.Э нар нь хохирогчид хохирол учруулаагүй, хохирлыг шүүгдэгч нар хариуцах ёстой төдийгүй тэдгээрт хамаатай хохирлыг мөнгөн хэлбэрээр төлөх агуулгатай зохицуулалтыг хэрэглэж буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь Иргэний хуулийг хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн, буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3. Хэргийг шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

 Тухайлбал:   Шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд Х.Д, Т.Г, Х.А нар нь хохирогч З.Бд 125.000.000 төгрөг төлөх төлбөртэй, шүүх болон прокуророос битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө байхгүй гэж ирүүлжээ. Мөн ялын хуралд прокурор автомашиныг гаргаж өгөх боломжгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй эд хөрөнгө тул хохирлыг мөнгөн хэлбэрээр Х.Д, Х.А, Т.Г нараас 29.500.000 төгрөг гаргуулж үлдэх 95.500.000 төгрөгийг Ц.Э нараас гаргуулах саналд дүгнэлт өгөөгүй, шүүх эдгээр үйл баримтыг нягталж шалгаагүй хэрэг шийдсэн нь үндэслэлгүй байна.

4. Шүүх хохирогч, шүүгдэгч нар хоорондоо ах, дүүс болон сайн найзууд гэдэг нь тодорхой харагддаг үйл баримт ч гэрчилдэг. Гэтэл энэхүү хэргийг анхан шатны шүүхээр шийдүүлэхдээ зөвхөн Ц.Эаас эд хөрөнгийн бүрэн хариуцлага нэхэж автомашиныг гаргуулах гэж байгаа нь илтэд ашиг сонирхолтой үгсэн хуйвалдсан шинжтэй нь тогтоогдоно. Нөгөө талаар бизнес хийж яваа “Д-А” ХХК-ийг 6 жилийн хугацаанд хохироож, эцэстээ шүүгдэгч нараас 29.500.000 төгрөгийг гаргуулж “Д-А” ХХК-д олгох шийдвэр гаргаж ялын хурлын завсарлах хугацаанд шүүхээс оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлдэг, эрүүгийн хариуцлагаас мулталж байгаа нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим гажуудаж байна.

Прокурор, мөрдөгч, шүүхээс хэрэгт тухайн автомашиныг битүүмжлээгүй, битүүмжлэх ажиллагаа хийлгүүлээгүй, хийгдээгүй байхад битүүмжилсэн гэж тогтоолд дурдаад байгаа нь мөн үндэслэлгүй байна. Энэ мэтчилэн хууль ёсоор бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийг хохироогоод байгаа нь туйлын гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8 дугаар хэсэгт өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч Ц.Эаас автомашин гаргуулах, битүүмжлэлийг хэвээр үлдээсэн хэсгийг хүчингүй болгож, 9 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт анхнаасаа шүүх хуралдаанд орохдоо мэдүүлсэн. Х.Д, Х.А нар тэр үед мөнгөө төлөөд авчих боломж байсан. Гэтэл Х.Д, Х.А нар аваагүй. 10 хоногийн дараа автомашин өөр хүний нэр дээр шилжсэн байдаг. Очоод уулзах гэхээр уулзуулахгүй. Хохирогч З.Бтай уулзах гэхээр байдаггүй, эхнэр нь уулзуулахгүй, Ц.Эыг хайж олохгүй байсны улмаас шүүгдэгч нар автомашины мөнгийг төлж авах боломжгүй болгосон. Энэ хэрэг ингэж даамжрахгүй байх байсан. Гэтэл барьцаалан зээлдүүлэх газрын хүмүүс Ц.Этай уулзуулахгүй, автомашиныг гаргаж өгөхгүй, битүүмжлүүлэхгүй байсны улмаас энэ хэрэг ингэж даамжирч өнөөдөр би ял авах байдалд хүрсэн байна. Би үнэхээр их харамсаж, гомдож байна. Хохирогч З.Б “...Х.Д нь Т.Г ахыг хуурч авчихлаа...” гэж мэдүүлдэг. Би гомдолтой байна. Түрүүний хэрэг нь мөн би найзаасаа мөнгө авч хүнд өгөөд үүнээс болж 2 жил хорих ял авсан байдаг. Насны эцэст болчимгүй байдлаасаа болж ийм байдалд орсондоо үнэхээр их харамсаж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, хэргийн бодит байдлыг тогтоож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн шатнаас шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтас хэрэгтээ танилцсан. Гэм буруугийн болон автомашины асуудал дээр иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлэхгүй. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан. 2015 оноос эхэлж, 2018-2019 онуудад төгссөн 2 үйлдэл байна. Энэ нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэсэн. Энэ нь хууль хэрэглээний хувьд зөв байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь ерөнхий зохицуулалт нь ялтанд хамаарах зохицуулалт байгаа. Ялтан ял эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол эсвэл шүүхээс ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол гэж заасан. Хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон. Урьд нь зөвхөн ялтанд гэж тодорхой заасан байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял дээр дахин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Гийн дараагийн үйлдэл дээр нь дахин 2 жилийн хорих ял өгч байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг алдагдуулж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн хуулийн зохицуулалтыг алдагдуулж байна. Энэ хэрэг 2020 оны 10 дугаар сард шүүх дээр ирсэн. 2020 оны 12 дугаар сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. 8 сарын дараа шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Гэтэл шүүхэд хэрэг ирснээс хойш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд 2021 оны 3 дугаар сард хэрэг шийдвэрлэгдэж байсан. Нэг цаг хугацаанд, нэг байранд байгаа Нийслэлийн 2 дүүргийн шүүх дээр шүүгдэгч Т.Гт холбогдох 2 хэргийн зүйлчлэл нь адилхан, мөн яг адилхнаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр хэргийг нэгтгэх ёстой байтал нэгтгээгүй байдаг. Нэг хэрэгт нэг удаа ял оногдуулах байтал 2 удаа ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.” гэв.

Шүүгдэгч Х.Дгийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд дурдагдсан нөхцөл бүрэн хангагдсан. Х.Д нь өөрт ногдох төлбөрийг төлж барагдуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. 3 хоногийн дараа хохирогчийн эхнэр 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр очиж автомашинаа авах гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Э өөрт олгогдсон итгэмжлэлийнхээ дагуу автомашиныг өөр хүнд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...автомашин хаана байгаа бэ?” гэж Ц.Эаас асуухад “...Надад байгаа. Эдгээр хүмүүс мөнгөө хүүтэй нь өгвөл би автомашиныг нь гаргаж өгнө...” гэж мэдүүлдэг. Хэрэг удааширсан шалтгаан нь Ц.Э нь өөрөө хэрэг шалгагдаж байх хугацаанд алга болж, оргодог. Мөн автомашиныг гаргаж өгдөггүй нөхцөл байдлаас болоод энэ хэрэг 5 жилээр сунжирлаа. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Автомашинаа авах хүсэлтэй байна. Өөр хэлэх тайлбаргүй.” гэв.

Хохирогч З.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс иргэний хариуцагч Ц.Э болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Д-А” ХХК-ийн захирал Ц.Э нь хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газар автомашиныг тавьсныг 3 хоногийн дараа буюу 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мэддэг. Хууль бусаар автомашиныг барьцаанд тавьсан гэдгийг хохирогч З.Б, түүний эхнэр нар нь Ц.Эт мэдэгдсэн байдаг. Ц.Э нь болохоо байлаа гэж үзээд өөрт байсан итгэмжлэлийг ашиглан өөрийн компанийн ажилтан Б.Үын нэр дээр 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн өгч, уг автомашиныг тухайн барьцаалан зээлдүүлэх газраас холдуулан, байгаа газрыг нь мэдэгдэхгүй нуудаг. Өөрөөр хэлбэл, Ц.Э нь 3 хоногийн хугацаанд шударга эзэмшигч байх магадлалтай байгаа юм. Үүнийг хавтас хэрэгт байгаа үйл баримтаар тогтоочихсон. Энэ хэрэгт 4 удаа хөрөнгө битүүмжлэх тогтоол, нэг удаа гомдлоор хийгдэх ажиллагаа, нийт 5 удаа хохирлын эд зүйл болох автомашинд ажиллагаа явуулах прокурорын тогтоолууд гарсан. Энэ прокурорын тогтоолыг биелүүлэхгүйгээр Ц.Э, Б.Ү нар нь дуудсан цагт ирэхгүй, автомашин хаана байгааг мэдэгдэхгүй байсан учраас хохирогч тал арга буюу гомдол гаргаснаар Зөрчлийн тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой саад учруулсан үндэслэлээр Ц.Эыг 2.000.000 төгрөгөөр торгосон. Үйл баримт нь хавтас хэрэгт байгаа. Одоо Ц.Э нь өөрийгөө шударга эзэмшигч гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Мөн 60.000.000-70.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй, хууль бусаар барьцаанд тавигдсан эд хөрөнгөөр хангуулахаар ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Ц.Э нь энэ хэрэгт маш их хэмжээгээр саад учруулж байсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан. Эдгээр нь бүгд нотлох баримттай байгаа. Зөрчлийн тухай хуулиар Ц.Эыг 2.000.000 төгрөгөөр торгосон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дуусгавар болсон. Ц.Э нь 2.000.000 төгрөг төлсөн үйл баримт нь хавтас хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл, битүүмжлэх ажиллагаанд саад учруулан хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зөрчлийн тухай хуульд зөрчлийн үр дагаврыг арилгах гэсэн заалт байгаа. Зөрчил гаргасан хэмжээнд нь арилгахаар хуульчилсан. Анхан шатны шатны шүүхийн шүүхээс автомашиныг барьцаанд тавьсан гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцогдож, анх өгөлцөж, авалцсан зүйлийг буцааж авахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ц.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр татсан байдаг. Гэвч энэ хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан учраас 2002 оны Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлд зааснаар бус, огнооны хувьд хожим гарсан зүйлийг өмгөөлөгчийн зүгээс буруу ярьж байна. Энэ талаарх баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. “...Өөртөө туслах арга хэмжээ авч Б.Үын нэр дээр автомашиныг шилжүүлсэн. ...” гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Энэ үйлдэл нь хууль бус байгаа. “...Барьцааны эд зүйл хууль бусаар залилан мэхлэх гэмт хэргийн золиос болох магадлалтай гэж үзээд би Б.Үын нэр дээр автомашиныг шилжүүлсэн...” гэж өөрийн үйлдэл санаа зорилгоо Ц.Э давж заалдах гомдолдоо тодорхой илэрхийлсэн байна. Ц.Э өөрийгөө шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй. Энэ хэрэг удааширч буюу хөөн хэлэлцэх хугацаа яригдах болсон шалтгаан нь Ц.Эын гаргасан битүүмжлэх тогтоолыг биелүүлэхгүй үйл ажиллагаанаас болж, өнөөдрийг хүртэл битүүмжлэх тогтоолыг биелүүлэхгүй автомашин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Хэрэв тухайн үед барьцаанд тавигдсан автомашиныг хууль бус болохыг мэдээд битүүмжлэлд өгсөн болвол энэ хэрэг тухайн үедээ шийдвэрлэгдэх байсан. Анхан шатны шүүх хохирлын болон хохирол үүссэн үйл баримт, иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх тал дээр ямар ч хуулийн зөрчил гаргасан зүйлгүй. Иймд хохирол, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7, 8, 9 дүгээр заалтууд хуульд нийцсэн байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие тус шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэргийн оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч А.Ганзориг,  иргэний хариуцагч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг татан оролцуулаагүй гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/588 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Г, Х.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг хэсэг нь “...хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог...” бөгөөд уг зорилтод нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүр /мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх/-т тус хуулийг хэлбэрэлтгүй сахих ёстой.

Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэж заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус иргэн “Д-А” ХХК-ийн ажилтан гэх Б.Үын өмчлөлийн 28-47 УБС улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг Ц.Эаас гаргуулж, хохирогч З.Бд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд битүүмжлэгдсэн уг автомашиныг иргэний хариуцагч нь гаргаж өгөөгүй, олдохгүй байгаа гэх үндэслэлээр иргэний өмчлөх эрхэд халдах эрх шүүхэд олгогдоогүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.”, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж тус тус заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих талыг татан оролцуулах боломжтой.

Анхан шатны шүүхээс “Д-А” ХХК болон Т.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон үндэслэл нь тодорхойгүй, мөн шүүгдэгч Х.Д, Т.Г, Х.А нарт холбогдох 201525022114 дугаартай эрүүгийн хэргээс Х.Ат холбогдох хэргийг тусгаарласан байх боловч тус шийтгэх тогтоолоор Х.Аээс 20.500.000 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч Ц.Эт олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарах бөгөөд тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;” бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/588 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Х.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч А.Ганзориг, иргэний хариуцагч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нарын гаргасан давж заалдсан гомдлуудад энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/588 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Г, Х.Д нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Х.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

 

                 ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

 

 

                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ