Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар   137/ШШ2024/00018

 

 

 

 

 

 

     2024        01          17                                 ....

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: ... онд төрсөн, ... настай, ...., Дорноговь аймгийн Замын-Үүд сум .... тоотод оршин суух, .... эрхэлдэг, А овогт Б-ийн Г /РД:..., утас:..../-ын   нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... онд төрсөн, ... настай, .,.. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, .... тоотод оршин суух, О овогт Г-ын Д /РД:..., утас:..../,

 Хариуцагч: ... онд төрсөн,.. . настай, ., ..Дорноговь аймгийн Замын-Үүд сум, .... тоотод оршин суух, Б овогт Ч-ын У /РД:..., утас:.../ нарт холбогдох 

Үнэт эдлэлийн үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож ирүүлснийг 2023 оны 07 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Т /цахим/ нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

 Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Г би 2013 оны 10-р сард Төрийн банкнаас 5 жилийн хугацаатай 35,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан ба сард 1,011,000 төгрөгийн төлөлт хийдэг байсан. 2015 оны 12 сарын 31-нд тус банкны зээлийн эдийн засагч Г.Д, салбарын эрхлэгч Ч.У нар нь гэрт ирж тухайн сарын төлөлтийг хийхийг шаардсан.  Надад бэлэн байсан 200,000 төгрөгийг одоо бэлнээр төлчихье, үлдэгдэл мөнгийг 1 сард төлчихье гэж гуйхад Г.Д танд  барьцаалах үнэт эдлэл байвал бид мөнгө олоод төлөлтийг чинь гүйцээгээд хийчихье гэж хэлсэн. Би өөрт байсан 2 ширхэг цагаан хаш хөөргийг үзүүлээд аль нэгийг нь  сонгоод аваад яв гэж хэлэхэд тэд 2 ширхэг хөөргийг чинь хоёуланг нь авч явъя гэж шаардсан.  Би найдвартай хадгалж чадах уу гэж асуухад тэр талаар санаа зовохгүй байж болно. Бид ерөнхий нягтлан бодогчийн сейфт  хадгална гэсэн амлалт өгсөн. Би 2 ширхэг хөөргөө авч тэдэнтэй хамт Төрийн банкны төв салбарт ирж хүлээлгэн өгсөн.  2016 оны 01 сарын 08-нд намайг Улаанбаатарт байхад Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс ярьж “...” ломбардад  хулгай орсон. Таны үнэт эдлэл алдагдсан тул  хохирогчийн хувиар яаралтай ирж мэдүүлэг өг гэсэн.  Цагдаад ирж мэдүүлэг  өгсөн.  Мөн ахлах дэслэгч Б.Ш-ийн шаардлагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Энэ хэрэг илрэхгүй байсаар 2021 онд хаагдсан.  Тухайн үед шүүхэд хандсан боловч цагдаа дээр байхад хэргийн нэхэмжлэл хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.  Дээрх 2 хүнээс 28 мм диаметртэй  алтан нуухтай шахмал толгойтой их газрын цагаан хаш хөөрөг, 23 мм диаметртэй алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөргөний болон үнэлгээний үнэ нийт 16,680,000 төгрөгнөөс тэдний өөрсдийн 800,000 төгрөгийг хасаж 15,880,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкнаас авсан зээлийн төлөлт хийх ёстой байсан. Тухайн үед надад мөнгө орж ирэх ёстой байсан боловч мөнгө орж ирээгүйн улмаас төлөлтийн 1,011,000 төгрөгийг төлөх боломжгүй байсан. Тэр өдөр Төрийн банкны салбарын эрхлэгч Д, У нар ирээд оны эцэс болох гэж байна зээлээ төлөхийг шаардсан. Би хэлсэн надад бэлэн 200,000 төгрөг байна. Үлдсэнийг би мөнгө орохоор төлчихье гэж хэлсэн. Гэтэл оны эцэс болж байна заавал тушаах ёстой бид нарын ажлын үзүүлэлтэд нөлөөлөх учраас ямар нэгэн байдлаар заавал төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Би өөрт байсан 2 ширхэг цагаан хаш хөөргийг үзүүлээд аль нэгийг нь  сонгоод аваад яв гэж хэлэхэд тэд 2 ширхэг хөөргийг чинь хоёуланг нь авч явъя гэж шаардсан.  Би найдвартай хадгалж чадах уу гэж асуухад тэр талаар санаа зовохгүй байж болно. Бид ерөнхий нягтлан бодогчийн сейфт  хадгална гэсэн амлалт өгсөн. Би унагаачих болов уу гэж бодоод 2 ширхэг хөөргөө өөрийн биеэр тэдэнтэй хамт Төрийн банканд хүлээлгэн өгсөн. Одоо би тухайн үед өгсөн 2 хөөргөний үнийг нэхэмжилж байна. Энэ хэрэг 2 жил болно гэж бодсонгүй. 2 жил болж байгаад хууль хяналтын байгууллагад нөлөөлөл орж байна гэж үзэж байна. Миний цуглуулж өгсөн баримтууд бүгд тодорхой байна, гэтэл одоо болтол шийдэгдээгүй байна. Тиймээс хэргийг хурдан үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгч байна. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу алдсан хөөргөний үнийг анх нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн. Тухайн үед гарсан шинжээчийн дүгнэлтээр хөөргөний хойд бөөрний зургийг хавсаргасан, мөн гэрч Мөнхчимэгийн мэдүүлэгтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан. Хэдийгээр тухайн шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчиж гаргасан байна гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн боловч анхны гарсан шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Анх 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "..." ХХК-ийн гаргасан үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Тухайн үед хөөргийг нэхэмжлэгчийн зүгээс 24,000,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Хэдийгээр шинжээчийн дүгнэлт тэр хэмжээнд хүрээгүй ч эрх бүхий байгууллагын даалгаврын үндсэн дээр энэ үнэлгээний компани дүгнэлт гаргасан учраас үүн дээр маргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа  бусдын алдсан эд хөрөнгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгийг үндэслэж хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоодог. Тэгэхээр хуулийн шаардлагын дагуу 2016 онд гарсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Тиймээс Г 2 хөөргөний үнэ 16,880,000 төгрөгөөр үнэлэгдсэнээс Д, У нараас зээлж авсан 800,000 төгрөгийг хасаад 15,880,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хадгалалтын гэрээ тухайн хөөрөг үнэ бүхий байсан гэдгийг хариуцагч нарыг мэдэж байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа.  Яагаад гэвэл үнэхээр 800,000 төгрөг хүрэхгүй хөөрөг байсан бол хариуцагч нар ломбардад хадгалах байсан уу? эсхүл нэхэмжлэгчээс сейфт хадгална гэж авах байсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Харваас алтан бөөртэй, шүрэн толгойтой хаш цагаан хөөрөг гэдгийг хариуцагч нар харсан учраас ломбардад хадгалуулсан байгаа. Тиймээс энэ хөөргөний хувьд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Г өмнөх шүүх хуралдаанаар хөөргөний диаметрийг буруу хэлсэнд акцент өгөөд байх шиг байна. Г-ийн хувьд хөөрөг зардаг, хөөргөний мэргэжилтэн биш. Тухайн үед мэдэж байсан хэмжээгээ л хэлсэн. Хөөргөний талаар судлаад харахаар их гарын, дунд гарын хөөрөг 23, 28 диаметртэй байдаг юм байна лээ. Зах зээлд зарагдаж байгаа үнэлгээнүүдийг харьцуулж шинжээчийн дүгнэлт гаргадаг. Г-ийн хувьд өмнөх шүүх хуралдаанаар анх удаа мэдүүлэг өгч, сандарсны улмаас хөөргөний диаметрийг андуу ташаа мэдүүлэг өгснийг тодруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолсон гэж үзэж байгаа” гэжээ.

 

Хариуцагч Ч.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Ч.У миний бие Төрийн банк Замын-Үүд салбарын харьяа ... тооцооны төвийн захирлаар ажиллаж байх үед буюу 2015 онд өөрийн эрхлэх ажлын чиг үүргийн дагуу зээлдэгч Б.Г-ийг зээлээ төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар уулзаж байсан. Тэр үед нэхэмжлэгч Б.Г нь зээлээ төлөх санхүүгийн боломжгүй байгаа гэдгээ хэлж 200,000 төгрөгийг бэлнээр тушааж, өөрийн 2 ширхэг хөөргийг “...”  ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 800,000 төгрөг авч банкны зээлийн төлөлтөө тушааж байсан. Энэ үед эдийн засагч Г.Д болон миний бие хамт явж байсан нь жилийн эцэст санхүүгийн тайлан баланс гарах болсон учир зээлдэгч нараас зээлийн үүргээ биелүүлэх талаар хамтран ажиллаж байсантай холбоотой. Иргэн Г нь өөрийн зээлийн төлбөрөө төлөхөөр барьцаанд тавьсан хөөрөг нь ломбардаас хулгайд алдагдаж эрүүгийн журмаар шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан талаар нэхэмжлэлдээ дурджээ. Иймээс Г-д учирсан хохирол “...” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын холбогдох албан тушаалтан буюу эзэн хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Г-ийн 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Д  миний бие Төрийн банкны Замын-Үүд салбарт эдийн засагчаар ажиллаж байх үед 2015 онд өөрийн эрхэлсэн ажлын чиг үүргийн дагуу зээлдэгч Б.Г-ийг зээлээ төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар уулзаж байсан. Тэр үед  Б.Г нь зээлээ төлөх санхүүгийн боломжгүй байгаа гэдгээ хэлж 200,000 төгрөгийг бэлнээр тушааж, өөрийн 2 ширхэг хөөргийг “... ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 800,000 төгрөг авч банкны зээлийн төлөлтөө тушааж байсан. Энэ үед салбарын захирлаар ажиллаж байсан У болон миний бие хамт явж байсан. Жилийн эцэст санхүүгийн тайлан баланс гарах болсон учир зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хамтран ажиллаж байсантай холбоотой. Иргэн Б.Г өөрийн зээлийн төлбөрөө төлөхөөр барьцаанд тавьсан хөөрөг нь ломбардаас хулгайд алдагдаж эрүүгийн журмаар шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан талаар нэхэмжлэлдээ дурджээ. Тиймээс Б.Г-д учирсан хохирлыг ... ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын холбогдох албан тушаалтнаас буюу эзэн хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Г-ийн 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

     Хариуцагч нарын төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 28, 23 диаметртэй 2 ширхэг хөөргөний үнэ буюу 15,880,000 төгрөг гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа өмнөх шүүх хуралдаануудаар ярьсан. Давж заалдах шатны шүүхээр энэ хэрэг хэлэлцэгдсэн байгаа. Нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж ирсэн нь тодорхойгүй байгаа. Нотлох баримтаар гаргасан үнэлгээний тайлан хууль бусаар гаргуулж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг шууд үнэлэх боломжгүй гэдгийг давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Мөн дахин шинжээч томилуулахаар хүсэлтүүд нэхэмжлэгч гаргасан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 111-р хуудсанд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай албан бичгүүдээр ямар нэгэн хөөргөний биет байдлыг дүгнэх боломжгүй гэсэн албан бичгүүд ирсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэснийг хангаж чадаагүй. Мөн хуулийн 38.1 дүгээр зүйлд Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасныг нэхэмжлэгч өөрөө хэрэгжүүлээгүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

             Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Одоо хөөрөг биет байдлаар байхгүй байгаа учраас түүний үнийг нэхэмжлэгчийг нэхэмжилж байгаа гэж үзэж байгаа. Хөөрөг яагаад алдагдсан шалтгаан нөхцөлийг эхлээд судалж үзэх нь зүйтэй гэж бодож байна. Хөөрөг хулгайд алдагдсан байгаа. Эд зүйл хулгайд алдагдсан учраас нэхэмжлэгч цагдаагийн байгууллагаар иргэний нэхэмжлэгчээр мэдүүлгээ өгөхдөө хөөргөний диаметрийг хэлдэг. Би хөөрөг мэдэхгүй учраас буруу хэлсэн гэж хэлж байна. Судалж үзэхэд 23, 28 диаметртэй байдаг юм байна. Тиймээс энүүгээрээ нэхэмжилнэ гэж байна. Цагдаагийн байгууллага тухайн хөөргөний үнийг тогтоолгохын тулд шинжээч томилсон тогтоол үйлдсэн. Энэ хэрэг түдгэлзэхийн өмнө хөөргөний диаметрийг тодорхой болгоод хүсэлт гаргасан. 22, 27 диаметр болохоор шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү гээд хүсэлт гаргачихсан. Энэ хүсэлт ямар учиртай байсан бэ гэх асуудал яригдана. Хөөргөний диаметр зөрүүтэй байна, үнэлэгдэх боломжгүй зүйлээр дүгнэлт гаргасан байна гэдгийг Давж заалдах шатны шүүх тогтоогоод тэр үнэлгээг хүчингүй болгочихсон байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж чадахгүй байна гэж үзээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлд хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэж заасан байдаг. Тэгтэл өнөөдөр нэхэмжлэлийн үндэслэл болгоод 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ..." ХХК-ийн гаргасан тайланг хаанаас орж ирсэн нь тодорхойгүй байна. Прокурорын байгууллагын архивд ч байхгүй байгаа шүү. Зөвхөн нэхэмжлэгчид байсан баримт яаж баталгаажиж гарч ирсэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Замын-Үүд сум дахь  прокурорын байгууллагын ... дугаартай албан тоот байна. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжтай танилцлаа. Үүн дээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хуулбар болгон авсан байна. Харин ..." ХХК-ийн үнэлгээг хуулбарлаж авсан баримт хэрэгт танилцуулъя гээд ерөнхий прокурор Э гэсэн хүний гарын үсэг байна. Тийм баримт өнөөдөр хавтаст хэрэгт байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлно. Энэ хэрэг шүүхэд хянагдаад ирэхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж үзэж байна. Эхний удаад анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгоод буцаачихсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаад байна. Ямар хөөрөг байсан гэдгээ ойлгож байсан гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Бид хөөрөг байгаагүй гэж маргаагүй. Гол нь хөөргөний үнэ дээр маргаад байна. Б өмгөөлөгч хөөргөний судалгаа хийсэн гэж байна. Хөөрөг хийгдсэн цаг хугацаа, хавч, халбага, нуухаараа ялгагддаг. Тиймээс хөөрөг биеэр байхгүй учраас бүх зүйл тодорхой байх ёстой. Бүх хөөрөг ижилхэн байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэжээ.

 

            Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  • 2021 оны 01 сарын 19-ны өдрийн ... дугаартай “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 7-9/,
  • 2016 оны 06 сарын 06-ны өдрийн .... дугаартай .... ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан,
  • 2022 оны 11 сарын 08-ны өдрийн ... дугаартай Дорноговь аймгийн Прокурорын газрын албан тоот,
  • 2022 оны 11 сарын 11-ний өдрийн ... дугаартай Дорноговь аймгийн Прокурорын газрын албан тоот,
  • Гэрч Д.Д-ийн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 118-119/
  • 2022 оны 11 сарын 14-ны өдрийн ... дугаартай Төрийн банкны албан тоот,
  • Гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 134-135/
  • Гэрч Д.Д-ын мэдүүлэг  /хх-ийн 145-146/
  • 2022 оны 12 сарын 02-ны өдрийн .... дугаартай Прокурорын газрын албан тоот,
  • Гэрч У.А-ын мэдүүлэг  /хх-ийн 152-153/
  • 2022 оны 12 сарын 21-ний өдрийн ... дугаартай . ..ХХК-ний албан бичиг,
  • 2023 оны 01 сарын 11-ний өдрийн гэрч Ц.Т-ийн мэдүүлэг  
  • 2023 оны 01 сарын 09-ны өдрийн ... дугаартай . ...ХХК-ний албан бичиг,
  • 2023 оны 03 сарын 21-ний өдрийн .... дугаартай .... ХХК-ний шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:          

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Г.Д, Ч.У нарт холбогдуулан үнэт эдлэлийн буюу 2 ширхэг цагаан хаш хөөргөний үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Д, Ч.У нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,880,000 төгрөгийг төлөхгүй, учирсан хохирлыг ... ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын эзэн хариуцах ёстой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, энэ хөөргийг бид ломбардад тавиагүй, Б.Г өөрөө хөөргөө ломбардад тавьсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан болно.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Э.Т нар  нь .... ХХК-ны  үнэлгээг хуурамчаар үйлдсэн, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, хөөргөний диаметр зөрүүтэй, нэг байгууллагын нэг шинжээчээр хоёр удаа  дүгнэлт гаргаж, шинжилгээний тухай хууль зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргав.

Нэхэмжлэгч Б.Г нь зээлийн гэрээний үүрэг тухайн сарынхаа зээлийн төлбөрийг төлж чадаагүйн улмаас Төрийн банкны Замын-Үүд салбарын эдийн засагч Г.Д, захирал Ч.У нар гэрт нь ирж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, нэхэмжлэгч Б.Г-ийн 2 ширхэг цагаан хаш хөөргийг банканд хадгална барьцаанд авна гэж авч Төрийн банканд ирсний дараа Г.Д нь 820,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч тухайн сарын зээлийн төлбөрийг төлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүх энэ үйл баримтыг дүгнэж үзэхэд талуудын хооронд 2 ширхэг цагаан хаш хөөргийг хадгалах талаар эрх зүйн харилцаа үүссэн байна. Хадгалалтын гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул гэрээг амаар байгуулж болохоор зохицуулсан байна.

Талууд хөөрөг хадгалах талаар амаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Г.Д, Ч.У нарын хамт Замын-Үүд дэх Төрийн банкны салбарт очиж тухайн 2 ширхэг цагаан хаш хөөргийг өгч хадгалуулсан нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т зааснаар хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч Г.Д, Ч.У нар нь нэхэмжлэгч Б.Г нь зээлээ төлөх санхүүгийн боломжгүй байгаа гэдгээ хэлж 200,000 төгрөгийг бэлнээр тушааж, өөрийн 2 ширхэг хөөргийг “...”  ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 800,000 төгрөг авч банкны зээлийн төлөлтөө тушааж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.

Хариуцагч Г.Д, Ч.У нарын “дээрх 2 ширхэг хөөргөний үнэ 15,880,000 төгрөгийг төлөхгүй, учирсан хохирлыг “...” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын эзэн хариуцах ёстой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, энэ хөөргийг бид ломбардад тавиагүй, Б.Г өөрөө хөөргөө ломбардад тавьсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл нь хэрэгт авагдсан гэрч Д.Д-ийн шүүхэд өгсөн “манай дүү над руу утсаар яриад Г.Д 2 хөөргийг ломбарданд хадгалуулъя гэж хэлсэн. 2,3 хоног хадгалуулна гэсэн. Тэгээд Г.Д манай дүү Д-тай хамт ирж 2 хөөргийг ломбардад хадгалуулахаар надад өгсөн. /боодолтой зүйл байсан, тэмтэрч үзэхэд хөөрөг тэмтрэгдсэн/. Өөрсдөө хөөрөг гэж хэлсэн. Тэр хоёр хөөргийг би аваад сэйфендээ хийсэн. Г.Д, Ч.У нарт мөнгө өгөөгүй. Манайх 2 хөөргийг албан ёсоор барьцаанд аваагүй, Манай дүү Д-тэй хамт эдийн засагч хийж байсан. Банкны эдийн засагч нар ажил дээрээ хүний эд хөрөнгө хадгалж болохгүй, танайд түр хадгалуулчихъя гэсэн. Тэгээд би авч сейфэндээ хадгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/, гэрч Д.Д-ын шүүхэд өгсөн “Г.Д, Ч.У бид 3 ломбардад хамт очсон. Б.Г-ийг тэнд очсон эсэхийг сайн санахгүй байна. Нэг бол хамт очсон санагдаад, нэг бол очоогүй ч юм шиг санагдаад байна. Уг хөөргийг ломбардад хадгалуулах гэж Д-д өгсөн байдаг. Яагаад гэвэл Төрийн банканд Улаанбаатар хотоос дотоод хяналт шалгалт ирсэн байсан учраас найдвартай газар ломбард гээд хадгалуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146/, гэрч У.А-ын шүүхэд өгсөн “Г.Д, Г.У нар манай ломбардад 2 хөөрөг хадгалуулсан талаар ломбардад хулгай орсны дараа цагдаагаас дуудахад очиж мэдсэн. Манайх алт монет л авдаг. Хөөрөг авч байгаагүй. Учир нь чулууг үнэлж мэдэхгүй учир авдаггүй. Д уг хоёр хөөргийг Д хадгалуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. Уг гэрчийн мэдүүлгүүд нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул үнэлэх нотлох баримтууд гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нар нь энэ хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно.

Иргэний хуулийн 422 дүгээр зүйлийн 422.3.2-т “хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх” гэж заажээ.

Гэтэл хариуцагч Г.Д, Г.У нар нь хуульд заасан энэ үүргээ үл биелүүлж хадгалуулсан эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд болох “...” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Д-д өгч хадгалуулж байгаад ломбардад хулгай орж уг хоёр хөөрөг хулгайд алдагдсан байна.

Хариуцагч нар нь 2 ширхэг хөөргийг “...” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Д.Д-д өгч хадгалуулахдаа ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй, банкны эдийн засагч нар ажил дээрээ хүний эд хөрөнгө хадгалж болохгүй, Төрийн банканд Улаанбаатар хотоос дотоод хяналт шалгалт ирсэн гэдэг үндэслэлээр хувийн журмаар хадгалуулсан болох нь дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул “...” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар 2 ширхэг хөөргөний  хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх үзэв.

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд...” гэж заажээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын талаар Иргэний хууль болон гэрээнд тодорхой заасан байхад хариуцагч Г.Д, Ч.У нар нь хууль зөрчиж зээлдэгчийн зээлийн төлбөрийг төлүүлэхийн тулд нэхэмжлэгчийн 2 ширхэг цагаан хаш хөөргийг ямар нэгэн гэрээ болон шүүхийн шийдвэргүй, дур мэдэн авч явсан байдал нь банкны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь нэхэмжлэгч Б.Г нь хоёр ширхэг хөөргөө өөрөө “...” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан 820,000 төгрөг авч зээлийн төлбөрөө төлсөн гэх боловч уг хоёр хөөргийг хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлүүлэхийн тулд барьцаанд тавихаар авч явсан бөгөөд зээлийн төлбөрт 820,000 төгрөгийг нэхэмжлэгчийг Төрийн банканд байхад Д өгч зээлийг нь төлүүлсэн байдаг юм. Хэрэв нэхэмжлэгч 2 ширхэг хөөргөө “...” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан бол зээлийн үлдэгдэл 820,000 төгрөгийг ломбардын ажилтан Д-аас авч зээлээ хаах ёстой байтал Д нь “би У, Д нарт ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй” гэж мэдүүлдэг.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т “хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ” мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө” гэж тус тус заасан байна.

2016 оны 06 сарын 06-ны өдрийн ... дугаар...тай . ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр Б.Г-ийн өмчлөлийн 2 ширхэг цагаан хаш хөөргийг нийт 16,600,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 Уг үнэлгээний баримтаас үзвэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ХБМБХ нь “...” ХХК-ний ломбардаас хулгайд алдагдсан гэх 2 ширхэг цагаан өнгийн хаш хөөргөний үнэлгээ хийлгүүлэхээр захиалж, мөрдөгчийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2 ширхэг цагаан өнгийн хаш хөөргийг үнэлсэн болох нь нотлогдож байна.

2016 оны 06 сарын 06-ны өдрийн ... дугаартай .... ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан нь Дорноговь аймгийн Прокурорын газар хадгалагдаж байгаа эрүүгийн .... дугаартай хэргийн материалд зохих ёсоор, хуулийн дагуу албажиж авагдаагүй болох нь 2022 оны 11 сарын 11-ний өдрийн .... дугаартай Дорноговь аймгийн Прокурорын газрын албан тоотоор нотлогдсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Г-ийн өөрт нь өгсөн ... ХХК-ний шинжээчийн дүгнэлтийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хуулбар үнэн гэсэн тамга тэмдгийг хуурамчаар даруулсан нь тус прокурорын газрын ажилтан Б.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг,  2022 оны 12 сарын 02-ны өдрийн ... дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын албан тоот зэргээр нотлогдож байна.

Иймд 2016 оны 06 сарын 06-ны өдрийн ... дугаартай ... ХХК-ний Б.Г-ийн өмчлөлийн 2 ширхэг хөөргийг 16,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шүүх үнэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл прокурорын ажилтан Б.М-ээр “хуулбар үнэн” гэсэн тамга, тэмдгийг хуурамчаар даруулсан нь нотлох чанараа алдсан гэж үзнэ.

             Мөн тус шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн ...дугаартай “шинжээч томилох” тухай шүүгчийн захирамжийн дагуу үнэлэгдэж ирсэн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн ... дугаартай . ХХК-...ний шинжээчийн дүгнэлтээр Б.Г-ийн өмчлөлийн 2 ширхэг хөөргийг 2023 оны 02 сарын 14-ний өдрийн байдлаар 15,000,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзэв.

 Учир нь: Хариуцагч нарын төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Э.Т нар шүүх хуралдаанд “энэ хүн 27 мм даваа толгойтой хөөрөг, 22 мм шүрэн толгойтой цагаан хөөргөө алдсан гэж мэдүүлчхээд одоо болохоор 28, 23 мм-тэй хөөрөг нэхээд яваад байх юм. Мөн нэг үнэлгээний байгууллагаар нэг шинжээчээр хоёр удаа дүгнэлт гаргуулж, шинжилгээний тухай хууль зөрчсөн гэж мэтгэлцсэн нь үндэслэлтэй байна.

Шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ”.

28.2-д “Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд ... ХХК-ны 2016 оны 06 сарын 02-ны өдрийн, 2023 оны 03 сарын 21-ний өдрийн дээрх хоёр дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэж үзэв.

 

  Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, 229 зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заасан байна.

Иймд хариуцагч нар нь хэлцлийн үндсэн дээр хадгалуулахаар өгсөн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй бөгөөд хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлснээс үүссэн хохирлыг хариуцах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Г-д учирсан хохирол болох 2 ширхэг цагаан өнгийн хаш хөөргөний үнийг хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үнэлгээ, нэхэмжлэгчийн ашиг сонирхол, ... ХХК-ний 2 ширхэг хөөргөнд үнэлгээ тогтоож байсан байдал /хэдийгээр ... ХХК-ны үнэлгээг шүүх үнэлээгүй боловч жишиг үнэ тогтоох зорилгоор үнийг жишиж үзсэн болно/  зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагч Г.Д, Ч.У нараас үнэт эдлэлийн буюу 2 ширхэг цагаан хаш хөөргөний үнэд 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 880,000 /найман зуун наян мянга/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хөөргөний диаметр нь зөрүүтэй, хууль зөрчиж үнэлгээ хийлгэсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахгүй орхих боломжгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 880,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д, Ч.У нараас 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424.1-д зааснаар хариуцагч Г.Д, Ч.У нараас үнэт эдлэлийн буюу 2 ширхэг цагаан өнгийн  хаш хөөргөний үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 880,000 /найман зуун наян мянга/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 237,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д, Ч.У нараас 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга, есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.Ц