Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 150/ШШ2024/00025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа  даргалж,  шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо 61-219 тоотод оршин суух Боржигон овогт Баттөмөрийн Идэрсайханы (РД:ФБ86052613)  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багт оршин суух Боржигон овогт Дарийн Сүхбаатарт (РД:МФ63111816) холбогдох гэм хорын хохиролд 3,300,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Идэрсайхан (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмаржав,  хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, иргэдийн төлөөлөгч С.Оюунчимэг, гэрч Б.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

                                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Идэрсайхан нь Д.Сүхбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл  гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

Миний бие 2023.09.16-ний өдөр Улаанбаатараас Эрдэнэт орохоор 71-01 ОРА Kluger маркийн авто машинтай явж байсан. Дархан өнгөрөөд Номгон руу явж байхад урд нэг гэрэл нь асаалттай мөнгөлөг өнгийн Карина машин гүйцэт түрүүлэх боломжгүй замын нөхцөлд шахаж замын хажуу руу (замын хажуугийн шонд машины баруун хойд хэсгээр гуядагдан) жалга руу орсон. Номгон цагдаагийн хэлтэст хэрэг бүртгүүлж шуурхай ажиллан хэрэгт холбогдох буруутан 37-63 УНС улсын дугаартай Карина авто машиныг жолоодож явсан Д.Сүхбаатарыг замын хөдөлгөөнд оролцоод Номгоноос Дархан чиглэлд явж байхад нь зам дээр зогсоон саатуулж тээврийн хэрэгслийг цагдаа Бат-Эрдэнэ жолоодон Хөтөлийн цагдаагийн газар ирж согтууруулах зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан. Шалгахад 1.16 хувьтай согтууралттай байна гэж хэлсэн. Зам тээврийн хөдөлгөөнд согтуугаар оролцсон, зам тээврийн хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь шалгалтаар тогтоогдож, хэргээ хүлээсэн гэж цагдаа Бат-Эрдэнэ хэлсэн. Д.Сүхбаатар буруутай нь тогтоогдсон тул хохиролоо үнэлүүлээд ир гэж Дархан дахь үнэлгээний газар руу бичиг хийж явуулсан. Хохиролын үнэлгээ хийлгэхэд явах эд анги эвдэрч шалгуулж ир гээд итгэмжлэгдсэн хамтарч ажилладаг оношилгоог зааж явуулсан. Үнэлгээ хийхэд авто машины эвдэрлийг нүдээр харж оношлогооны газрын оношилсон эвдрэл гэмтлийн бичгийг үндэслэн үнэлгээг тогтоосон. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний газраас тогтоосон үнэлгээгээ 2,540,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 161,000 төгрөг, “Андын хөлөг” ХХК-ны оношлуулсан 50,000 төгрөгийн мөнгөн дүнгийн зардал гарсан. Хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширч байсан тул Эрдэнэтээс Хөтөл, Номгон руу 6 удаа, Улаанбаатараас 1 удаа өөрийн авто машинтай ирж очсон бензиний зардал 549,000 төгрөгийн зардал гарсан. Иймд замын хөдөлгөөний дүрэм зөрчин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон миний эд хөрөнгөд хохирол учруулсан цаг хугацаа, эд хөрөнгийн хохирол учруулсанг тооцон 3,300,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Идэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2023 оны 9 сарын 16-ны өдөр би 7101 ОРА улсын дугаартай  Клугер машинтай Улаанбаатар хотоос Эрдэнэт чиглэлд явж байсан. Дарханы дэржгэнүүртэй зам өнгөрч байхад тухайн осол болсон. Миний өөдөөс Хово маркийн улаан том машин ирж байсан. Тэрний урд нэг машин ирж байсан. Тэр машин сигнал дараад өнгөрөөд явсан. Би толинд харахад мөнгөлөг саарал өнгийн урд талын нэг гэрэл нь асаалттай машин урсгал сөрж байгаад буцаад эгнээ рүүгээ орж байсан. Эрдэнэт Дарханы зам нэлээн нарийн 2 машин зөрөхөд төвөгтэй байдаг. Би том машинтай зөрөх гэж байхад урдуур хөндлөн давхиж орж ирсэн. Би яах аргагүй замын хажуу руу орсон. Би машинаа аль болох онхолдуулахгүйгээр чадахаараа зогсоосон. Замын хажууд зогсон байхад араас явж байсан та зүгээр үү, ямар балай юм бэ, сая явсан хүнийг араас нь гүйцэж очоод арга хэмжээ аваач гэж зам дээр орилж байсан. Зам дээр машинаас чинь юм салж унасан шүү гэхээр нь харахад машины гүпер салаад унасан байсан. Би хэдэн зураг дарж бичлэг хийж баталгаажуулаад машины араас явсан. Замаар ижил машинуудыг хараад явж байхад замаас гарчихсан нэг ижилхэн машин явж байсан. Шороон зам дээр явж байхаар нь урдуур нь ороод хааж зогсоосон. Машин дотор нэлээн сандарсан байрын хүн болох Сүхбаатар байсан. Та хүн аллаа гэхэд үгүй ээ би шороон замаар явж байсан хониндоо явж байгаа хүн гэсэн. Та мөн байна одоо цагдаа дээр очно гээд машины зураг аваад Номгоны цагдаа дээр очсон. Цагдаа дээр очиж бүртгүүлэхэд чи саяны машинаа аваад ирэхгүй яасан юм бэ гэсэн. Номгоны цагдаа дээр хэрэг үүсгээд шатахуун түгээх станц дээр очиж камер шүүсэн. Дарханаас Хөтөлийн чиглэлд явж байгаа машиныг шүүж харсан. Би машины онцлох шинж тэмдгийг мэдэж байгаа тул тухайн цагаар нь шүүж харсан. Ижил төрлийн машин байгаагүй. Сүхбаатар буцаад Номгоны төвөөс Дархан чиглэл рүү явж харагдсан.  Хэрэв мөн бол хойноос нь гүйцэж очоод надад мэдэгд гэж цагдаа хэлсэн. Би очиход Сүхбаатар би биш би адуундаа явж байна гэсэн. Би цагдаад ингээд бүртгүүлсэн гэхэд ахыгаа уучлаарай би мал дээр байдаг хүн. Ах нь хохирлыг чинь барагдуулж өгнө чи цагдаагаас өргөдлөө буцаачих гэсэн. Одоо ямар ч боломжгүй хэрэг үүсгээд бүртгүүлсэн одоо цагдаа ирж байгаа гэсэн. Араас цагдаа ирээд Сүхбаатар гуайтай уулзаад согтуу байна Хөтөл рүү очиж драгер үлээлгэнэ гээд машиныг аваад явсан. Би цагдаагийн машиныг хүргэж өгөөд араас нь ирж машинаа авсан. Хөтөл дээр очиж уулзахад Сүхбаатар нь өөрөө хэргээ хүлээсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул 1 дэх өдрөөс чамайг дуудна гэсэн. 9 сарын 16-нд үүссэн хэрэг шийдэгдэхгүй, Сүхбаатар ирэхгүй байна, хадлан тэжээлдээ явсан гэж байна гэсэн. Иймэрхүү байдлаар хэрэг сунжирсан. Авто машиндаа учирсан хохирлыг нэхэмжилж байна. Цагдаа албан бичиг өгөөд Дарханы үнэлгээний газар үнэлсэн байгаа. Нааш цаашаа явсан бензиний мөнгө нийт 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Машины хохирлыг “Ашид билгүүн” ХХК нь 2,540,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээ хийсэн мөнгө 160,000 төгрөг, явах эд ангийн оношилгооны мөнгө 50,000 төгрөг болсон. Нааш цаашаа 6, 7 удаа явсан бензиний мөнгө 550,000 төгрөг болсон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй байна. Энэ залуугийн явж байгаа дэржгэнүүртэй зам дээр манай аав Сүхбаатар нь яваагүй тэрний цаад талын салдаг замаар явсан. Манай аав Сүхбаатарын машин сигналгүй. Гэтэл хажуугаар нь сигналдаад гарсан гэж байна. Манай охин хамт явж байсан. Өвөө бид 2 машинтай мөргөлдөөгүй, улаан Хово машинтай зөрөөгүй. Өвөө бид 2 хамт хар замаар жоохон явж байгаад шороон зам руу ороод өвөө айл руу орж айраг уусан. Бид 2 Номгон орж масло аваад буцсан гэж ярьсан. Энэ залуу дэржгэнүүртэй зам дээр явж өнгөрсөн гээд байна. Манай аав дэржгэнүүртэй замаар яваагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Машинд гэмтэл учирсан өдөр нь 2023 оны 09 сарын 16-ны өдөр хохирогч гэж мэдүүлсэн байна. 2333000228 дугаартай хэргээр зөрчлийн хэргийг 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн. Түүнээс биш бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан зам тээврийн ослын шинжтэй үйлдэл хийсэн гэх байдлаар шалгаагүй, энэ байдал тогтоогддоггүй.

Сүхбаатар гэж хүнээс сар гарны дараа мэдүүлэг авсан байсан. Тухайн хүн нь бичиг үсэг мэддэггүй. Өөрөөр нь Сүхбаатар гэж бичүүлж мэдүүлэг авсан. 10 сарын 25-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийсэн. Бүх зүйл нь  сар гарны дараа нөхөж хийсэн байх тул хариуцагчийн бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан байдал нь нотлон тогтоогдохгүй байна. Зөрчлийн хэргийг 2023 оны 9 сарын 22-ны өдөр нээсэн. 2023 оны 11 сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Нэхэмжлэгчийн жолоодож явсан машиныг Сүхбаатар нь замын хажуу руу шахаж оруулсан байдал нотлон тогтоогдохгүй байна. Тухайн өдөр камер шүүж үзсэн байдаг. Нэхэмжлэгч нь ямар машинд шахуулсан болон машины улсын дугаар маркийг мэдэхгүй байсан. Тиймээс таамгаар согтууруулах ундаа уусан байсан, айраг уусан тул цагдаагаас айсан байдалтай гэдэг байдлаар Сүхбаатар хандсан болохоос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан байдал тогтоогдохгүй байна. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь тогтоогдсон тохиолдолд нөхөн төлнө. Хэрэгт авагдсан баримтаар би гэрлийн шон мөргөсөн гэх зүйлийг хэлсэн байдаг. Сая мэдүүлэгтээ замын хажуу руу шахагдаад орсон гэж байна. Өөр өөр  байдлаар яриад байгаа нь тухайн хэрэг учрал болсон байдлыг мэдэхгүй байна уу. Нэг бол зохиогоод байна уу, өөрийн буруугаас замын хажуу руу орчхоод машинд учирсан эвдрэл хохирлоо хэн нэгнээр төлүүлэх байдал харагдаад байна уу. Үнэхээр тухайн үед тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан бол цагдаа тухайн үед үзлэг хийгээд материалжуулахгүй яасан бэ. Гаднаас нь хараад мэдэх боломжтой. Дотоод гэмтлийг үнэлгээний газар хийж болно. Засварын газраар машины кузов хэсэгт машины гэрэл зэргийг энгийн нүдээр хараад мэдэх боломжтой тул машин шахсанаас учирсан гэмтэл байна гэж хандсан зүйлгүй. Хэрэгт байгаа зөрчлийн хэргийн материалаас харахад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон гэж зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж хариуцлага тооцсон асуудал байгаа тул гэм хорын хохирлыг төлөх боломжгүй гэж үзэж байна.

Зөрчлийн хэрэгт Сүхбаатараас 2023 оны 10 сарын 25-ны өдөр мэдүүлэг авсан байдаг. Зөрчил гарсан өдрөөс хойш 1 сар 9 хоногийн дараа байна. Идэрсайханаас мөн 10 сарын 25-ны өдөр мэдүүлэг авсан байдаг. Энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа машин өөр ямар нэг байдлаар эвдрэл гэмтэл авсныг үгүйсгэхгүй. Зөрчил гарах үед эсхүл тэрнээс өмнө гэмтэл учирсан байж болно. Тухайн үед энэ машинд энэ энэ гэмтэл учирсан гэж шалгах, фото зургаар учирсан гэмтэл бэхжүүлж авах шаардлагатай байсан. Гэтэл ийм ажиллагаа хийгээгүй. Сарын дараа зөрчлийн хэрэг нээж шалгахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон гэж арга хэмжээ авсан. Сүхбаатар нь замын хөдөлгөөнд оролцох явцдаа 2023 оны 09 сарын 16-ны өдөр Идэрсайханы жолоодож явсан Клугер маркийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан гэм хорын хохирол учруулсан нь нотлон тогтоогдохгүй байгаа тул гэм хорын хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Хариуцагч Д.Сүхбаатар буруутай байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны 2333000228 тоот зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1166 тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, фото зураг, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Андын хүлэг” ХХК-ний №159 тоот автомашинд ослын оношилгоогоор илэрсэн гэмтлүүд, 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн №01 тоот эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тухай тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн №0028345 тоот шийтгэлийн хуудас,   

Хариуцагчийн гаргаж өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн №0105 тоот Д.Сүхбаатараас С.Мягмаржавт олгосон итгэмжлэл, зэрэг нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Б.Идэрсайхан нь хариуцагч Д.Сүхбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 3.300.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

Шүүх нэхэмжлэлээс 2,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 760,000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал   шаардах эрхээ:

Уг хэрэгт Зөрчлийн 2333000228 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, Д.Сүхбаатарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохыг тогтоосон ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дуугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 400,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн хэргийн улмаас хохирогчид 3,300,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан тул  Д.Сүхбаатараас  нэхэмжилнэ гэж,   

            Хариуцагч  тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ:

 ...Сарын дараа зөрчлийн хэрэг нээж шалгахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дуугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шийтгэл оногдуулсан гэж тус тус тодорхойлсон.

Д. Сүхбаатар нь замын хөдөлгөөнд оролцох явцдаа осол гаргаж 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Идэрсайханы жолоодож явсан Клугер маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь нотлон тогтоогдохгүй байгаа тул гэм хорын хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна.

Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр 17:32 минутын үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт Д.Сүхбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Карина маркийн 37-63 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн хэрэг  үйлджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийн хэргийг шалгаад 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №0028345 дугаартай  шийтгэлийн хуудсаар иргэн Д.Сүхбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар  400,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна. Мөн зөрчлийн хэргийн улмаас учруулсан хохирлыг үнэлгээгээр тогтоосон мөнгөн дүнгээр гаргуулахаар шийдвэрлэжээ. (х.х-ийн 20-рт)

Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 11 дэх заалтад “Шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.” гэж  зааж 2023 оны 11 дүгээр зүйлийн 02-ны өдөр холбогдогч Д.Сүхбаатарт танилцуулсан байна.

Холбогдогч Д.Сүхбаатар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 400,000 төгрөгийг мөн өдөртөө төлж энэ шийдвэрт холбогдогч хохирогч гомдол гаргаагүй тул эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн №0028345 тоот шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болжээ.

 Дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан  2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны 2333000228 тоот зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний “............” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1166 тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, фото зураг, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “.........................” ХХК-ний №159 тоот автомашинд ослын оношилгоогоор илэрсэн гэмтлүүд, 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн №01 тоот эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тухай тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн №0028345 тоот шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч түүний өмгөөлөгч нь Д.Сүхбаатарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон  гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, харин зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнээгүй энэ байдал нотлогдоогүй гэсэн байр суурьтай байна.

Хавтас хэрэгт авагдсан Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан  Эрх бүхий албан тушаалтны магадалгаанд:

  2.1.Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Тоёота Карина маркийн 3763 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван гурав. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Гурав. Жолоочийн үүрэг: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй гэжээ.  (хх-ийн 17-18-р хуудас)

 Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар  Иргэн Д.Сүхбаатарыг  замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 3.7 гэсэн хоёр заалт зөрчиж  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 34 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг үйлдсэн гэж  Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

  Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчснөөс учирсан гэм хорын хохирол төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.

 Шийтгэлийн хуудсаар  гэм хорын төлбөрт гаргуулахаар заасан тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол нь Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1166 тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 2,540,000 төгрөг байна.  (хх-ийн 13-р хуудас)

Иймд шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар  2,540,000 төгрөгт холбогдох хэсэгт хүчин төгөлдөр шийдвэртэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1-д  “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...”гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Б.Идэрсайханы  нэхэмжилсэн 3,300,000 төгрөгөөс  хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээг үндэслэсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй 2.540.000 төгрөгийг Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Сүхбаатараас гаргуулж Б.Идэрсайханд олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээний ажлын хөлс 161,000 төгрөг, оношлуулсан 50,000 төгрөг, бензиний зардалд 549,000 төгрөг нийт 760,000 төгрөгт холбогдох хэсэгт нь нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөөгүй тул хэрэгсэхгүй болгосон болно.

Иргэдийн төлөөлөгч хариуцагч Д.Сүхбаатар нь буруутай байна гэж дүгнэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр 55,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Идэрсайханд олгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Сүхбаатараас 2,540,000 төгрөг гаргуулж Б.Идэрсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Идэрсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр 55,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Идэрсайханд олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц   хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г. САРАНТУЯА                                                                                                       ШҮҮГЧ                  Г.ДЭЛГЭРСАЙХАН

                                                               ШҮҮГЧ                  Г.АЛГИРМАА