Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 119/ШШ2023/0022

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Ууганцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ТӨХК /Гүйцэтгэх захирал Б.Б/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: М.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.С,

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э,

Гуравдагч этгээд: Б.З,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: М.М нарын хоорондын

“ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актыг хууль бус тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч Ж.С, хариуцагч Д.Э, гуравдагч этгээд Б.З, түүний өмгөөлөгч М.М, гэрч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э-т холбогдуулан “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актыг хууль бус тул хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э нь “Э” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай албан бичгийн дагуу “Э” ТӨХК-ийн СЭЗХ-ийн дарга Б.З-т 2022 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс олгосон баримтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актаар СЭЗХ-ийн дарга Б.З-ээр 2691931 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Э” ТӨХК-д хариуцуулсан акт гаргасан байна. Дээрх маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, хүргүүлсэн.  

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана” гэж заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад гомдол гаргаж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/624 дугаартай албан бичгээр гомдол үндэслэлгүй тухай хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  

4. Нэхэмжлэгч “Э” ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “СЭЗХ-ийн дарга Б.З-т нэмэгдэл хөлсийг олгосон нь ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй байхад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаартай улсын байцаагчийн актаар хууль зөрчсөн талаар дүгнээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид олгосон эрхэд халдсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

-ХХУБ нь байгууллагын дотоод хэм хэмжээ дүрэм, журмын хэрэгжилтийг хянах эрх бүхий этгээд биш бөгөөд ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрхэд халдсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

-Улсын байцаагчийн акт нь ямар хууль зөрчсөн талаар бичээгүй, харин манай байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн гэх агуулгатай байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтад нийцэхгүй байна.

-Байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ тогтоосон журам нь хууль болон хэм хэмжээний акт /Захиргааны ерөнхий хуульд заасан/ биш бөгөөд үүнийг мөрдүүлэх асуудлыг төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар хяналт шалгалт явуулж буй эрх бүхий албан тушаалтанд харъяалуулаагүй байна.

-Хуулиар болон хэм хэмжээний актаар зөрчигдсөн эрхийн талаар Үйлдвэрчний эвлэлийн хороо мэдээлэхээс бус, ажилтанд урамшуулал олгосонд гомдол гаргаж байгааг үндэслэн “төлөвлөгөөт бус хяналт шалгалт” явуулж байгаа нь илт үндэслэлгүй.

-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж заасан байхад “...2023.03.30-ны өдрийн 25/04 дугаартай удирдамжид ...шалгалтыг 2023.03.30-ны өдрөөс 2023.04.17-ны өдрүүдэд гүйцэтгэнэ” гэсэн нь 18 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр заасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

-2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/28-02/121/03 дугаар актад үндэслэж буй “Э” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаар тогтоол нь Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2022 оны 06 дугаар 06-ны өдрийн а/2200 дугаартай удирдамжаар өгсөн чиглэлийн дагуу ТУЗ-өөс өөрөө 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот тогтоол гаргаж хүчингүй болгосон байдаг. Энэ тухай улсын байцаагчийг хяналт шалгалтын ажлаа явуулж байх хугацаанд нь мэдэгдсээр байхад ийнхүү хүчингүй болгосон тогтоолыг үндэслэн, төлбөрийн акт гаргах хүсэлдээ хөтлөгдөн буруутай гэж батлах зорилгоо батлахаар улайрч төлбөр төлүүлэх тухай актыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

-Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2023 оны 03 дугаар 30-ны өдөр баталсан 25/04 дугаартай хяналт шалгалтын удирдамж нь тодорхойгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжилтийг шалгахын зэрэгцээ, ямар дүрэм, журмын хэрэгжилтийг шалгахаа тодорхой заагаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.4, 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4, 5.7, 5.9, 5.10, 5.15 /Хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан, хяналт шалгалтын ажилд оролцсон бусад этгээд хяналт шалгалтын явцад авсан мэдээллийг өөр зорилгоор ашиглахыг хориглоно/ гэснийг зөрчсөн.

“Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд төлбөрийг төл, төлсөн гэдгээ мэдэгдэх, энэ урамшуулал олгосон нь буруу гэж захиргааны байгууллагыг буруутгасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Компанийн дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хэмжээг хэтрүүлэлгүй ажилтнууддаа үр дүнгийн урамшуулал олгосон бөгөөд түүний дотор СЭЗХ-ийн дарга, ерөнхий нягтлан бодогч ажилтай Б.З-т нэмэгдэл цалин урамшуулал олгосон. Уг цалинг буцаад улсын орлогод оруулах гэсэн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Гүйцэтгэх захирлын үр дүнгийн урамшуулал олгох хэмжээг тогтоосон цаасаар гарсан шийдвэр байгаа. Энэ нь тушаалыг орлодог баримт бичиг. Б.З өөртөө цалин урамшуулал авъя гэж өөрөө орж ирж батлуулсан зүйл байхгүй. Тухайн журамд заасны дагуу захиргаа удирдлага, хүний нөөцийн гаргасан саналыг үндэслэж цалин хөлсний нягтлангууд ийм хэмжээгээр олгоно гэсэн тооцооллыг баталсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн шийдвэр нь компанийг төлөөлж гаргадаг учир компаниар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзсэн учир байгууллагаар нэхэмжлэл гаргасан. Компанийн жилээр болон сараар тооцож олгодог үр дүнгийн урамшуулал олгох журам гэхээс илүү хамтын гэрээнд заасан ажилтны эрх байдаг. Ажилтан надад ямар нэгэн урамшуулал өгсөнгүй гэж гомдол гаргаагүй. Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцэхийн тулд хэн нэгэн хүний эрхийг хөндсөн шийдвэр гаргасны улмаас ажил олгогч буруу шийдвэр гаргасан уу үгүй юу гэдэг асуудлыг ХХУБ нь ажилтны эрх ашгийг дордуулсан байдлыг хянаж шалгах үүрэгтэй гэж бодож байгаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гомдол гаргасан болгонд нь шалгалт хийж буруутгах шийдвэр гаргаж байгаа нь буруу юм. Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон хэмжээ хязгаарын хүрээнд урамшуулалт цалинг олгосон байхад хэн нэгний эрхийг зөрчсөн мэтээр шийдвэр гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3.4-т заасан цалин хөлсний журмыг баталж мөрдүүлэх ёстой, үүнийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй. Журмын дагуу тушаал гаргаж ТУЗ-ийн баталж өгсөн хэм хэмжээний хүрээнд эрхээ хэрэгжүүлсэн байхад зөрчсөн мэтээр акт гаргасан нь захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцээгүй. Гэрч захирал олгох нь зүйтэй гэж хэлсэн учир олгосон гэж байна. Амаар гэхээс илүү бичгээр гаргасан гүйцэтгэх удирдлагын 3 хүнд өгнө гэсэн шийдвэр байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралд өөрт нь олго гэж зөвшөөрч баталсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчилд хамаарахгүй. Гүйцэтгэх удирдлагын энэ шийдвэр нь хэн нэгэн ажилтны эрх ашиг, сонирхол, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Анх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захирал нь эрх мэдлээ урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх гомдол ирсэн. Энэ гомдлыг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гэж хаягласан хэдий ч тухайн гомдол өөрт харьяалагдахгүй бол холбогдох газарт нь шилжүүлнэ гэж хуульд заасан. Энэ гомдлыг хянаж үзэхээр яг энэ байгууллагад харьяалагдахгүй юм байна гэж үзэхээр байгаа. Холбогдох байгууллага гэмт хэргийн шинжтэй байна уу? үгүй юу гэдгийг шалгаж үзэх асуудал байхад төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргасан нь зорилгодоо нийцээгүй хуульд үндэслээгүй үйл ажиллагаа болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э-т холбогдох “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актыг хууль бус тул хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж харж байгаа. Улсын байцаагч нь “Э” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай тогтоолын 3.3-т заасныг зөрчсөн гэдэг үндэслэлээр акт гаргасан. Энэ журам нь “Э” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор буюу улсын байцаагчийн акт гарахаас өмнө хүчингүй болсон. Хүчингүй болсон журмыг үндэслэж ажил олгогчийг Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байна гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй акт болсон. 6 сараас доош гэдэг хугацаа яригдаж байгаа. Б.З-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар 6 сарын хугацаанд төлсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиргааны шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн байгаа. Энэ акт нь хүчингүй болсон актыг үндэслэж байгаа нь үндэслэл бүхий байж чадахгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд "хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” хэлнэ гэсэн байдаг. Улсын байцаагчийн акт нь хууль тогтоомжид үндэслээгүй буюу хүчингүй болсон журмыг үндэслэж гарсан нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэсэн байгаа. Энэ журам нь нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн үү, үүнийг анхаарч үзэх хэрэгтэй, энэ журам нь байгууллагын дотоод журам байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-т “ХХУБ хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлнэ” гэж заасан. Тэгэхээр хөдөлмөрийн хууль тогтоомж гэдгийг мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэсэн байгаа болохоос биш байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн дотоод журмуудаас бүрдэнэ гэж заагаагүй. Улсын байцаагч нь хууль тогтоомжид хяналт тавих үүрэгтэй байхад байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцоод, энэ хүчингүй болгосон журмыг үндэслэж гарсан акт нь өөрөө эрх зүйн зөрчилтэй акт болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор компанийн ажилчид цалин урамшуулал олгох дээд хэмжээг тогтоож өгсөн. Энэ тогтоож өгсөн хэмжээнээс бага хэмжээгээр ажил олгогч ажилтнуудаа цалин урамшуулал олгосон байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162-2-т заасан хохирол учраагүй гэдэг нь харагдаж байна. “Э” ТӨХК-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаартай тушаалаар ажилтнуудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн сар, жилийн үр дүнгээр урамшуулал олгох тухай журмыг баталсан. Энэ журмын зорилго нь “үйлдвэрлэлийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган, эрчим хүч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өртөг зарлагыг бууруулан, арвилан хэмнэлт гаргаж төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд ажилласан ажилтнуудыг урамшуулах, хамт олны болон ажилтан бүрийн үүрэг хариуцлагыг сайжруулан ажлын бүтээмжийг өсгөх, идэвх санаачилгыг өрнүүлэн ажиллах, нэгж удирдлагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх” гэсэн байна. Энэ эрхийнхээ хүрээнд ажилтнаа урамшуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд улсын байцаагчийн бүрэн эрхийг заасан байдаг. 10.9.1-т “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” гэсэн бүрэн эрхийг заасан. Актыг харахаар ажил олгогчийн хуулиар олгогдсон эрхэд халдсан акт болсон. 43 дугаар зүйлд ажил олгогч ажилтнуудаа шагнаж урамшуулах эрх олгосон. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч болох “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ажилтнууддаа 13 дахь сарын цалин урамшуулал олгосон. Журамд бүтэн хоногоор бол 6 сар болно шүү гэсэн агуулга байдаггүй. Тиймээс тухайн ажилтан 6 сар ажилласан байсан учир 13 дахь сарын цалин урамшууллыг олгосон нь үндэслэлтэй. Энэ журам нь хууль, тогтоомж зөрчөөгүй. Ажилтандаа нэмэгдэл цалин урамшуулал өгсөн нь буруу гэж үзэх боломжгүй. Ажил олгогч ажилтнуудаа цалин урамшуулал олгох эрхийг нь хуулиар олгосон байхад энэ эрхэнд улсын байцаагч халдаж нөхөн ногдуулалтын акт гаргаж байгаа нь өөрөө буруу юм. “Э” ТӨХК-д хаягласан актын 3, 4 дүгээр тодорхойлох хэсэгт гүйцэтгэх захиралд даалгасан шийдвэр гаргасан байсан. Бид нар хууль дүрэм болон хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулал олгосон нь зөв гэсэн байр суурьтай байгаа учир дээрх захиргааны актыг захиргааны хэргийн шүүхэд хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоох, холбогдох баримтыг цуглуулах бүрэн эрх нь захиргааны байгууллагад өөрт нь байгаа. Гэтэл хариуцагч талаас бидэнд хүчингүй болсон актын талаар хэлээгүй, энэ талаарх мэдээллийг өгөөгүй гэж тайлбар гаргасан. Хариуцагчид нөхцөл байдлыг тодруулах, холбогдох баримтаа цуглуулах үүрэгтэй, гэрч нотлох баримтыг өгч, хүчингүй болсон журмын талаар хэлсэн гэж мэдүүлсэн. Журмыг хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж үндэслэж гаргасан акт нь өөрөө үндэслэлгүй харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 36.7-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж байгаа. Нэхэмжлэгч талаас энэ захиргааны акт эрх зүйн зөрчилтэй захиргааны акт учир хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Нэхэмжлэгч тал өөрт хохирол учирсан гэж үзэхгүй байгаа. Тухайн байгууллагад хохирол учирсан байна гэж ямар нэгэн хөндлөнгийн байгууллагаас дүгнэлт гаргаагүй. Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон хэмжээнээс бага хэмжээгээр урамшуулал олгосон. Баталж өгсөн хэмжээнээс хэтрүүлж олгосон зүйл харагдахгүй байгаа. Б.З-т ажилласан хугацаанд хувааж цалин урамшуулал олгосон түүнээс биш бүтэн жилээр бодож цалин урамшуулал олгоогүй. Тиймээс “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй учир хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын баталсан 25/04 дүгээр удирдамж, “Э” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан А/82 дугаар хүсэлтийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлалтай “Э” ТӨХК-ийн СЭЗХ-ийн дарга Б.З-т 2022 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс олгосонг санхүүгийн баримтад тулгуурлан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар Б.З-ийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/264 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар СЭЗХ-ийн даргаар томилсон байна. СЭЗХ-ийн дарга Б.З нь 2022 онд 5 сар 6 хоног ажилласан байхад 2022 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс 2691931 төгрөгийг олгосон нь “Э” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Ажилтнуудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэгдэл хөлсийг олгох журам”-ын 3.3-д /Шинээр ажилд орж тухайн жилд 6 сараас доош хугацаагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгохгүй/ заасан заалтыг зөрчсөн гэж үзэж улсын байцаагчийн 07/25-02/121/03 дугаартай акт үйлдсэн. Мөн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ерөнхий захирлын Б/252 дугаар тушаалаар Ц.Ө-ыг Түлш дамжуулах цехэд зүтгүүрийн туслах машинчаар томилон ажиллуулсан байхад энэ ажилтан 2022 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс олгоогүй. Ойролцоо томилогдсон ажилтанд олгоогүй мөртлөө СЭЗХ-ийн даргад олгосон. Байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм, журам ажилтнуудад адил тэгш үйлчлэх ёстой бөгөөд журмаа зөрчиж олгосон үр дүнгийн нэмэгдэл хөлсийг буцаан төлүүлэхээр улсын байцаагч акт үйлдсэн болно.

Улсын байцаагч нь хууль, дүрэм, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Энэ хүчингүй болгосон актаа бидэнд гаргаж өгөөгүй. Эхнийх нь шөнийн цагтай холбоотой хяналт шалгалт дээр Ж.Б байцаагч бид хоёр цуг орсон. Танай дотоод журамд “тухайн жилд шинээр ажилд орж, 6 сараас доошгүй ажилласан байх ёстой” гэж заасан байна. Б.З нэмэгдэл цалин олгох үед 6 сар ажиллаагүй байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг харахаар 6 ажилласан гэдэг нь харагдана. Яагаад гэхээр 7 сард хагас ажилласан байсан учир шимтгэл нь төлөгдсөн. Журам өөрчлөгдсөн гэж надад хэлээгүй Ж.Б байцаагчид хэлсэн гэж байгаа ч надад бол мэйлээр өгөөгүй. Албан байгууллага нь дотоод журмаа хуульд нийцүүлэн баталж гаргадаг учраас би хуульд заасан ажил, үүргийнхээ хүрээнд хяналт шалгалт явуулж акт гаргасан болохоос дур мэдэж үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй” гэв.

7. Гуравдагч этгээд Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар бүхий акт гарах болсон үндэслэл нь “Э” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны албан бичиг байдаг. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн үндсэн дээр бий болсон Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолын төлөө үйл ажиллагаа явуулах үндсэн зарчимтай. Миний бие Б овогтой З нь “Э” ТӨХК-д 2022 оны 7 дугаар сараас эхлэн СЭЗХ-ийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа ба “Э” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн юм. Гэтэл манай Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүний эрх зүйн байдлыг дордуулж үйл ажиллагааны зорилго, зарчмын эсрэг албан бичиг үйлдэж намайг хохироосон. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дээрх намайг ялгаварлан гадуурхаж, ажил олгогчид ашигтай шийдвэр гаргуулсан үйл ажиллагаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Ажил олгогчоос 2023 оны 2 дугаар сард олгогдсон жилийн үр дүнгийн нэмэгдлийг ажилтан миний бие авах эрхтэй болно. Учир нь би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн хугацаагаар тоолоход нэмэгдэл хөлс авах эрх үүссэн гэж ажил олгогчоос үзэж нэмэгдэл хөлс олгосныг буруутгах үндэслэлгүй юм. Гэтэл ХХУБ нь ажил олгогчоос олгосон нэмэгдэл хөлсийг “Ажилтнуудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох журам”-ыг зөрчсөн гэж үзэж 2 691 931 төгрөгийг Төв төрийн сангийн орлогын тоот дансанд тушаахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хяналт шалгалтын зарчмыг тодорхойлж өгсөн бөгөөд 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэж заасныг Улсын байцаагч нь зөрчиж ажил олгогчоос ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үйл ажиллагааг буруутгаж сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. Ажлын байрны тодорхойлолтын дагуу Хөдөлмөр цалин хөлсний эдийн засагч нь бүх төрлийн цалингийн бодолтыг хийх, нэгтгэх олгох ажлуудыг хийдэг. Бодолтыг хийхдээ 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/77 тоот гүйцэтгэх захирлын тушаалын №4 дүгээр хавсралтаар батлагдсан ““Э” ТӨХК-ийн ажилтануудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажилллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгох журам”-ын 3 дугаар бүлгийн 3 дахь заалтын дагуу зөвхөн миний ажилласан сард ногдуулан олгосон. Журамд заавал бүтэн ажилласан сар гэсэн тайлбар томъёо байхгүй бүх ажилтнууддаа олгодог юм билээ.

Удирдамжид заасны дагуу хяналт шалгалтыг Д.Э байцаагч ганцаараа гардаж хийгээгүй, энэ үзлэг шалгалтын 70 ба түүнээс дээш хувийг Ж.Б байцаагч гардаж хийсэн. Сүүлд акт ирэхэд Д.Э байцаагч гарсан гэдгийг мэдсэн. Байцаагч хяналт шалгалт хийх, бичиг баримтаа бүрдэл болгохдоо Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирсэн гомдлын дагуу шалгаж байна гэж тайлбарласан. Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хувь хүний мэдээллийг гаргаж өгдөггүй. Хууль бусаар хулгайлагдсан баримтыг барьж ирж бидэнд үндэслэлгүй шалгалт хийсэн. Би 2022 оны 07 дугаар сард ажилд орсон. Үүнээс хойш тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж ирсэн. 13 дахь сарын цалин олгогдож байх үед би 6 сар ажилласан байсан. Энэ шалгалт хийснээр миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Төлбөр төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд “хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргах гэж байгаа бол сонсох ажиллагааг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал явуулна” гэж заасан байдаг. Б.З нь тухайн жилийнхээ 7-12 сар хүртэл ажилласан, тухайн нэмэгдэл цалин хөлсийг олгох үед 6 сар ажилласан гэх шалгуурыг хангасан байсан. Ажилласан хүнд л нийгмийн даатгалын шимтгэл бодогдож, үүнийг нийгмийн даатгалын байгууллага тайлан болгож тусгаж явдаг. Сонсох ажиллагаа буюу Б.З-ээс хэдэн сараас ажиллаж эхэлсэн талаар асуухгүйгээр анх ажилд орсон тушаалыг үндэслэж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг харахгүйгээр захиргааны байгууллага буюу байцаагч нь шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.-т “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэж заасан байхад удирдамж нь дээр Д.Э байцаагчийг заасан боловч хяналт шалгалтын 70-80 хувийг Ж.Б байцаагч хийж гүйцэтгэсэн. Энэ нь эрх зүйн талаас зөрчилтэй харагдаж байна. Буруутгагдаж байгаа этгээд нь нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, түүнтэй холбоотой хуулийг зөрчсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй байгаа. Хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогч эсвэл Б.З нар нь зөрчсөн гэж үзэж байгаа бол сахилгын зөрчил юм уу? ямар хэм хэмжээг зөрчсөн гэдэг нь ойлгомжгүй байгаа. Дотоод хэм хэмжээг зөрчсөн бол энэ нь сахилгын зөрчил гэж үзнэ гэж заасан. Хяналт шалгалт хийж, нотлох баримтаа цуглуулж, шалгаж байгаа асуудалдаа эрх зүйн бүрэн дүгнэлт хийхийн тулд дотоод хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар зөрчил вэ? гэдгийг тодорхойлж захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаагаа явуулах ёстой, энэ үйл ажиллагаа дутуу явагдсан. Актыг харахаар Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж төрийн санд орлого оруулах гээд байгаа. Ажил олгогчид хохирол учирсан гэсэн хэр нь төрийн санд орлого оруулах гэсэн байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл баримталсан хуулийн заалттайгаа нийцэхгүй байгаа. Хохирсон хүнд нь энэ мөнгө нь очих ёстой. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Захиргааны байгууллагаас гарч байгаа акт нь эрх зүйн зөрчилгүй байх ёстой. Гэтэл энэ акт хүчингүй болсон журмыг үндэслэж гаргасан учир зөрчилтэй акт болсон. Улсын байцаагч хөдөлмөрийн харилцаанд хяналт тавьж, шалгалт явуулна гэдэг нь ажил олгогчоос ажилтны болон хүний эрхийг зөрчиж байна уу гэдгийг хянах зарчимтай болохоос биш ажилтанд эрх олгоод байгаа, ажилтны эрхийг хангаж өгч байгаа шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгож, ажилтнаас тэр хохирлыг гаргуулж байгаа нь зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд дэмжиж байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх ашиг таарч байгаа. Өөрөөр хэлбэл энэ захиргааны актыг хүчингүй болгуулъя гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд манай тал оролцож байна. Эрх зүйн хариуцлага, эрх зүйн зөрчлөөс үүссэн хохирлыг барагдуулах гэж хоёр өөр ялгаатай асуудал. Эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн албан тушаалтанд эрх зүйн хариуцлага хүлээлгэдэг. Өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа акт нь ойлгомжгүй байгаад байгаа. Гүйцэтгэх захирал нь Б.З-т урамшуулал олгосон нь буруу гэж үзэж байгаа бол эхлээд тухайн хүнийг үйлдэлд дээр арга хэмжээ авах ёстой. Арга хэмжээ авсны дараагаар үүнээс бий болсон хохирлыг барагдуулах гэсэн дараалалтай явах ёстой. Гэтэл олгосон мөнгийг шууд төл гэж байгаа нь буруу. Гүйцэтгэх захирал нь ямар хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг тодорхойлж чадаагүй, хариуцлага оногдуулаагүй байж яагаад хохирлын асуудал яриад байгаа юм. Зөрчлийн тухай хуульд хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн талаар тодорхой зааж өгсөн байдаг. Эхлээд зөрчлийн хариуцлага хүлээлгэх дараа нь хохирол төлүүлэх гэж байгаа. Гэтэл буруутай этгээд хэн гэдгийг тогтоохгүй атлаа хохирлыг Б.З-ээс гаргуулна гэсэн байгаа нь буруу. Энэ хүн 6 сар ажил хийсэн, хийсэн ажлынхаа үр дүнд захирлынхаа шийдвэрээр нэмэгдэл цалин урамшуулал авсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.

9. Гэрч Л.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2010 оноос хойш энэ байгууллагын цалин хөлсний эдийн засагчаар ажиллаж байна. Цалин хөлсийг программ дээр нягтлан боддог. Би хяналт тавьж цалингийн зардлыг хариуцдаг. Улсын байцаагч нар хяналт шалгалтыг 2 тусдаа гэж ойлгосон. Эхлээд шөнийн илүү цагтай холбоотой асуудлыг шалгаж байсан. Дараа нь 13 дахь сарын цалин урамшуулалтай холбоотой хяналт шалгалт хийсэн. Ж.Б, Д.Э хоёулаа хамт ирдэг байсан. Ж.Б байцаагч ихэвчлэн шалгаж байсан. Надаас холбогдох бүх баримтыг хуулбарлаж авсан.  Ж.Б байцаагч илүү түлхүү надтай харьцаад байсан болохоор би Ж.Б байцаагчийг шалгаж байна гэж ойлгосон. Ө бол дагалдан ажилтан байсан, Б.З-ийн хувьд бол жинхэнэ ажилтны тушаал гарсан байсан, энэ хоёр хүний хувьд ийм ялгаатай гэдгийг тайлбарлаж байцаагч нарт хэлсэн. 13 дахь сарын цалинг он гаргаад дараа жилийн эхний улиралд олгодог. Нийгмийн даатгал нь 6 сар төлөгдсөн байсан учир цалинг олгосон. Урамшуулал олгох нь Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан журмын дагуу явдаг байсан. 2022 онд Эрчим хүчний сайд үүрэг өгсөн. Бүх станцын байгууллагын гүйцэтгэх захиралд энэ нэмэгдэл цалин хөлсийг мэдэх эрх мэдлийг олгосон. Үүний дараагаар манайх журмаа өөрчилж баталсан. Цалинтай холбоотой журмыг бүгдийг нь байцаагч нарт өгсөн. Тухайн үед Б.З-т урамшуулал олгоно гэж нэрнийх нь ар талд бичээгүй байхаар нь олгох, олгохгүй гэж бичээд өг гэж хэлэхэд тухайн үед хариу өгөөгүй. Захирал Б.З-т нэмэгдэл цалинг олго гэсний дагуу олгосон.  Ер нь өндөр настны тэтгэвэрт гарсан, жирэмсний амралттай байгаа, өвчний улмаас чөлөө авсан хүмүүст 6 сар ажилласан гэхгүйгээр нэмэгдэл цалин урамшууллыг олгодог. Энэ хоёр байцаагч Төлөөлөн удирдах зөвлөлийн хүчингүй болгосон журмыг баримтлан актаа гаргасан байсан. Надаас энэ хоёр журмыг цаасаар авсан, дараа нь Ж.Б байцаагчийн мэйл рүү би явуулсан. Энэ мэйлээр явуулсан гэх баримт нь надад байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э-т холбогдуулан “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актыг хууль бус тул хүчингүй болгуулах”-аар маргасан.

            2. Нэхэмжлэгч талаас “Ж.Б-ыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлт гаргасан бөгөөд гэрчээр дуудагдсан Ж.Б нь Солонгос Улсруу урт хугацаагаар явсан тул шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй байгаагаа мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

            3.  Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            3.1. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э нь ““Э” ТӨХК  нь шинээр ажилд ороод 6 сар ажиллаагүй ажилтанд буюу Б.З-т нэмэгдэл цалин олгосон” гэх тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25/04 дугаартай “Хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу хийжээ.  /Хавтаст хэргийн 180-182 дахь тал/

            3.2. Энэхүү хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын  биелэлтэд хяналт тавих”, 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” гэж заасан хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

            3.3. Мөн улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, ХХУБ хэрэгжүүлнэ”, 162 дугаар зүйлийн 162.1-д “ХХУБ хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих  хяналтыг хэрэгжүүлнэ”, 162.3.4-т “Ажилтан, үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх” гэж тус тус заасан эрх, үүргийг дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

            3.4. Тодруулбал, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э нь хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүргээ холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн гэж дүгнэв.

            3.5. Хяналт шалгалтын явцад ““Э” ТӨХК-д 2022 онд 5 сар 6 хоног ажилласан СЭЗХ-ийн дарга, ерөнхий нягтлан бодогч Б.З-т 2022 оны ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлс 2691931 төгрөгийг олгосон” гэх зөрчилд ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь  Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих улсын байцаагчийн эрх хэмжээг хэтрүүлээгүй байна. /Хавтаст хэргийн 184-185 дахь тал/

            3.6. “Э” ТӨХК-ийн СЭЗХ-ийн дарга, ерөнхий нягтлан бодогч Б.З нь тус компанийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/264 дугаар тушаалаар шинээр ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд өмнө тухайн байгууллагад ажиллаж байгаагүй болох нь тогтоогдсон. /Хавтаст хэргийн 30, 108-114 дэх тал/

            3.7. Хугацаа тоолох журмын дагуу сараар тогтоосон хугацаа нь дуусах сарын мөн өдөр дуусдаг тул Б.З нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шинээр уг албан тушаалд томилогдсон учраас 2022 оны ажлын жилийг дуусахад 5 сар 6 хоног ажилласан байгаа нь 6 сараас доошгүй хугацаанд ажилласан гэдэгт хамаарахгүй.

             3.8. Тийм учраас 2022 оны үр дүнгийн урамшуулалт цалинг тухайн 2022 онд 6 сараас доош ажилласан ажилтанд олгохгүй байх журам буюу хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ зөрчиж нэмэгдэл цалин хөлс олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

3.9.Тодруулбал, “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан ““Э” ТӨХК-ийн ажилтнуудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс олгож журам”-ын 3 дугаар зүйлийн 3-т “Шинээр ажилд орж тухайн жилд 6 сараас доош хугацаагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгохгүй” гэсэн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул уг хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүйн хэрэг бөгөөд уг хэм хэмжээ шинээр тухайн байгууллагад ажилд орсон бүх ажилтанд адил тэгш мөрдөгдөх учиртай. /Хавтаст хэргийн 164-176 дахь тал/

            3.10. ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актад “Э” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон нь хүчингүй болсон хэм хэмжээг баримтлан акт тогтоосон гэж нэхэмжлэгч тал маргасан.

            3.11. “Э” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/2200 дугаартай “Удирдамж өгөх тухай” албан бичгийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон боловч уг журмыг “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаар тушаалаар батлан мөрдүүлж байгаа нь тогтоогдсон. /Хавтаст хэргийн 26-27,115-120 дахь тал/

            3.12. Улсын байцаагчийн акт нь хэдийгээр хүчингүй болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолд заасан зөрчлийг гаргасан гэж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн ч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн зөрчил тогтоогдож байх тул актын хэлбэрийн алдаа нь захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгох үндэслэл болохгүй.  

            3.13. Учир нь улсын байцаагчийн актын хэлбэрийн алдаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 103 дугаар зүйлийн 103.3-т “Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ: ...103.3.4.цалин хөлсний журам” гэж зааснаар уг байгууллагад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ буюу “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаар тушаалаар батлагдсан нэмэгдэл цалин хөлс олгоход баримтлах журмыг зөрчсөн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

3.14. “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.10-т зааснаар "Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" буюу хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичигт хамаарна.

3.15. Иймд уг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийн нэг бүрдэл хэсэг учраас улсын байцаагчийн хяналтын цар хүрээнд хамаарах тул нэхэмжлэгчийн “Байгууллагын дотоодод мөрдөгдөх хэм хэмжээнд хяналт тавьсан, улсын байцаагч нь Хөдөлмөрийн хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд хяналт тавих ёстой” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

3.16. “Э” ТӨХК нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлс олгох талаар баталсан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ зөрчсөн зөрчилд актаар төлбөр  ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д “Иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах”, 162.3.1-д “Хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, насанд хүрээгүй хүний хөдөлмөр зэрэг асуудлаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах” гэж  тус тус заасан улсын байцаагчийн эрх, үүргийг зөрчөөгүй байна. 

3.17. Ийнхүү актаар төлбөр ногдуулж, зөрчлийг таслан зогсоосон төрийн хяналт шалгалтын зорилго нь нэг талаас тухайн байгууллагад шинээр ажилд томилогдсон бүх ажилтанд Б.З-т нэмэгдэл цалин хөлс олгосон журмаар /6 сараас доош ажилласан/ нэмэгдэл цалин хөлсийг олгодог практик тогтох эсхүл зарим шинээр орсон ажилтанг 6 сар ажиллаагүй гэж нэмэгдэл цалин олгохгүй байх зэргээр хөдөлмөрийн харилцаанд тэгш бус байдлыг үүсгэх, цаашид дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн харилцаанд адил нөхцөлд адил боломжоор хангагдах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

3.18. “Э” ТӨХК нь 2022 оны ажлын үр дүнгийн нэмэгдэл цалин хөлс олгох асуудлыг шийдвэрлэж байхад удирдах хүний нэг Б.З-т нэмэгдэл цалин хөлс олгох хэсэг дээр хоосон байсан учраас тодруулахад “Захирал нэмэгдлийг олго” гэж шийдвэрлэсэн, мөн “6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас олгосон” гэсэн гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд 5 сар 6 хоног ажилласан шинээр томилогдсон ажилтанд журамд зааснаар нэмэгдэл цалин хөлс олгох эсэх асуудал нь тухайн байгууллагад мөн эргэлзээ үүсгэсэн байна.

3.19. “Тухайн байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн” гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан бөгөөд энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасалдаагүй гэдгийг тогтоохоос тухайн байгууллагад, тухайн албан тушаалд шинээр томилогдож, бүтэн 6 сар ажилласан хугацааг тогтоох үндэслэл биш юм.

3.20. Иймд дээрх үндэслэлээр ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч байгууллага болоод гуравдагч этгээд Б.З-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэв.

4. Шийдвэр гаргах ажиллагааны журмын талаар:

4.1. Улсын байцаагч нь шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэхдээ Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн гомдлын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25/04 дугаартай “Хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ уг удирдамжийг хавсарган ирүүлсэн байгаагаас дүгнэхэд удирдамж танилцуулаагүй, удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.2. Хяналт шалгалтын ажиллагааг “Э” ТӨХК-ийн ажлын байранд очиж явуулсан бөгөөд хяналт шалгалтын ажиллагаанд эдийн засагч Л.Т байгууллагыг төлөөлөн оролцсон болох нь гэрчийн мэдүүлэг, шалгалтын тэмдэглэлээр тогтоогдсон.

4.4. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э нь ““Э” ТӨХК  нь шинээр ажилд ороод 6 сар ажиллаагүй ажилтанд буюу Б.З-т нэмэгдэл цалин олгосон” нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн зөрчил болохыг тогтоосон нь шийдвэр гаргах ажиллагааны бодит нөхцлийг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Улсын байцаагч нь шийдвэр гаргах ажиллагаанд Б.З-ийг оролцуулж, түүнийг тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй боловч Б.З нь өөртэй нь холбоотой асуудлаар хяналт шалгалт хийж байгаа мэдсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Энэ үндэслэл нь дангаараа улсын байцаагчийг шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 -т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.3, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2.5, 162.3.1, 162.3.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ХХУБ Д.Э-т холбогдуулан гаргасан “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актыг хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ