| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2026/0324/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/424 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | И.М |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбурам хөтөлж,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т*** овогт М.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505031091808 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т*** овогт М.А (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч М.А нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Г.П-н эзэмшлийн “iphone 16 pro” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 4,041,486 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ “Би хохирогчтой утасны талаар яриагүй. Харин автобусны буудал дээр буулгаж өгсөн. Тэгээд тэр эмэгтэй цаашаа гүйгээд явсан” гэв.
Шүүгдэгч М.А нь 2025 оны 5 дугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.П-н эзэмшлийн “iphone 16 pro” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4,041,486 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),
Гар утас хаана унтарсныг харуулсан байршил тогтоогчийн зурган үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас),
2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Хохирогч Г.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас, 47 дугаар хуудас),
2025 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн “...Хохирогчийн гар утас хамгийн сүүлд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт унтарсан болохыг тэмдэглэл болгон үйлдэв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас),
“Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ШД-025-913583 дугаартай хөрөнгийн “...Iphone 16 pro гар утасны үнэлгээний дүн 4,041,486 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 54-59 дүгээр хуудас),
Шүүгдэгч М.А-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 14-24 дүгээр хуудас),
Шүүгдэгч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч М.А нь 2025 оны 5 дугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.П-н эзэмшлийн “iphone 16 pro” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4,041,486 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас, хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утас хаана унтарсныг харуулсан байршил тогтоогчийн зурган үзүүлэлт, мөрдөгчийн тэмдэглэлүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрэмдэх гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан “илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг тус тус ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нь “...Миний үйлчлүүлэгч тус гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй (хууль сануулж авсан) хохирогчийн 2 удаагийн өгсөн мэдүүлэг тогтвортой, мөн хохирогчийн “...Тухайн хүн 22-25 насны, буржгар үстэй, туранхай, шар залуу байсан. ...Би тухайн хүнийг харвал танина...” гэсэн мэдүүлэг нь таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр давхар нотлогдсон, мөрдөгчийн “...Хохирогчийн гар утас хамгийн сүүлд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт унтарсан болохыг тэмдэглэл болгон үйлдэв” гэсэн тэмдэглэл нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийн биеийн байцаалтад “Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ****” гэж тэмдэглүүлсэн оршин суух хаягтай тохирсон, гар утас хаана унтарсныг харуулсан байршил тогтоогчийн зурган үзүүлэлт, шүүгдэгчийн дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус үгүйсгэн няцаагдаж байна.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан, хохирогч Г.П нь шүүгдэгч М.А-той урьд хувийн таарамжгүй харилцаатай байсан, аливаа өс хонзонгийн сэдэлтээр түүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч М.А-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.П-д 4,041,486 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.А-с 4,041,486 төгрөгийг гаргуулж хохирогч Г.П-д олгуулахаар шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.А-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч М.А-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.А-д 2 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т*** овогт М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 2 (хоёр) жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.А-с 4,041,486 (дөрвөн сая дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч Г.П-д олгосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО